Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 180

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Ц.Отгондэлгэр, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Цэцэгболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэцэгболдын Отгондэлгэрт холбогдох 2017 2503 0005 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2001 оны 09 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 нас 7 сартай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт амьдрах, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаанхуаран 9 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10 дугаар гудамж Нийтийн байранд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2016 оны 05 сарын 10-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 490 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэцэгболдын Отгондэлгэр /РД:УЛ01291614/.

 

Холбогдсон хэргийн талаар:

  Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэр нь 2016 оны 12 сарын 14-ний өдрийн орой 21 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Сарантуяагийн цүнхтэй эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтлон өмсөж явсан шубаных нь энгэрээр хоолойг нь боож 178.300 төгрөгний эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгондэлгэр мэдүүлэхдээ: “Би хохирогчийг цохиогүй, цүнхийг нь булаагаад зугтаах бодолтой байсан. Хохирогч булан дээр зогсчихсон байсан учир өөрөө халтираад унасан. Тэгэхээр нь би дээрээс нь гарч суугаад цүнхийг нь булаах гэхэд хохирогч орилоод хоёр ба банди булангаас гараад ирсэн. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цэцэгболд мэдүүлэхдээ: “Би 7 хүүхэдтэй, Отгондэлгэр миний хамгийн бага хүүхэд юм. Отгондэлгэр маань амьдралын боломжгүй байдлаас болоод сургуульд сурч чадаагүй. Хамгийн том хүү маань хөдөө байдаг, 2 охин маань тусдаа гарсан. Би группийнхээ мөнгөөр амьдардаг” гэв.

 

Хохирогч Г.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би ажлынхаа хамт олонтойгоо шинэ жилийн арга хэмжээгээ тэмдэглээд 21 цаг 30 минутын орчимд тараад хамт ажилладаг хүнээрээ "Хүчит шонхор" худалдааны төвийн урд хэсэгт буугаад гэр рүүгээ харих гээд зам дагуу алхаад явсан. Би Нарантуул-2 худалдааны төвийн зүүн талаар Хайлааст руу явдаг зам дагуу явж байтал Нарантуул-2 худалдааны төвийн зүүн талд үл таних эрэгтэй хүн миний урдаас алхаж явж байснаа гэнэт над руу дайраад цүнх булаах гэж үзсэн, би цүнхнээсээ татсан чинь нөгөө залуу шууд миний өмсөж явж байсан шубаны захаар миний хоолойг боогоод газар дээшээ харуулаад унагаасан, миний дээр мордож суучихаад шубаны захаар миний хоолойг боогоод, миний барьж байсан цүнхийг татаад цүнх булааж дээрэмдэх гэж байсан. Тухайн үед би "авраарай" гэж орилсон. Тэгтэл ойрхон явж байсан бололтой 2 залуу гүйж хүрч ирээд нөгөө хүнийг барьж аваад цагдаагийн газарт хүргэж өгсөн... Тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай амнаас нь архины эхүүн үнэр нэртэж байсан. Би гомдолтой байна. Уг хүн нь намайг газарт унагаахдаа миний өмсөж явсан булган шубаны зүүн энгэрийн 2 ширхэг товчны дэгээний хэсгийн арьсыг урсан, барьж байсан цүнхний доод булангийн арьсыг хэгзэлсэн байсан ...” /хх-28-29х/, “... хэрэг болох үед би Мишел корс /МюНеа! Когв/ брендийн шар өнгийн бичиглэлтэй 20*30 см орчим хэмжээтэй хар өнгийн эмэгтэй хүний гар цүнх барьж явсан... цүнхэн дотор будаг шунх хийдэг кошлёк, Виво уруулын будаг, Лорел брендийн пудр, улаан хүрэн өнгийн түрийвч, иргэний үнэмлэх, сим картны үүр, виза карт, и-баримт зэрэг эд зүйл байсан... гомдолтой байна өөрт учирсан хохирлоо төлүүлмээр байна ...” гэх мэдүүлэг /хх-96-97х/,

            

             Гэрч Э.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр найз Бямбачулууны хамт гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байхад Нарантуул-2 худалдааны төвийн зүүн талын төв замын орчимд үл таних эмэгтэй хүн орилох шиг болсон, тэгээд найзын хамт очиж харахад үл таних эрэгтэй хүн нэг эмэгтэй хүний дээр гараад суучихсан нэг гараараа эмэгтэйг дараад нөгөө гараараа цүнхийг нь татаад байсан. Доор нь байсан эмэгтэй орилоод байсан... Уг эрэгтэй хүн эмэгтэйг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохих шиг харагдсан... тэр эрэгтэй ойролцоогоор 14-16 насны хүн байсан. Холоос харахад том хүн шиг харагдсан, бариад авахад хүүхэд байсан ... “ гэх мэдүүлэг / хх-31х/,

             Гэрч Г.Бямбачулууны мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр найз Ган-Эрдэнийн хамт гэрээс нь гараад дэлгүүр орох гээд явж байхад Нарантуул-2 худалдааны төвийн зүүн талын төв замын орчимд нэг эмэгтэй хүн орилох шиг сонсогдсон, Ган-Эрдэнийн хамт очиж харахад нэг эрэгтэй хүн нэг эмэгтэй хүний дээр гараад суучихсан харагдсан.... хоолойг нь боогоод цүнхийг нь татаад дээрэмдэж харагдахаар нь Ган-Эрдэнэ бид хоёр тэр эгчид туслахаар очсон... Тэр эгчийн хоолойг боосон, нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэрнээс өмнө нь яасан талаар мэдэхгүйээ ... “ гэх мэдүүлэг /хх-32-33х/.

 

             Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хуудас 18,19-22/,

             Хөрөнгийн үнэлгээний "Дамно" компаний хөрөнгийн үнийн тодорхойлолт /99х/,

 

             Гэрч Э.Ган-Эрдэнэ, насанд хүрээгүй сэжигтэн Ц.Отгондэлгэр нарын
мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, ажиллагааны үеийн гэрэл зургууд / хх-23-26х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд:

“1.Г.Сарантуяагийн биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.      

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй" гэжээ /хх-42х/,

 

Насанд хүрээгүй яллагдагч Ц.Отгондэлгэрийн сэжигтнээр мэдүүлэхдээ: “... Би нийтийн байрнаас гарч яваад ертөнцийн зүгээр урд зүг рүү явж байтал нэг эгч явж байхаар нь тэр эгчийн цүнхийг нь булаагаад цаашаа зугтъя гэж бодсон юм. Тэгээд би шууд тэр эгч рүү очоод цүнхийг нь булаах гэтэл цүнхээ тавиагүй, цүнхнээс нь татахад газар унасан. Тэгэхлээр нь би дээр нь гарч суугаад тэр эгчийн цүнхийг нь булаацалдсан ... Би тухайн үед ... мөнгө олоод архи авч уух санаатай явж байгаад ганцаараа явж байсан эгчтэй таараад цүнхийг нь булааж аваад мөнгийг нь авах санаатай ийм гэмт хэрэг үйлдсэн юм ... “ гэх мэдүүлэг,

 

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-76-88х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.