Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/39

 

Б.Булгантамир, Р.Энхболд нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү,

Яллагдагч Б.Булгантамир,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/373  дугаар шүүгчийн захирамжтай Б.Булгантамир, Р.Энхболд нарт холбогдох 1934001170123 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Р.Энхболд нь 2019 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 02 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явах чиглэлийн асфальтан зам дээр 89-54 УБЯ улсын дугаартай “Хонда Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 54-26 ДАР улсын дугаартай “Хонда Эч Ар Ви” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн Нансалмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Хөх хошуу” гэх газар Улаанбаатар хотоос чиглэлтэй хатуу хучилттай асфальтан зам дээр 2019 оны 02 дугаар сарын 06-ны шөнийн 03 цагийн орчимд 89-54 УБЯ улсын дугаартай “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.5-д заасан “Ослын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойрхон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан тээврийн хэрэгслийн суурин газарт 15 метрээс, суурин газрын гаднах замд 30 метрээс, тууш замд 50 метрээс багагүй зайд байрлуулна.” гэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Р.Энхцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

Яллагдагч Б.Булгантамир нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Хөх хошуу” гэх газар Улаанбаатар хотоос чиглэлтэй хатуу хучилттай асфальтан зам дээр 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 цагийн үед 30-10 УБР улсын дугаартай “тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримтаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 89-54 УБЯ улсын дугаартай “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж иргэн Р.Энхцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Булгантамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан яллагдагч Р.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/373 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Булганхангайн Булгантамир, Боржигон овгийн Рагчаагийн Энхболд нарт холбогдох эрүүгийн 1934001170123 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Боржигон овгийн Булганхангайн Булгантамир, Боржигон овгийн Рагчаагийн Энхболд нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, Эрүүгийн 1934001170123 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор П.Даваасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь үндэслэлээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Тухайлбал:

1. Шүүгдэгч Б.Булгантамир, Р.Энхболд нарт холбогдох 1934001170123 дугаартай хэрэгт хяналт тавьж ажилласан прокурор 2020 оны 02 дугаар сарын 21 ны өдөр 78 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн ба яллагдагч нарт яллах дүгнэлтийн хувийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг гардуулан тэмдэглэл үйлдэж яллагдагч нараар гарын үсэг зуруулан хэрэгт хавсаргасан 12 дугаар хавтасны 121, 122-рт/, бөгөөд яллах дүгнэлтийн яллагдагч нарт гардуулсан хувьд он cap өдрийг гараар дугаарлахдаа "2020 оны 02 дугаар сарын 11 ны өдөр" гэж 2-ийн тоог 1 тоо гэж харагдахаар бичигдсэн байсныг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэ талаар тайлбарласан ба яллах дүгнэлтэнд өөр зөрүүтэй зүйл байгаагүй ба шүүгдэгч өмгөөлөгч нар энэ талаар ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, яллагдагч нар яллах дүгнэлтээ гардсан талаар мэдүүлж байхад яллах дүгнэлтийг албан ёсоор гардуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2. Яллагдагч Б.Булгантамир, Р.Энхболд нарт холбогдох хэрийг Шүүхээс 2019 оны 08 дугаар сарын 21 ны өдөр 2019/ШЗ/631 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаажээ. Шүүгчийн буцаасан захирамжинд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэн хэргийн дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн ба хэрэгт нэмэлт ажиллагаа хийгдэж тухай бүр хэргийн материалтай хэргийг оролцогч нарыг танилцуулан санал хүсэлтийг нь шийдвэрлэсэн тэмдэглэлүүдийг хэрэгт хавсаргасан шүүгдэгч хохирогч нар шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй, Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцуулан тэмдэглэл үйлдсэн /хх-н 39, 41, 42, 74, 75, 90, 111, 245, 247-рт/ байхад шинжилгээ хийлгэх журмыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

3. Хэрэгт яллагдагч Б.Булгантамирын жолоодож явсан Тоёота Приус-20 маркийн 30-10 УБР улсын дүгаартай тээврийн хэрэгсэлд, яллагдагч Р.Энхболдын жолоодож явсан ХОНДА ИНСАЙТ маркийн 89-54 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд, хохирогч Б.Жамсрангийн жолоодож явсан ХОНДА ЭЙЧ АР ВИ маркийн 54-26 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд гаргасан үнэлгээн дээр талууд маргаангүй ба үнэлгээ гаргасан байгууллагууд хууль сануулсан талаар тэмдэглэл үйлдэж үнэлгээ гаргасан нь оролцогчийн эрхийг зөрчсөн, шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

4. Хэрэгт яллагдагч Б.Булгантамир болон түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба хавтаст хэрэгт энэ талаар тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурсан байхад /хх-н 2 дугаар хавтасны 246-рт/ хэргийн материалтай танилцаагүй, танилцах боломжоор хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

- Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар эд зүйл хураан авч хэрэгт хавсаргасан тэмдэглэл, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад хэргийг буцаах үндэслэлээ болгосон нь ойлгомжгүй байна.

Иймд Б.Булгантамир, Р.Энхболд нарт холбогдох Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/LU3/373 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.2. дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар прокурорын эсэргүүцэл бичиж байна...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтэндээ: Хэргийн материалаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан саналдаа: Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Б.Булгантамир гаргасан тайлбартаа: Гэрлийн гялбаанд орсон гэдэг. Гэтэл уг машин зорчих хэсэг дээр зогсож байсан. Хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Б.Булгантамир, Р.Энхболд нарт холбогдох эрүүгийн 1934001170123 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Прокурорын 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 78 дугаартай яллах дүгнэлт нь 2020 оны 02 сарын 05-ны өдөр үйлдэгдсэн, яллах дүгнэлтийн хувийг яллагдагч Б.Булгантамир, Р.Энхболд нар 2020 оны 03 сарын 30-нд гардан авсан байтал прокурор яллах дүгнэлтийн хувийг 2019 оны 05 сарын 06-ны өдөр гардуулсан байгаа нь хоёр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн нэг дугаартай яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулсан гэж ойлгогдохоор байх ба шүүгчийн захирамжид дурдагдсан “яллах дүгнэлтийг албан ёсоор гардуулах ажиллагааг дахин хийлгэх” гэсэн нь үндэслэлтэй байна.

- Яллагдагч, яллагдагчийн өмгөөлөгч нарт “шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолуудыг танилцуулаагүй нь шинжилгээ хийлгэх журмыг зөрчсөн байна.

- Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, эрх бүхий албан тушаалтны хүсэлт байдаг. Гэтэл “шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол гаргалгүйгээр “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 30-10 УБР улсын дугаартай,  “ХОНДА ИНСАЙТ” маркийн 89-54 УБЯ улсын дугаартай “ХОНДА ЭЙЧ АР ВИ” маркийн 54-26 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд тус тус учирсан эвдрэл хохирлын үнэлгээг “Мастер үнэлгээ”, “Кости-Эстимейт” ХХК-уудаар тогтоолгож, эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 27.2 дугаар зүйл, 27.4 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйл, 9 дүгээр зүйлд заасан шинжилгээ хийлгэх журмыг ноцтой зөрчсөн байна.

- Прокурор эсэргүүцэлдээ яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүг мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцсан /хх-н 2 дугаар хавтасны 246-рт/ талаар мэдүүлсэн гэх боловч хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн хавтаст хэргийн материалтай танилцсан гэх ямар ч баримт авагдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар хавтаст хэргийн материалыг өмгөөлөгчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т заасан өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.   

Мөн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 631 дүгээр захирамжинд заагдсан ажиллагаа хангалттай хийгдээгүй байх тул уг захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/373 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Б.Булгантамир, Р.Энхболд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Г.БОЛОРМАА

 

 

ШҮҮГЧИД                                                      Т.ЭНХМАА

 

 

                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ