Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Балхуун ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00806 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, 2684519 дугаарын регистртэй, Балхуун ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг, Жаргалант сум, Бадамлах дөл ХХК-д т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхтөр түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны нүүрс тээвэрлэлтийн хөлс 185,382,107 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ачаа тээвэрлэлтийн хөлс төлөхдөө илүү төлсөн 62,706,521 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Балхуун” ХХК нь “Бадамлах дөл” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлтийг 2014 оны 08 дугаар 22-ны өдрийн өдрийн ачаа тээвэрлэлтийн гэрээгээр өнөөдрийг хүртэл хийж ирсэн. Энэ хугацаанд нийт 422.944.940 \ дөрвөн зуун хорин хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянга есөн зуун дөч\ төгрөгийн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс манай компанид 307.685.150 \ гурван зуун долоон сая зургаан зуун наян таван мянга нэг зуун тавь\ төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 115.259.790 \ нэг зуун арван таван сая хоёр зуун тавин есөн мянга долоон зуун ер\ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай компанийн зүгээс энэ төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа “Бадамлах дөл” ХХК-д албан бичгээр мэдэгдсэн ч бодитой арга хэмжээ авахгүй байна. 2014 оны 08 дугаар 22-ны өдрийн өдрийн ачаа тээвэрлэлтийн гэрээ бол жинхэнэ гэрээ биш юм. 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр надаар гарын үсэг зуруулж, тамга даруулж авсан гэрээ бол “Балхуун” ХХК-ийн “Бадамлах дөл“ ХХК-тай байгуулсан нүүрс тээвэрлэх гэрээ юм. Н.Энхтөр бид нарт ийм данс байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бидэнд хамааралгүй мөнгө бичээд байгаад гайхаж байна. Бид анх “Бадамлах дөл” ХХК-иас дулааны нүүрс тээвэрлэлтийн хөлс 115,259,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 70,122,317 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 185,382,107 төгрөг нэхэмжилж байна. Иймд хариуцагч “Бадамлах дөл” ХХК-иас 185,382,107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: “Балхуун” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 70,122,317 /далан сая нэг зуун хорин хоёр мянга гурван зуун арван долоон/ төгрөгөөр ихэсгэж нэхэмжлэлийн шаардлагаа 185,382,107 /нэг зуун наян таван сая гурван зуун наян хоёр мянга нэг зуун долоон/ төгрөг болгон өөрчилж нэхэмжилсэнийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй, анхан шатны санхүүгийн нотлох баримт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагаа 185,382,107 /нэг зуун наян таван сая гурван зуун наян хоёр мянга нэг зуун долоон/ төгрөгийг санхүүгийн үндсэн баримтад тулгуурлаж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч “Балхуун” ХХК нь дизель түлшний үнийг НИК-ийн жишиг ханшаар тооцох боломжгүй бөгөөд “Бадамлах” дөл ХХК-ны худалдаж авсан дизель түлшний үнээр тооцсон болно. Бадамлах дөл ХХК болон Балхуун ХХК-ний Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан Тээвэрлэлтийн гэрээ байгуулсан мөн хуулийн 381 дүгээр зүйл Ачаа тээвэрлэлтийн гэрээг бичгээр байгуулсан байна. Иргэний хуулийн 386 дугаар зүйл Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт хавсаргагдсан. Ачаа тээвэрлэх гэрээний зургаа. Төлбөр тооцоо 6.1 гэрээний үнэ: Ховд аймгийн Жаргалант сумын “Бадамлах дөл” ХХК-ний дулааны станцын талбайд буулгасан нүүрсний 1 тонн/км тутмын тээвэрлэлтийн хөлс 115 / нэг зуун арван таван/ төгрөг байна гэж тохирсон байна.

Нэхэмжлэгч “Балхуун" ХХК нь дизель түлшний үнийг Петровисийн үнээр төлөгч байгууллага болох “Бадамлах дөл“ ХХК нь худалдаж авсан дизель түлшний үнээр тооцсон болно. Гэтэл “Балхуун” ХХК нь тээврийн 1тонн/км-ыг 130 төгрөгөөр бодсон нь хууль бус юм.

“Балхуун” ХХК нь 307,685,150 төгрөг авсан гэж дутуу бодсон бөгөөд “Бадамлах дөл” ХХК-ний тээврийн хөлс нотлох баримтаар 337,685,150 төгрөг төлсөн байна. Энэ нь “Балхуун” ХХК нь 307,685,150 төгрөг авсан гэжээ. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 21-нд “Балхуун” ХХК-ийн дансанд 3,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Дандарын дансанд тээврийн хөлсөнд 5 000 000 төгрөг, 2017 оны 05 сарын 26-ны өдөр Дандар, Очир, Даваадорж нарын тээврийн хөлсөнд 5 000 000 төгрөг, 2016 оны 09 сарын 08-ны өдөр 5845088857 тоот данс буюу Н.Энхтөрын дансанд, Дандарын тээврийн хөлс 5 000 000 төгрөг, 2016 оны 11 сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 09 сарын 25-ны өдөр 5845409925 тоот дансанд С.Энхтөрийн дансанд 5 000 000 төгрөг бүгд 30 000 000 төгрөгийг дутуу тооцсон байна. "Бадамлах дөл ХХК нь Ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу төлөх ёстой тээврийн хөлсөө бүрэн төлсөн. Эцэст нь Хар тарвагатай ХХК-д 4834,2 тн нүүрс тээвэрлэсэн гэж хүснэгтээр тооцоолол оруулж ирсэн байна. “Хар тарвагатай “ХХК нь Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Бадамлах дөл” ХХК-д хамааралгүй, нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй 2 өөр компани, 2 өөр данс тооцоотой тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хариуцагч “Хар тарвагатай” ХХК-ний оршин байгаа нутаг дэвсгэрийн харъяалалаар гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу “Балхуун” ХХК-ний гаргасан 185,382,107 /нэг зуун наян таван сая гурван зуун наян хоёр мянга нэг зуун долоон/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бадамлах дөл” ХХК нь “Балхуун” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сараас эхлэн ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу нүүрс тээвэрлүүлж тээврийн хөлсийг гэрээний дагуу төлж байсан. “Балхуун“ ХХК нь “Бадамлах дөл” ХХК-тай гэрээ үгнээгүй, эцсийн тооцоо хийж тооцоо нийлээгүй атлаа “Бадамлах дөл” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж ачаа тээвэрлэлтийн хөлсийг дутуу төлсөн гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул “Бадамлах дөл” ХХК нь бүх тооцоо санхүүгийн баримтуудаа нягтлан бодогчоороо бодуулсан. Гэтэл “Бадамлах дөл” ХХК ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу “Балхуун” ХХК-ийн төлсөн тээврийн хөлсийг тээврийн хөлс төлсөн банхүүгийн нотлох баримтаар тооцож үзэхэд 62,706,521 төгрөгийн илүү төлөлт хийсэн байна...., Иймд нэхэмжлэгч Балхуун ХХК-иас ачаа тээвэрлэлтийн хөлс төлөхдөө илүү төлсөн 62,706,521 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхтөр шүүхэд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан банкны дансаар хувь хүмүүст шилжүүлсэн төлбөр тооцоог “Балхуун” ХХК нь хариуцах ёсгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00806 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар нэхэмжлэгч “Балхуун” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Бадамлах дөл” ХХК-д холбогдох 185,382,107 /нэг зуун наян таван сая гурван зуун наян хоёр мянга нэг зуун долоон/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, “Бадамлах дөл” ХХК-ний “Балхуун” ХХК-иас ачаа тээвэрлэлтийн хөлс төлөхдөө илүү төлсөн 62,706,521 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Балхуун” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,242,900 төгрөгийг, хариуцагч””Бадамлах дөл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471,484 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ачаа тээвэрлэлтийн хөлс буюу нүүрсний хөлс төлсөн санхүүгийн баримт болох “Бадамлах дөл” ХХК-д “Балхуун” ХХК-ний 2015-2017 онд тээвэрлэсэн нүүрсний баримтууд, гэрч Б.Ганчимэгийн мэдүүлэг, нүүрс тээвэрлэсэн жолооч кассын тооцоо, дулааны “Бадамлах дөл” ХХК-д нүүрс тээвэрлэхэд “Балхуун” ХХК-ний жолооч нарт тогтоосон шатахууны мэдээ нотлох баримтуудаар нэхэмжлэгч “Балхуун” ХХК-д хариуцагч “Бадамлах дөл” ХХК нь тээврийн хөлсийг бүрэн төлсөн болох нь тогтоогдсон. “Балхуун” ХХК-ны нүүрс тээвэрлэлтийн хөлс нийт 185382107 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. “Бадамлах дөл” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сараас эхлэн ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу нүүрс тээвэрлүүлж тээврийн хөлсийг гэрээний дагуу төлж байсан. “Балхуун” ХХК нь “Бадамлах дөл” ХХК-тай байгуулсан гэрээг дүгнээгүй, эцсийн тооцоо хийж, тооцоо нийлээгүй атлаа Бадамлах дөл ХХК нь гэрээний үүргээ зөрчиж ачаа тэвээрлэлтйн үнийг дутуу төлсөн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул “Бадамлах дөл” ХХК нь “Балхуун” ХХК-ийн тээврийн хөлсний тооцоог санхүүгийн баримттай тулгаж нягтлан бодогчоор бодуулсан. Санхүүгийн баримтаар тооцож үзэхэд “Бадамлах дөл” ХХК нь “Балхуун” ХХК-д 62706521 төгрөг илүү төлсөн нотлогдон тогтоогдсон бөгөөд хууль зүйн үндэслэлтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан үүргийн дагуу Ачаа тээвэрлэлтийн хөлс буюу нүүрсний хөлс төлсөн санхүүгийн баримт болох “Бадамлах дөл” ХХК-д Балхуун ХХК-ны 2015-2017 онд тээвэрлэсэн нүүрсний баримтууд, гэрч Б.Ганчимэгийн мэдүүлэг, нүүрс тээвэрлэсэн жолооч нарын тооцоо дулааны “Бадамлах дөл” ХХК-д нүүрс тээвэрлэхэд “Балхуун“ХХК-ний жолооч нарт олгосон шатахууны мэдээ нотлох баримтуудаар нэхэмжлэгч “Балхуун” ХХК-д хариуцагч “Бадамлах дөл” ХХК-нь тээврийн хөлсийг бүрэн төлсөн болох нь нотлогдон тогтоогдсон. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчиж зөвхөн хариуцагчид ашигтайгаар шийдвэрлсэн. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан үүргийн харилцаа үүссэн байна тээвэрлүүлэгч, тээвэрлэгч нарын хооронд ачаа тээвэрлэлтийн гэрээнээс үүдэлтэй үүрэг үүссэн. Балхуун ХХК нь Бадамлах дөл ХХК-ний дулааны станцын нүүрс тээвэрлэж хүлээлгэн өгсөн Бадамлах дөл ХХК-нь тээвэрлэлтийн зардалыг Балхуун ХХК-д өгсөн нь өглөг авлага тэнцсэн гэж дүгнэсэн.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэрээний эрх зүйн харилцааг буруу дүгнэж шийдвэрлэснээс гадна үйл баримтыг дутуу үнэлсэн мөн хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлээгүй байна.  Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан үндэслэл нь гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон бол гэрээ хүчингүй болсноос хойших нэг жилийн тээвэрлэлт хийсэн хөлсийг нэхэмжлэх эрхгүй бөгөөд авсан тээвэрлэлтийн хөлс тээвэрлэсэн нүүрсний хэмжээнээс хамаарахгүйгээр тохирсон байна гэж дүгнэсэн шийдвэрт гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж явсан ачаа тээврийн хөлсийг минь өгөх байх гэсэн итгэлийг сэтгэлдээ тээн зүтгэл гаргаж ажилласан 50 жолоочийн хөдөлмөрийн хөлсийг гаргаж өгнө гэдэгт найдаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй   байна.

Нэхэмжлэгч “Балхуун” ХХК-нь 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ачаа тээвэрлэлтийн гэрээний гүйцэтгэлийн үлдэгдэл 115.259.790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дулааны “Бадамлах дөл” ХХК-д холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 70.122.317 төгрөгөөр нэмэгдүүлж нийт   185.382.107 төгрөгийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Дулааны “Бадамлах дөл” ХХК-нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба ачаа тээврийн хөлсөнд илүү төлсөн 62.706.521 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэгчийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар тус бүр гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ тэдгээрийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлоогүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Тухайлбал, үндсэн нэхэмжлэл 115.259.790 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 70.122.317 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэл тус бүрийг, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх талуудын дээрх шаардлагын үндэслэл тус бүрийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна гэж үзлээ. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд байгуулсан “Ачаа тээвэрлэлтийн гэрээ”- гээр Балхуун ХХК-нь Дулааны “Бадамлах дөл” ХХК-д нүүрс тээвэрлэлтийг өнөөдрийг хүртэл хийсэн гэжээ. Шүүхээс талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний аль заалтыг тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хэн аль нь биелүүлээгүй, тээвэрлэгч нь 2014-2018 он хүртэлх ачаа тээврийн хөлс нэхэмжилж байгаа эсэх, хэрэв 2014-2018 оны хоорондох хөлс  нэхэмжилж байгаа бол тэдгээр онуудаас хэдэн оны хөлсний үлдэгдэл хэдэн төгрөг байгаа эсэх, мөн  тонн километрийг хэдэн төгрөгөөр бодсон, ачаа тээвэр хийхэд хэдий хэмжээний хэдэн төгрөгийн  шатахуун зарцуулагдсан  эсэх,  талууд хэрхэн тооцоо нийлдэг байсан эсэх, тээвэрлүүлэгчийн тээврийн хөлсийг илүү төлсөн гэх шаардлагын үндэслэл тус бүрийг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын   шалтгаан нөхцөл, үр дагаврын үндэслэл тус бүрийг нэг бүрчлэн тодруулах байжээ.

 2. Хэргийн оролцогч талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа хэргийн үйл баримтыг тогтоолгохоор тус бүрийн компанийнхаа тээврийн хөлсний тооцооны баримтыг эх хувиар нь шүүхэд ирүүлжээ. Харин шүүх талуудаас шүүхэд гаргаж өгсөн тээврийн хөлсний тооцооны баримтуудыг хэрхэн үнэлж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Тодруулбал нэхэмжлэгч болон хариуцагч нарын дээрх баримтын тооцооллыг шүүх хэрхэн яаж тооцоо хийж тэдгээрийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хэргийн бодит үйл баримтыг тогтоогоогүй байна.

 Шүүх дээрх баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан журмыг зөрчсөн   байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Энэ талаар нэхэмжлэгч хариуцагч талуудын гаргасан гомдол үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.3,118.4,118.5-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.084.861 төгрөг, хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474.484 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус бүрд нь буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00806 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан Нэхэмжлэгч С.Энхтөрийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.084.861 төгрөг, хариуцагч “Бадамлах дөл” ХХК-ний   давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474.484 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, тус бүрд нь буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДАМБА

 

                  ШҮҮГЧИД                                     Д.КӨБЕШ

 

                                                                                    Н.ТУЯА