Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2017/00881

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1981 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банк санхүүгийн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ХААН банкны Хөвсгөл салбарт АТМ хариуцсан ажилтан ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 8 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, РЮ81120609 дугаар регистртэй, Үхэр онход овогт Пийн Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1982 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт оршин суух, ....... дугаар регистртэй, Монхорынхон овогт Б-ийн Ч-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2017/00802/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч П.М, хариуцагч Б.Ч нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч бид хоёр 2004 онд танилцан үерхэж байгаад 2006 онд албан ёсоор гэр бүл болж, хамт амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд том хүү Ч.М 2005 онд, бага охин Ч.Б 2015 онд тус тус төрсөн. Хамт амьдарч байхдаа Б.Ч ажил төрөл хийхгүй, маргалдахаараа ээж, аав руугаа явчихдаг байсан. Хамгийн сүүлд 2016 оны 10 сард Завханаас явж байна гэж гэрээрээ дайрч нэг хоноод явсан, түүнээс хойш одоог хүртэл гэртээ эргэж ирээгүй. Ийшээ тийшээ явж ажил хийгээд цалин хөлсөө буухаар бид гуравт мөнгө төгрөг явуулдаг, утсаар ярьдаг байсан ч өвлөөс хойш холбоо барихгүй, утасны дугаараа сольсон байсан. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандахад Б.Ч салахгүй гээд очоогүй атлаа бид гуравтай тухайн хугацаанд нэг ч удаа ирж уулзаагүй. Бид хамт амьдарч байхад Б.Чын эцэг, эх нь 1.200.000 төгрөгөөр жижиг байшин худалдаж авч өгсөн. Түүнд одоо 2 хүүхэдтэйгээ амьдарч байна. Би цалингийн зээл авч пургон машин худалдаж авч байсан бөгөөд хамт амьдарч байхдаа 2.000.000 төгрөгөөр зарж, үнэд нь торхыг 1.500.000 төгрөгөөр, газар 500.000 төгрөгөөр тус тус үнэлж авч байсан. Хэрэв Б.Ч эдгээр зүйлээс авна гэвэл өгнө. Бага охин маань аавыгаа танихгүй. Бид цаашид хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлнэ гэв.

Хариуцагч Б.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.М бид хоёр 2004 онд танилцан үерхэж байх хугацаанд 2005 онд хүү Ч.М төрж, 2006 онд гэр бүл болсон. Бага охин Ч. Биндэръяа 2015 онд төрсөн. Би мэргэжилгүй учир энд тэнд олдсон ажлыг хийгээд явдаг. П.М гэртээ болон ажил дээр ирж байнга хэрүүл маргаан хийдэг учир би ажлаасаа гардаг, гэртээ тайван байх боломж байдаггүй. Түүнээс архи ууж хэрүүл маргаан үүсгэдэггүй. Би Эрдэнэбулган суманд байдаг аав, ээжийгээ эргэж очих шаардлага гардаг. П.М хэрүүл маргаан хийж гэрээсээ хөөсөн учир гэртээ очилгүй жил гаруй болж байна. Нэгэнт амьдарч чадахгүй гэж байгаа болохоор гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Манай аав, ээжийн авч өгсөн байшинг хоёр хүүхэддээ үлдээж байна. Хамт амьдарч байхдаа авсан пургон машинаа зарж, үнэд нь торх, газар авч байсан. Би эдгээр зүйлээс авахгүй, эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлнө гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.М нь хариуцагч Б.Чт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

П.М, Б.Ч нар гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй тусдаа амьдарч байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2006 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь 0000134-489 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд 2005 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү Ч.М, 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр охин Ч.Биндэръяа нар төрсөн болох нь 0104383/565, 6701000473 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдов.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй, харилцан тохиролцсон, хүү Ч.Мийн санал зэргийг харгалзан 2005 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Ч.М, 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ч.Биндэръяа нарыг эх П.Мын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж заасан тул эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Б.Чаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдав.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2005 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Ч.М, 11 нас 09 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ч.Биндэръяа 02 нас 03 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөг буюу нийт 260.250 төгрөгийг хүү Ч.М, охин Ч.Биндэръяа нарт сар бүр эцэг Б.Ч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Ч.М, Ч.Биндэръяа нарт сар бүр төлөх тэтгэлгийн хэмжээг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 3.123.000 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төлөөгүй үлдсэн хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг 3.123.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 64.918 төгрөг, нийт 135.118 төгрөгийг нөхөж гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагч Б.Чаас улсын тэмдэгтийн хураамж нийт 205.318 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Мд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Үхэр онход овогт Пийн М, Монхорынхон овогт Бгийн Ч нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Ч.М, 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ч.Биндэръяа нарыг эх П.Мын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2005 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Ч.Мийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ч.Биндэръяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Чаас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Ч, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг П.М нарт тус тус даалгасугай.

 

5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч П.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төлөөгүй үлдсэн улсын тэмдэгтийн хураамж 135.118 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Б.Чаас улсын тэмдэгтийн хураамж нийт 205.318 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Мд олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Өлзийбуянд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА