| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/00777/И |
| Дугаар | 142/ШШ2019/00154 |
| Огноо | 2019-02-11 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 142/ШШ2019/00154
| 2019 оны 02 сарын 11 өдөр | Дугаар 142/ШШ2019/00154 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
Хариуцагч: холбогдох
Даниста ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрх тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Товуусүрэн овогтой Цэцэгмаа би 2002 онд Даниста ХХК-ийг өөрийн нэр дээр байгуулж байсан. Гэтэл Ц.Энхболд, Х.Жанцансамбуу нар компанийг маань Даниста нэртэй нь хамт зээлдэж авсан. Тэгээд барилгын ажил эхэлж Даниста худалдааны төв баригдсан түүхтэй. Ингээд би анхны захирлаар томилогдож ажилласан. 1993 онд би өөрийн хөрөнгөөр Согоот баг 6-1-41 тоот, 6-1-42 тоот, 6-1-44 тоот байруудыг тус бүр нь 550 000 төгрөгрөөр худалдан авч Эрдэнэт хотод анх удаа байрны нэг давхарт үйлдвэр, үйлчилгээ явуулж "Залуус" үсчин, цайны газар, ломбард ажиллуулж нилээдгүй ашиг орлоготой ажиллаж байсан. "Даниста" гэдэг нэрийг худалдааны төвд би өөрөө өгч байсан болохоор "Даниста" нэрийг миний бие эзэмших бүрэн эрхтэй, анхны үүсгэн байгуулагч гэж өөрийгөө үзэж байна. Даниста худалдааны төвийн барилга баригдаж байх үед Даниста ХХК-н захирал, ТУЗ-ийн гишүүн Х.Жанцансамбуу Хаан банкнаас зээл авч Данистагийн хажууд байрлах хүнсний повилоныг газартай нь худалдаж авсан. 30 000 000 төгрөгийн эргэн төлөлтийг хамтран төлж байсан. Гэвч уг повилон Даниста ХХК-ний нэр дээр байдаг. Тухай бүр нь Даниста ХХК-ийн хөрөнгө оруулагч, ТУЗ-ийн гишүүн Ц.Энхболдод танилцуулж байсан. Ц.Энхболд та нар худалдааны төвийн урд талын суурин дээр 5 давхар барилга өөрсдийн хөрөнгөөр барьж ав гэж хэлж байсан. Би дахин хөрөнгө гаргаж энэ суурь дээр барилга барихгүй гэж байсан. 15 жил өнгөрсөн боловч Х.Жанцансамбуу мөнгө хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар барилга бариагүй намайг хохироосоор би хүлээсээр байдаг. Даниста худалдааны төвийн барилга барихад тодорхой хөрөнгө хувь нэмэрээ шууд оруулсан. Барилга баригдах үед хөрөнгө оруулалт үе үе тасалдах, барилгын ажилчдын цалин тавьж чадахгүй байх үед би зургаан удаагийн үйлдлээр нийт 6 900 000 /Зургаан сая есөн зуун мянган/ төгрөгийн хөрөнгө оруулсан.
Үүнд: 2003 оны 09 дүгээр сарын 18-нд 1 500 000 төгрөг, 2003 оны 12 дугаар сарын 15-нд 1 200 000 төгрөг, 2004 оны 03 дугаар 12-нд 1 500 000төгрөг, 2004 оны 10 дугаар сарын 25-нд 2 000 000 төгрөг, 2005 оны 01 дүгээр сарын 11-нд 1 800 000 төгрөг, 2005 оны 03 дугаар сарын 06-нд 800 000 төгрөг
Би тухай бүрд нь Ц.Энхболдод танилцуулж мөнгөө буцааж авъя гэхэд одоо байдал хэцүү бид мөнгөгүй байна. Чи хүлээж байгаад лангуу эзэмших хувь тооцоод явж байгаач гэж хэлсэн. Бид 3 манай гэрт сууж байгаад ярьсан. Одоо Даниста ХХК-ний захирлуудын хооронд маргаан үүсч миний түрээс 130 000 төгрөг төлдөг байсан бол одоо 280 000 төгрөг төлөхийг шаардаж сар бүр төлж байна. Одоогоор би цайны газар 120 000 төгрөг, хүнсний З м лангуу /гэр ахуй/ 60 000 төгрөг, гадуур хувцас 60 000 төгрөг, оймс 2 м 40 000 төгрөг лангуу эзэмшигч түрээслэгч нараас 50-60 хувь доогуур түрээс төлж байна. 2002 онд Хүрэнбулаг баг 4-14-68 тоот 3 өрөө орон сууцаа 2 200 000 төгрөгөөр зарж мөн л үүнийгээ Даниста ХХК-д хөрөнгө оруулсан. Одоогийн ханшаар миний хөрөнгө оруулсан 9 500 000 төгрөг нь 300 000 000 /гурван зуун сая/ төгрөг болж одоогийн 3 өрөө орон сууц гуравыг авах байсан гэж үзэж байна. Хөрөнгө оруулсан 9 500 000 төгрөгөө хувьцаа болгож эзэмших бүрэн эрхтэй гэж үзэж байна. Иймд миний бие Товуусүрэн овогтой Цэцэгмаа нь Даниста ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрх тогтоолгохоор нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Т.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2002 онд "Даниста" ХХК-ийг өөрийн нэр дээр байгуулж байсан. Гэтэл Ц.Энхболд, Х.Жанцансамбуу нар компанийг маань Даниста нэртэй нь хамт зээлдэж авсан. Тэгээд барилгын ажил эхэлж "Даниста" худалдааны төв баригдсан түүхтэй. Ингээд би анхны захирлаар томилогдож ажилласан. "Даниста" ХХК-ний нэрээр нилээн их ажил зохион байгуулж хөрөнгө оруулсан. Барилга барих гэсэн чинь мөнгө дутаад байна гэж хэлээд надаас 9 500 000 төгрөг авсан. Би мөнгөө авъя гэж удаа дараа хэлж байсан. Компани байгуулж байхдаа Ц.Энхболд манайхаар ирж хонодог байсан. Мөнгөө авмаар байна гэсэн чинь Даниста дэлгүүрт дуртай лангуугаа аваад үнэ төлбөргүй ашиглаж бай, одоогоор мөнгө байхгүй байна гэдэг байсан. Үгүй би мөнгө авмаар байна гэсэн чинь Даниста дэлгүүрийн урд барилгын суурь тавьчихсан байгаа түүний нэгдүгээр давхрыг ресторанаар ашигла гэж байсан. Уг суурин дээр барилга барихыг их хүлээсэн. Тэр хооронд 3 лангуу, 1 цайны газар үнэгүй эзэмшиж байсан. Гэтэл "Даниста-Од" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед би шүүхэд өгнө гээд өнгөрч байсан. Тэр хооронд Х.Жанцансамбуу бид хоёр салчихсан байсан болохоор би лангуугаа түрээсэлчихээд хот руу явсан. Би өөрийн нэр дээр байдаг 2 өрөө байраа зараад "Даниста" ХХК-д хөрөнгө оруулж байсан. Тиймээс "Дансита-Од" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр орох нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэл дээрээ тухайн үеийн нэр болох "Даниста" ХХК-аар бичсэн боловч "Дансита-Од" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч "Дансита-Од" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Жанцансамбуу шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х.Жанцансамбуу Даниста-Од ХХК-ийг 2002 онд анх үүсгэн байгуулсан. Би Т.Цэцэгмаатай гэр бүл байсан учир Даниста гэсэн нэрийг анх Т.Цэцэгмаа гаргаж ирсэн нь үнэн. Т.Цэцэгмаа нь 1996 оноос эхэлж бизнес хийж үсчин, цайны газар, ломбард ажиллуулж байхдаа Даниста худалдааны төвийг барьж байхад нилээн хэдэн төгрөг оруулсан. Би заримыг нь буцааж өгсөн. Бид эндээсээ мөнгө төгрөг олж ажлыг үргэлжлүүлж байсан үе зөндөө бий. Тэр үед Т.Цэцэгмаагаас үе үе мөнгө авдаг л байсан. Хөрөнгө нийлүүлэгчдээс Ц.Энхболд нь хамаг асуудлыг шийддэг байсан. Сүүлд Ц.Энхболдыг ирэхэд Т.Цэцэгмаа мөнгө төгрөгийн асуудлаа ярилцаж байхдаа Даниста худалдааны төвийн одоо байгаа сууринд та 2 барилга барьж ав гэхээр нь би 5 давхар барилгын зургийг өөрөө хийлгэж байсан. Намайг Т.Цэцэгмаа барилгаа барихгүй өдий болтол намайг хохироож байгаа гэж арван хэдэн жил хэрүүл хийсэн. Надад хүүхдийн сургалтын төлбөр хийх энэ тэр мөнгөний асуудлууд зөндөө байгаа учир өдийг хүртэл барилга барьж чадаагүй. Сүүлдээ хувьцаа эзэмшигчдэд хандаж үзсэн боловч бүтэхгүй байгаагаа хэлсэн. Даниста-Од ХХК-н хувьцаа эзэмшигчээр орохоор шүүхдэнэ гэсэн. Т.Цэцэгмаа нь зохих хөнгөлөлт эдэлж явдаг. Т.Цэцэгмаа нь тэр үеийн ханшаар 9 600 000 төгрөгийг өгсөн. Энэ талаараа надаас байн байн гарын үсэг зуруулж авдаг. Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын маргаан үүссэн энэ үед би харин хүн хохироож яваа гэдгээ хүлээн зөвшөөрч Т.Цэцэгмааг хувьцаа эзэмшихэд татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч Даниста-Од ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Жанцансамбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 онд Цэцэгмаагийн нэр дээр Даниста ХХК байгуулагдаж байсан. Хотын компанитай нэр нь давхардсан учир Дансита-Од ХХК болгож нэрийг нь өөрчилсөн. "Даниста-Од" ХХК-ийг Х.Жанцансамбуу, Ц.Энхболд, Д.Дамбапэлжээ нарын хүмүүс байгуулсан. Компаний нэрийг шилжүүлж авъя гэж байсан. Данистагийн урд талын суурийг би өөрийнхөө хөрөнгөөр барьсан. Т.Цэцэгмаагийн мөнгийг талийгаач Ц.Энхболд мэддэг байсан. Д.Дамбапэлжээ компаний үйл ажиллагаанд тэр бүр оролцдоггүй байсан. Талийгаач нас барж хувьцаа эзэмшигч нарын хооронд хөрөнгийн маргаан бий болсон. Одоо нөгөө хоёр хувьцаа эзэмшигч нь маргаан гаргаж шүүх дээр хянагдаж байгаа. Т.Цэцэгмааг хувьцаа эзэмшигчээр ор гэж хэлсэн. Авсан мөнгөний тухайд тооцоо нийлсэн зүйл байгаа. Бид хоёрын дунд мөнгө төгрөгийн асуудал байгаа. Суурин дээрээ барилга барих гэсэн чинь хөрөнгөгүй болчихсон. "Даниста" ХХК Цэцэгмаагийн нэр дээр байсан нь үнэн. Бид хоёр хамт амьдарч байсан болохоор би өөрийнхөө нэр дээр Т.Цэцэгмаагийн компанийг шилжүүлж авсан. Мөнгөний тухайд би саяхан хүмүүсийн өрийг төлж дуусгасан. 2000 онд намайг томилолтоор ирэхэд 3 өрөө байр надад хуваарилж өгсөн. Би хувийн зүгээсээ Т.Цэцэгмаад тодорхой хэмжээний мөнгө өгсөн. "Дансита-Од" ХХК-ийн өмнөөс бол мөнгө өгөөгүй, 9 500 000 төгрөг компани төлөх ёстой, 27 000 000 төгрөгийг миний нэрээр зээл авагдсан тул надаас нэхэх ёстой гэдгийг Т.Цэцэгмаад хэлдэг боловч хэрүүл хийж намайг доромжилдог. Энэ асуудлаар компаний 2 гишүүнтэйгээ зөвшилцөх шаардлагатай гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Т.Цэцэгмаа "Дансита-Од" ХХК-д хамааралгүй бөгөөд анхны хувьцаа эзэмшигчээр Ц.Энхболд, Х.Жанцансамбуу, Д.Сарансүх гэсэн 3 хүн байсан, Д.Сарансүхийн оронд Д.Дамбапэлжээ, Ц.Энхболдын өв залгамжлагчаар Б.Эрдэнэцэцэг байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаа тавихгүй олон жил өнгөрсөн байна. Барилга барих, мөнгөний асуудал байж болох юм харин компаний хувьцаа, хувь эзэмших эрхийн хувьд үндэслэлгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэцэгмаа нь Даниста-Од ХХК-д холбогдуулан Даниста ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрх тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Даниста-Од ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрх тогтоолгох гэж тодруулж байна.
Хариуцагч Даниста-Од ХХК-ийн захирал Х.Жанцансамбуу ...Цэцэгмаа нь 2002 онд анх Даниста ХХК-ийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байсан. Даниста-Од ХХК-д 9 500 000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан, мөнгө төгрөгийн тооцоо байдаг, барилгын суурь эхлүүлсэн байгаа түүний нэгдүгээр давхрыг авах талаар талийгаач Ц.Энхболд бид гурав ярилцаж байсан. Боломжгүй байсаар барилга баригдаагүй. Компаний 2 гишүүнтэйгээ энэ талаар зөвшилцөх шаардлагатай гэж тайлбарлаж байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Дамбапэлжээ, Б.Эрдэнэцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Цэцэгмаа нь өөрийн шаардлагын үндэслэлээ ...би 2002 онд Даниста ХХК-ийг өөрийн нэр дээр байгуулсан. Гэтэл Ц.Энхболд, Х.Жанцансамбуу нар компанийг маань Даниста нэртэй нь хамт зээлдэж авсан. Би Даниста гэдэг нэрийг эзэмших эрхтэй, мөн Даниста худалдааны төвийн барилга барихад 6 удаагийн үйлдлээр 9 500 000 төгрөг, 2002 онд 3 өрөө орон сууцаа 2 200 000 төгрөгөөр зарж хөрөнгө оруулж байсан, 2007 онд 27 000 000 төгрөг өгсөн үүнийгээ тусд нь нэхэмжилнэ. Иймд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа болгож, эзэмших бүрэн эрхтэй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Т.Цэцэгмаа нь 2002 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Даниста ХХК-ний удирдлагаар бүртгэгдсэн, Даниста худалдааны төвийн барилга барихад мөнгө өгч байсан болох нь 2668009 регистртэй, 20/625 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, Даниста-Од ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээнүүд, кассын орлогын ордер болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Гэвч 2002 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Үндэсний татварын албаны Татвар төлөгчийн бүртгэлээр Даниста ХХК нь Х.Жанцансамбуу /10 хувь/, Ц.Энхболд /45 хувь/, Д.Сарансүх /45 хувь/ нарын гурван гишүүнтэй, хөрөнгийн хэмжээ 5 500 000 төгрөг, удирдлага нь Х.Жанцансамбуу гэж,
2002 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хурлын протоколд Орхон аймагт компани байгуулах талаар хуралдсан бөгөөд Ц.Энхболд Эрдэнэтэд үйл ажиллагаа явуулъя гэж бодож байгаа, танай компанитай холилдоод юу ч биш болно, маргаан гарна, ийм учраас салгаж компани байгуулъя гэж,
2002 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Даниста ХХК-ийг үүсгэн байгуулах 01 дугаартай шийдвэрээр Х.Жанцансамбуу, Ц.Энхболд, Д.Сарансүх нар хамтарч Даниста гэсэн оноосон нэртэй компанийг 5 500 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байх бөгөөд гишүүдийн оруулсан хөрөнгийн хэмжээ, ногдох хувийг дүрэмд тусгаж, компаний захиралаар Х.Жанцансамбууг томилсон ба мөн өдрийн 01 тоот шийдвэрээр Даниста ХХК-ний дүрмийг баталж, Ц.Энхболдын эзэмших хөрөнгө 2 475 000 төгрөг буюу 45 хувь, Х.Жанцансамбуу 550 000 төгрөг буюу 10 хувь, Д.Сарансүх 2 475 000 төгрөг буюу 45 хувь эзэмшихээр тогтоож үүсгэн байгуулагч Х.Жанцансамбуу гарын үсэг зурсан байна.
2006 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлын протоколоор Даниста ХХК-ний ТУЗ-н даргаар Д.Дамбапэлжээг, Даниста ХХК-ний гүйцэтгэх захирлаар Х.Жанцансамбууг баталж, хувь нийлүүлэгчид Д.Дамбапэлжээ, Х.Жанцансамбуу, Ц.Энхболд нар гарын үсэг зуржээ.
2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн компаний дүрмээр компаний оноосон нэрийг Даниста-Од ХХК болгож, үүсгэн байгуулагч хувь нийлүүлэгч нь Ц.Энхболд, Х.Жанцансамбуу, Д.Дамбапэлжээ нар, гадаад дотоод худалдаа зуучлал, барилга угсралт, засвар, хүнсний худалдаа, түрээсийн үйлчилгээ эрхлэх, хувь нийлүүлэгчдийн эзэмших хувьцаа дүрмийн санд эзлэх хувьд өөрчлөлт орж Ц.Энхболд /44 хувь/, Х.Жанцансамбуу /12 хувь/, Д.Дамбапэлжээ /44 хувь/ болж бүртгэгдсэн байна.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн баримтаас үзвэл Даниста-Од ХХК нь анх Даниста ХХК гэсэн нэртэй байсан бөгөөд түүний удирдлага нь Т.Цэцэгмаа болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Эрдэнэт хотод бизнесийн үйл ажиллагаа явуулахаар Ц.Энхболд, Х.Жанцансамбуу, Д.Сарансүх нар нэгдэж, Эрдэнэт хотод амьдардаг Х.Жанцансамбууг түшиглэн үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд түүний гэр бүлийн компанитай шинээр үйл ажиллагаа явуулах компанийг холих шаардлаггүй гэж дүгнээд Даниста ХХК-г бүртгүүлэх, татварын албанд тооцоо хийх эрхийг болон гүйцэтгэх удирдлагаар Х.Жанцансамбууг томилсон байна.
Ийнхүү 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Даниста ХХК-г үүсгэн байгуулах шийдвэрийн дагуу Даниста ХХК-ний дүрмийг боловсруулан Үндэсний Татварын албанд Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөлд дүрмийн сан, үйл ажиллагаа нэмэгдсэн, удирдлага өөрчлөгдсөн талаар мэдүүлсэн байна.
Компанийн удирдлага өөрчлөгдсөн талаар нэхэмжлэгч Т.Цэцэгмаа нэг жилийн дараа буюу 2003 онд мэдсэн гэсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.
Даниста ХХК-н нэрийн давхардлаас болж Даниста-Од ХХК болон өөрчлөгдсөн, компаний үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчид өөрчлөгдсөн талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч Т.Цэцэгмаа Даниста ХХК-д оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч Даниста ХХК, Даниста-Од ХХК-ний хувь нийлүүлэгч, үүсгэн байгуулагч агсан Ц.Энхболд, Х.Жанцансамбуу, Т.Цэцэгмаа нарын хооронд Даниста худалдааны төвд хөнгөлттэй нөхцлөөр лангуу эзэмших эрхийг Т.Цэцэгмаад олгож, түүний компанид оруулсан хөрөнгийг мөнгөн хэлбэрээр бус барилгын суурийг гүйцээж барилга баригдсан хойно нэгдүгээр давхрыг өгөхөөр тохиролцож байсан талаар зохигчдын тайлбарт дурдагдаж байна.
Компаний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн өөрчилж болно гэж заасан боловч хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ талаар шийдвэрлэж байсан эсэх нь тодорхойгүй, Т.Цэцэгмаа компанид оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж байсан эсэх нь нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй гэж үзнэ.
Компаний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Зээлдүүлэгч болон бусад харилцагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол компанийн өрийг хувьцаагаар солиход хувьцаа авах тухайн зээлдүүлэгч, харилцагчийн зөвшөөрлийг авсан байна, мөн хуулийн 25.3-т Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийн өрийг хувьцаагаар солих тухай төсөл боловсруулан хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлүүлнэ гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь өрийг хувьцаагаар солих талаар төлөөлөн удирдах зөвлөлд хандаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн Даниста ХХК /Даниста-Од ХХК/-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрх тогтоолгох тухай хариуцагч Даниста-Од ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаар Даниста-Од ХХК-ийг татсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа Даниста ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох гэж гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт Даниста-Од ХХК болгон тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 190 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Компаний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 18 дугаар зүйлийн 18.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Даниста-Од ХХК-д холбогдох Даниста ХХК /Даниста-Од ХХК/-ийн хувьцаа эзэмшигчээр хувь эзэмших эрх тогтоолгох тухай нэхэмжлэгч Т.Цэцэгмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ