Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 136/шш2022/00161

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 136/ШШ2022/00161

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Н даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Д аймгийн З-Ү сум, * дугаар баг, Шны ** дугаар байрны ** тоотод оршин суух, Я овогт О-ын Б /РД:******/,

Нэхэмжлэгч: 19** оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. У хот, Б дүүрэг, ** дугаар хороо, 1** дугаар байрны ** тоотод оршин суух, Ч овогт Дгийн Н /РД:*********/,

Нэхэмжлэгч: 19** оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн. Д аймгийн З-Ү сум, * дугаар баг, Шны ** дугаар байрны ** тоотод оршин суух, Т овогт Гийн Н /РД:*********/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Д аймаг, С сум, Төмөр замын 1**-2-** тоотод оршин суух, А овогт Аийн А /РД:**********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Д аймаг, З-Ү сум, *-р баг, Нийн гудамж, 3-* тоотод байх өөрийн эзэмшлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч О.Б, Д.Н, Г.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч А.А, түүний өмгөөлөгч Ж.Хн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан хэргийн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б, Г.Н, Д.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б миний бие А.А, түүний нөхөр Б.Б нарт өөрийн эзэмшил болох Д аймгийн З-Ү сумын *-р баг, Н 3-* тоотод байх 186 м.кв хувийн орон сууцаа 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хувь гэрээ байгуулан 50,000,000 төгрөгөөр худалдан, сар болгон график төлөхөөр болсон ба сар бүрийн 06-ны өдөр 1,500,000 төгрөг төлж байхаар гэрээ хийн гарын үсэг зуралцсан болно. А нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлж дуусгахаар гэрээ байгуулсан ба 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд өгөх ёстой мөнгөө увуулж цувуулж өгөөд 2020 оноос 2022 оны хугацаанд нэг ч төгрөг өгөхгүй, элдэв шалтгаан хэлж хугацааг хойшлуулсаар өнөөг хүрлээ. Гэрээнд заасны дагуу 7 хоног хэтэрвэл байшинг чинь буцааж өгөөд, өгсөн мөнгөө авахгүй гэсэн, мөн нэг хоног хугацаа хэтэрвэл өдрийн 50,000 төгрөг төлж байхаар нэмэлт гэрээ хийсэн болно. 9 сарын хугацаанд 13,500,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. 34 сарын хугацаанд би болон манай гэр бүлд маш их хүндрэл учруулж явдал чирэгдэл болж байна. Гэрээний хугацаа болоогүй байгаа. 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бүгдийг төлнө гэдэг байснаа сүүлдээ цар тахал боллоо гээд өнөөдрийг хүрлээ....Миний бие эхнэр болон 1-16 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. ... А.Ад итгэж найдаж явсаар 2 жил нэг ч төгрөг аваагүйгээс гадна байр байтугай байшин ч үгүй болох юм шиг байна. Одоо бие А.Агаас мөнгө авна гэсэн ямар ч итгэл найдвар тасарсан, гэрээний хугацаа дуусаад 10 сар болсон, А.Ад зарсан байшиндаа буцаж орохоос өөр арга үгүй болсон тул өөрийн эзэмшил болох хувийн сууцыг маань чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч талтай худалдах, худалдан авах гэрээ буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууцыг 50,000,000 төгрөгөөр тооцож, гэрээ урьдчилгаагүй, хүүгүйгээр гэрээ хийж хариуцагчийг орон сууцандаа амьдруулсан. Тухайн гэрээний нөхцөлийг хариуцагч нь надтай утсаар ярьж байгаад өөрөө боловсруулсан. Би энэ хүнийг гэрээний үүргээ биелүүлэхийг үнэхээр хүлээсэн боловч төлбөрийг төлөөгүй. Тухайн үед 9 дүгээр сард алдаг, оног 1500,000 төгрөгийг хоёр удаа өгсөн. Энэ бол сар бүр 1500,000 төгрөгийг өгч 50,000,000 төгрөгийг төлж барагдуулах байсан. Хариуцагч тал тухайн гэрээний нөхцөлийн нийт 4 удаа зөрчиж хүчингүй болгох нөхцөл үүсэж байсан. Миний бие хариуцагчийн 07 дугаар сарын 18-ны өдөр төлбөрөө өгөхгүй байхаар нь гэрт нь ирэхэд тухайн үед гэрээний хугацааг сунгах боломжтой байсан....Тухайн үед хариуцагчийн нөхөр нь одоо би өөрөө хариуцаж төлбөрийг төлье. Тухайн сар бүүр тогтсон хугацаанд төлбөрөө төлөхгүй бол хоцорсон хоног тутамд 50,000 төгрөгийн алданги тооцож нэмж өгье. Иймд гэрээнд заасан хугацаа буюу сар бүрийн 06-ны өдрийг 08-ны өдөр болгох хүсэлтэй байна гэж хэлсэн. Түүнээс хойш үүний дагуу төлбөр төлөгдөх байсан боловч хариуцагч холбоогүй болсон. Дээрх байдлаар явсаар гэрээний хугацаа дууссан. Би орон сууцны төлбөрийг нэхэхэд бүхэлд 04 дүгээр сарын 06-ны өдөр бүтэн өгье гэж хэлсээр арга саам хайсан. Миний хувьд үнэхээр хүлээцтэй байсан боловч хугацаанд нь төлбөрөө төлөөгүй.... Харин орон сууцанд орсноос хойш утсаа аваагүй. Иймд цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлуулсан, З-Ү дэх Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл өнөөдрийг хүртэл энэ асуудлаар явж байна. ...Хариуцагч хариу тайлбартаа 15,000,000 төгрөгийн засвар, үйлчилгээ хийсэн гэж байна. Учир нь гэрт нь хулгай орсон учраас засвар хийх шаардлагатай болсон гэж тайлбар гаргасан боловч би энэ талаар мэдээгүй. Тухайн орон сууцыг бид нар хүүхдэдээ өгсөн ба шинэ байшин байсан. Тухайн байранд засвар хийх ямар ч шаардлагагүй шинэ байшин зарсан. Тухайн байранд ямар ч хүн амьдраагүй, гал голомт маань энэ байшинд байгаа. Гаднах граж дотор миний машины сэлбэг, гадаа нь шат зэрэг бидний эд зүйл байгаа. Хариуцагчийн хувьд 1,500,000 төгрөг буюу 50,000,000 төгрөгийг өгч чадахгүй байсан байж шинээр хашаа барьсан байсан. ...хариуцагчийг амьдралын эрмэлзэлтэй байхаар нь хүндэтгэж хүүхдүүдийг ятгаж зарсан. Ер нь бол тухайн байрыг өвгөн бид хоёр хүүхдэдээ барьж өгсөн чинь хүүхдүүд нь бага, балчир гээд албаны байранд орсон....Би төлбөрөө авахын тулд очиход гэр нь дандаа цоожтой, эсвэл дотроо байгаа байж хаалга, үүдээ нээдэггүй, хүнгүй байдаг. ...Бид гэрээ байгуулснаас хойш нэг удаа ч шахаж, шаардсан зүйл байхгүй. Хариуцагч тал авсан нэртэй боловч төлбөр мөнгийг бол тухай бүрд гэрээнд заасан хугацаанд өгөөгүй. Миний хувьд хариуцагчийн 15,000,000 төгрөгийн барилгын материалыг өөрийн хэмжээнд бодож банз бүрээр нь дүгнэхэд 3 талт хашаа, халтар будагтай, хашааны хөл нь ганхсан байдалтай байсан. Хэрвээ нэхэмжлэгч ийм хашаа бариад 15,000,000 төгрөгөөр үнэлдэг бол би байшингаа хэдээр үнэлэх вэ, үүнийг хэлж мэдэхгүй байна. Би энэ хүнд буян болж байшингаа худалдах гэрээ байгуулсан гэв.

Нэхэмжлэгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч цар, тахалт өвчний улмаас тухайн орон сууцны төлбөрийг төлөөгүй гэж байна. Тухайн өвчний талаар бүгд мэдэж байгаа. Хариуцагч тал гэрээний дагуу үүргийн биелэлтийг биелүүлж төлбөрийг төлж барагдуулсан бол өөрөөр хэлбэл 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг өгсөн бол өнөөдөр бид нар байр авах боломжтой байсан. Гэтэл одоо Шны байрны * давхарт 2 өрөө байр 50,800,000 төгрөгийн үнэтэй байрыг авах байсан. Одоо тухайн байр зарагдсан, гэрээ дуусаж нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Өнөөдөр би 4 хүүхдээ байранд оруулж амьдруулах байсан, орон сууцаа эргүүлж авах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгч Г.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн нөхцөл байдал нь цар, тахлын улмаас болж үүссэн гэж байгаа боловч хэрэгт энэ талаар ямар нэгэн албан байгууллагын талаарх бичиг, баримт байхгүй. Өнөөдөр хүн бүр тухайн цар, тахлыг дайраад, туулаад л явж байгаа. Бидний хувьд ч мөн зээлээ төлөөд явсан. Мөн хариуцагч тухайн орон сууцад 15,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн гэж байгаа боловч мөн энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Энэ талаарх санхүүгийн ямар нэгэн баримт байхгүй байна гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дүгээр заалтаас 22.8 дугаар заалт хүртэлх зүйл заалтууд тухайн асуудалд хамааралтай ба хуулийн үндэслэлээ болгож тайлбарлаж байна гэв.

Хариуцагч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2010 оноос эхэлж Эрээн хот руу хүн болон ачаа тээвэрлэдэг ажил хийж эхэлсэн. Би нэхэмжлэгч талтай 2019 оны 04 дүгээр сард хувьд лизингээр гэрээ хийж тухайн байрыг худалдаж авсан. 2019 оны 04 дүгээр сараас хойш 12 дугаар сарыг хүртэл тухайн гэрээнд заасан сар бүрийн 1,500,000 төгрөгийг төлсөн. Энэ хугацаанд гэрээнд заасан хугацаа хэтрэлт байсан. Учир нь ажлын хувьд ачаагаа ачна, замдаа хононо, ачаа барааг хүлээдэг учраас хугацаа хэтэрч байсан боловч тухайн сардаа багтааж 1,500,000 төгрөгийг төлдөг байсан. 2019 оны 12 дугаар сард 1,500,000 төгрөгийг өгөөд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цагаан сар буюу битүүлэх өдөр байсан. Тухайн үед мөн Хятад улсын цагаан сар болж хил, гааль 10 хоног хаадаг. 2020 оны 01 дүгээр сард цагаан сарын баяр тэмдэглэхээр Д аймгийн С суманд аав, ээж дээрээ ирсэн. Гэтэл тухайн үед буюу битүүлэх өдөр цар, тахал гарч Хятад улс хилээ хаасан. Өнөөдрийг хүртэл нээгдээгүй байна. Үүнээс хойш ажил, төрөл хийх хугацаанд орон сууцын төлбөрийг өгөхгүй байсан зүйл байхгүй. Хил, гааль хаасантай холбоотой нотлох баримт авчрах гэсэн боловч би өвчтэй аавыгаа эмнэлэгт асраад боломж олдоогүй. Би өнөөдөр мөн л сахиураа солиод шүүх хуралдаанд оролцож байна. Миний хувьд сургууль, соёл төгсөөгүй, албаны ажил хийдэггүй, хувиараа хил, гаалиар бараа оруулж, нөхөр том тэрэгний жолооч учраас орлого олох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Би 2021 оноос эхэлж Д аймгийн С суманд нэг хүнтэй хамтарч жимс, ногооны дэлгүүр ажиллуулж эхэлсэн. Энэ үеийг хүртэл мөнгө, санхүүгийн боломжгүй учраас ажил хийх боломжгүй байсан. Би тухайн дэлгүүрийг ажиллуулж эхлээд орлого, мөнгө, төгрөг хамтрагчтайгаа хуваагаад тогтвортой болохоороо сар бүр 1,500,000 төгрөг гэж тохиролцсоныг 1,000,000 төгрөг болгож, үлдэн мөнгийг хугацаа тохирч бүхэлд нь өгөх тухай санал тавьсан боловч нэхэмжлэгч тал хүлээж аваагүй. Нэхэмжлэгч тал утсаа авдаггүй гэж тайлбарлаж байна. Би тухайн үед ажлаас хамаарч дараа төлбөртэй дугаар барьдаг байсан боловч төлөх боломжгүй бол дугаараа сольсон. Нэхэмжлэгчийн эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан нь миний оршин суух хаягийг тодруулах зорилгоор хийсэн. Түүнээс миний хувьд алга болж зугтаасан зүйл байхгүй. Учир нь нэхэмжлэгч тал манай хүүхэдтэй фейсбүүк хаягаар найзууд учраас олдохгүй байх боломжгүй юм. Нэхэмжлэгч талыг Цагдаагийн байгууллагад хадахаас өмнө утсаар холбогдож С суманд байгаа талаар хэлж байсан. Одоо ажил, төрөл хийж байна. Зээлээ төлөх боломжтой болж байгаа талаараа илэрхийлсэн. Миний хувьд тухайн гэрээнд заасан төлбөрийг төлөхгүй, алга болох хүсэлт зорилго байгаагүй. Бидний хувьд дэлхий хэмжээний цар, тахалт өвчин гарна гэж бодолгүй тухай орон сууцыг авсан. Үүний дараа манай нөхөр мөнгө, олох, зээл төлөхийн тулд самарт явсан боловч ашиг олоогүй. Мөн бидний хувьд хоёр Истана маркийн автомашинтай боловч нэгийг нь зарах гэтэл хил хаалттай учраас зарах боломжгүй гэж байна. Нэхэмжлэгчийн хувьд одоо тухайн сууцад байхгүй байгаа гэж тайлбарлаж байна. Бид нар өмсөх хувцсаа ч аваагүй, бид нүүгээгүй гэв.

Нэхэмжлэгчээс: Худалдах, худалдан авах гэрээ /хх-5/, нэхэмжлэгч нараас Д.Г олгосон итгэмжлэл /хх-6/, Д аймгийн З-Ү сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ***/ШШ2021/00*** дугаартай шийдвэр /хх-7, 8/, мөн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ** тоот тогтоол /хх-9, 10/, мөн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ***/ШЗ2021/00*** дугаартай шүүгчийн захирамж /хх-11-13/, 00053**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-14/, 00042**** дугаартай газрын гэрчилгээ /хх-15/, нэхэмжлэгч О.Б, Г.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-17, 18/, орон сууцны фото зураг /хх-19-21/, нэхэмжлэгч хариуцагч нар хоорондоо утсаар харилцсан зурвасын фото зураг /хх-22, 23/, Д аймгийн З-Ү сумын * дугаар багийн ажлын албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот албан бичиг /хх-24/, Д аймаг, С сумын * дугаар багийн ажлын албаны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2/872 тоот албан бичиг /хх-25/, нэхэмжлэгч Д.Нийн Х банк дахь 500401**** тоот дансны хуулга /хх-26-57/, нэхэмжлэгч О.Б, Г.Н нарын 005****/2*** тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-58/, нэхэмжлэгч О.Б, Г.Н нарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-59-61/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-62-64/, Д.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-75/, Хилийн 0*** дугаар ангийн орон сууц чөлөөлүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-88/, 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний биелэлтийн талаарх тайлбар /хх-98-102/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-103/, нэхэмжлэгч Г.Нгаас Д.Г олгосон хүсэлт итгэмжлэл /хх-104, 105/,

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-72/, Б.Б, А.А нарын гадаад паспортын хуулбар /хх-80-87/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-97/,

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б, Г.Н, Д.Н нар нь хариуцагч А.Агаас З-Ү сум * дугаар баг Нийн гудамж 3-* тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.А нь Цар тахал гарч орон сууцны төлбөрийг төлөх боломжгүй болсон, Хятад улс руу гарч наймаа хийж ашиг олдог байсан нь боломжгүй болж, төлбөрийг төлж чадаагүй, одоо харин жимс ногооны наймаа эрхэлж байнгын орлоготой болсон тул график гаргаж төлөх чадвартай болсон. Орон сууцнаас гарахгүй гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.Б, Г.Н, Д.Н, хариуцагч А.А нар 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д аймгийн З-Ү сумын * дугаар баг Нийн гудамж 3-* тоотод оршин байх хувийн орон сууц, гражийн зориулалттай 186 м.кв хоёр давхар орон сууцыг 50,000,000 төгрөгөөр 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч талын данс руу 1,500,000 төгрөгийг төлж, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл сар бүр 1,500,000 төгрөг төлөх, мөн өдөр 10,000,000 төгрөг төлөх, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс сар бүр 4,000,000 төгрөг төлөх, 2021 оны 04 дүгээр сард үлдэгдэл 4,000,000 төгрөг төлж тооцоо дуусгах, төлбөр тооцоо дууссаны дараа бичиг баримтаа шилжүүлж авахаар харилцан тохиролцож гэрээ гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч О.Б, Г.Н, Д.Н нар нь хариуцагч А.Атай З-Ү сум * дугаар баг Нийн гудамж 3-* тоотод байрлах Г.Н А.Б нарын өмч Хувийн орон сууц, гражийн зориулалттай 186 м.кв хоёр давхар орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэжээ. Гэрээний үнэд нийт 13,500,000 төгрөг хариуцагч нь нэхэмжлэгч талд төлсөн гэжээ. Гэрээний үнийн талаар буюу 13,500,000 төгрөг авсан, өгсөн талаар талууд маргаагүй болно. /хх-5-р тал/

Дээрх гэрээ нь хууль зөрчиж хийсэн гэрээ гэж үзлээ.

Учир нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахдаа Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасан.

Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд... гэжээ.

Орон сууц худалдан авах худалдах гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж бичгээр хийж, гарын үсэг зурсан байх боловч нотариатаар гэрчлүүлээгүй, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хуулийн дээрх шаардлагад нийцээгүй, хууль зөрчиж хийсэн гэрээ байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн ...хэлцэл байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь шаардах эрхтэй тул З-Ү сум * дугаар баг Нийн гудамж 3-* тоотод байрлах Г.Н А.Б нарын өмч Хувийн орон сууц, гражийн зориулалттай 186 м.кв хоёр давхар орон сууцнаас А.Аг нүүлгэн гаргуулах нь зүйтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан ...энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ...үүрэгтэй гэжээ.

Хариуцагч А.Агаас гэрээний үнэд нэхэмжлэгч талд шилжүүлсэн 13,500,000 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагчид олгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Агаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б, Г.Н, Д.Н нарт олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 56.1.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Аг З-Ү сум * дугаар баг Нийн гудамж 3-* тоотод байрлах Г.Н А.Б нарын өмч Хувийн орон сууц, гражийн зориулалттай 186 м.кв хоёр давхар орон сууцнаас А.Аг нүүлгэн гаргуулсугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан энэ хуулийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч О.Б, Г.Н, Д.Н нараас 13,500,000 төгрөгийг гаргуулж хариуцагч А.Ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Агаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Б, Г.Н, Д.Н нарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Н