Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/03

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч Д.Г*******************нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ловогт Д-гийн Г**************т холбогдох эрүүгийн 2440000000057 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 55 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., э... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Ловогт Д-гийн Г**************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г*******************нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байрны 6 дугаар орцны гадна ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр хохирогч М.Б-гийн баруун гарын шуу хэсэгт хутгаар зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г*******************шүүхийн хэлэлцүүлэгт: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчид 6 сая төгрөг охиных нь дансаар өгсөн.” гэв.

 

2440000000057 тоот эрүүгийн хэргээс

 

Хохирогч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 13 цагийн үед Бор-Өндөр сумын 2 дугаар баг ... дугаар байранд байдаг М.Бгэдэг дүүгийндээ "Хараа" нэртэй 0.5 литрийн савлагаатай архийг хувааж уусан. Тэгээд би 16 цагийн үед тэднийхээс гараад харих гээд явж байсан чинь ... дугаар байрны гадна ... дугаар орцны үүдэнд манай дүүгийн нөхөр Д.Г*******************нэлээн халамцуу байдалтай сандал дээр суугаад намайг дуудсан. Би дуудахаар нь очоод "чи яах гэж байгаа юм чи архи уухаараа над руу агсардаг биз дээ, чи согтуу байж хариач, чамтай ярих зүйл байхгүй" гэж хэлээд өөдөөс нь түлхээд явах гэсэн чинь "чи наашаа суучих гээд байсан", би санаандгүй хажууд нь суутал хаанаас юм хутга гаргаж ирээд миний цээж рүү дүрэх гэхээр нь баруун гараараа хаатал гарын шуу хэсэгт дүрсэн, би сандраад хутгийг нь булаах гэхэд ноцолдоход дахиж шуу руу дүрсэн, би арай чүү газар унагаж дарж аваад арай чүү тайвшруулаад больсон. Миний гараас тухайн үед цус их алдаж байсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг эмнэлэг авч явсан. Харин Д.Г**************ийг цагдаа руу аваад явсан. Д.Г*******************архи уугаад таарахаараа агсарч байдаг юм, би тухайн үед нь тоодоггүй, биед бол халдаж байгаагүй. Би сайн хараагүй, шар иштэй хутга харагдсан. Би эмнэлэгт үзүүлэхэд нийт 13 оёдол тавьсан, одоо эмчилгээ хийлгэж байгаа. Би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авна биз дээ. ...Надад гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хохирол байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15, 18 дугаар хуудас)

 

Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Бор-Өндөр сумын 2 дугаар багт байрлах ... дугаар байрны хойд талаар явж байхад ... дугаар орцны гадна талд нэг ах уйлчихсан баруун гараас нь цус гарчихсан зогсож байсан. Хажууд нь мөн насаар ойролцоо буурал толгойтой ах сандал дээр суучихсан байсан. Би яг хажуугаар нь гарах гэхэд сандал дээр сууж байсан ахын зүүн хөлийн оймсны түрийнд хутга харагдсан. Би тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөх нь зөв гэж бодоод дуудлага өгчхөөд яваад өгсөн” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас)

 

Шүүгдэгч Д.Г**************ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “..Би 2024 оны 09 дүгээр сарын 02-ны 11 цагийн үед найз хонь ажиллаад өгөөч гэхээр нь гэрт байсан модон иштэй хутгаа аваад цүнхэндээ хийсэн. Гэрээс гарч яваад замаараа эмнэлэг орж тариа хийлгэсэн. Тариагаа хийлгэчхээд ... дугаар байрны хойд талд байдаг Оранж нэртэй хүнсний дэлгүүрээс “Хараа” нэртэй 1 шил архи аваад ... дугаар байрны гадна ... дугаар орцны гадна талд сандал дээр сууж байгаад 3 хүнтэй хувааж уусан. Хамт архи уусан хүмүүс тухайн архийг дуусаад яваад өгсөн. Би дахин дэлгүүр орчхоод 6 дугаар орцны гадна талд сууж байхад М.Б- явж таараад бид хоёр юм ярьж байсан харин юунаас болж маргасан зүйлээ санахгүй байгаа, нэг мэдсэн цагдаа нар ирчихсэн намайг авч явсан өөр зүйл санахгүй байна. Би маргаж муудаж байсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47 дугаар хуудас)

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаартай

 

1.М.Б-н биед баруун шууны гадна дээд хэсгийн гүн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр, 2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 35-36-р хуудас)

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 2-6-р хуудас), иргэний согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл (хх-ийн 64-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Г*******************нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг ....дугаар байрны .... дугаар орцны гадна ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хохирогч М.Б-н баруун гарын шуу хэсэгт хутгаар зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

 

Хохирогч М.Б-н “... би 16 цагийн үед тэднийхээс гараад харих гээд явж байсан чинь 45 дугаар байрны гадна 6 дугаар орцны үүдэнд манай дүүгийн нөхөр Д.Г*******************нэлээн халамцуу байдалтай сандал дээр суугаад намайг дуудсан. Би дуудахаар нь очоод "чи яах гэж байгаа юм чи архи уухаараа над руу агсардаг биз дээ, чи согтуу байж хариач, чамтай ярих зүйл байхгүй" гэж хэлээд өөдөөс нь түлхээд явах гэсэн чинь "чи наашаа суучих гээд байсан", би санаандгүй хажууд нь суутал хаанаас юм хутга гаргаж ирээд миний цээж рүү дүрэх гэхээр нь баруун гараараа хаатал гарын шуу хэсэгт дүрсэн, би сандраад хутгийг нь булаах гэхэд ноцолдоход дахиж шуу руу дүрсэн, би арай чүү газар унагаж дарж аваад арай чүү тайвшруулаад больсон. Миний гараас тухайн үед цус их алдаж байсан. " гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Бор-Өндөр сумын 2 дугаар багт байрлах ... дугаар байрны хойд талаар явж байхад .... дугаар орцны гадна талд нэг ах уйлчихсан баруун гараас нь цус гарчихсан зогсож байсан. Хажууд нь мөн насаар ойролцоо буурал толгойтой ах сандал дээр суучихсан байсан. Би яг хажуугаар нь гарах гэхэд сандал дээр сууж байсан ахын зүүн хөлийн оймсны түрийнд хутга харагдсан. Би тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөх нь зөв гэж бодоод дуудлага өгчхөөд яваад өгсөн" гэх мэдүүлэг,

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Ийнхүү шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч Д.Г**************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б- нь “... Надад гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хохирол байхгүй.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч М.Б- нь эрүүл мэндийн байгууллагаас 361,025 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт (хх-ийн 75 дугаар хуудас)-оор тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г**************оос хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 361,025 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн зан харилцааны доголдол, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч нь “шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлөхөөр тогтоох дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцсон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

   Шүүхээс шүүгдэгч Д.Г**************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу ямар нэгэн шалтаг, шалтгаангүй бусдын эрх чөлөөнд халдсан, хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн биед 12 ширхэг оёдол тавигдаж үүний улмаас эмнэлгийн байгууллагаас 10 удаагийн тусламж үйлчилгээ авсан, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид хүлээлгэсэн анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэх дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал буюу хөдөлмөрийн чадвар 40 хувь алдалттай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ловогт Д-гийн Г**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г**************ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г**************т оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

          4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г**************оос хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 361,025 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 см урттай, 14.5 см ажлын хэсэгтэй, бариул хэсэг нь 12.5 см урттай, ажлын хэсэг дээрээ “ТРАУ Т ВАЧА” гэх бичиглэлтэй хутгыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт  шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

          6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.Г**************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР