| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00236/И |
| Дугаар | 155/ШШ2021/00677 |
| Огноо | 2021-06-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2021/00677
| 2021 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2021/00677 | Хөвсгөл аймаг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд
Нэхэмжлэгч: П.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Х-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 155/2021/00236/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нэхэмжлэгч П.М, хариуцагч Н.Х, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.М нь Н.Хтэй 2014 онд танилцаж үерхэж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлж энэ үеэс эхлэн бид хоёр хамтран амьдарсан бөгөөд хамтран амьдрах явцад хүү А 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. Хамт амьдарсан хугацаанд ам хэлээр доромжилдог болсон. Сүүлийн нэг жилд 4-5 удаа зодсон. Гар хүрдэг болсон. Энэ бүгдийг тэвчих аргагүй болсон тул 2019 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл аав ээж хүүтэйгээ амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Аыгоо өөрийн асрамжид авч, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авахыг хүсэж байна. Бидний хооронд эд хөрөнгийн ямар ч маргаангүй. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хоёр жил гаран хамтран амьдраагүй. Би одоо төрөх гэж байгаа 9-н сартай бөгөөд энэ хүүхэд маань Н.Хгийн хүүхэд биш юм. Бид эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй. Хоорондын таарамжгүй харьцаанаас болж байнга хэрүүл маргаантай байдаг байсан. Эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй гэв.
Хариуцагч Н.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Х П.Мтэй 2014 онд танилцсан. 2015.09.29-нд хурим найраа хийж албан ёсоор гэр бүлээ батлуулсан . Хурим найраа хийснээс хойш бид нэг гэрт орж хамт амьдарсан . П.М нь гэрлэлтээ цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ . Миний бие Н.Х Д.П.Мтэй гэр бүл болоогүй байхдаа 2014 оны 06 дугаар сарын 22-нд М суманд зам барилгын анги дээр ажиллаж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас бууж аймгийн төв М суманд ирсэн. Ингээд маргааш нь гэртээ буюу гэрт харьсан. Ингэж ажилд явах хугацааны үед П.Мтэй маргалдсан байсан учир би 2014 оны 11 дүгээр сард М сумнаас ирснээс хойш П.Мтэй уулзахгүй байж байгаад 2015 оны 02 дугаар сард л уулзсан. Ингээд 2015 оны 05 дугаар сард хүүхэд төрөх болсон. Өөрөөр хэлбэл миний бие 2014 оны 06 дугаар сараас 2015 оны 02 дугаар сарын хооронд П.Мтэй ойр дотно харилцаанд огт ороогүй юм. Гэсэн ч миний бие нэгэнт л П.Мтэй тухайн үед хайр сэтгэлийн холбоотой байсан учир хүүгээ өөрийн хүүхэд мэт өсгөж хүмүүжүүлж ирсэн. П.М нь хүүхэд чамд хамаагүй шүү гээд хүүхдээ аваад явчихдаг байсан. Энэ талаар би нэг бус удаа асуухад тэгж хэлж байсан. П.М нь намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг мэтээр олон удаа зодсон мэтээр огт худлаа зүйл бичсэн байна. Харин намайг бусадтай хардаж янз бүрээр хэлж миний нүүр ам хүзүү хоолой байнга хумсны шарх сорвитой л явдаг байсан. Ингээд 2013 оны 01 дүгээр сарын 05-ны орчимд намайг Алаг -Эрдэнэ суманд эмнэлэгт хэвтэж байх үед 1-р багт байх орон гэрээ орхиод аав ээжийнх рүүгээ явчихсан байсан. Уурлахаараа зэрэг л хүүгээ аваад зам гараад унаад тосно эсвэл ээж рүүгээ утсаар яриад намайг ирж ав гээд яриад яваад өгдөг. Ингэж явах шалтгаан нь ерөөсөө хардалтаас болоод л хэрүүл үүсэж эхэлснээс болдог. Энэ нь намайг ямар ч учир шалтгаангүй хардалтаас болж хэрүүл үүсдэг. П.М өөрөө харин айлын гэр бүл үймүүлж байсан баримт Батхүүгийн авгай Туул нь манай ээж рүү утсаар ярьж танай бэр ингээд байна энэ Төмөрбулаг рүү хүнтэй суулаа гэсэн. Дараа нь Цагаан - уул руу хүнтэй суухаар явах гэж байна гэсэн ярианууд гараад байдаг. Ийм учраас бид хоёр буцаж эвлэрч амьдарна гэхэд хэцүү. Гэр бүл цуцлах асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдэд тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид харилцан эвлэрэх ямар ч боломжгүй. Эхнэр П.М нь одоо удахгүй тарах гэж байгаа юм. Өөр хүнтэй гэр бүл болох гэж байгаа найр хийсэн гэж хүртэл сонсогдож байсан... Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.М нь хариуцагч Н.Хд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ хүүхдэдээ тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно.
Нэхэмжлэгч , П.М нь хариуцагч Н.Х нар нь 2014 онд танилцан улмаар 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр батлуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл тайлбар, хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 155/001168 дугаар Гэрлэлтийн лавлагаа, хамтын амьдралын явцад 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүү Н.Хгийн А төрсөн болох нь бүртгэлийн 00000000 дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус тогтоогдлоо.
Хүү Х.А нь эрүүл өсөж бойжиж байгаа талаар холбогдох байгууллагын ирүүлсэн албан бичиг хэрэгт авагджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,
Мөн зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан байх тул нэхэмжлэгч П.М нь нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчид эвлэрээгүй зэргээр гэрлэгчид 2 жилийн хугацаанд хамт амьдраагүй, нэхэмжлэгч хариуцагч нарын цаашид хамтран амьдрах хүсэл сонирхолгүй байгаа байнга хэрүүл маргаантай байсан зэргээс шалтгаалан гэрлэгчид таарамжгүй болж тус тусдаа амьдарцгаах болсон нь нотлогдож байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч П.М хүү Х.Аыг өөрийн асрамжинд авах талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд төрсөн цагаасаа эхлэн ээжтэйгээ амьдарч байгаа, хүүхдүүдийн ээждээ ээнэгшин дассан байдал зэргийг харгалзан хариуцагч Н.Х нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байх тул хүү Х.Аыг эх П.Мийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Гэрлэгчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч П.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Хгөөс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Н.Х, П.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Н.Хгийн А -ыг эх П.М -ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч П.М нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч П.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Хгөөс 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Н.Х, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх П.М нарт тус тус даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА