| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2018/03058/И |
| Дугаар | 181/ШШ2019/01033 |
| Огноо | 2019-05-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2019/01033
| 2019 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 181/ШШ2019/01033 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Б.Э /РД:ЕЙ78081804/-ийн
хариуцагч: Д.А /РД:ЕЙ84040725/-д холбогдох
худалдах худалдан авах гэрээний үүрэг болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хорооллын 1 дүгээр байрны 02 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 сарын 05-ны өдөр хүлээн авч 2018 оны 11 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.*******, хариуцагч П.Д.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. *******, Х.*******, нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б.Э би өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Рапид харш хороолол 1 дүгээр байр 2 тоот 66.6 м.кв талбайтай орон сууцыг 2014 оны 1 сард иргэн П.Д.Ааас худалдаж аван амьдарч эхэлсэн. Энэ байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч, ашиглалтын зардал зэргийг бүгдийг нь төлж байна. Харин байрны мөнгөө анх П.Д.Атай тохиролцохдоо 60.000.000 төгрөгөөр тохирсон бөгөөд бэлнээр 25.000.000 төгрөг төлөөд, үлдэх 31.000.000 төгрөгийг өөрийн дансаар, 2015 оны 9 сарын 16-ны өдөр 5.0 сая, 2015 оны 9 сарын 29-ний өдөр 5.0 сая, 2015 оны 9 сарын 30-ны өдөр 8.0 сая, 2015 оны 10 сарын 6-ны өдөр 5.0 сая, 2015 оны 10 сарын 12-ны өдөр 4.850.000, 2015 оны 10 сарын 30-ны өдөр 3.150.000 төгрөг П.Д.Ад шилжүүлэн өгсөн даруй өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхээр тохирсон. 2014 оны 1 сарын 7-нд 25.0 сая төгрөгийг бэлнээр өгөөд байрны түлхүүрийг авч өнөөдрийг хүртэл энэ байранд амьдарч байгаа. Хариуцагч П.Д.Ад 2015 оны 09 сараас 10 сар хүртэлх хугацаанд 31.0 сая төгрөгийг өгсөн. П.Д.А нь төлбөр төлсөн баримтууд болон анх хийсэн гэрээний хамт өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж хэлээд авч явсан. Нэхэмжлэгч миний бие хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй учир мөн ажил ихтэй учраас П.Д.Атай тэр бүр яриад байж чадахгүй байсан. Уг нь бид садан төрлүүд юм. Хааяа ярихад бичиг баримтаа шилжүүлэх гээд өгчихсөн гэсэн хариу өгөөд өдийг хүрсэн учраас иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрсэн.Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд П.Д.А нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхгүй, одоохон өгнө, түр хүлээж бай гэсээр өдий хүрлээ. Тэрээр худалдах, худалдан авах гэрээг болон төлбөр төлсөн бүх баримтуудыг орон сууцны гэрчилгээний эх хувийг надад өгсөн байснаа буцаан авч, үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахаар улсын бүртгэлд өглөө гээд авч явсан. Гэтэл одоог болтол үүргээ биелүүлсэнгүй. Би П.Д.Ааас асууж сураглахад гэрчилгээг гаргуулахаар өгсөн байгаа гэдэг боловч надад гарсан гэрчилгээ өгөхгүй байна. Би гэрээний дагуу үүргээ шударгаар биелүүлж, төлбөр мөнгөө төлсөн. Өмчлөх эрх нь тухайн эд хөрөнгийг өөрийн гараар бий болгосноор эсхүл гэрээ хэлцлийн үндсэн дээр бусдаас шилжүүлэн авснаар үүсдэг тул миний бие хариуцагчаас одоо гэрээний үүргийг л шаардаж байгаа билээ.
Иймд худалдах худалдан авах гэрээний үүрэг болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хорооллын 1 дүгээр байрны 02 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдэж, эхлээд 25 сая төгрөгийг өгсөн. Харин хариуцагч талаас яг 31.0 сая төгрөг өгсөн эсэх нь эргэлзээтэй гэж хэлж байна. Манай талаас 31.0 сая төгрөгийн баримт байхгүй байгаа боловч банкны орлого зарлагын мэдээлэлд 31.0 сая төгрөг байгаа юм гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг үндсэндээ зөвшөөрч байгаа бөгөөд төлбөрийн үлдэгдлийг төлвөл уг байрны өмчлөх эрхийг гэрчилгээг шилжүүлэн өгөх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байна. П. Д.А миний нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хороолол 1 дүгээр байрны 2 тоотод байрлах орон сууцыг 2014 оны 1 сарын 10-нд Б.Б.Эд зарсан боловч яаралтай мөнгөний хэрэг гарсан тул Хас банкинд 2014 оны 8 сарын 5-ны өдөр зээл авахдаа барьцаалсан юм. Харин одоо Б.Б.Эд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлж Хасбанкны төлбөрийг төлөх болно. П.Д.А нь бичгээр тайлбар явуулсан байгаа. П.Д.А нь нэхэмжлэгчид байрны төлбөр мөнгийг бүрэн төлж дуусгасны дараа өмчлөгчийн гэрчилгээг шилжүүлж өгөхөөр тохирсон гэдэг. П.Д.Ад нэн яаралтай 60.0 сая төгрөг хэрэгтэй болсон учир энэхүү байрыг хямд зарж байгаагаа нэхэмжлэгчид хэлсэн. Нэхэмжлэгч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй учир нөхцөл байдлыг ойлгож, мөнгөө хувааж авахаар болж эхний ээлжинд 25.0 сая төгрөг авсан. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад одоогоор төлбөрийн баримт байхгүй учраас өгсөн гэх 31 сая төгрөгийг эргэлзээтэй нэхэмжлэгч нэмж хэлсэн байж магадгүй гэж үзэж, төлбөрийн үлдэгдэл бол байгаа харин 4 сая гэдгийг эргэлзэж байна, баримт байхгүй болохоор маргах юм алга. П. Д.А нь Хас банктай 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 66.600.000 төгрөгийн зээл авсан, барьцааны гэрээний дагуу орон сууцыг барьцаалж, үүргийн гүйцэтгэлд хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах шүүхийн шийдвэр гарсан. Тэр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь тусдаа хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөнтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал гарсан, магадлал хуулийн хүчин төгөлдөр болоогүй. Энд гомдлоор хэргийг шийдвэрлэх ажиллагаа хянагдаж явагдаж байгаа учраас шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой тайлбарыг зөвшөөрөхгүй байгаа, яагаад гэвэл тухайн хянаж байгаа ажиллагааг тухайн шатны шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хувьд зөв бурууг дүгнэнэ. Банк өөрөө хүүгээ өсгөж ихэнх цаг хугацааг явуулчихаад 2018 оны 02 сард шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн гэдэг төлбөр барагдуулах ажиллагаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн тогтоол байгаа. Гэтэл өнөөдөр иргэн П.Д.Аыг харлуулсан тайлбар өгч байна. Иргэний эрх ашгийг доогуур үнэлж үгүйсгэсэн тайлбар битгий хийгээч гэж хүсч байна. Шүүхэд үүнийг үнэн бодитоор авч үзэх байх гэсэн нэмэлт тайлбар өгч байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Х.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч П.Д.А нь Хас банктай 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 1330019707 дугаартай нэг жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан 66.600.000 төгрөгийн өрхийн хэрэглээний зээлийг авахдаа мөн өдөр байгуулагдсан 1330019707-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш /17011/, 1 дүгээр байр 2 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018412 дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Хас банк нь хариуцагч П.Д.Атай Баталгаат ипотекийн гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр, маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчлэх 000161764 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 11-238228 тоот лавлагаа зэрэг эрх бүхий этгээдийн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд олгосон албан ёсны баримт бичигт үндэслэн байгуулж Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх үүсч хүчин төгөлдөр болсон. Хариуцагч хариу тайлбартаа яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тул Хас Банкинд 2014 оны 8 сарын 5-нд зээл авахдаа барьцаалсан юм ... нэхэмжлэлийн шаардлагыг үндсэндээ зөвшөөрч байгаа ... орон сууцыг 2014 оны 01 сарын 10-нд Б.Б.Эд зарсан ... өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа ч тэрхүү хэлцэл хийгдсэн болохыг нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй. Хас банк нь 2014 оны 1 дүгээр сард маргаан бүхий хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцэл нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хийгдсэн үйл баримтын талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасны дагуу шударга эзэмшигч юм. Нөгөөтэйгүүр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01373 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 770 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 001/XT2017/00892 дугаар тогтоолоор хариуцагч П.Д.Ааас зээлийн төлбөрт 101,457,450 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665,237 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгох, хариуцагч П.Д.А үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд маргаан бүхий эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206018412 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш /17011/ 1 дүгээр байр 2 тоот 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш32017/13443 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 183/ГХ2017/01307 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн. П.Д.А Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хүлээн авч 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/Ш32018/14363 дугаар захирамжаар дээр дурдсан 183/ШШ2016/01373 дугаар шийдвэр, 770 дугаар магадлал, 001/XT2017/00892 дугаар тогтоолтой иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн барьцаа хөрөнгөд хамааралтай, хөрөнгөө дагалддаг эрх тул манай эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байгаа. Шүүхээс хэргийг нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, өмчлөгч өөрчлөгдөх нь хөрөнгөд бүртгэгдсэн барьцааны эрхийг хөндөхгүй талаар дурьдан шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан бичгийн баримтууд талуудын тайлбарыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.Э хариуцагч П.Д.Ад холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хороолол 1 дүгээр байрны 02 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт шаардлагаа дэмжин оролцов.
Хариуцагч П.Д.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийн үлдэгдлийг төлвөл уг байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх тайлбар гаргасан.
П.Д.Аыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцон, П.Д.А нь нэн яаралтай 60.000.000 төгрөг хэрэгтэй болсон учир энэхүү байрыг 60.000.000 төгрөгөөр үнэ тохирч нэхэмжлэгчид хямд зарах болсон, мөнгийг бүрэн төлж дуусгаагүй тул өмчлөлийг шилжүүлээгүй байсан гээд 4.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэснийг нэхэмжлэгч багасгаж хэлж байна гэж байх боловч баримт байхгүй тул тооцоонд маргахгүй гэсэн болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдан оролцсон Хас банк ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул П.Д.Ад холбогдуулан төлбөр хариуцуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хороолол 1 дүгээр байрны 2 тоот орон сууцыг худалдан борлуулж хангуулахаар шүүх шийдвэрлэсэн, үл хөдлөх хөрөнгийн барьцаа хөрөнгөд хамааралтай, хөрөнгөө дагалддаг эрх тул шүүхээс хэргийг нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, өмчлөгч өөрчлөгдөх нь хөрөнгөд бүртгэгдсэн барьцааны эрхийг хөндөхгүй талаар дурьдан шийдвэрлүүлэх тайлбар гаргаж оролцлоо.
Нэхэмжлэгч шаардлагаа нотлож 2014 оны 1 сарын 10-ны өдөр, иргэн П.Д.Ааас Б.Б.Эд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хороолол 1 дүгээр байрны 2 тоот 66,6 м.кв хэмжээтэй орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн, түлхүүрийг хүлээлгэн өгөөд Б.Б.Эгаас бэлнээр 25.000.000 төгрөгийг хүлээн авсан гэсэн П.Д.Аын иргэний үнэмлэхний хуулбар бүхий бичвэр /хэргийн 8 дахь тал/, уг орон сууцны 2014 оны 4 дүгээр сараас 2018 оны 10 сар хүртэл хугацааны сууц өмчлөгчдийн холбоо, цахилгаан, ус дулаан ашиглалтын зардал төлсөн баримтууд /хэргийн 9-32, 55 дахь тал/, Б.Б.Эгийн Худалдаа хөгжлийн банк дахь 460006714 дугаартай төгрөгийн харилцах дансны 2018 оны 1-р сарын 31, 2016 оны 1-р сарын 1-нээс 2018 оны 10-р сарын 16-ы өдөр хүртэл хугацааны гүйлгээний хуулга /хэргийн 33, 57-71, 74-109/, мөн тус банк дахь 452524683 дугаартай төгрөгийн харилцах дансны 2015 оны 1 сарын 1-ний өдрөөс 2016 оны 12-р сарын 31-ний хоорондох гүйлгээний хуулга/хэргийн 72-73 дахь тал/, мөн ам.долларын 2015 оны 1-р сарын 01-ний өдрөөс 2016 оны 12-р сарын 31-ий өдөр хүртэл хугацааны гүйлгээний хуулга /хэргийн 56 дахь тал/, Төрийн банк дахь 104500126669 дугаартай төгрөгийн харилцах дансны 2015 оны 10-р сарын 1-нээс 2018 оны 10-р сарын 16-ны өдөр хүртэл хугацааны хуулга /хэргийн 110-115дахь тал/ баримтуудыг эхээр нь ирүүлсэн ба талууд эдгээр баримтад маргаагүй.
Шүүх талуудын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй тайлбар, хэрэгт ирүүлсэн баримтуудаар тогтоогдсон дараах үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэн П.Д.А 2011 оны 10 сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2206018412 дугаарт нэг иргэний өмчлөлд бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчилж байгаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш/17011/ хороолол, 1 дүгээр байрны 2 тоот 66,6м.кв талбайтай 3 өрөө орон сууцаа 2014 оны 1 сарын 10-ны өдөр, төрөл садан болох Б.Б.Эд 60.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, Б.Б.Эгаас бэлнээр 25.000.000 төгрөгийг хүлээн авснаар түлхүүрийг хүлээлгэн өгсөн, түүнээс хойш энэ орон сууцанд одоог хүртэл хугацаанд Б.Б.Э амьдарч байгаа/хэргийн 8дахь тал/, уг орон сууцны 2014 оны 4-р сараас 2018 оны 10 сар хүртэл хугацааны сууц өмчлөгчдийн холбоо, цахилгаан, ус дулаан ашиглалтын зардлыг Б.Б.Э өөрийн харилцах данснаасаа төлж ирсэн /хэргийн 9-32, 55 дахь тал/, Б.Б.Эгийн Худалдаа хөгжлийн банк дахь 452524683 дугаартай төгрөгийн харилцах дансны 2015 оны 1 сарын 1-ний өдрөөс 2016 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хугацааны зарлагын гүйлгээний хуулга /хэргийн 72-73 дахь тал/ баримтуудаар 31.000.000 төгрөгийг 2015 оны 9 сарын 16-ны өдөр 5.0 сая, 2015 оны 9 сарын 29-ний өдөр 5.0 сая, 2015 оны 9 сарын 30-ны өдөр 8.0 сая, 2015 оны 10 сарын 6-ны өдөр 5.0 сая, 2015 оны 10 сарын 12-ны өдөр 4.850.000, 2015 оны 10 сарын 30-ны өдөр 3.150.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн П.Д.Ад худалдан авсан орон сууцны үнэнд бүгд 56.000.000 төгрөг төлсөн, одоо 4.000.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн, П.Д.А үнийг бүрэн төлснөөр өмчлөлд нь шилжүүлэхээр тохиролцсон ёсоор үлдэгдэл төлбөрийг төлсөн үед орон сууцны өмчлөлийг шилжүүлэн өгөхөөр зөвшөөрч байгаа үйл баримт, П.Д.А Хас банктай 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1330019707 дугаартай зээлийн гэрээ байгуулан 66.600.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 36 хувийн хүүтэй тохирч өрхийн хэрэглээний зээлийг авсан, мөн өдөр байгуулагдсан 1330019707-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш /17011/, 1 дүгээр байр 02 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018412 дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаалсан, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс Хасбанк шүүхэд шаардлага гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01373 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 770 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 001/XT2017/00892 дугаар тогтоолоор хариуцагч П. Д.Ааас үндсэн зээл хүүний төлбөрт 101.457.450 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665.237 төгрөгийг тус тус гаргуулж Хас банкинд олгож, хариуцагч П.Д.А үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2206018412 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш /17011/ 1 дүгээр байр 2 тоот 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш32017/13443 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхийн 183/ГХ2017/01307 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 2-р сарын 2-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэн явуулж байх явцад П.Д.А Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллгаа явуулж 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 183/Ш32018/14363 дугаар шүүгчийн захирамжаар дээр дурдсан иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тогтоогдсон үйл баримт тус тус бий болжээ.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.,112 дугаар зүйлийн 112.1.Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.гэж заасны дагуу Б.Б.Э хэдийгээр эд хөрөнгийн тохиролцсон үнийн дийлэнхийг төлсөн байгаа ч 4.000.000 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа тул талуудын тохиролцоогоор худалдсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй байгаад П.Д.Аыг буруутгах үндэсгүй.
Талуудын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээг бичгээр үйлдээгүй ч талууд гэрээний хүсэл зоригоос татгалзаагүй, П.Д.А орон сууцыг Б.Б.Эгаас эхний төлбөрийг авмагц хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч Б.Б.Э тохиролцсон нөхцлөөр 56.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулсан, хариуцагч П.Д.А үлдэгдэл төлбөрийг төлмөгц өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон үүргээ хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэж зааснаар тухайн үед амаар хэлэлцэн тохиролцсон хэлцлийг баталгаажуулан байр хүлээлгэн өгөх тухай бичвэрээр хэлцлийг бичгэн хэлбэрт оруулан, хэлцлийн гол нөхцөл болох гэрээний зүйл, үнэ, төлбөр төлөх нөхцөл болон орон сууцны өмчлөл шилжүүлэх хугацааны талаар талууд тохиролцсон, үнийн дийлэнх хэсэг төлөгдсөн зэрэг нь талуудын орон сууц худалдах худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр гэж үзэх үндэс болно.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2. Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана. гэж зааснаар талууд гэрчлүүлээгүй хэдий ч мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.5. Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно. гэж заасан, хариуцагч худалдагч тал энэ нотариатаар гэрчлүүлэх үүргээс татгалзаагүй, энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасанд нийцэх юм.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж зааснаар П.Д.А үлдэгдэл төлбөрийг төлмөгц өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон үүргээ хүлээн зөвшөөрч байна.
Талуудын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбар болон хариуцагч эхний төлбөрийг авмагц орон сууцыг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан орон сууцандаа нэхэмжлэгч өнгөрсөн хугацааны турш амьдарч, тохиролцсон төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн, талуудын үйлдсэн байр хүлээлгэн өгөх тухай бичвэр зэргийг үндэслэн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. ,43 дугаар зүйлийн 43.2.Бичгээр хийх хэлцлийг 43.2.1.талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 43.2.2.хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан, 43.3.Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэгэж тус тус заасныг үндэслэн, энэхүү хэлцлийн хүсэл зоригийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг үүсэж байгаа гэж дүгнэж, шүүх нэхэмжлэгчийн шаардлага болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хороолол 1 дүгээр байрны 2 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулахыг хангах үндэстэй гэж үзэв.
Хариуцагч Хас банк ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдахаар шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа, зээлдүүлэгч Хас банк ХХК-ийн шаадах эрхийг хангаж тогтоогдсон үйл баримт бий болсонд талууд маргаагүй ба П.Д.А шүүхээс тогтоосон зээлийн гэрээний үүргийн үнийн дүн болох 101.457.450 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болж, ипотек үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилжихийг хуулиар зохицуулсан.
Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. гэсэн зохицуулалтаар өмчлөгчийн эзэмших ашиглах эрх хамгаалагдсан байна.
Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.3.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцож ипотекоор хангагдах шаардлагыг өөр шаардлагаар сольж болох бөгөөд өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ., мөн 166 дугаар зүйлийн 166.1.-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр ипотек үүсэх тул барьцаалагчийн хувьд Хас банк ХХК-ийн барьцааны шаардлага хэвээр хадгалагдаж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д заасан зохицуулалт зөрчигдөхгүй юм.
Хариуцагч нэхэмжлэлд сөрөг шаардлага гаргаагүй, үлдэгдэл төлбөр 4.000.000 төгрөгийг шаардаагүй ч тохиролцсоны дагуу Б.Б.Э 4.000.000 төгрөгийг төлөх үүргээ хэрэгжүүлэх нь зүйтэйг тэмдэглэв.
Оролцогч талууд зохигчдын хооронд хийгдсэн үндсэн хэлцлийн талаар маргаагүй, хэлцлийг дуусгавар болгох үүргээ хэрэгжүүлэхийг даалгуулахыг шаардах эрх худалдан авагч талд байна гэж шүүх дүгнэж нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 457.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Д.Ааас хариуцах хураамжид тооцон 457.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын бүртгэлийн Ү-2206018412 дугаарт П.Д.Аын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш /17011/ хороолол 1 дүгээр байрны 2 тоот 66,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Б.Эд шилжүүлэхийг хариуцагч П.Д.Ад даалгасугай.
2. Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1., Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д зааснаар 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1330019707-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш /17011/, 1 дүгээр байр 2 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018412 дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаалсан, Хас банк ХХК-ийн барьцаалагчийн эрх хөндөгдөхгүйг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 2 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 457.950 төгрөгийг Улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Д.Ааас хариуцах хураамжид тооцон 457.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ