Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2020/01427

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

...........дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..... тоотод оршин суух, 54 настай, эмэгтэй, .... овогт Д.Б-ын,

 

Хариуцагч: ........  банкны ...........дахь салбар, захирал -д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М., түүний өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэцэг, түүний өмгөөлөгч М.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Билгүүн нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Доржийн Болормаа нь Заамар сумын уугуул, 1966 онд ...........Заамар суманд төрсөн. 1988 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд 1988 онд Заамар нэгдлийн ерөнхий эдийн засагчаар, цалин хөлсний эдийн засагчаар, 1993 оноос 2001 оныг хүртэл Заамар сумын Засаг даргын орлогчоор, 2001 оноос 2008 оныг хүртэл Хаан банкны эрхлэгчээр, 2008 оноос 2012 оны хооронд Заамар сумын Засаг даргын ажлыг хийж байгаад 2013 оны 02 дугаар сараас ...........Хадгаламж банкны салбарын орлогч захирлын албан тушаалд ажиллаж байгаад 2014 оноос 2016 оны 12 дугаар сарыг хүртэл ...........дахь ...........ны салбарын захирлаар, 2016 оны 12 дугаар сарын 06-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ...........дахь ...........ны салбарын Заамар тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан. 2016 оны 12 дугаар сараас эхлэн ...........дахь ...........ны салбарын Заамар тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 30 тооцооны төвийн топ 5-д нь манай салбар ордог байсан. Энэ сүүлийн шалгалтаар гарсан зөрчлүүдийг ноцтой зөрчил гэж үзэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажлаас халсан тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байгаа. ...........анд бол хохирол учруулаагүй гэжээ.

 

Хариуцагч: ...........ны ...........дахь салбарын захирал С.Баярмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...........ны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Учир нь нэхэмжлэгч Д.М. нь Заамар тооцооны төвд хийсэн шалгалтаар дараах зөрчлийг гаргасан.

Үүнд: 1. Заамар тооцооны төвийн зээлийн багцийг нэмэгдүүлж 2020 оны 2 дугаар улирлын байдлаар 2.347.341.3 мянган төгрөг байхаар төлөвлөгөө өгсөн боловч 2020 оны 6 сарын байдлаар 87 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь ажлын байрны тодорхойлолтын тооцооны төвийн захирлын гүйцэтгэх, үндсэн үүрэг хэсгийн Бизнес төлөвлөгөө, орлого зарлагын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавин гүйцэтгэлийг хангаж ажиллах гэх заалтыг,

2. Заамар тооцооны төвийн теллер 16.000 төгрөгийг хувьдаа авч ашигласан, хариуцагч өөрийн биеэр ирээгүй байхад ахлах теллер 1.000.000 төгрөгийн гүйлгээ, теллер 1.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байхад Д.М. нь шат дараалсан хяналтыг авч хэрэгжүүлээгүй байгаа нь Ажлын байрны тодорхойлолтын тооцооны төвийн захирлын гүйцэтгэх, үндсэн үүрэг хэсгийн Ахлах теллерээр хянагдсан өдрийн гүйлгээний баримтыг хүлээн авч шалгаж гарын үсэг зурж баталгаажуулах, баримтын шалгалтанд бэлтгэсэн байх, Бэлэн мөнгө, үнэ бүхий зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хяналт тавих, бэлэн мөнгөний нөөцийн хүрэлцээ, кассын лимитэд хяналт тавьж, зузаатгал авах тэгшитгэл хүргүүлэх ажлыг зохион байгуулах, удирдах мөн Теллерийн системийн багц журмын 3.2.6-д зааснаар тооцооны төвийн захирал Өдрийн баримтад хяналт тавих үүрэгтэй гэх заалтыг,

3. Дотоод хяналт шалгалтын газраас 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөр тасалбар болгон Заамар тооцооны төвд иж бүрэн шалгалтыг хэрэгжүүлж, тухайн шалгалтаар өгсөн үүрэг даалгавар, гаргасан зөрчлийг арилгах талаар тусгайлсан хөтөлбөр боловсруулах дэлгэрэнгүй тайланг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлэхийг үүрэг болгосон.

Ирүүлсэн тайланд 95 хувийн гүйцэтгэлтэй явуулсан гэх боловч газар дээрх хэсэгчилсэн шалгалтаар бодит байдал дээр 65 хувийн гүйцэтгэлтэй байсан боловч зөрчлийг арилгаагүй байсан нь Ажлын байрны тодорхойлолтын тооцооны төвийн захирлын гүйцэтгэх, үндсэн үүрэг хэсгийн Хяналт шалгалтын газраас салбар тооцооны төвийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, түүнд хийсэн үнэлэлт дүгнэлт, тавьсан акт, өгсөн үүрэг даалгарын биелэлтийг хангаж ажиллах гэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан дээрх үйлдэл нь 2 ба түүнээс дээш давтагдсан буюу ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй тул хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.7-ийн дагуу ноцтой зөрчил-д тооцон гэрээг цуцлах үндэслэлтэй.

Мөн түүнчлэн Заамар тооцооны төвийн теллер 16.000 төгрөгийг хувьдаа авч ашигласан, харилцагч өөрийн биеэр ирээгүй байхад ахлах теллер 1.000.000 төгрөгийн гүйлгээ, теллер 1.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байхад Д.М. нь шат дараалсан хяналтыг авч хэрэгжүүлээгүй үйлдлээрээ Теллерийн системийн багц журам-ын 3.2.6-д заасан тооцооны төвийн захирал Өдрийн баримтад хяналт тавих үүрэгтэй гэх заалтыг зөрчсөн. Энэхүү зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.28 дугаар зүйлийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зөрчил юм. Тодруулбал Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.28.35-д ...дүүрэг, салбар нэгжийн захирал Теллерийн системийн багц журам-ын 3.2-т заасан үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцлахаар байх тул хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тухайд нэхэмжлэгч Д.М. ...........ны салбарын захирал нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш гэж маргаж байна. Д.М. нь 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр ...........дахь ...........ны салбартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ...........дахь Заамар сумын ...........ны салбар дахь тооцооны төвийн захирлаар ажиллах болсон. Энэхүү гэрээг байгуулсан өдрөөс эхлэн Д.М. нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-т зааснаар Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Ажлын байрны тодорхойлолт болон холбогдох эрх зүйн актыг чанд сахин мөрдөн ажиллах үүрэг хүлээсэн бөгөөд Ажлын байрны тодорхойлолт болон холбогдох эрх зүйн актыг чанд сахин мөрдөн ажиллах үүрэг хүлээсэн бөгөөд ажлын байрны тодорхойлолтод зааснаар тооцооны төвийн захирал нь бэлэн мөнгө, үнэ бүхий зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хяналт тавих, бэлэн мөнгөний нөөцийн хүрэлцээ, кассын лимитэд хяналт тавьж, зузаатгал авах тэгшитгэл хүргүүлэх ажлыг зохион байгуулах, удирдах үүрэг хүлээхээр байна. Бэлэн мөнгө, үнэ бүхий зүйлийг тухайлан биет байдалд хяналт тавих үүрэг нь эд хөрөнгө болоод бэлэн мөнгийг хариуцаж байгаагийн нэг хэлбэр мөн тул Д.М.гийн тайлбар үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М. ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх-ийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ...........-ны ...........салбар, түүний захирал С.Баярмаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж дараах тайлбарыг гарган ...Заамар тооцооны төв хийсэн шалгалтаар зээлийн багцийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хяналт тавин гүйцэтгэлийг хангаж ажлаагүй, ...теллер 16.000 төгрөгийг хувьдаа авсан, ...харилцагч өөрийн биеэр ирээгүй байхад ахлах теллер 1.000.000 төгрөгийн гүйлгээ теллер 1000 төгрөгийн гүйлгээ хийсэн байхад Д.М. шат дараалсан хяналтыг авч хэрэгжүүлээгүй, ...2020 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн ...шалгалтын тайланг 95 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч ... бодит байдал дээрээ 65 хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд зөрчлийг арилгаагүй байсан ... ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан дээрх үйлдэл нь 2 ба түүнээс дээш давтагдсан буюу ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй гэж маргаж байна.

 

Шүүх, хариуцагч ..........., ...........салбар, түүний захирал С.Баярмааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д тус тус заасныг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох шаардлагын хувьд:

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ...........ны ...........дахь салбар, Д.М.тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, ...........салбарын захирлын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16/142 дугаар тушаалаар түүнийг Заамар тооцооны төвийн захирлаар томилсноор талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүсчээ. /хх 6 дугаар тал/

Уг хугацаанаас хойш нэхэмжлэгч Д.М.г ажил үүргээ гүйцэтгэж байхад нь ажил олгогч тал ... Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, ...........ны дотоод журам, ...........ны ажилтны ёс зүйн дүрэм, Теллерийн системийн багц журам, Зээлийн үйл ажиллагааны журам, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг заасан хугацаанд дутуу гүйцэтгэлтэй арилгасан... гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д тус тус заасныг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. /хх-7-11, 12 дугаар тал/

Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэлээ ... Бизнес төлөвлөгөө, орлого зарлагын төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавин гүйцэтгэлийг хангаж ажиллаагүй, ...Хяналт шалгалтын газраас салбар тооцооны төвийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, түүнд хийсэн үнэлэлт, дүгнэлт, тавьсан акт, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллаагүй, ахлах теллерээр хянагдсан өдрийн гүйлгээний баримтыг хүлээн авч, шалгаж, гарын зурж баталгаажуулаагүй, баримтын шалгалтанд бэлтгээгүй, ...ирсэн явсан ирцээ бүртгүүлээгүй, ... гүйлгээний ажилтнуудын өдөр тутмын зузаатгалын гүйлгээ, тайланд хяналт тавьж тамга, тэмдгээр баталгаажуулаагүй, ...Ажилтны үйлдсэн ашиглан залилангийн үйлдэлд холбогдох нэгжийн захирал дүрэм, журам, заавар, өөрт олгогдсон эрхийн хүрээнд хяналт тавиагүй, хяналт хэрэгжүүлээгүйгээс банкинд хохирол учирсан... гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотолж чадсангүй.

Учир нь: ........... гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-424 тоот тушаалаар баталсан Теллерын системын багц журам-ын хавсралт 5, Өдрийн баримт, Теллер кассын тайлан, ...ахлах теллерт хүсэлт гаргах нь, Мемориалын баримт, ...агуулахад байгаа мөнгөн тэмдэгт үнэ бүхий зүйлийг шалгасан тухай акт, өдрийн гүйлгээний эцэст ерөнхий нягтлан бодогч ахлах теллерүүд хяналтыг тавьсан эсэх гэсэн маягтын загвар баримтууд, мөн ...........ны ажилтны ёс зүйн дүрэм, ...........ны ажилтны ёс зүйн дүрмийн баталгааны маягт, Ажлын байрны тодорхойлолт, Д.М.гийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн ...........ны ажилтны ёс зүйн дүрмийн баталгаа, ...........ны хөдөлмөрийн дотоод журам, ...........ны теллерийн системийн багц журам, Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас /хх 63-64/, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 20/38 дугаар ...........салбарын хурлын тэмдэглэл, Ажлын байрны тодорхойлолт гэх зэрэг бичгийн баримтууд авагдсан.

Дээрх баримтуудаар Д.М.гийн Бизнес төлөлвлөгөө, орлого зарлагын төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавин гүйцэтгэлийг хангаж ажиллаагүй, ...Хяналт шалгалтын газраас салбар тооцооны төвийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, түүнд хийсэн үнэлэлт, дүгнэлт, тавьсан акт, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллаагүй, ахлах теллерээр хянагдсан өдрийн гүйлгээний баримтыг хүлээн авч, шалгаж, гарын зурж баталгаажуулаагүй, баримтын шалгалтанд бэлтгээгүй, ...ирсэн явсан ирцээ бүртгүүлээгүй, ... гүйлгээний ажилтнуудын өдөр тутмын зузаатгалын гүйлгээ, тайланд хяналт тавьж тамга, тэмдгээр баталгаажуулаагүй, ...Ажилтны үйлдсэн ашиглан залилангийн үйлдэлд холбогдох нэгжийн захирал дүрэм, журам, заавар, өөрт олгогдсон эрхийн хүрээнд хяналт тавиагүй, хяналт хэрэгжүүлээгүйгээс банкинд хохирол учирсан... гэх 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Б/87 дугаар тушаалд бичигдсэн үйлдэл, үйл явдлууд тогтоогдохгүй байна.

...........ны Хөдөлмөрийн дотоод журам-ын Хавсралт 8-№1 Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас гэх баримтаар Д.М.гийн дээрх дурдсан зөрчил гаргасан, ажлаас халах сахилын шийтгэл ногдуулах саналтай гэсэн хэдий боловч тухайн баримт нь хэдэн сарын хэдний өдөр хаанаас эрх олгогдсон /хөдөлмөрийн гэрээний нэг талууд мөн эсэх, эрх бүхий шийдвэр гаргах эрхтэй этгээдүүд мөн эсэх, нэр дурдагдсан хүмүүсийн эрх зүйн статус, эрх хэмжээтэй/ болох нь тодорхойгүй, тамга тэмдэггүй,

Мөн ...........салбарын хурлын /2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 20/38 дугаар/ тэмдэглэл шийдвэрлэсэн гэх хэсэгт Д.М.тай холбоотой шийдвэр гарсан гэж үзэх боломжгүй, тухайн хуралд зөрчил гаргагчийг оролцуулаагүй мөн зөрчил гаргагчид танилцуулаагүй байна.

Дээрх баримтуудаас дүгнэхэд ажилтан Д.М.гийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм журмын хэдийн хэдэд заасныг ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр зөрчсөн болох нь тодорхойгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5.-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж тус тус хуульчилсан.

 

Хариуцагч ........... ...........салбарын 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Б/87 дугаар тушаал нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл: Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-нд тухайлан заасан ямар зөрчлийг Д.М. хэдэн оны сарын хэдний өдөр гаргасан, гаргасан зөрчил нь тухайн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил /7.4-н хэд дэх/ хэсэгт хамаарч байгаа, мөн ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйдэхүйг Д.М. хэзээ, яаж гаргасан, байгууллагад ямар хохирол учруулсан болохыг үндэслэлтэй тодорхойлоогүй гэж үзлээ.

 

Хэдийгээр, хоёр талын гэрээнд нэг тал үүрэг зөрчсөн тохиолдолд уул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, эсхүл цуцлахаар шаардах эрх нөгөө талд байдаг хэдий ч ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан үндэслэл бүхий шийдвэр /тушаал, захирамж/ гаргах нь ажил олгогчийн үүрэг болно.

 

Хэрэгт авагдсан 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас, ...........салбарын хурлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 20/38 дугаар хурлын тэмдэглэл гэх бичгийн баримтаар Д.М.гийн гаргасан зөрчлийг тогтоосон гэж үзэх боломжгүй байх бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлсан зохицуулалтад нийцүүлэхгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлж байгаа явдал нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

            Иймээс хариуцагч Төр банк ...........салбар нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлан, үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна гэж дүгнэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.М.г урьд эрхэлж байсан ........... Төв аймаг, Заамар тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

            Цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагын хувьд:

            Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгч ажилгүй байсан хугацааг 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа гэж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзсэн учраас нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ажилгүй байсан хугацааны цалин олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих шимтгэл, суутгалыг төлж, бичилт хийлгэх нь шаардах эрхийн үндэслэл болно.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл тооцон бөгөөд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох-оор заасан.

 

Нэхэмжлэгч Д.М.гийн А0380601 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтаар 5 дугаар сард 1173885 төгрөг, 6 дугаар сард 2652284 төгрөг /ээлжийн амралт мөнгө авсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан/ 7 дугаар сард 1733600 төгрөг гэж тус тус бичигдсэн байх боловч дээрх журамд зааснаар амралт олгогдоогүй байсан сарын цалин болох 4 дүгээр сард 1619909 төгрөг бичигдсэн байх тул 4, 5, 7 сарын цалингийн нийлбэр 4.527.394 төгрөгөөс 1 сарын дундаж цалин 1509131 төгрөг бөгөөд сарын ажлын 21.5 хоногт хувааж 1 өдрийн 70.192 төгрөг гэж үзэн, ажилгүй байсан нийт ажлын 66 хоног буюу сонгуулийн 1 өдрийг хасаад 65 хоногт тооцон нийт 4.632.682 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар дээрх хугацааны олговроос зохих шимтгэл суутгалыг төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Хэрэгт байгаа бичгийн зарим нотлох баримтаас хариуцагч талаар гаргасан ........... хуулбар үнэн гэсэн бичилттэй /нотлох баримтуудыг/ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн нотлох баримтаас хассан болохыг мөн энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч ........... ...........дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 159.282 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй зэргийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М.г ........... ...........дахь салбарын Заамар тооцооны төвын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоон, хариуцагч ........... ...........дахь салбараас 4.632.682 /дөрвөн сая зургаан зуун гучин хоёр мянга зургаан зуун наян хоёр/ төгрөг гаргуулан Д.М.д олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан хариуцагч ........... ...........дахь салбарт нэхэмжлэгч Д.М.гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийн, баталгаажуулахыг даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Д.М.г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, хариуцагч ........... ...........дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 159.272 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ...........дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ