| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0416/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/424 |
| Огноо | 2024-10-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/424
2024 10 17 2024/ШЦТ/424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Т.Т
Хохирогч М.Т
Иргэний нэхэмжлэгч Н.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э
Шүүгдэгч Х.Мнарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Маналжавт холбогдох эрүүгийн 2425003310474 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Мнь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Шанд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М” өрхийн эрүүл мэндийн төвийн гадна автомашины зогсоол хэсэгт 13-17 ОРН улсын дугаартай Тоёота Приус-10 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зогсоолоос гарахаар ухрахдаа буюу хөдөлгөөнийг эхлүүлэх үедээ огцом урагшилж, автомашины зогсоол хэсэгт байрлаж байсан 94-74 УБХ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл, 07-12 ОРБ улсын дугаартай Тбёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл, 41-80 ОРБ улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгсэл, 45-32 ОРХ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын хэрэгслүүдийг мөргөж, 94-74 УБХ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл, 07-12 ОРБ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслүүдийн дунд зогсож байсан явган зорчигч, хохирогч М.Т нь тус тээврийн хэрэгслүүдэд хавчигдан эрүүл мэндэд нь “бүсэлхийн нэгдүгээр нугалмын шахагдсан хугарал, зүүн хөлийн шилбэнд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Х.М мэдүүлсэн: Хааз, тоормос андуураад ийм юм болсон. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-хохирогч М.Тийн мэдүүлсэн: Машины завсар хавчигдсан. 3 сар шахуу гэртээ хэвтсэн. Нуруу гэмтсэн. 2 сая орчим төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Зарим баримтуудыг авч чадаагүй. 2 сая төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч надад туслахгүй байгаа гэх мэдүүлэг,
-эрүүгийн 2425003310474 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:
-Орхон аймгийн Баян-Өндөр сум, Ш багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М” өрхийн эрүүл мэндийн төвийн гадна талын автомашины зогсоолд хэргийн газрын үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хх-ийн 6-14-р тал/
-Х.М эзэмшлийн 0000 .... улсын дугаартай Тоёота Приус11 загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 15-р тал/
-Н.Бийн эзэмшлийн 0000 .... улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 16-р тал/
-Н.Бгийн эзэмшлийн 0000 .... улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 17-р тал/
-Г.Гын эзэмшлийн 0000 .... улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 18-р тал/
-Т.Бын эзэмшлийн 0000 .... улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 19-р тал/
- Орхон аймаг Баян-Өндөр сумын Ш багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” өрхийн эрүүл мэндийн төвийн гадна талын хяналтын камерын бичлэгийг хуулбарласан 1 ширхэг хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20-р тал/
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-25-р тал/
-хохирогч М.Тийн мэдүүлсэн... 2024 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 09-10 цагийн үед Шанд багийн М өрхийн эрүүл мэндийн төвд ээж Оийг үзүүлэх гэж очсон юм. Ингээд ээжийгээ эмнэлэгт оруулчихаад эмнэлгийн гадна талын авто машины зогсоол дээр охин Бын машины хажууд зогсож байсан юм. Энэ үед тухайн зогсоол дээр зогсож байсан Приус-11 загварын тээврийн хэрэгсэл ухрах үйлдэл хийгээд зогсоолоос гарч байсан. Би хоёр машины голд зогсож байсан чинь гэнэт машин ирээд мөргөх үед би хоёр машины завсарт хавчуулагдсан. Тухайн газар байсан хүмүүс ирээд хавчуулагдсан машиныг түлхэж зай гаргаж намайг гаргасан. Тухайн үед намайг эмнэлэг рүү аваад явсан юм. Ингээд эмнэлэгт зураг авэхуулахад нуруу цууралттай гэж хэлсэн... Миний биед нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдсон. Одоо зүүн талд гишгэх үед өвдөж байна. Миний нуруу хүнд юм өргөж болохгүй ажил төрөл хийж болохгүй байна. Миний эмчилгээний зардал 2,000,000 төгрөг орчим зардал гарсан. Одоо ч гэсэн миний хөл, нуруугаар өвдөж байна. Миний эмчилгээний зардалд гарсан мөнгийг төлүүлэх хүсэлтэй байна. Өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/
-гэрч Ш.Оюунтуяагийн мэдүүлсэн:.. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед нөхөр М хамт гэрээсээ гараад М эзэмшлийн 0000.... улсын дугаартай тээврийн хэрэгслээр М өрхийн эрүүл мэндийн төвийн гадна талд очиж нөхөр Мнь тээврийн хэрэгслээ зогсоол дээр байрлуулаад бид хоёр эмнэлэг рүү орсон. Ингээд нөхрийн хамт өрхийн эмнэлэг дээр шинжилгээ өгөөд буцаад гарч ирээд машиндаа суусан. Энэ үед нөхөр Мнь тээврийн хэрэгслээ унаад тухайн зогсоолоос ухарч гарах үед ард талд нь өөр нэг тээврийн хэрэгсэл зогсож байсан учир дахин урагшлах үедээ гэнэт машин нь огцом урагшаа явж зогсоол дээр зогсож байсан тээврийн хэрэгслүүдийг мөргөж уг тээврийн хэрэгслийн дунд зогсож байсан хүнийг хоёр машины дунд хавсарсан байсан. Ингээд машинаасаа буух үед энд, тэндээс хүмүүс гүйлдээд хүрээд ирсэн юм. Ингээд удалгүй цагдаа нар ирсэн. Нөхөр Мнь хэлэхдээ хааз, тоормосоо андуурч гишгэсэн юм шиг байна гэж хэлсэн... нөхөр Мнь урагшаа явах араандаа хийгээд жоохон урагшаа яваад буцаад хойшоо ухарна гэж яриад урагш хөдлөөд зогсохдоо гэнэт машин нь хурдан яваад зогсоол дээр байсан машинуудыг мөргөсөн. Энэ асуудал маш хурдан болж өнгөрсөн. Ингээд нөхөр бид хоёр машинаас буугаад харсан чинь хоёр машины голд нэг******* хүн хавчуулагдсан байдалтай байсныг тухайн газар байсан хүмүүс уг хүнийг гаргаж эмнэлэг рүү авч явсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/
-гэрч Т.Бын мэдүүлсэн:.. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед Мөнхийн өрхийн эрүүл мэндийн төвд аав Тийн хамт эмээ О-ийг эмчид үзүүлэхээр очсон юм. Ингээд эмээ Одсэрийг эмнэлэгт оруулаад эмчид үзүүлэх хооронд аав Т бид хоёр эмнэлгийн гадна талын авто зогсоол дээр би машин дотроо сууж байсан, аав Т нь машины хажууд зогсож байсан юм. Ингээд удаагүй байсан чинь зогсоол дээр байсан машинуудыг гэнэт мөргөөд ороод ирсэн. Би машинаас буугаад харсан чинь аав Т нь миний машин болон хажуу талын машин хоёрын голд хавчуулагдсан байдалтай зогсож байсан. Тухайн уед ойролцоо байсан хүмүүс ирээд хоёр машиныг хөдөлгөж завсраас нь аав Тийг гаргасан. Аав Т завсраас нь гарч ирэнгүүтээ доошоо газарт хэвтсэн энэ үед эмч нар гарч ирээд өвчин намдаах эм хийж түргэн тусламж дуудсан. Түргэний эмч нар удна гээд байхаар нь тухайн хорооны хэсгийн ахлагч гэх эмэгтэйн машинаар эмнэлэг рүү явсан. Миний унаж явсан 0000.... улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/
-Иргэний нэхэмжлэгч Н.Бийн мэдүүлсэн:..2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Шанд багийн “М” өрхийн эрүүл мэндийн төвд тариа хийлгэхээр очсон юм. Ингээд “М” өрхийн эрүүл мэндийн төвийн зогсоол руу ороод зогсож, машин дотроо сууж байтал гэнэт нэг машины жолооч машинтайгаа зогсоол дээр зогсож байсан машинуудыг мөргөж мөн миний машиныг маш хүчтэй мөргөсөн. Ингээд би машинаасаа буугаад харсан чинь хүмүүс орилолдоод байсан ба мөргөсөн машин нь приус-11 загварын машин байсан юм. Нэг харсан чинь зогсоол дээр хүмүүс бөөгнөрөөд байсан ба нэг******* хүнийг газарт хэвтүүлчихсэн байсан. Тухайн үед би машин дотор сууж байсан ба миний машиныг мөргөх үед би урд талын салхины шилийг толгойгоороо мөргөсөн байсан. Тухайн өдрөөс хойш миний толгой хэд хоног өвдөж шөнө унтахад хэцүү байсан. Үүнээс гадна хэд хоног бариа хийлгэсэн... Миний машины араас мөргөсөн ба хойд гэрэл, хойд гупер, хойд багажийн хаалга, кырла, урд салхины шил зэрэг эд ангиудад гэмтэл учирсан. Үүн дээр үнэлгээ хийлгэхэд 2,880,000 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлгээ гарсан. Дээр нь миний машин 19 хоног хаалга хаагдахгүй онгорхой байсаар байгаад аккумлятор нь суусан байна. Миний бие өөрөө машинаа Орхон аймагт засварын газраар янзлуулсан ингэхэд нийтдээ 3,450,000 төгрөгийн зардал гараад байна. Би нийтдээ гарсан зардлыг нэхэмжлэх болно. Одоогоор 3,450.000 төгрөгийн зардал гарсан, цаашид баттерейг нь солиулах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/
-Иргэний нэхэмжлэгч Н.Бгийн мэдүүлсэн:...2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 10-11 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум, Даваат багийн “М” өрхийн эмнэлэгт эмчид үзүүлэхээр хүлээгээд сууж байсан юм. Энэ үед хүмүүс гүйлдээд гараад байхаар нь араас нь гарсан чинь өрхийн эмнэлгийн гадна талын зогсоол дээр Приус-10 загварын тээврийн хэрэгслийн жолооч тухайн зогсоол дээр байсан 4 тээврийн хэрэгслийг мөргөж, уг мөргөсөн тээврийн хэрэгслийн голд зогсож байсан******* хүнийг хавчсан байсныг тухайн газарт байсан хүмүүс машиныг холдуулж гаргасан юм. Уг 4 тээврийн хэрэгслийн нэг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн 000 .... улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгсэл байсан. Миний машины жолооч талын гупер, кырла хэсгийг мөргөж гэмтээсэн байсан...Миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ нь 350,000 төгрөг гарсан. Би тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан хохирлоо нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 36, 46-р тал/,
-Иргэний нэхэмжлэгч Т.Бын мэдүүлсэн:.. Миний унаж явсан 0000 ....улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Миний машины зүүн талын кырла хонхойсон, урд гупер хэсэг нь зурагдаж халцарсан юм. Тухайн жолооч эрүүл байсан. Миний машинд учирсан хохирлын үнэлгээг гаргуулсан. Нийтдээ 450,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Үүнийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34, 49-р тал/,
-Иргэний нэхэмжлэгч Г.Гын мэдүүлсэн:.. Миний тээврийн хэрэгсэл мөн. Миний машинд учирсан хохирлын үнэлгээг гаргуулсан. Нийтдээ 2,040,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Үүнийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-р тал/,
-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 483 дугаартай... Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 2,040,000... гэсэн автомашины техникийн үнэлгээний тайлан, /хх-ийн 55-56-р тал/,
-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 481 дугаартай ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 350,000... гэсэн автомашины техникийн үнэлгээний тайлан, /хэргийн 61-62 дахь тал/,
-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 486 дугаартай дугаартай ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 2,880,000 төгрөг... гэсэн автомашины техникийн үнэлгээний тайлан, /хэргийн 67-68-р тал/,
- “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 482 дугаартай ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 450,000 төгрөг... гэсэн автомашины техникийн үнэлгээний тайлан, /хэргийн 73-74-р тал/,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 600 дугаартай ...М.Тийн биед бүсэлхийн нэгдүгээр нугалмын шахагдсан хугарал, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Бүсэлхийн нэгдүгээр нугалмын шахагдсан хугарал нь хүчтэй савах, савагдах, зүүн хөлийн шилбэнд цус хуралт нь хатуу зүйлийн, цохих цохигдох хүчний 1 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтлүүд байна. Бүсэлхийн нэгдүгээр нугалмын шахагдсан хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Зүүн хөлийн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...гэх дүгнэлт, /хх-ийн 79-82-р тал/,
-Орхон аймгийн Авто тээврийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 26 дугаартай техникийн хяналтын үзлэг /хх-ийн 93-98-р тал/
- Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Б ....2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “0000.... улсын дугаартай Тоуоtа Prius-11 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Мнь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Явган зорчигч М.Т нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна...” гэсэн магадалгаа, /хх-ийн 101-103-jтал/,
-Шүүгдэгч Х.М яллагдагчаар мэдүүлсэн...Би 2024 оны 06 дугаар сарын 12-ны өглөө Шанд багийн “М” өрхийн эрүүл мэндийн төвд шинжилгээ өгөхөөр эхнэр Ш.Оюунтуяагийн хамт очсон юм. Ингээд өрхийн эмнэлэгт шинжилгээгээ өгөөд буцаж гарч ирээд машиндаа суугаад хөдөлсөн. Тухайн үед ухарч гарахаас өөр боломжгүй байсан тул ухраад гарахаар хөдөлгөөнөө эхлүүлсэн. Ингээд ухрах хөдөлгөөн хийж байгаад замын бордюрт тулаад зогссон юм. Энэ үед би урагш нь явах араандаа хийгээд хөдөлсөн. Ингэхдээ машиныхаа хааз нь дээрээ огцом гишгэж сандарсандаа болоод тоормос дээрээ гишгэж чадалгүй машин маш хурдтайгаар хөдөлж зогсоол дээр байрлуулсан машинуудыг мөргөж зогссон. Ингээд машинаасаа буугаад харсан чинь хоёр машины голд нэг******* хүн хавчуулагдсан байсан. Энэ үед эмнэлгийн гадна байсан хүмүүс тусалж тухайн хавчуулагдсан хүнийг гаргаж авсан... Би хааз, тоормосоо андуурч гишгэсний улмаас хүний эрүүл мэнд болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулсандаа маш их гэмшиж, харамсаж байна. Би тэдгээр хүмүүст учруулсан хохирлоо нөхөн төлөх болно...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 114-р тал/,
-Орхон аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 255 дугаартай... ..............улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчийн лавлагаа гэх баримт /хх-ийн 126-130-р тал/,
- Хохирогч М.Төөс гаргаж өгсөн 8 ширхэг НӨАТ-ын баримт, /хх-ийн 131-139-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан. Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Х.Мнь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Шанд багийн нутаг дэвсгэрт “М” өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлүүлж гараад гадна автомашины зогсоол хэсэгт байрлуулсан 1........ улсын дугаартай Тоёота Приус-10 загварын тээврийн хэрэгслээ жолоодон ухарч хөдөлгөөнийг эхлүүлээд замын бродюрт тулж урагш хөдөлгөхдөө огцом хөдөлгөөн хийж автомашины зогсоолд байрлуулсан байсан ..........улсын дугаартай Тоёота Приус-20, . улсын дугаар...........тай Тоёота Приус-20, . улсын .............дугаартай Тоёота Акуа, .......... улсын дугаартай Тоёота Приус-20 загварын хэрэгслүүдийг мөргөх үед, ................. улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дунд зогсож байсан явган зорчигч М.Т хавчуулагдан эрүүл мэндэд нь бүсэлхийн нэгдүгээр нугалмын шахагдсан хугарал, зүүн хөлийн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулжээ. Мөн ослын улмаас иргэдийн эд хөрөнгөд хохирол учирсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадалгаа, хөрөнгийн үнэлгээ зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Х.М болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч М.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч М.Тийн мэдүүлсэн... Энэ үед тухайн зогсоол дээр зогсож байсан Приус-11 загварын тээврийн хэрэгсэл ухрах үйлдэл хийгээд зогсоолоос гарч байсан. Би хоёр машины голд зогсож байсан чинь гэнэт машин ирээд мөргөх үед би хоёр машины завсарт хавчуулагдсан. Тухайн газар байсан хүмүүс ирээд хавчуулагдсан машиныг түлхэж зай гаргаж намайг гаргасан. Тухайн үед намайг эмнэлэг рүү аваад явсан юм....гэх мэдүүлэг, Ш.Оюунтуяагийн мэдүүлсэн:. Энэ үед нөхөр Мнь тээврийн хэрэгслээ унаад тухайн зогсоолоос ухарч гарсан ба ард талд нь өөр нэг тээврийн хэрэгсэл зогсож байсан учир дахин урагшлах үедээ гэнэт машин нь огцом урагшаа явж зогсоол дээр зогсож байсан тээврийн хэрэгслүүдийг мөргөж уг тээврийн хэрэгслийн дунд зогсож байсан хүнийг хоёр машины дунд хавсарсан байсан... Нөхөр Мнь хэлэхдээ хааз, тоормосоо андуурч гишгэсэн юм шиг байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг, гэрч Т.Бын мэдүүлсэн:.. Ингээд удаагүй байсан чинь зогсоол дээр байсан машинуудыг гэнэт мөргөөд ороод ирсэн. Би машинаас буугаад харсан чинь аав Т нь миний машин болон хажуу талын машин хоёрын голд хавчуулагдсан байдалтай зогсож байсан. тухайн уед ойролцоо байсан хүмүүс ирээд хоёр машиныг хөдөлгөж завсраас нь аав Тийг гаргасан... гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.Бийн мэдүүлсэн:...2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ...“М” өрхийн эрүүл мэндийн төвийн зогсоол руу ороод зогсож, машин дотроо сууж байтал гэнэт нэг машины жолооч машинтайгаа зогсоол дээр зогсож байсан машинуудыг мөргөж мөн миний машиныг маш хүчтэй мөргөсөн. Ингээд би машинаасаа буугаад харсан чинь хүмүүс орилолдоод байсан ба мөргөсөн машин нь приус-11 загварын машин байсан юм... гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.Бгийн мэдүүлсэн:...Энэ үед хүмүүс гүйлдээд гараад байхаар нь араас нь гарсан чинь өрхийн эмнэлгийн гадна талын зогсоол дээр Приус-10 загварын тээврийн хэрэгслийн жолооч тухайн зогсоол дээр байсан 4 тээврийн хэрэгслийг мөргөж, уг мөргөсөн тээврийн хэрэгслийн голд зогсож байсан******* хүнийг хавчсан байсныг тухайн газарт байсан хүмүүс машиныг холдуулж гаргасан юм... гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.Бын мэдүүлсэн:... Миний унаж явсан .......... улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Миний машины зүүн талын кырла хонхойсон, урд гупер хэсэг нь зурагдаж халцарсан юм... гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Г.Гын мэдүүлсэн:.. Миний машинд учирсан хохирлын үнэлгээг гаргуулсан. Нийтдээ 2,040,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Үүнийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 600 дугаартай...М.Тийн биед бүсэлхийн нэгдүгээр нугалмын шахагдсан хугарал, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Бүсэлхийн нэгдүгээр нугалмын шахагдсан хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт, Орхон аймгийн Авто тээврийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 26 дугаартай техникийн хяналтын үзлэгийн тэмдэглэл,мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгч Х.Мнь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Явган зорчигч М.Т нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна...” гэсэн мөрдөгчийн магадлагаатай танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргаагүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж ,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ. Аливаа болгоомжгүй гэм буруутай үйлдэл нь, буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч Х.М үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтэл хохирлын хоорондох шууд шалтгаант холбоотой байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл мөн гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Мзамын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж нийгэмд, бусдад хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч бусдад хохирол, хор уршиг учруулж,Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Х.Мнь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Шанд багийн нутаг дэвсгэрт “М” өрхийн эрүүл мэндийн төвийн гадна автомашины зогсоол хэсэгт 1..........улсын дугаартай Тоёота Приус-10 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зогсоолоос гарахаар ухрахдаа буюу хөдөлгөөнийг эхлүүлэх үедээ огцом урагшилж, автомашины зогсоол хэсэгт байрлаж байсан тээврийн хэрэгслүүдийг мөргөж, тээврийн хэрэгслүүдийн дунд зогсож байсан явган зорчигч М.Т нь тээврийн хэрэгслүүдэд хавчигдан эрүүл мэндэд нь “бүсэлхийн нэгдүгээр нугалмын шахагдсан хугарал, зүүн хөлийн шилбэнд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Шүүгдэгчээс бариамтаар нотлогдсон 231,000 төгрөгийг гаргуулан хохиргогчид олгуулж,иргэний нэхэмжлэгч нарт учруулсан эд хөрөнгийн хохиролыг гаргуулах нь зүйтэй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа: Зүйлчлэл болоод гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдгээ илэрхийлсэн. Мөн шүүхээс тогтоосон хохирол төлбөр, зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн гэж,
-Шүүгдэгч Х.Мнь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг төлнө, цаашид гарсан зардлыг төлөхөө илэрхийлж байна. Иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг даатгалаас мөнгө гарахаар төлнө гэж тус тус дүгнэлт гаргажээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал төлбөрийг төлсөн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн эрүүл мэнд байдал сайнгүй, харвалт өгч байсан хүн байгаа. Хохирогчийн эмчилгээний зардлыг нотлогдсон хэмжээнд төлсөн. Иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг даатгалаас төлөхөөр илэрхийлж байгаа, гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан ялаас чөлөөлнө үү гэж,
-шүүгдэгч: Хааз тоормос андуурсан. Хохирлыг төлж барагдуулна гэж тус тус санал гаргасан.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага авч хохирлыг баримтын хэмжээнд нөхөн төлсөн, хохирогч 2 сая төгрөг нэхэмжилсэн нь баримтаар нотлогдоогүй тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж зааж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.
Иргэний нэхэмжлэгч нарт учруулсан эд хөрөнгийн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг үндэслэн шүүгдэгчээс гаргуулан олгуулахаар заалаа. Иргэний нэхэмжлэгч Г.Г, Н.Б нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч үндэслэх баримтуудаа хавсаргаагүй байх тул нэмэгдүүлсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г ургийн овогт Х М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 /найман/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Маналжавд шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,167 дугаар зүйлд зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Х.Маналжавд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.М-с нийт 5,720,000 төгрөг гаргуулан, 2,040,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Гт , 350,000 төгрөгийг Н.Б, 2,880,000 төгрөгийг , 450,000 төгрөгийг Т.Б-д тус тус олгуулж,
- Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Г, Н.Б нарын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.Т, иргэний нэхэмжлэгч Г.Г, Н.Б нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн хуурцаг 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ