Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 223/МА2018/0005

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 223/МА2019/0005

 

 

З.О, Б.Б нарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/001301 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч З.О, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв ШШГГ-т холбогдох,

“Үнэлгээг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгч З.О, Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж Б3 дугаар гудамж 03 тоот үйлдвэрийн зориулалттай 1 давхар барилга, газрыг 30 600 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай. Бид Хас банкнаас 2016 оны 01 сарын 08-ны өдөр зээлийн 1300014827 тоот гэрээгээр 60 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай зээлсэн. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 371 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24.1, 24.3-т зааснаар хариуцагч З.О, Б.Б нараас 2016 оны 02 сарын 08-ны өдрийн 1300014827 тоот зээлийн гэрээний үүрэгт 78 796 905 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудсаар Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж байна. Барьцаа хөрөнгө болох Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж Б3 гудамж 03 тоот үйлдвэрийн зориулалттай 1 давхар барилга 30 000 000 төгрөг, газрыг 600 000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний “Хан Үнэлэмж” ХХК үнэлсэн. Бид тус газрыг 2015 онд “Эрин төгөл” ХХК-д барилгын гэрээний дагуу захиалгаар гүйцэтгүүлсэн бөгөөд гэрээний үнийн дүн 150 000 000 төгрөг болсон. Мөн тус барилга нь Канад хаусын технологиор баригдсан, бичил системийн цэвэр бохир усны системтэй, гүний худагтай байгаль орчинд ээлтэй 380 вольт хүчдэлийн шалны халаалтаар халдаг, БНСУ-ын LG компаний нарын үүсгүүртэй “Говь” ХХК-ийн дээд зэргийн ноолууран хувцасны чимэглэлийн гэрээт үйлдвэр ажилладаг, орчин үеийн дэвшилтэт технологиор бүх халаалт, цахилгаан цэвэр бохирыг шийдсэн барилга юм. Ийм барилга газрыг зах зээлийн бодит үнээс хамаагүй доогуур үнэлж, үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийн хохироож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байгаа болно. Тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаасан бөгөөд уг нэхэмжлэлийг дахин гаргаж байна.  Иймд Төв аймгийн Зуунмод сум Нацагдорж Б3 дугаар гудамж 03 тоот үйлдвэрийн зориулалттай 1 давхар барилга, газрыг 30 600 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 Хариуцагч Төв ШШГГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “З.О, Б.Б нарын тус шүүхэд хандан Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж Б3 гудамж 03 тоотод байрлах барилга, газрыг 30 600 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн өргөдөлтэй танилцлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандаж болно гэсний дагуу гаргаж байгаа болно гэжээ. Нэхэмжлэгч нарт хөрөнгийн үнэлгээний тайланг З.Оюунцэцэгээр дамжуулан 2018 оны 04 сарын 10-ны өдөр танилцуулсан бөгөөд ийнхүү үнэлгээг танилцуулсны дагуу З.О, Б.Б нараас үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байсан нь дээрх нэхэмжлэлд дурдсанаар харагдаж байна. Иймд 2018 оны 09 сарын 04-ний өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар дахин гаргаж байгаа нэхэмжлэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, хугацаа хожих оролдлого гэж үзэж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэснийг зөрчин гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна гэж үзэж байна.” гэжээ.

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох З.Оюунцэцэгийн өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Нацагдорж Б3 гудамж 3 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427002834 дугаарт бүртгэгдсэн барилгыг 30 000 000 төгрөгөөр, мөн хаягт орших улсын бүртгэлийн Г-1427003334 дугаарт бүртгэгдсэн 120 мкв талбайтай газрыг 600 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай З.О, Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн гаргуулан нэхэмжлэгч З.Оюунцэцэгт буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ. 

 

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/01301 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

    Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 01-т "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 3 Оюунцэцэгийн өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Нацагдорж БЗ гудамж 3 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427002834 дугаарт бүртгэгдсэн барилгыг 30.000.000 төгрөгөөр, мөн хаягт орших улсын бүртгэлийн Г-1427003334 дугаарт бүртгэгдсэн 120 м.кв талбайтай газрыг 600.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай З.О, Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..." гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгө болох Төв аймгийн Зуунмод сум, Нацагдорж БЗ дугаар гудамж, 03 тоот үйлдвэрийн зориулалттай 1 давхар барилга 30.000.000 төгрөг, газрыг 600.000 төгрөгөөр Хөрөнгийн үнэлгээний "Хан-Үнэлэмж" ХХК үнэлсэн. Тухайн барилгыг 2015 онд "Эрин төгөл" ХХК-д барилгын гэрээний дагуу захиалга өгөн хийж гүйцэтгүүлсэн бөгөөд гэрээний үнийн дүн 150.000.000 төгрөг болсон. Мөн тус барилга нь Канад хаусын технологиор баригдсан, бичил системийн цэвэр бохир усны системтэй. гүний худагтай байгаль орчинд ээлтэй 380 вольт хүчдэлийн шалны халаалтаар халдаг БНСУ-ын LG компаний нарны цахилгаан үүсгүүртэй “Говь” ХК-ний дээд зэргийн ноолууран хувцасны чимэглэлийн гэрээт үйлдвэр ажилладаг, орчин үеийн дэвшилтэт технологиор бүх халаалт. цахилгаан цэвэр бохирыг шийдэж баригдсан барилга юм. Ийм барилга газрыг зах зээлийн бодит үнээс хамаагүй доогуур үнэлж, үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийг хохироож байна. Дээрхи шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалтыг зөрчсөн байна.

  Иймд Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/01301 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн  хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

 

Харин тухайн маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийг буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйг зөвтгөн давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хууль хэрэглээний асуудлаар шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч З.О, Б.Б нар нь Төв аймаг дахь шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч З.Оюунцэцэг, Б. Болдбаяр нар нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 371 дүгээр шийдвэрээр 78 796 905 төгрөгийг Хас банкинд төлөх үүрэг хүлээсэн байна./хх-ийн 76-р тал/

Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хариуцагч явуулж, барьцааны зүйл болох З.Оюунцэцэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшлийн газар зэргийг битүүмжилж, хураах ажиллагаа хийсэн байна.

 

Төлбөр төлөгч болон өмчлөгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнийн талаар санал өгөөгүй, төлбөр төлөгч, өмчлөгч З.Оюунцэцэг нь үнэлгээ тогтоолгох гэсэн хүсэлттэй байсныг шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах тогтоолдоо энэ талаар тэмдэглэж, үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, үнэлгээний талаар дүгнэлт гаргуулсан байна./ хх-ийн 60, 91-94-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч “Хан үнэлэмж” ХХК-ийн  2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан үнэлгээг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлбөр төлөгч З.Оюунцэцэгт мэдэгджээ. / хх-ийн 75-р тал/

 

 Хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дээрх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4., 54 дүгээр зүйлийн 54.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасныг зөрчөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээчийн үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт доогуур болсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд анх үнэлгээний талаарх гомдлоо хуулийн хугацаанд гаргасан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т зааснаар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, дахин 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гомдол гаргаснаас үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасан үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацаа хэтэрсэн байхад анхан шатны шүүх  уг хугацааг хэтрүүлээгүй байна гэж  дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ... барилга, газрыг зах зээлийн бодит үнээс доогуур үнэлж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар хөрөнгийг үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийг хохироосон...тул шийдвэрийг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/001301 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн...” гэсний өмнө “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.,” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар дансанд давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ЭНХМАА

           

                  ШҮҮГЧИД                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР