Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/40

 

*******,*******,*******,*******,*******,

А.Элбэгсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Э.Билгүүн,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Намжилцогт

            Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/125  дугаар шийтгэх тогтоолтой *******,*******,*******,*******,*******,

А.Элбэгсайхан нарт холбогдох 2034000830047 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Сартуул овгийн Батжаргалын Балт, Улаанбаатар хотод 1996 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрдэнэбулган ХХК-д шуурхай хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Алтайн 26 дугаар гудамжны 81 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгын 18-850/Е тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: УИ96042819,

Шарх овгийн Бямбадалайн Мөнх-Алдар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаах ухааны их сургуулийн Эм зүйн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, горькийн 18 дугаар гудамж 550 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: МЮ98052019,

Бургад овгийн Ариунаагийн Элбэгсайхан, Улаанбаатар хотод 1999 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаах ухааны их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, зүүн баян уул 14 гудамж, 16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: УХ99081212,

Отгон тэнгэр овгийн Алтанзулын Халиун, Улаанбаатар хотод 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Дуурийн дуулаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгын 18-850-Е тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: УШ94102001,

Сүмчид овгийн Сүрэнхорлоогийн Мөнхгал, Улаанбаатар хотод 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бэсти Эвэнт ХХК-нд хуримын зохион байгуулагч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 1 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: УИ96042531,

Боржигон овгийн Лхамгарьдын Мягмардорж, Улаанбаатар хотод 2002 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн график дизайнчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 18 дугаар гудамж, 899 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: УЦ02291713,

Шүүгдэгч *******,*******,*******, А.Элбэгсайхан,*******,******* нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг “Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 91-42 УНЯ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Шарх овгийн Бямбадалайн Мөнх-Алдар, Бургад овгийн Ариунаагийн Элбэгсайхан, өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Лхамгарьдын Мягмардорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034000830047 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан... ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

Шүүгдэгч Сартуул овгийн Батжаргалын Балт, Сүмчид овгийн Сүрэнхорлоогийн Мөнхгал, Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиун нарыг бүлэглэн, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овгийн Батжаргалын Балт, Сүмчид овгийн Сүрэнхорлоогийн Мөнхгал нарыг тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиуныг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овгийн Батжаргалын Балт, Сүмчид овгийн Сүрэнхорлоогийн Мөнхгал, Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиун нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиун нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг,

шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус мэдэгдэн,   

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, мөнгөлөг цаас 1 ширхэг, 3 ширхэг саарал өнгийн уутанд хийсэн өвс зэрэг эд зүйлсийг устгахыг тус шүүхийн Тамгын газар даалгасныг,

прокурорын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай шүүгдэгч *******,*******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота приус-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг “МАЦУМОД” ХХК-д олгохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, мөнгөлөг цаас 1 ширхэг, 3 ширхэг саарал өнгийн уутанд хийсэн өвс зэрэг эд зүйлийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******,*******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota prius-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5.300.000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч *******,*******,******* нараас хувь тэнцүүлэн 1.767.000 /нэг сая долоон зуун жаран долоон мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Шарх овгийн Бямбадалайн Мөнх-Алдар, Бургад овгийн Ариунаагийн Элбэгсайхан, өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Лхамгарьдын Мягмардорж нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиунд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Сартуул овгийн Батжаргалын Балт, Сүмчид овгийн Сүрэнхорлоогийн Мөнхгал нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Билгүүн давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүлэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд: ... шүүгдэгч А.Элбэгсайхан,*******, өсвөр насны шүүгдэгч******* нар нь яллагдагч *******,*******,******* нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг "Мэндийн үзүүр" гэх газраас НҮБ-ийн 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис"-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 91-42 УНЯ улсын дугаартай "приус-20" маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоогүй хэлбэрийн төдий оролцсон нөхцөл байдал үүссэн гэж дүгнэж шүүгдэгч А.Элбэгсайхан,*******, өсвөр насны шүүгдэгч******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан..., ...үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байнa.

Иймд яллагдагч ******* нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүгдэгч *******,*******,*******, өсвөр насны шүүгдэгч******* нарын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдолдоо: “...1.Анхан шатны шүүхээс "шүүгдэгч *******,*******,******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хүний эрх, эрх чөлөө, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдалд хор уршиг учирч болохоор байна" гэж хүч оруулсан хийсвэр дүгнэлт хийж үүнийгээ хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн гол үндэслэл болгосон. Дээрх хохирол, хор уршгийн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагдаагүй бөгөөд шүүх нь ЭХХШТХ-ийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т тоочин заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж хариуцлага оногдуулах хуультай.

2. Эрүүгийн хуулийн үзэл баримтлал бол Монгол улсад гэмт хэрэг үйлдсэн хүмүүст эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гол нь шоронд хорьж цагдахдаа биш харин аль болох гэмт хэрэг үйлдсэн иргэдээ нийгэмшүүлэхэд оршдог. Шүүгдэгч *******,******* нарыг нийгмээс тусгаарлах, тэдэнд хорих ялыг биечлэн эдлүүлэх зайлшгүй шаардлага бол байгаагүй. Шүүгдэгч нар нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Тэд "хогийн олс" гэж нэрлэдэг энэ ургамлаас хамааралтай болчихсон, түүнийг байнга хэрэглээд явдаг хүмүүс биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын дүнэлтээр нотлогдож байгаа. ЭХ-ийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт "хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно" гэсэн бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэж заасан байна. Хуулийн ашигтай заалтыг иргэн бүр тэгш хэрэглэх эрхтэй ба эрүүгийн хуулийн энэ 2 заалтыг шүүхэд өргөн хэрэглэж байна. Шүүгдэгчид ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн эрүүгийн хуулийн энэ 2 заалтын бүх шаардлагыг *******,******* нар нь бүрэн хангасаар байтал шүүхээс уг заалтуудыг хэрэглээгүйд гомдож байна. Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүндээ чин санаанаасаа гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадахаа шүүхийн танхимд илэрхийлж байсан.

3. Албан ёсны сайтад нь хандаж төлбөр тооцоогоо хийгээд ном журмаар нь шавар, мөс, гэх мэт сэтгэцэд нөлөөт бодисыг захиалсан Б.Батбаатарын үйлдэл нь улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис оруулж ирсэн гэмт хэргийн ямар шинжийг өөртөө агуулж байгаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, улмаар энэ тухай мэтгэлцсэн өмгөөлөгч нарын гомдолд тайлбар өгөөгүй, улсын хилээр хориглосон барааг нэвтрүүлж бусдад дамжуулсан гаалийн болон олон улсын шуудан илгээмжийн газрын албан хаагч нарын үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй.

4. Анхан шатны шүүх хэт яллах талыг барьж шүүгдэгч *******,******* нарт ял шийтгэл оногдуулсан. Анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа шүүгдэгч нарт оногдуулж болох хорих ялын тавин хувиас дээш хэмжээний хорих ялыг оногдуулсан.

5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дахь заалтад эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг эд зүйлийг устгахыг Төв аймаг дахь шүүхийн Тамгын газарт даалгасан нь Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "..Монгол банкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно" гэж заалтыг зөрчсөн шийдвэр болсон. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", ЭХХШТХ-ийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина" гэж заасан байдаг.

6. "Мацумод" ХХК-ийн өмчлөлд байдаг тээврийн хэрэгслийн үнэ болох 5,3 сая төгрөгийг шүүгдэгч *******,*******,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод о зүйлийн 4 дэх хэсэгт " гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, хохирлыг нөхөн төлөхөд зарцуулна" гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.” гэжээ.

Шүүгдэгч******* давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч******* миний бие Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.13-ны өдрийн 2020/ШЦТ/125 тоот шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас өвсийг түүсэн. Өвс гэх зүйлийн талаар ойлголтгүй байсан. Хэрэгт шалгагдсанаас хойш бүгдийг ойлгож мэдэж, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байгаа. Дахин ийм төрлийн гэмт хэрэгт огт холбогдохгүй байх болно. Миний бие гадаадад суралцах шалгалтанд тэнцсэн байсан. Дээд боловсрол эзэмшиж мэргэжлээрээ эх орондоо ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байна. Гэр бүлтэй болж эх орондоо аз жаргалтай амьдрах хүсэлтэй байна. Иймд миний биеийн байдлыг харгалзаж үзэж надад 1 удаа боломж олгож, нийгмээс тусгаарлахгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...2020 оны Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Гэтэл шүүх хэтэрхий нэг талыг барьж анх хотоос гарахдаа зориуд өвс түүж бэлтгэх гэж бүлэглэн гэмт хэрэг үйлдэх зорилготой гарсан гэж үзэж байгаад гомдолтой байна. Уг ял нь надад болон ар гэрт минь үнэхээр хүндээр тусаж байна. Эхнэр маань оюутан бие давхар жирэмсэн ажил хийх боломжгүй. Миний бие ажил хийж ар гэрээ тэжээж авч явдаг. Миний ээж Б.Одонгэрэл нь өөрийн ээж Загдсүрэн миний төрсөн дүү Батсүхийн хамт гурвуулаа амьдардаг. Эмээ Загдсүрэн хараа муутай группд байдаг. Дүү Батсүх 10 жилийн сурагч. Ээж Одонгэрэл “Бөртэ” цэргийн хувцасны үйлдвэрт үйлчлэгч хийдэг. Ээж маань “өвдөгний шар ус ширгэсэн” гэсэн оноштой өвдсөн. Хурдан хугацаанд хагалгаанд орохгүй бол суумгай болох магадлалтай хэцүү байдалд байгаа. Миний бие гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үнэн сэтгэлээсээ гэмшиж энд байгаа 1 хоног минь үнэхээр 1 жил шиг урт удаан санагдаж үнэхээр их шаналж хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг нийгмээс тусгаарлаж ийм муухай газар хорьж биш аль болох нийгэмшүүлэх талаас нь арга хэмжээ авч ялыг минь хөнгөрүүлж тэнсэж өгнө үү.“ гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх шүүгдэгч*******, А.Элбэгсайхан, өсвөр насны шүүгдэгч******* нарын хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Намжилцогт гаргасан саналдаа: Шүүгдэгч нар нь зарж борлуулах зорилгогүй, өөрсдөө хэрэглэх зорилгоор өвс түүсэн байдаг. Шүүгдэгч *******,************** нарын үйлдлээс бодит хор уршиг учирсан зүйл байхгүй. *******,******* нар анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой байсан боловч ингэж хэрэглээгүйд гомдолтой байгаа. Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа ялгамжтай байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж чадаагүй. Шүүгдэгч нарын түүсэн өвс нь тийм аюултай зүйл биш. Тохируулж хэрэглэх боломжтой. Анхан шатны шүүх хэт яллах талыг барьж ял оногдуулсанд гомдолтой байна. Шүүгдэгч *******,******* нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж хорих ял биечлэн эдлүүлэхгүйгээр ял оногдуулах, эсвэл тэдэнд оногдуулсан хорих ялыг багасгаж 1 жил хорих ял болгож өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******,*******,*******,*******, А.Элбэгсайхан, өсвөр насны шүүгдэгч******* нарт холбогдох эрүүгийн 2034000830047 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 04 сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоол тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Шарх овгийн Бямбадалайн Мөнх-Алдар, Бургад овгийн Ариунаагийн Элбэгсайхан, өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Лхамгарьдын Мягмардорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034000830047 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан... ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэжээ. Уг тогтоолд шүүгдэгч*******, А.Элбэгсайхан,******* нарын үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзсэн эрх зүйн үндэслэл тодорхойгүй, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулсан эсэх талаар тодорхой эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

- Мөн Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Сартуул овгийн Батжаргалын Балт, Сүмчид овгийн Сүрэнхорлоогийн Мөнхгал, Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиун, Шарх овгийн Бямбадалайн Мөнх-Алдар, Бургад овгийн Ариунаагийн Элбэгсайхан, өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Лхамгарьдын Мягмардорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн буюу бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж ирүүлсэн байхад гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог ялгамжтайгаар ялган дүгнээгүй, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “2. Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг харгалзан шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулаагүй байна.

- Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Халиунд хорих ял оногдуулахдаа бүлэглэн гүйцэтгэсэн гүйцэтгэгч тус бүрийн үүрэг, оролцоог харгалзан үзэхээс гадна түүний хувийн байдал, гэр бүлийн байдал, хүйсийн ялгаа зэргийг харгалзан 2 жилийн хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзжээ. Шүүгдэгч Б.Халиуныг бусад шүүгдэгч нараас хүйсийн ялгаатай байдлыг нь харгалзан ял оногдуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэснийг болон Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “2. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.” гэснийг зөрчсөн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна. 

- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны 2020 оны 4 сарын 13-ны өдрийн 125 дугаартай тэмдэглэлд бичигдсэнээр шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Сүхээ нар оролцжээ. Улсын яллагч, өмгөөлөгч нар гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт, санал гаргахаар тогтоосон байх боловч шүүгдэгчийн өмгөөлөгч нар ямар санал гаргасан талаар тэмдэглэлд бичигдээгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналын үндэслэл болгосон баримтыг анхан шатны шүүх хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

- Шүүгдэгч******* нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “МАЦУМОД” ХХК-аас 9.000.000 төгрөг зээлж, зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлийн “Toyota Prius20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээгээр зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, гэрээний хугацаа дуусаагүй байхад уг автомашиныг “МАЦУМОД” ХХК-д олгохоор, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг устгахыг шүүхийн Тамгын газар даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул  прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиунд урьд авсан хувийн баталгаа гаргах, Сартуул овгийн Батжаргалын Балт, Сүмчид овгийн Сүрэнхорлоогийн Мөнхгал нарт урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Шарх овгийн Бямбадалайн Мөнх-Алдар, Бургад овгийн Ариунаагийн Элбэгсайхан, өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Лхамгарьдын Мягмардорж нарт тус бүр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

3. Шүүгдэгч*******, А.Элбэгсайхан,******* нараар хувийн баталгааг бичгээр гаргуулж, гарын үсгийг нь зуруулж авахыг шүүгчийн туслах Б.Ууганцэцэгт даалгасугай.

            4. Прокурор Э.Билгүүний гаргасан эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

 

 

     ШҮҮГЧИД                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ