Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2017/0225

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.******* нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Б.*******, гуравдагч этгээд “******* банк” ХХК-ийн өмгөөлөгч Г.Чинбат нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Б.*******, “******* банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.*******гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.******* 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...“******* капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 44А байрны 13 тоот улсын бүртгэлийн Ү-2206013620 дугаартай 4 өрөө 132.0 м.кв орон сууцны улсын бүртгэлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 44А байрны зоорийн давхрын 164 тоот улсын бүртгэлийн Ү-2206014047 дугаартай 180 м.кв авто зогсоолын болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 44А байрны 13 тоот 4 өрөө 132.0 м.кв орон сууц, зоорийн давхрын 164 тоот 180 м.кв авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан үйлдэлийг хууль болохыг тогтоож, дээрх байр болон авто зогсоолыг Д.*******гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэл, статистикийн хэлтэст даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар шийдвэрээр:

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 145 дугаар зүйлийн 145.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг баримтлан иргэн Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013620 дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр /Blue sky/ хотхоны 44А байрны 13 тоот 4 өрөө 132.0 м.кв орон сууц болон эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014047 дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр /Blue sky/ хотхоны 44А байрны зоорийн давхрын 164 тоот авто машины зогсоолыг “******* капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээг тус тус хүчингүй болгож, дээрх орон сууц, авто машины зогсоолыг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль болохыг тогтоож, уг орон сууц болон авто зогсоолыг Д.*******гийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Б.******* нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд:

Анхан шатны шүүхээс “...барьцааны гэрээнд хамааралгүй иргэний хөрөнгө оруулалтаар баригдсан орон сууцыг “******* капитал” ХХК барьцаалж, барьцаанд байгаа нь өөрөө хууль бус бөгөөд ирээдүйд барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулсан тохиолдолд ...хуулийн зохицуулалтыг зөрчиж, гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг зөрчигдөхөөр байна” гэж нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үйл баримтыг дүгнэсэн.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс “******* капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгох, уг маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн байгууллагын бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус гэж үзэн, гэрчилгээ гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэргийн шүүхээс “...хариуцагчийн татгалзсан үйлдэл нь хууль бус эсэхийг тогтоож шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үйл баримтыг дүгнэж, улмаар барьцааны гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөр байна” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөн “...Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохоор заасан бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн маргаан бүхий орон сууцанд барьцааны эрх үүсэж, бүртгэгдсэн тул барьцаа хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдөхөд барьцааны эрх хамт шилжих тул нэхэмжлэгч барьцааны гэрээнд хамааралгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Хоёр. Анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Д.******* нь хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон үл хөдлөх эд хөрөнгийг “******* капитал” ХХК-ийн зээлийн гэрээний үр дагаварт түүнийг хамаатуулж, нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг авч үзэхгүй байгаа нь ...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Бүртгэл үнэн зөв байх” зарчим зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Д.******* болон “******* капитал” ХХК-ийн хооронд 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулагдсан ба гэрээнд орон сууцны төлбөрийг бүрэн төлснөөр худалдан авагч нь өмчлөгч болох, төлбөрийг бүрэн төлөх хүртэл хугацаанд “******* капитал” ХХК нь орон сууцны өмчлөгч байхаар заасан.

Нэхэмжлэгчтэй “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулахаас өмнө уг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр “******* капитал” ХХК улсын бүртгэлд бүртгэгдэн, хүчин төгөлдөр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан.

Уг гэрчилгээг үндэслэн Улаанбаатар хотын банк Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, барьцааны эрхийг хуульд заасны дагуу бүртгүүлж, баталгаажуулсан.

Нэхэмжлэгч Д.*******г маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болохоос өмнө улсын бүртгэлийн үндсэн дээр үүссэн харилцааг үгүйсгэж, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг авч үзэхгүй шийдвэрлэж байгаа нь харин “бүртгэл үнэн зөв” байх зарчмыг зөрчиж байна.

Гурав. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд “...уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бичиг баримт хувийн хэрэгт авагдсан байна” гэсэн тайлбарыг өгсөөр байхад шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулах, түдгэлзүүлсэн үйлдлийг сэргээсэн эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй.

Мөн “...одоог хүртэл өмчлөн амьдарч байгаа Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлага, холбогдох үйл баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үгүйсгээгүй...” гэж дүгнэсэн нь үйл баримтыг зөв дүгнээгүй, бодит байдалд нийцээгүй.

Гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-иас барьцааны гэрээ байгуулагдсаны дараа “******* капитал” ХХК нь барьцааны зүйлийг худалдан борлуулахдаа “барьцаалагч болох банкнаас зөвшөөрөл аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж маргасан бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт дурдсан.

Иймд хариуцагчийн хууль бус үйлдэл байхгүй байхад “******* капитал” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд л нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөр байна гэсэн үндэслэлээр хариуцагчийн хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг буруутгах боломжгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст Д.******* 2016 онд мэдүүлэг гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйл 18.1.8-д “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.19-д “Мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйл 18.1.10-д “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.3-д “Энэ хуулийн 20.1.3-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна”, 20 дугаар зүйлийн 20.5-д “Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэн хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж таны бүртгүүлэх гэж байгаа эд хөрөнгийг урд өмнө хуулийн этгээдийн нэр дээр бүртгүүлсэн.

Бүртгэгдсэн өмчлөлийн гэрчилгээнүүд нь банкны барьцаанд байна. Барьцаанаас чөлөөлөх хэрэгтэй мөн хууль хяналтын байгууллагаас хөдөлгөөн хийхийг хориглосон байна гэж буцаасан байдаг.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар шийдвэрээр бүртгээгүй татгалзсан нь хууль бус гэж үзсэн.

Маргаж байгаа эд хөрөнгийг “******* капитал” ХХК 2010 онд өөрийн нэр дээр бүртгүүлсэн байдаг. Эрхийн улсын бүртгэл тухай нь үед бүртгэл хийхдээ “******* капитал” ХХК-ийн нотлож гаргаж өгсөн баримтад үндэслэж бүртгэсэн нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаас харагдаж байгаа.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байхад Д.*******г эрхийн улсын бүртгэлд бүртгээгүй 2010 онд “******* капитал” ХХК-ийг бүртгэсэн нь эрхийн улсын бүртгэлийн буруу гэж үзсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Тав. Гуравдагч этгээд “******* банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ариунаа дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 14 дүгээр зүйлийн 14.2, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч байгууллагыг буруутгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

Гэтэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-т зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно”, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14 дүгээр зүйлийн 14.1.1-14.1.9 хүртэл нийт 9 үндэслэлийн аль нэг нь байгаа нөхцөлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж болохоор хуульчилсан байхад шүүх “уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг баримталж мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол бүртгэхээс татгалзана гэсэн үндэслэл тогтоохгүй байна” гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй.

Тодруулбал хариуцагч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “Мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол” 14.1.5-д “Бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол”, 14.1.6-д “Энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол”, 14.1.9-д “Мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” гэж заасныг үндэслэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, өмчлөгчөөр бүртгэх боломжгүй тухай мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл уг хуулийн зохицуулалтын хүрээнд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар “******* капитал” ХХК бүртгэлтэй ******* банкны 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 дугаар “Зээлийн барьцааны гэрээ” болон 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Т07/141 дүгээр “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрх хүчинтэй байгаа учир барьцаалагч этгээдийн зөвшөөрөл авах болон уг 44А байрны 164 тоот авто зогсоолын эрхийн улсын бүртгэлийн хөдөлгөөнд нь хязгаарлалт хийсэн эрхийн акт бүртгэлтэй байгаа зэрэг үндэслэлүүдээр бүртгэхээс татгалзсан байхад эдгээр үндэслэлүүдийг хуулийн аль зохицуулалтаар буруутгаж, хууль бус байгааг тайлбарлахгүйгээр бүртгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу болсон.

2.Шүүхийн шийдвэрт “...хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц болон авто зогсоолыг барьцаалсан барьцааны гэрээнүүд улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа тул Д.*******гийн өмчлөлд бүртгэх боломжгүй гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна” гэжээ. Д.******* 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/04078 дугаар захирамжаар өмчлөгчөөр тогтоогдсон.

Ийнхүү өмчлөгчөөр тогтоогдсон шүүгчийн захирамжийг үндэслэн Д.******* Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 44А байрны зоорийн 164 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан. Уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг уг хуулийн 13 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд гаргаж, хуульд заасан хавсаргавал зохих материалыг хавсаргах үүрэгтэй.

Д.******* мэдүүлэг гаргах үед тухайн орон сууц болон авто зогсоолын улсын бүртгэлд ******* банкны барьцааны эрх 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн бүртгэлтэй байсан.

Ийнхүү барьцаа эрх хууль ёсны дагуу бүртгэлтэй учир Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан зохицуулалтын дагуу Д.******* барьцаанд буй хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхдээ хуульд заасан журмын дагуу барьцаалагч ******* банкны зөвшөөрөл авч, зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулж, түүнийг мэдүүлэгтээ хавсаргаж өгөх үүрэгтэй.

Нөгөө талаараа хуулийн хэлбэрлэлтгүй сахиж, хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасны дагуу барьцаалагч этгээдээс зөвшөөрөл авч, мэдүүлэгт хавсаргаж өгөхийг шаардах үүрэгтэй юм.

Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс уг асуудалд чухам ямар үндэслэлээр буруу тохож, хариуцагч байгууллагыг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ”, 20.1.4-т “Шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан”, 20.5-т “Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж тус тус заасан байдаг.

Хариуцагч дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох 44А байрны 164 тоот авто машины зогсоолын өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гарч, хөдөлгөөнд нь хязгаарлалт хийх тусгай тэмдэглэл хийсэн учир бүртгэх боломжгүй хэмээн тайлбарлаж байхад уг асуудалд ямар ч дүгнэлт өгөхгүйгээр хариуцагчийг буруутгаж буй нь үндэслэлгүй юм.

Хуульд заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн байхад хөдөлгөөн хийсэн тохиолдолд бүртгэлийн байгууллага эргээд хууль зөрчсөн үндэслэлээр буруутгах боломжтой байхад шүүхийн зүгээс уг асуудалд огт дүгнэлт өгөхгүйгээр бүртгэх үндэслэлтэй гэсэн үндэслэлээр хариуцагч байгууллагыг хууль зөрчиж бүртгэл хий гэж шийдвэрлэж буй нь буруу.

3. Шүүх шийдвэрт “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу Д.******* Хан-Уул дүүрэг, 11 дүгээр xopoo, Хөх тэнгэр хотхоны 44А байрны 13 тоот орон сууц, 164 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчийн хувьд эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй...” гэжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь зохицуулалт нь зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоох гэсэн хоёр тохиолдолд хэрэглэгдэхээс гадна зөрчил нь хуулиар хориглосон, хууль бус үйлдэл байхыг шаарддаг.

Захиргааны байгууллага буюу бүртгэлийн байгууллагын бүртгэхээс татгалзсан үйлдэл нь өмчлөх эрхийг зөрчсөн, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй хууль бус үйлдэл биш юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “Энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол”, 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэж зааснаар бүртгэлийн байгууллага хуулиар хориглоогүй, хуульд заасан эрхийнхээ хүрээнд хууль ёсны үйлдлийг хийсэн.

4.******* банк шүүхийн зүгээс Д.*******гийн эрх ашгийг зөрчиж, барьцааны гэрээнд хамааралгүй иргэний хөрөнгө оруулалтаар баригдсан орон сууцыг барьцаалсан нь хууль бус гэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан. Шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “******* банк” ХХК-ийг барьцааны эрхийг хууль бус гэж үзэж байгаа тохиолдолд нотлох үүрэгтэй. ******* банкны барьцааны эрхийг шүүхээс хууль бус болохыг тогтоосон баримт бичиг байхгүй. Гэтэл Захиргааны хэргийн шүүхээс хууль бус гэж дүгнэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.5.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн буруутгаж байгаа нь буруу байна.

5.Анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх шийдвэрт “...шүүхээс гуравдагч этгээд нарыг шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхийг хангасан байх тул тэдгээрийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адил үзэж хэргийн оролцогчдын төлөөлөгч нарт уншиж танилцуулан хэргийг хянан хэлэлцлээ” гэжээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж тус тус хуульчилсан байдаг.

Гэтэл захиргааны хэргийн шүүхээс шүүх хуралдааны товыг “******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч, гуравдагч этгээдийн нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх маргаанд хамаарал бүхий үйл баримтыг зөв дүгнээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Д.*******гийн “*******  капитал” ХХК-тай байгуулсан 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний дагуу худалдаж авсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44А байрны 2 дугаар орц, 1 давхрын 13 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, уг байрны суурийн давхарт байрлах 164 тоот авто зогсоолыг нэхэмжлэгчтэй энэхүү гэрээг байгуулахаас өмнө буюу 2010 онд тус компани нь орон сууцыг улсын бүртгэлийн Ү-2206013620 дугаарт, авто зогсоолыг Ү-2206014047 дугаарт бүртгүүлэн өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, улмаар орон сууцыг 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Улаанбаатар хотын банктай байгуулсан зээлийн гэрээний, авто зогсоолыг 2007 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн ******* банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тус тус тавьсан байх бөгөөд эдгээр нь одоог хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй хэвээр төдийгүй нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Хэдийгээр дээрх орон сууц, авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг “******* капитал” ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 14078 дугаар шүүгчийн захирамж гарсан ч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “******* капитал” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Учир нь 2010 онд бүртгэлийн байгууллагаас тус компанийн гаргасан мэдүүлгийг үндэслэн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үед Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй, иймд дээрх бүртгэлтэй холбогдуулан хариуцагчийг буруутгах боломжгүй.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой, гэвч энэ тохиолдолд буюу эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд тэрхүү зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т тодорхой заасан.

 Хуулийн энэхүү зохицуулалтаас дүгнэхэд хариуцагчаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр барьцаалсан нэр бүхий банкны зөвшөөрөлгүйгээр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй, шүүхийн зүгээс ч ийнхүү бүртгэхийг даалгах үндэслэлгүй болно.

Иймд Д.*******гийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гаргасан мэдүүлгийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан Хан-Уул дүүргийн бүртгэл, статистикийн хэлтсийн /тухайн үеийн нэрээр/ үйл ажиллагаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг, 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”-ийг тус тус хориглох тухай, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна”, 28 дугаар зүйлийн 28.2, 28.4-т заасан гэрээгээр үүссэн барьцааг бүртгэх тухай зохицуулалттай тус тус нийцсэн байна.

Харин анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан орон сууц захиалгаар бариулах, зээлийн болон барьцааны, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд, мөн гэрээний үүргийн биелэлтийн талаарх харьяаллын бус асуудлаар бус харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг “******* капитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн болон уг бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа холбогдох хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх байдлаар хэргийг шийдвэрлэхээр байжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013620 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр /Blue sky/ хотхоны 44А байрны 13 тоот 4 өрөө 132 м.кв орон сууц, Ү-2206014047 дугаарт бүртгэгдсэн тус байрны зоорийн давхрын 164 тоот авто машины зогсоолыг “******* капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээг тус тус хүчингүй болгож, орон сууц, авто машины зогсоолыг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг орон сууц болон авто зогсоолыг Д.*******гийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Б.*******, гуравдагч этгээд “******* банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээд “******* банк” ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК-иудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                              ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

                              ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

                              ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН