Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 312

 

Г.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Г.Т, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 371 дүгээр магадлалтай, 201525011931 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ж.Н-ын өмгөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хотгойд овогт Г.Т нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос Г.Т-т холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар, мөн хохирогч С.Энхбат, Ж.Нямдорж, Л.Бат-Эрдэнэ, Э.Мөнхтулга нарыг залилан мэхэлсэн гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож,

2015 оны Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос Г.Т-т 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчилж,

Г.Т-ийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Т-ийн цагдан хоригдсон 254 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож, нийт 3.810.000 төгрөгийг торгох ялаас хасч, торгох ялыг 6.190.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Land cruiser 76” загварын 81-18 ӨМӨ улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Б.Бямбажаргалд, “Тоуота Наrriеr” загварын 32-20 УБП улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Э.Чүлтэмдоржид тус тус буцаан олгуулах,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Т-ийн ар гэрийн хувьд ногдох хөрөнгөөс нийт 90.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Эрдэнэбулганд 66.000.000 төгрөг, хохирогч Д.Доржпүрэвт 24.000.000 төгрөг тус тус олгуулж, иргэний нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэг болон “Тайган булаг” ХХК-ийн гаргасан иргэний нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтын “...Г.Т-ийн ар гэрийн хувьд ногдох хөрөнгөөс” гэснийг “...Г.Тийн хувьд ногдох хөрөнгөөс” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Тоёота Тундра загварын 93-31 УНЯ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Нямдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ж.Нямдоржийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илт үгүйсгэсэн, хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, гэм буруутай этгээд энэ төрлийн гэмт хэргийг дахин ийм аргаар үйлдэхэд ял шийтгэл оногдуулахгүй байх боломжтой мэтээр дүгнэж магадлал гаргасан нь үндэслэлгүй болжээ. Шүүгдэгч Г.Т нь 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нийт 6 удаагийн үйлдлээр бусдаас их хэмжээний мөнгө хөрөнгийг хуурч, залилан мэхлэх аргаар авч 1 жил гаруй хугацаанд амьдралын эх үүсвэрээ болгосон нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараас тодорхой харагдаж байна. Г.Т нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийх бүртээ барилгын ажил гүйцэтгэсэн ажлын хөлс бусдаас авах тухай хохирогч бүрт тайлбарлаж, автомашиныг нь зах зээлийн үнээс өндөр үнээр авна гэж итгүүлэн үнэмшүүлж байсан ба Ж.Нямдорж нь Г.Т-ийн тавьсан “45.000.000 төгрөгөөр таны машиныг худалдан авья” гэх саналыг нь үндэслэн автомашиныг түүний нэр дээр шилжүүлсэн. Автомашины үнэ болох 45.000.000 төгрөгийг төлөхөд яаралтай 12.000.000 төгрөг хэрэгтэй байгаа тул автомашиныг ломбарданд тавих шаардлагатай байна гэж ломбарднаас зээл авах үед миний үйлчлүүлэгч Ж.Нямдорж хамт байлцсан нь үнэн бөгөөд зээлийн гэрээнд хамтран оролцсон, батлан даалт хийсэн зүйл байхгүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх бусад хохирогч нараас хэрхэн, ямар байдлаар ялгаатай гэмт хэргийн шинжгүй үйлдэл байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй нь ойлгомжгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Ж.Нямдоржид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Г.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Г.Т-ийн зарим хохирогч нарыг залилсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Ж.Н-ийн өмгөөлөгч Г.Хэрлэнхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Т нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Эрдэнэбулганы эзэмшлийн “Land Cruiser 76” загварын 81-18 ӨМӨ улсын дугаартай автомашиныг “Хятадуудад зарж мөнгө өгнө” гэж хуурч мэхлэн залилан авч 66.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дээр хохирогч Д.Доржпүрэвийн эзэмшлийн “Toyota Harrier” загварын автомашиныг “Барилга бариулж байгаа, мөнгө нь орж ирэхээр үнийг нь төлнө” гэж хуурч мэхлэн залилан авч 26.000.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 92.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх Г.Т-т прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 128 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн прокуророос Г.Т-ийн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчилж, шүүгдэгч Г.Т-ийг бусдын эд хөрөнгийг залилаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ холбогдох зүйл, хэсэг, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т-ийн хохирогч С.Энхбат, Л.Бат-Эрдэнэ, Э.Мөнхтулга, Ж.Нямдорж нарыг залилан мэхэлсэн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд давж заалдах шатны шүүх “...хохирогч С.Энхбат, Ж.Нямдорж, Л.Бат-Эрдэнэ, Э.Мөнхтулга нарыг хуурч мэхэлсэн, зохиомол байдлыг зориуд бий болгосон, төөрөгдүүлсэн, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул хохирогч Ж.Нямдоржийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүүгийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.Т нь хохирогч Ж.Нямдоржийг залилан мэхэлсэн гэх өмгөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 371 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Н-ийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                                                    Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН