Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2017/00035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Цагаан Уул тэрхэн ХХК-ийн захирал ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 3ах-13 тоотод оршин суух, Огоо овогт Жамсрангийн А /РГ- .................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 5-18 тоотод оршин суух Түмэд овогт Нацагийн Т /ВГ........../-т холбогдох

Түрээсийн төлбөр 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, хариуцагч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 01 дүгээр сарын 20-нд иргэн Н.Ттэй өөрийн эзэмшлийн байрнаас нэг өрөөг сарын 130.000 төгрөгөөр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээнд эхний 15 хоногт хөлсөө төлөхөөр заасан боловч Т нь үүргээ биелүүлээгүй. Харин түлхүүрээ өгөөд гэрээг цуцалж болох байсан боловч ажиллана гэж хэлээд олон сар түлхүүр өгөхгүй явсан.Эхний 2 сарын түрээсийн төлбөр 260.000 төгрөг өгсөн болно.

Иймд Н.Тээс 2015 оны 3 дугаар сарын 20-ноос 2015 оны 8 дугаар сарын 20 хүртэл буюу 5 сарын түрээсийн төлбөрт 650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би байх хугацааныхаа төлбөр мөнгийг өгсөн ба гэрээн дээр маргаан байхгүй. Харин түлхүүр авч явсан нь миний буруу надаа тухайн үед гачигдал гарч миний төрсөн дүү Баянхонгор аймаг цус харавч түлхүүрийг өгч чадалгүй явсан юм. Одоо би ажил төрөлгүй байгаа тул 325.000 төгрөгийг өгч болох юм. Тэрнээс надад 650.000 төгрөг өгөх боломжгүй, түлхүүр өгөөгүй явсан хариуцлагаа хүлээх болно гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Н.Тээс 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Ж.Аийн: ....2015 оны 01 дүгээр сарын 20-нд иргэн Н.Ттэй харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн нэг өрөөг сарын 130.000 төгрөгөөр 1 жил түрээслэх гэрээ хийсэн.... гэх,

Хариуцагч Н.Тийн: ....Ж.Атай түрээсийн гэрээ нэг жилийн хугацаанд сарын 130.000 төгрөгөөр тохирч гэрээ.... гэх, тайлбар, мэдүүлэг болон талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Түрээсийн гэрээнээс дүгнэхэд тэдгээрийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.

Талууд гэрээг бичгээр байгуулж, хүсэл зоригоо гэрээндээ илэрхийлсэн нь хууль зөрчөөгүй ба гэрээ байгуулсан дээр маргахгүй байх тул хүчин төгөлдөр гэрээ байна.

Хуульд эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болохоор заасан ба талууд 1 жилийн хугацаатай гэрээгээ байгуулсан, хариуцагч буюу эд хөрөнгө хөлслөгч нь гэрээний 5.2.3-д заасан үүргээ биелүүлээгүй, 2015 оны 8 дугаар сарын 27-ний өдөр өрөө, түлхүүрээ хүлээлгэн өгсөн, тухайн өдөр гэрээ дуусгавар болсон, мөн хөлслөгч нь гурван сарын турш хөлсөө төлөөгүй байх тул хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч нь гэрээ цуцлаж 2015 оны 3 дугаар сарын 20-ноос 2015 оны 8 дугаар сарын 20-н хүртэлх хугацааны эд хөрөнгө хөлсний төлбөрт 650.000 төгрөг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, 650.000 төгрөг-ийг төлөхгүй гэдгээ нотолж чадахгүй байна.

Зохигчид нь түрээсийн төлбөр үнэ, гэрээ байгуулагдсан, дуусгавар болсон, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаан дээр маргахгүй байна.

Иймд хариуцагч Н.Тээс 650.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ат олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Аийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Тээс 20.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ат олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.3-д зааснаар хариуцагч Н.Тээс 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ат олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.150 /хорин мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СН.Тээс 20.150 /хорин мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ат олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ