| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0420/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/429 |
| Огноо | 2024-10-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/429
2024 10 21 2024/ШЦТ/429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бд холбогдох эрүүгийн 2425000000494 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 03 цагийн орчимд Орхон аймаг******* С багийн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн 00-00 .... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 1.18 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Ч.Б мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Хуулийн өөрчлөлтийн талаар сонсож байсан гэх мэдүүлэг
- эрүүгийн 2425000000494 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, “...драгер 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 1,18% ...гэх баримтууд /хх-ийн 08-р тал/,
-Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 9-р тал/
- Тоёота Приус маркийн 00-00 .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 11-р тал/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16-р тал/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17-р тал/
-Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 18-20-р тал/
-гэрч Б.Эгийн мэдүүлсэн:..”2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө шуурхай удирдлагын төвөөс Орхон аймгийн******* С багийн нутаг дэвсгэрт байрлах 4-н замын уулзвар дээр зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээллийг дэд ахлагч М.Мын хамт аваад очиж шалгахад хоёр приус мөргөлдсөн байсныг замын байцаагчид мэдэгдэж хэмжилт хийсэн. Уг тээврийн хэрэгслийн хоёр жолоочийг албаны алкотест 7510 багаж үлээлгэж шалгахад 0000 .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин 00-00 .... дугаартай тээврийн хэрэгслийг жолооч согтуу байсан. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хасуулсан байсан...” гэх мэдүүлэг , /хх-ийн 22-р тал/
-иргэний нэхэмжлэгч Б.Бийн мэдүүлсэн:..”2024 оны 08 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Орхон аймгийн******* С багийн нутаг дэвсгэрт байрлах 4 замын уулзвараар өөрийн 00-00 улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоод хорооллоос Баянцагаан багийн тосгон руу 1 зорчигчийн хамт явж байтал туслах замаас хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд мөргөчихсөн. Тэгээд цадаагийн байгууллага дуудсан. ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. ...Миний машины урд талын бамфер хамгаалалт, баруун урд талын шаврын хаалт /крыло/, баруун урд талын бамфер машины хамгаалалт түгжээ, баруун урд талын хаалга гажсан, гэрлийн залгуурууд салж унжсан, тээврийн хэрэгслийн хормой баруун талаараа унжсан, баруун урд талын гар тахийсан, амортизатор зэрэг гэмтлүүд гарсан байгаа. 00-00 улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн бичиг баримт нь миний нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа. Миний бие шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гэмтэж бэртсэн зүйл алга. Миний зүгээс машины хохирлыг барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/
-гэрч С.Жгийн мэдүүлсэн:..2024 оны 08 дугаар сарын 16-наас 7-нд шилжих шөнө би Орхон аймгийн******* Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “В” бааранд орсон. Тэнд би эгчийн найз Б гэх*******тэй таарсан. Баар хаагаад харих гэж байтал намайг чи хайчих гэж байгаа юм гэхээр нь харилаа гэхэд хамт явъя дөхөөд буу гэхээр нь приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Бид хоёр Орхон аймгийн******* С багийн нутаг дэвсгэрт байрлах сүмийн уулзвар дээр приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Өөрийнх нь тээврийн хэрэгсэл болохоор тухайн үед жолооч Б эгч барьж явсан. Хажууд нь урд суудал дээр би сууж явсан. Би машинд суугаад юугаа ч мэдэхгүй тасарсан байсан. Чимээгээр сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ин 27-р тал/
-Орхон аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэг, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №29 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-36-р тал/
-Хөрөнгө үнэлгээний “Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 24/827 дугаартай шинжээчийн: “...эвдрэлийг 2,240,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт, /хх-ийн 44-54-р тал/
- Шүүгдэгч Ч.Б яллагдагчаар мэдүүлсэн:.. Намайг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 03 цагийн орчимд Орхон аймаг******* С багийн нутаг дэвсгэрт 00-00 .... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг 1.18 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Би уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна Тухайн өдөр “В” баарнаас гараад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо машинтай мөргөлдсөн. Тухайн үед би туслах замаас орж ирсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 60-р тал/
-хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн Ч.Бд холбогдох 1141 дугаартай зөрчлийн материалын хуулбар /хх-ийн 71-82-р тал/зэргийг нотлох баримтаар судалсан. Шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 03 цагийн орчимд Орхон аймаг******* С багийн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн 00-00 .... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 1.18 хувийн согтууралтай үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерын бичлэг, гэрчийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, гэрч, яллагдагчийн мэдүүлэг,зөрчлийн хэргийн баримт зэрэг бичмэл нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Ч.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусаагүй байхдаа дахин согтууруулах ундаа хэрэглэн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, драгерын заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг,зөрчлийн хэргийн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Ч.Б үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа хүсэж хийсэн санаатай хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, гаргуулах төлбөргүй гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Гэм буруугаа хүлээж байна, өөр саналгүй гэж тус тус дүгнэлт санал гаргасан.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай гэж,
-Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхийн хүрээнд: ялын талаар өөр саналгүй гэж тус тус санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.
Хохирол төлбөр бусад асуудлын талаар:
Иргэний нэхэмжлэгч Батпүрэв эд хөрөнгөдөө учирсан хохирлыг нэхэмжилснийг шүүгдэгч 2,500,000 төгрөг төлж хохиролгүй болгосон байх тул шүүгдэгч нь төлөх төлбөргүйг заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 хоёр сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Бд шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 хоёр сая найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ