Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2017/00480

 

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2017/00480

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багийн баруун дэнжийн 8-3 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ГО82091769/, Боржигон овогт Алтанхуягийн Бурмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 13 дугаар байрны 2-р подволд тоотод оршин суух, /Регистрийн дугаар: АС97030404/, Боржигон овогт Доржхандын Дэлгэрмаад холбогдох

700,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Д.Дэлгэрмаа нь 2016 оны 05 дугаар сарын 20-ноос 2016 оны 06 дугаар сарын 12ны хооронд манай дэлгүүрт зарын дагуу худалдагчаар ирж 22 хоног ажилласан. Би түүнд дэлгүүрээ тоолж хүлээлгэн өгч  орос руу 2 удаа, Архангай аймаг руу 1 удаа явсан. Энэ хойгуур Д.Дэлгэрмаа худалдагчаар ажиллаж байхдаа 1,220,000 төгрөгийн дутагдал гаргаж надад түрхүүр ч өгөхлгүй барааг тоолж хүлээлгэн өгөлгүй орхиж явсан. Би барааг дараагийн худалдагчид тоолж өгөхөд бараанаас 1,220,000 төгрөг дутаж гарсан. Түүн рүү залгахад утсаа авахгүй байснаа би данс руу чинь хийе гэж хэлээд мөнгө өгөөгүй. Би цагдаад өргөдөл өгөхөд би 600,000 төгрөг л өгч чадна цагаан сарын өмнө хойно 2 хувааж өгье гээд харин үсэг зурсан. Одоо хүртэл огт мөнгө өгөөгүй. Би түүний гаргасан дутагдалаас 700,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байгаа тул Д.Дэлгэрмаагаас 700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                                                          ҮНДЭСЛЭХ нь: 

              Нэхэмжлэгч А.Бурмаа нь хариуцагч Д.Дэлгэрмаад холбогдуулан 700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч Д.Дэлгэрмаа нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар болон татгалзаж байгаа үндэслэлийн талаар хариу тайлбараа хуульд заасан хугацааны дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан ба зохигчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцсан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Бурмаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ......”Хариуцагч Д.Дэлгэрмаа нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хооронд манай хүнсний дэлгүүрт худалдагчаар 22 хоног ажилласан боловч ажлаас гарахдаа ажлаа хүлээлгэн өгөлгүй, мөн 1,220,000 төгрөгийг дутагдал гаргасан” гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Д.Дэлгэрмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа бол татгалзлын үндэслэл, тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагч Д.Дэлгэрмаагаас 700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Бурмаад олгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 21,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дэлгэрмаагаас 21,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бурмаад олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Дэлгэрмаагаас 700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бурмаад олгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дэлгэрмаагаас 21,350 төгрөг гаруулан нэхэмжлэгч А.Бурмаад олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                    

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Б.БЯМБАСҮРЭН