Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/14

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,   

Улсын яллагч О.Батнасан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б,  

Шүүгдэгч А.Ба,

Шүүгдэгч, хохирогч Э.А,      

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,       

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А-ийн Ба, Т овгийн Э-ийн А нарт холбогдох 2428002090253 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харьяаллын дагуу шилжүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Биеийн байцаалт: 

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч А.Ба нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 05 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн ... тоот хашаанд Э.А-тай хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж, биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн бугалга, тохойд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.А нь согтуугаар, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 05 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн ... тоот хашаанд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ийн гарыг хазаж, баруун шуунд шарх, зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.       

            ТОДОРХОЙЛОХ нь:    

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Ба, Э.А нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:             

Шүүгдэгч А.Ба шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 05 цагийн орчимд гэртээ бүгдээрээ амарч байсан. Би эхнэртэйгээ зүүн талын орон дээр унтаж байсан. Бага хүү баруун талын орон дээр унтаж байсан. Хүн ороод ирлээ гэж ээжийнхээ гар дээр хүрч сэрээсэн байсан. Тэгээд босоод хартал Э.А орж ирээд зогссон байсан. Тэгээд яах гэж явж байгаа вэ, ямар ажлаар явж байгаа вэ, энд хүмүүс амарч байна гээд аваад гарсан. Өглөөгүүр энэ хүн нэлээн согтуу байсан. Тэгээд манай эхнэр рүү жоохон дайрах үйл явдал болсон тэгэхээр нь би дээрээс нь дарж суусан. Түүнээс болоод биед нь гэмтэл учирсан байх. Иргэний үүргээ биелүүлж цагдаад хүлээлгэж өгсөн гэв.

Шүүгдэгч Э.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 05 цагийн орчимд Г.Ц-гийнд орхисон байсан таавчигаа авах гээд очтол хаалга нь цоожтой байсан. Хаалгыг нь тогштол А.Ба гарч ирээд учир зүггүй цохиод эхэлсэн тэгэхээр нь би хэвтээд өгсөн. Тэгсэн чинь миний гарыг мушгиад байсан. Тэгээд цаанаасаа хүн дуудсан. Тэр хүн нь ирээд хоолой ам боогоод байсан. Би гар хугаллаа гээд хашхирсан. Би гэр рүү нь ороогүй. Хоёулаа нийлж гар хугалах шахсан. Нэг нь босоод явангуут би өөрийгөө тавиулах гээд тухайн үед гарыг нь хазсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг авч явсан. Эмч миний гэмтлийг үзсэн гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хуульд заасны дагуу А.Ба-эс нэхэмжилж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс Б.Ц-ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож ажиллаж эхэлсэн. Ингээд Цагдаагийн газар очиж байцаалтад оролцсон. Ингэхэд Б.Ц Э.А гэдэг хүнд гартаа хазуулаад гэмтэл учирсан байсан. Сэтгэцэд учирсан хохирол төлбөрт нийт 8,573,400 төгрөг нэхэмжилж байгаа. Насанд хүрээгүй хүүхэд гэмтэж хохирсон учраас гомдолтой байгаа. Б.Ц-ийн хувьд анги болон сургуульдаа нэр хүндтэй. 4 дүгээр анги хүртлээ сурлага сайтай, олимпиадуудад оролцдог медальтай, шагналтай хүүхэд байсан. 5 дугаар ангиасаа хойш сэтгэл санаа нь тогтворгүй, сурлагадаа муу болсон гэж багш нь хэлсэн. Б.Ц чөлөөт бөхөөр хичээллэдэг хүмүүжлийн хувьд төлөв даруу сургууль дээрээ ямар нэгэн асуудал гаргадаггүй хүүхэд байгаа. Хүмүүстэй уулзаад явж байхад энэ хүүхдийг тийм зантай гээд муу үг хэлсэн багш, эцэг, эх ерөөсөө байгаагүй. Сүүлийн үед аймхай, сэтгэл санаа нь тогтворгүй, түгшүүртэй байгаа. Э.А-ийг хэзээ ороод ирэх бол, хаана таарах бол гэсэн маш их айдастай байгаа. Э.А эмээгийндээ байхад нь агсам согтуу тавьсан. Өөрөө зугтаад дэлгүүрт очиж нуугдсаныг нь дэлгүүрийн хүмүүс нотолж байгаа. Ингээд үзэхэд хүүхдийн сэтгэцэд хохирол учирч байгаа. Хүний биеийн шарх арилдаг харин сэтгэлийн шарх арилдаг. Энэ хүүхэд дөнгөж өсвөр насны хүүхэд тиймээс маш сайн харилцаж хүүхдийн сэтгэл зүйг тогтвортой болгохгүй бол өсвөр насны эрэгтэй хүүхэд нэг буруу замаар орвол маш их хохиролтой. Тийм учраас үүнд маш их гомдолтой байгаа. Сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг Э.А-аас гаргуулах асуудлыг холбогдох хүмүүстэй ярьсан. Байцаагчид нь хэлэхэд Э.А гэдэг хүн бас хохирол төлбөр гаруулж байгаа тиймээс адилхан нэгнээс нь аваад нэгэнд нь өгчих юм байна. Заавал ингэх хэрэг байна уу гэж хэлсэн. Би энэ дээр тохиролцохгүй. Тийм зүйл байхгүй гэдэг зүйлийг байцаагчид нь хэлсэн. Энэ 2 хүний хоорондын асуудал тусдаа асуудал. Б.Ц бол хүүхэд, тиймээс би энэ хүүхдийн л хохирлыг барагдуулж байгаа болохоос наад хүмүүсийн хоорондын тохиролцоо надад хамаарахгүй гэж хэлсэн. Би бодохдоо намайг сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжлэхээр дагаад сэтгэцэд учирсан хохирол төлбөр тогтоолгож байна уу гэсэн дүгнэлт надад байгаа. Г.Ц-гийн 2 хүүхэд энэ 2 хүний хүүхэд биш өөр хүний хүүхэд. Энэ удаад би ганц Б.Ц-ийн хууль ёсны төлөөлөгчөөр орж байгаа. Гэхдээ бага хүүхэд ч гэсэн айдас түгшүүртэй байгаа. Тэр хүүхдүүдэд ямар ч байсан сэтгэл зүйн эмчилгээ шаардлагатай гэж бид нар үзсэн. Тийм учраас хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ кейс нээгээд энэ жил бид нар төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа гэв.  

Насанд хүрээгүй хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тус шөнө манай гэрийнхэн унтаж байхад А гэдэг хүн манай гэрт ороод ирсэн байсан ба А гэдэг хүнийг манай гэрт орж ирснийг манай бага дүү эхэлж хараад аав, ээжид хэлж сэрээсэн. Манай аав болох Ба А гэдэг хүнийг гэрээс аваад гарсан би хамт дагаад гарсан. Гэрийн гадаа гараад манай аав болох Ба нь А гэдэг хүний шилэн хүзүүн дээр дараад газар суулгасан ба намайг А гэдэг хүнийг түр дараад байж бай гэж манай аав болох Ба надад хэлчихээд хашааны хаалга онгойлгох гээд явсан. Тэгээд би А гэдэг хүний шилэн хүзүүн дээр нь дараад байж байтал А гэдэг хүн миний баруун гарын шуу хэсэгт шүдээрээ хазсан ба удаагүй цагдаа нар ирээд А гэдэг хүнийг аваад явсан. Гомдолтой байна, энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлмээр байна. А гэдэг хүнийг манай гэрээр ирүүлмээргүй болгож өгмөөр байна... Хуульд заасны дагуу хохирлоо нэхэмжилнэ. Шүүх хуралд оролцохгүй. Миний хохирлыг А барагдуулаагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна. (хавтаст хэргийн 22-23, 25 дахь тал)   

Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 23-ны өглөө үүрээр 05 цагийн үед би согтуу явж байгаад Ц-гийн гэрээс таавчигаа авах гээд очтол танихгүй нөхөр нь гээд залуу хаалгыг нь тогштол үгийн зөрүүгүй намайг барьж цохиод доошоо хэвтүүлээд гар мушгисан. Араас нь нэг залуу гарч ирээд хамт гар мушгиад байхаар нь би гар тавь гар хугаллаа гэсэн чинь миний амыг таглаад байхаар нь би гарыг нь хазаж тавиулсан. Удалгүй цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн. ...Ц-гийн нөхөр гэх залуу намайг дарж унагаад 2 гарыг ард мушгисан. Бас миний нүд рүү цохисон. Надад санал хүсэлт, гомдол байхгүй байна. (хавтаст хэргийн 28 дахь тал)      

Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнийн 05 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг, ... тоотод байх манай гэрт манай хуучин нөхөр болох А ороод ирсэн зогсож байсан. Тэгээд манай гэрийнхэн сэрээд манай нөхөр болох Ба босоод Аийг гэрээс аваад гарсан ба гэрийн гадаа чамд юу хэрэгтэй юм, ямар учраас чи айлд шөнийн 05 цагт ирж байгаа юм гэж хэлэхэд тухайн үед А нь манай нөхрийг хэл амаар доромжлоод дайраад байхаар нь манай нөхөр Ба нь А-ийг барьж аваад газар унагаад нуруун дээрээс нь дараад хоёр гарыг нь хөдөлгөхгүй байдалтай байлгахаар дээр нь суусан. Тухайн үед би босоод цагдаад дуудлага өгсөн байсан ба цагдаагийн хүмүүсийг иртэл манай нөхөр Ба А-ийг дээрээс нь дараад сууж байх үйлдэл хийсэн боловч тэр хугацаанд манай нөхөр Ба ядраад ус уух гээд түр босоод миний хүү энийг түр дарж бай гээд Ц-ийг дуудаад А-ийн нуруун дээрээс даруулж суулгаад ус уух хооронд манай хүүхэд Ц гэнэт орилохоор нь юу болов оо гээд харсан чинь А нь манай хүүхэд болох Ц-ийн баруун талын гарын шуу хэсгийг шүдээрээ хазсан байхаар нь нөхөр бид хоёр А-т яагаад хүүхдийн гар хазчихваа чи гээд хэлээд байж байтал цагдаа нар ирсэн ба Аийг цагдаагийн газар руу аваад явсан.” (хавтаст хэргийн 30-31 дэх тал)    

Шүүгдэгч А.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнийн 05 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг, ... тоотод байх манай гэртээ амарч байхад үл таних дээгүүрээ хувцасгүй доогуураа шорттой залуу ороод ирсэн. Тухайн үед манай бага хүү гэрт үл таних хүн ороод ирснийг мэдээд орноосоо босоод ирэхэд нь би дагаад боссон. Би гэрт орж ирсэн үл таних залуу дээр очоод хэн бэ яах гэж байгаа юм манай гэрээс гар гээд би тухайн үл таних залуугийн мөрнөөс нь түлхээд гэрээсээ гаргасан. Тухайн үл таних залууг гэрээс гарахад манай эхнэр хүүхдүүд сэрээд миний араас дагаад гэрээс гараад ирсэн. Тухайн үл таних залуу манай эхнэр болох Ц-г таньдаг ба өмнө нь манай эхнэртэй хамтран амьдарч байсан юм байна лээ. Тэгээд манай эхнэр Ц тухайн үл таних залууг чи яах гэж манайд ирсэн юм гэж хэлэхэд тухайн үл таних залуу манай эхнэр Ц-г хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би эхнэртээ цагдаа дууд гэж хэлээд эхнэр Ц-аар цагдаад дуудлага өгүүлсэн. Би тухайн үл таних залууг чи цагдаа иртэл байж бай гэж хэлээд тухайн үл таних залуугийн араас нь тэврээд газар суулгасан ба тэгж суугаад 30 орчим минут болсон. Цагдаа нар манай хашааны гадаа ирэхээр нь би хашааныхаа хаалгыг онгойлгох гээд өөрийн хүүхэд болох Ц-ийг үл таних залууг барьж бай гэж хэлээд явахад үл таних залуу миний араас хэл амаар доромжилсон ба намайг хашааны хаалгаа онгойлгочхоод буцаад ирэхэд үл таних залуу манай хүүхэд болох Ц-ийн баруун гарын шуу хэсгээс шүдээрээ хазсан байсан. Цагдаа нар манай хашаанд орж ирээд тухайн үл таних залууг гавлаад авч явсан. (хавтаст хэргийн 33-34 дэх тал)  

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 374 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Ц-ийн биед баруун шуунд шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Ц-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 39-40 дэх тал)  

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 373 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.А-ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн бугалга, тохойд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Э.А-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 44-45 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60, 73  дахь тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62, 75 дахь тал)

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 66, 76 дахь тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63, 78 дахь тал)

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 64-65 дахь тал)

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 69-72 дахь тал)

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын ..-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 80-84 дэх тал)

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 85-87 дахь тал)

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 97-105 дахь тал)

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 88-96 дахь тал)

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хавтаст хэргийн 106, 108 дахь тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Ба, Э.А нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Ба, Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, шүүгдэгч А.Ба-эс сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А-т олгох, шүүгдэгч Э.А-аас насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид тус тус олгох үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нь насанд хүрээгүй хүүхэд гэмтэж хохирсон учраас гомдолтой байна. Б.Ц-ийн хувьд анги болон сургуульдаа нэр хүндтэй, 4 дүгээр анги хүртлээ сурлага сайтай, олимпиадуудад оролцдог медальтай, шагналтай хүүхэд байсан. 5 дугаар ангиасаа хойш сэтгэл санаа нь тогтворгүй, сурлагадаа муу болсон гэж багш нь хэлсэн. ...Сүүлийн үед аймхай, сэтгэл санаа нь тогтворгүй, түгшүүртэй байгаа. Э.А-ийг хэзээ ороод ирэх бол, хаана таарах бол гэсэн маш их айдастай байна. Э.А-ийн хувьд өөрөө ийм үйлдэл хийчхээд сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Намайг сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжлэхээр зэрэгцээд барьцаж байгаа юм шиг ийм үйлдэл гаргаж байна гэж би хувьдаа үзэж байна. Сэтгэцэд учирсан хохирол төлбөрт нийт 8,573,400 төгрөг нэхэмжилж байна гэх,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А-ийн зүгээс би Б.Ц гэдэг хүүхдийг гэрт нь ороод хазаагүй. Би хаалга тогшиход нэг хүн гарч ирээд нүүр рүү цохисон. Би хамраа дараад доошоо хэвтсэн. Дээрээс гар мушгиад байсан. Би тэр хүнийг Б.Ц байна гэж бодоогүй. 2 хүн нийлээд гар мушгиад хугалах шахсан. Би сэтгэцэд учирсан хохирлыг шүүхийн тогтоосон хэмжээгээр нэхэмжилнэ гэх,   

шүүгдэгч А.Ба нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх, шүүгдэгч Э.А нь миний буруу дахин ийм хэрэг үйлдэхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А.Ба нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 05 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн ... тоот хашаанд Э.А-тай хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж, биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн бугалга, тохойд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.А нь согтуугаар, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 05 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн ... тоот хашаанд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ийн гарыг хазаж, баруун шуунд шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.      

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ба, Э.А нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23, 25 дахь тал), хохирогч Э.А-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), гэрч Г.Ц-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 373 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 374 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал), шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, насанд хүрээгүй хохирогч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.      

Шүүгдэгч А.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.А-ийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн бугалга, тохойд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 373 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал)-ээр,

шүүгдэгч Э.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Цийн эрүүл мэндэд баруун шуунд шарх, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 374 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал)-ээр тус тус тогтоогдож байна.       

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч А.Ба, Э.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.  

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч А.Б-ийн хохирогч Э.А-ийн, шүүгдэгч Э.А-ийн насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч А.Ба нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А-ийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн бугалга, тохойд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Э.А нь насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн эрүүл мэндэд баруун шуунд шарх, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б, хохирогч иргэний нэхэмжлэгч Э.А нарын зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,573,400 төгрөгийг тус тус нэхэмжилсэн болно.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэж, мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж хуульчилсан байна.      

Мөрдөгчийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу хоёрдугаар зэрэглэл (хавтаст хэргийн 106 дахь тал)-ээр, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу хоёрдугаар зэрэглэл (хавтаст хэргийн 108 дахь тал)-ээр тус тус тогтоосныг насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А нар нь хүлээн зөвшөөрсөн байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогч нарын нас зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж тэдний сэтгэцэд учирсан хор уршгийг өөр өөр тогтоож шийдвэрлэлээ.     

Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул хохирогчийн иргэний нэхэмжлэгч Э.А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,960,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,280,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хангаж, үлдэх насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарын нэхэмжлэлээс 3,293,400 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Аийн нэхэмжлэлээс 4,613,400 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.                   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Э.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нь улсын яллагчийн гаргаж байгаа дүгнэлт дээр маргах зүйл байхгүй. Цаашид яах вэ гэдэг асуудал миний хувьд тулгарч байна. Хүүхдийн аюулгүй байдлыг яаж хамгаалж чадах вэ гэдэг тал дээр баталгаа ч юм уу гаргуулж авмаар байна. ... Э.А-ийн хувьд дахин ийм алдаа гаргахгүй гэдгийг юугаар батлах вэ гэж хэлмээр байна гэх,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А-ийн зүгээс би дахин очихгүй гэдгээ өөрт нь хэлсэн. Би Ханбогд суманд ажил төрөлтэй болсон. Тэндээ амьдарна, миний очоод байдаг асуудал нь би 6 жил хөдөлмөрлөж олсон байшин, машин зэргийг өгсөн. Тэгээд өөрөө бас намайг гадагшаа гаргана гэж хууран мэхэлж намайг тухайн өдөр очуулах ажлаа өөрөө хийсэн байх гэж боддог гэх,

Шүүгдэгч А.Ба, Э.А нар нь хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Ба, Э.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.      

Шүүгдэгч А.Ба, Э.А нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.         

Шүүхээс шүүгдэгч А.Ба, Э.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас хөнгөн буюу торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял, Э.А-ийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.                  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ба, Э.А нарын тус бүрд шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.   

Бусад асуудлаар.    

Шүүгдэгч А.Ба, Э.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ба, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

Шүүгдэгч А.Ба, Э.А нар нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн А-ийн Ба, Т овгийн Э-ийн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ба, Э.А нарын тус бүрд шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ба, Э.А нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-аас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянга) төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарт, шүүгдэгч А.Ба-эс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,960,000 (гурван сая есөн зуун жаран мянга) төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ат тус тус олгож, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарын нэхэмжлэлээс 3,293,400 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу) төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А-ийн нэхэмжлэлээс 4,613,400 (дөрвөн сая зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуу) төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч А.Ба, Э.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Ба, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ