Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2021/03425

 

2021 12 20 184/ШШ2021/03425

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б, 00 дүгээр хороо, к 00-000 тоот хаягт бүртгэлтэй, Б дүүрэг, 00 дүгээр хороо, Б плаза 00 тоот хаягт байрлах Д ХХК /0000000/,

Хариуцагч: С дүүрэг, 00 дугаар хороо, х хотхон, д0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух М овогт Д Э /РД: 0000000/,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа 1,298,000 төгрөг, илүү шилжүүлсэн 847,800 төгрөг, нийт 2,145,800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлд 2021 оны 11р сарын 04ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК нь Д.Э холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа 1,290,000 төгрөг, илүү шилжүүлсэн 847,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д ХХК нь иргэн М овогтой Д Э /РД:000000/-тай 2 гэрээ байгуулсан, 2021 оны 3-р сарын 25-ны өдөр 21/33 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан бөгөөд ажлын хөлсийг тухай бүр гүйцэтгэлийн дагуу ямар нэгэн саадгүй өгдөг байсан.

Д.Э нь 2021 оны 7-р сарын 09-ний өдөр манай компанийн дараагийн барилгад өрлөгийн ажил хийхээр харилцан тохиролцож 21/97 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан урьдчилгаа 1,298,000 төгрөгийг авсан ингэхдээ Д.Э нь гэрээний дагуу ажил хийж гүйцэтгээгүй тохиолдолд 10 хоногийн дотор урьдчилгаанд авсан мөнгөө буцаан өгөхөө гараар бичиж өгсөн.

Мөн Барилгын ажил гүйцэтгэх 21/33 тоот гэрээний дагуу хийгдсэн ажлын гүйцэтгэлийн баталгаа болох 94,200 төгрөгийг шилжүүлэхдээ манай компаниас андууран 942,000 төгрөгийг шилжүүлснийг Д.Э мэдэгдэж компанид буцаан шилжүүлэхийг хэлсэн ч буцаан өгөөгүй.

Д.Э нь 2021 оны 7-р сарын 30-ны өдрөөс ажил эхлэх үед 21/97 тоот гэрээний ажлын хөлс дээр бараа материалын зөөвөрт 500,000 төгрөг нэмж өгнө үү хэрэв зөвшөөрөхгүй бол урьдчилгаанд авсан мөнгөө 10 хоногт гаргаж өгнө гэсэн дахин нэг хүсэлт гаргасан. Компанийн зүгээс материалын зөөвөрт мөнгө нэмж өгөхийг зөвшөөрч Д.Э лөгийн ажлаа хийхээр болсон.

Гэтэл Д.Э нь 2021 оны 8-р сарын 02-ны өдрөөс ямар нэгэн харилцаа холбоо байхгүй гэнэт сураггүй болсон нэхэмжлэгч талын инженер, нягтлан бодогч, захирал удаа дараа холбогдох гэж оролдсон боловч утсаа авахгүй холбогдохгүй байсан. Үүний дараа 2021 оны 8-р сарын 09-ний өдөр Д.Э холбогдож урьдчилгаанд авсан мөнгөө мөн гүйцэтгэлийн баталгааны андууран шилжүүлсэн мөнгийг буцаан өгөөрэй, компанийн санхүүтэй тооцоо нийлээд акт үйлдэх шаардлагатай байна гэхэд за гэж хэлээд ирээгүй, дахин холбоо барих гэхэд утсаа авахгүй холбогдохгүй байна.

Иймд Монгол улсын Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн хариуцагч Д.Э ажлын хөлсний урьдчилгаанд авсан мөнгө 1,298,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны андууран шилжүүлсэн 847,800 төгрөг нийт 2,145,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Д.Э миний бие Д ХХК-ний нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие тус компанитай 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 21/97 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан урьдчилан 1,298,000 төгрөг авсан нь үнэн.

Гэхдээ компани материал түүхий эдээр хангахгүй удсаны улмаас хамт ажиллах гэж байсан хүмүүс өөр ажил хийх болоод ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Би энэ урьдчилгаа мөнгөнөөс дараах мөнгийг суутгаад үлдэгдлийг нь өгөхийг бол зөвшөөрч байна.

Үүнд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 21/33 тоот гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 104,000 /барьцаа 10 хувь/ төгрөг буцааж авах байсан ч аваагүй. Тухайн газар ажиллаж байхдаа ашиглаж байсан усны гар ноцосс гэх багаж шланк 15 метр урт хамт тус компанид үргэлжлүүлэн ашиглуулсан. Энэ багажны үнийг тус компани надад өгөхөөр ярьсан юм. Багаж 160,000 төгрөг, шланк 60,000 төгрөг, нийт 220,000 төгрөг болно.

Мөн би 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн гэрээт ажлын дагуу Баянзүрх дүүргийн эмнэлгийн ар талд баригдаж Д хотхоны С блокний хоёрдугаар давхарт өрөө хоорондын блокон хана хийж гүйцэтгэсэн. Тус ажил 500,000 төгрөг болно.

Ингээд нийтдээ 824,000 төгрөг хасуулах саналтай байна. Ингээд урьдчилгаанд авсан 1,298,000 төгрөгөөс хасахаар одоо миний төлөх мөнгөн 474,000 төгрөг болно. Үүн дээр мөнгөн дүгнэлт 0-ын тоо андуурч шилжүүлсэн 847,800 төгрөг бол буцааж өгөхийг зөвшөөрч байна.

Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 1,321,800 төгрөг эргүүлэн төлөхийг зөвшөөрч байна. Харин улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-28-29/

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Д.Э Д ХХК-д гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 3 дахь тал/, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Д.Э Д ХХК-д гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 4 дэх тал/, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0000 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хавтаст хэргийн 5-9/, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 21/97 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хавтаст хэргийн 10-14/, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэлийн хуудас /хавтаст хэргийн 15/, нэхэмжлэх баримт /хавтаст хэргийн 16 дахь тал/, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөрийн баримт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хаан банкны шилжүүлэгийн мэдээлэл /хавтаст хэргийн 19-20 дахь тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлээс 1,541,800 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 604,000 төгрөгийннэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд ... Д.Э 2 удаа гараар бичиж, урьдчилгаанд авсан 1,298,000 төгрөг, 847,800 төгрөг илүү шилжүүлсний төлнө гэсэн баримт байна. гэж,

хариуцагч Д.Э нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Бараа материал хугацаандаа хүлээлгэн өгөөгүйгээс надтай хамт ажиллаж байсан ажилчид ажлыг орхин явснаар би өөрөө ганцаараа 2021 оны 8-р сарын 02-ны өдрөөс 4 хоног хана өрж дуусгасан, хөлс 500,000 төгрөгийг хасуулах, 220,000 төгрөгийн үнэтэй шинэ багажийг авч үлдсэн, авч чадаагүй үнийг хасуулах, Б блокны техникийн давхрын барьцаа мөнгийг хасуулна гэв.

нэхэмжлэгчээс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Д.Э Д ХХК-д гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 3 дахь тал/, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Д.Э Д ХХК-д гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 4 дэх тал/, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 21/33 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хавтаст хэргийн 5-9/, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хавтаст хэргийн 10-14/, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэлийн хуудас /хавтаст хэргийн 15/, нэхэмжлэх баримт /хавтаст хэргийн 16 дахь тал/, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөрийн баримт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хаан банкны шилжүүлэгийн мэдээлэл /хавтаст хэргийн 19-20 дахь тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 3-р сарын 25-ны өдрийн 21/33 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 7-р сарын 09-ний өдрийн 21/97 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, ... урьдчилгаа 1,298,000 төгрөгийг авсан, буцаан өгөх тухай гараар бичвэр, илүү шилжүүлсэн 847,800 төгрөгийг шилжүүлсэн тухай нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2021 оны 3-р сарын 25-ны өдрийн 21/33 тоот, 2021 оны 7-р сарын 09-ний өдрийн 21/97 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Д.Э ажлын хөлс, урьдчилгаанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 2,145,800 төгрөг шилжүүлжээ.

Талуудын маргааны зүйл нь: хариуцагч 2021 оны 3-р сарын 25-ны өдрийн 21/33 тоот гэрээний дагуу хийгдсэн ажлын барьцаа 104,000 төгрөгийг өгөөгүй тул шаардлагаас хасуулах, ... 21/97 тоот гэрээний үүрэгт 500,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгээгүй тухай байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 3-р сарын 25-ны өдрийн 21/33 тоот гэрээний барьцаа, үлдэгдэл 104,000 төгрөг үлдсэн тухай, хариуцагч Д.Э нь 2021 оны 7-р сарын 09, 30-ны өдрүүдэд илүү шилжүүлсэн 847,800 төгрөг, урьдчилгаанд 1,298,000 төгрөг авсан болон нэхэмжлэлийн шаардлагаас нийт 1,321,800 төгрөгийг зөвшөөрч маргаагүй байна.

Зохигч хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 3444 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.,

Энэ хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 346.2-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө., Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө.

Хариуцагчид гүйцэтгэлийн хуудас нь байхгүй боловч энэ хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх; гэж зааснаар 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 21/97 тоот гэрээнд заасан 4 ханын ажлын хийж гүйцэтгэсэн, ажлын хөлс 500,000 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнө урьдчилгаанд 1,298,000 төгрөг шилжүүлсэн байх ба хариуцагчийн 4 ханын өрлөгийн ажил /2021 оны 7-р сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдрийн/-ын хөлс 500,000 төгрөгийг хасахад 798,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн илүү шилжүүлсэн 847,800 төгрөгийг хариуцагч үгүйсгэж, маргаагүй, талуудын хооронд аливаа гэрээний харилцаа, үүрэг үүсээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болох бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 21/33 дугаартай гэрээг хугацаагүй байгуулсан байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д .Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно. гэж тус тус зааснаар хөлс төлөх, хугацаа, ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацаанд нэхэмжлэл гаргаагүй 6 сарын хугацаа өнгөрсөн зэргээс үзэхэд хариуцагчид 104,000 төгрөгийг нэхэмжлэгч тал төлөх үүрэгтэй, үүнийг шаардлагаас хасч тооцохоор байна.

Түүнчлэн энэ хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх;, энэ хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ. гэж зааснаар ажил гүйцэтгэгч Д.Э тогтоосон хугацаанд ажлыг гүйцэтгэсэн байх бөгөөд түүний ажлыг доголдолгүй гэж үзэх тул 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 21/33 дугаар гэрээний ажлын гүйцэтгэлийн 104,000 төгрөг барьцааг нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх үүрэгтэй.

Хариуцагч Д.Э нь 2021 оны 8-р сарын 02-ны өдөр хүртэл ажиллаад ажлаа орхиж явсан байх бөгөөд 220,000 төгрөгийн багажийг нэхэмжлэгчид үлдээсэн тул үнийг хасч тооцуулахаар тайлбар гаргасан боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, түүнчлэн эд хөрөнгийг нэхэмжлэгчид өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул уг үнийн дүнг шийдвэрлэх, хасч тооцох, харилцан тооцох боломжгүй байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 847,800 төгрөг, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар 1,298,000 төгрөг нийт 2,145,800 төгрөгөөс барьцаа болон ажлын хөлс 604,000 төгрөгийг хасч буюу хэрэгсэхгүй болгож үлдэх 1,541,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т ...шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулах-аар заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39,618 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Э нэхэмжлэлийн шаардлага 1,541,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 604,000 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчД.Э 39,618 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН