| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/15 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/15
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н,
Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Т-ын Э-д холбогдох 2428002850269 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харьяаллын дагуу шилжүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нарийн сухайт Шивээ хүрэн хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 19 дахь километрт “Toyota prius alpha” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж осол гаргасны улмаас иргэн Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Э-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 10 дугаар сарын 6-нд бид 4 нийлж ууж байгаад гол руу гарж хоноод ирье гээд хойшоо явж байтал Я.Г-ын машин унтраад тэгээд бид нар түрээд асаагаад өгтөл Я.Г түрүүлээд яваад өгсөн. Тэгээд бид нар араас нь явж байгаад поошиг руу ордгийн тэнд замын хажуу руу унасан. Тэгээд машинаас гарч ирээд байж байтал цагдаа эмнэлгийнхэн ирсэн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би одоогоор 2 хөл дээрээ зүгээр явж байгаа мэт харагдаж байгаа боловч цаашид миний эрүүл мэндэд ямар үр дагавар, хохирол учрахыг би мэдэхгүй жоохон айдастай байна. Архи ууж яваад ийм хэрэгт холбогдсоноо ах, дүү нартаа хэлээгүй, өөрөө ингээд явж байна. Өдөр тутам өвчин намдаах эм ууж байгаа. Бие сэтгэлийн хувьд хүнд байгаа. Эрүүл мэндийн хувьд маш их хохирсон. Удаан явж, сууж чадахгүй, 2 тийшээ харж хэвтэж чадахгүй зовуурь ихтэй байгаа. Сэтгэцэд учирсан хохирол төлбөрийн дөрөвдүгээр зэрэглэл тогтоогдсон. Энэ дүгнэлтийн дагуу сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байгаа. Тухайн осол болсон газрын эмийн сан нь баримт өгдөггүй байсан учраас надад өгөх зүйл байгаагүй. Сүүлд Улаанбаатар хотод очоод эм авсан баримтуудаа хавсаргаж өгсөн байгаа. Осолд орсны дараа манай нөхөр намайг асраад сар гаруй хугацаанд ажил хөдөлмөрөө эрхэлж чадаагүй. Манай нөхөр том тэрэгний жолооч сард 4,000,000-5,000,000 төгрөгийн цалинтай байсан. Хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 18 цагийн үед Э Т 2 манайд ирээд салхинд гарах уу гэхээр нь би тэгье гэж хэлээд манайд бид нар 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи уугаад хоол идээд орой 20 цагийн үед би Гын машинд сууж явсан. Харин Э машинаа бариад Т хажууд нь суугаад бид 4 хамт Сугантын гол явахаар болоод 2 машинтай явсан. Явж байсан чинь манай машин эвдрээд зогссон. Тэгээд Т, Э нар араас ирээд бид нар 1 шил 0.75 граммын архи хувааж уугаад очих газраа олохгүй бас гэгээ тасраад бид нар буцаж гэр рүүгээ явахаар болоод Г-ын машиныг бид нар түрж асаасан чинь Г машинтайгаа түрүүлээд гэр рүүгээ явсан. Араас нь бид 3 Э-гийн машинд сууж явсан. Э машин барьж, Т жолоочийн хажууд суусан би арын суудал дээр сууж явсан. Миний санаж байгаагаар нэг машин манай машины урд явж байсан тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд баахан хүн ирчихсэн цагдаа ирчихсэн байсан... Би хуулийн дагуу асуудлаа шийдүүлмээр байна. Надад эмчилгээний зардалд 3 сая төгрөг зарцуулсан. Би П гэх газрын эмийн сангаас эм авахад надад баримт өгөөгүй, тэнд гардаггүй юм байна лээ. Тиймээс би гарсан эмчилгээний зардлаа төлүүлмээр байна. Манай нөхөр намайг хараад ажлаа хийгээгүй ажиллаж байсан бол 4-5 сая төгрөг олох байсан энэ мөнгөө гаргаж авмаар байна.” (хавтаст хэргийн 12 дахь тал)
Иргэний нэхэмжлэгч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл би банк бусад төлбөрийг нь төлж дуусаад 7 хонож байхад миний машин осолд орсон. Гэхдээ би банк бусаас шилжүүлж авч амжаагүй байна. Миний машин одоо Хас, Хаан гэх банк бусын нэр дээр байна. Би банк бустайгаа холбогдоод өргүй гэсэн бичиг гаргаж өгвөл хэрэгт хавсаргана. Банк бус өөрийн биеэр очсон тохиолдолд өргүй гэсэн бичиг өгдөг гэж хэлсэн. Надад банк бусад төлж дуусгасан дансны хуулга байна. Үүнийгээ хэрэгт хавсаргана. Би нэхэмжлэхгүй. Э бид хоёр хамтран амьдрагч.” (хавтаст хэргийн 15 дахь тал)
Гэрч Я.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 17 цагийн үед манайд Т, Э нар ирсэн. Миний машиныг эвдэрсэн гэж сонсоод засаад өгье гээд манайд тэр 2 хоол идэж цай уугаад Э архи байна уу гэхээр нь би 1 шил 0.75 граммын Хараа гаргаж өгөөд Э, Т, Н нар хувааж уусан. Би 2-3 хундага татсан. Э миний машины галыг тохируулаад миний машин ассан. Удалгүй Э, Т хоёр Сугантын гол орж хоноод ирье гэхээр нь би тэгье гээд өөрийн машиндаа Н-ыг суулгаад явсан, харин Т, Э хоёр өөрсдийн машинтай явсан. Гэрээс гараад 10 гаруй км яваад миний машин унтарсан. Тэгээд хэн нь архи гаргаж ирснийг мэдэхгүй байна нэг архи гаргаж ирээд Э, Т, Н нар хуваагаад ууж байгаа харагдсан. Миний машин унтарсан байсан учир би хөдөө машинаа хаяад явж болохгүй гээд архи уугаагүй. Тэгээд архи нь дуусаад тэр 3 миний машиныг түрж асаагаад өгөхөөр нь би түрүүлээд машинаараа ганцаараа гэр рүүгээ явсан. Тэр 3 ард үлдсэн. Гэртээ хариад 15 минут болсон чинь Т залгаад осол болсон хурдан ир гэхээр нь би очсон чинь машин нь осолдчихсон Т, Э хоёр гадаа гарчихсан Н машинаас босож ирэхгүй байна гээд байж байхаар нь би машины урд цонхоор Ныг гаргасан. Тэгээд цагдаа эмнэлэг дуудсан.” (хавтаст хэргийн 19 дэх тал)
Гэрч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 17 цагийн үед Г гэх айлд хоол идэж байгаад Г, Н, Э бид 4 нийлж 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад дууссан чинь Сугантын гол гэх газар руу бид 4 хамт явахаар болсон. Тухайн үед миний машин болон Г нарын машинтай хоёр хоёроороо суугаад явахаар болсон. Тэгээд бид нар гэрээсээ гараад 35 орчим км явж байхад Г-ын машин эвдрээд бид нар зогсож машинд байсан 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архиа дөрвүүлээ хувааж уугаад Г машиндаа суухаар нь бид 3 машиныг нь түрж асаасан чинь түрүүлээд гэр рүүгээ яваад өгсөн. Бид 3 араас нь машинаа асаагаад би жолоочийн хажуу талд суугаад, Э машин бариад Н арын суудалд суугаад явж байтал гэнэт манай машин замаас гараад өнхөрсөн. Тэгээд би машин дотор байхдаа Э, Н хоёрыг гайгүй юу гэсэн чинь гайгүй гэж хэлсэн. Би хажуу талын цонхоо хагалаад машинаас гарсан чинь араас Э миний гарсан цонхоор гарч ирсэн. Би утсаа хайсан чинь машин дотор дуугарч байсан. Тэгээд утсаа автал Г залгаж байсан утсаа аваад бид 3 осолд орсон гэж хэлсэн чинь Г ирээд Н-ыг манай машин дотроос гаргаж аваад араас нь эмнэлэг цагдаа ирсэн.” (хавтаст хэргийн 21 дэх тал)
Шүүгдэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 17 цагийн үед Гын гэрт Ттай хамт очоод гэрт нь Г, Н, Т бид дөрөв 1 шил 0.75 граммын архи хувааж уугаад Сугантын гол орохоор 18 цагийн үед гэрээс нь Т бид хоёр Т-ын машинтай, Н, Г хоёр өөрсдийн машинтайгаа гарсан. Замд 30-аад км явж байхад Г-ын машин эвдрээд бид дөрөв 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад Г-ын машиныг түрж асаасан чинь тэр чигээрээ машинтайгаа гэр рүүгээ явчихаар нь Н, Т бид гурав Тын машинтай би жолоог нь бариад явж байтал “Поошиг” гэх газраас 500 метрийн зайд манай машин замаасаа гараад өнхрөөд хажуугаараа унасан. Тэгээд Т бид хоёр машинаас гарч зогссон чинь Г ирээд манай машинаас Н-ыг татаж гаргасан. Удалгүй цагдаа эмнэлэг ирсэн... Т бид хоёр Н-ын эмчилгээний зардалд 3 сая төгрөг нэмэрлэсэн.” (хавтаст хэргийн 17 дахь тал)
Шүүгдэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 3,250,000 төгрөг төлсөн. Үүнээс 1,600,000 төгрөг Н-ын данс руу шилжүүлсэн. Бусад мөнгийг нь Хятад руу эмчилгээнд Ныг авч явахдаа ашигласан.” (хавтаст хэргийн 51 дэх тал)
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-1.Хэргийн материалд авагдсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, драгер багажаар шалгасан гэрэл зураг, шинжээч эмчийн 521 дугаартай дүгнэлт, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ... улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй байна. Энэ нь уг зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна. Хариулт-2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг осолд зам, орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй байх үндэслэлтэй байна. Замын хөдөлгөөний дүрэм тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актуудыг зөрчсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Хариулт-3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.2 “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно” гэж заасан байгаа тул уг асуултад хариулах боломжгүй.” (хавтаст хэргийн 26-27 дахь тал)
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 472 дугаартай хөрөнгө, үнэлгээний шинжээчийн дүгнэлтэд: “Toyota prius 40” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 19,808,000 төгрөг.” (хавтаст хэргийн 38-40 дэх тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Н-ын биед аарцаг ясны /баруун талд умдаг яс/ хугарал, нүүрний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, нуруу орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Б.Н-ын биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” (хавтаст хэргийн 118-119 дэх тал)
Хохирогч Ж.Т-аас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн хохирлын баримтыг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 82-90 дэх тал)
Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн маягт, холбогдох маягт (хавтаст хэргийн 93-94 дэх тал)
Эрх бүхий албан тушаалтны гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 99 дэх тал)
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 108-109 дэх тал)
Эрх бүхий албан тушаалтны Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 110-113 дахь тал)
Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 63, 128 дахь тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 65 дахь тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал)
Хаан банкны шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 74-75 дахь тал)
БНХАУ-д эмчилгээ хийлгэсэн баримт (хавтаст хэргийн 76-78 дахь тал)
Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл (хавтаст хэргийн 93 дахь тал)
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хавтаст хэргийн 94 дэх тал)
Юанийн ханшийн мэдээлэл (хавтаст хэргийн 178 дахь тал)
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг гаргуулах, мөн шүүгдэгчээс хавтаст хэрэгт тусгуулсан 844,892 төгрөгийн баримтын хохирол төлбөрийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 3,421,200 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан гэж мэдүүлдэг. Үүн дээр хохирогч маргаагүй бөгөөд дээрх 3,421,200 төгрөгийн хохирол төлбөрийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн тул тусгуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн хувьд Т.Э нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт холбогдсон хэргийн талаар маргадаггүй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр ч холбогдсон хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн байна. Тиймээс хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгчээс ямар хэмжээгээр гаргуулах вэ гэдэг дээр маргах байр суурийг шүүх бүрэлдэхүүнд оруулна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өөрийнх нь гараар бичсэнээр 1,775,558 төгрөгийг нэхэмжилсэн. Хохирогчийн гараар бичсэн баримтын хамгийн эхний баримт болох 83 дугаар хуудсанд авагдсан 844,892 төгрөгийн баримтгүй зардлыг жагсаагаад үзэхэд 1,902,430 төгрөгийн баримт байдаг... хоол хүнстэй холбоотой 240,232 төгрөгийн баримт, эмийн 42,600 төгрөгийн баримт, юу авсан нь тодорхойгүй, харагдахгүй, тодорхой бус 427,550 төгрөгийн баримт, шатахууны 347,156 төгрөгийн баримт, баримтгүй буюу өөрийнх нь гараар бичсэнээр 844,892 төгрөгийн баримтуудыг 5 төрлөөр жагсаасан байгаа. Үүнээс төлбөл зохих баримт гэж шатахууны 347,156 төгрөг, эмийн 42,600 төгрөг, нийт 389,756 төгрөгийг төлөх хууль эрх зүйн үндэслэлтэй, маргахгүй баримт байна гэж үзэж байгаа. Харин хэрэгсэхгүй болгох зардлын баримтууд нь тодорхой бус буюу и-баримтын шаардлага хангаагүй, юу авсан нь тодорхой бус 427,550 төгрөгийн баримт, хоол хүнстэй холбоотой 240,232 төгрөгийн баримт зэргийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн баримтгүй буюу 844,892 төгрөгийг шатахуун болоод эмийн сангаас эм худалдаж авсан. Эмийн сан и-баримт гаргаж өгөөгүй надад баримт байхгүй гэдэг байдлаар 844,892 төгрөгийг гараараа бичсэн байдаг. Үүнийг тооцох эрх зүйн үндэслэл байхгүй. Бичмэл нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Иймээс хохирогчийн гаргаж өгсөн зардлаас 1,512,674 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна. Төлбөл зохих 389,756 төгрөг бол хавтаст хэргийн 74 дүгээр хуудсанд хохирогчийн нөхөр болох Я.Г-т 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1,630,000 төгрөгийн баримтыг би ийм зүйлд зарцуулсан гэдгээ нотлоогүй байгаа учраас 1,630,000 төгрөгийн төлөгдсөн мөнгөн дүнд 389,756 төгрөгийг төлөгдсөн гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлтэй байна. Үлдэж байгаа илүү төлөгдсөн мөнгийг илүү мөнгө төлөгдсөн байдлаар шүүхийн шийдвэрт тусгах нь хүн бүр хууль шүүхийн өмнө шударга байх зарчимд нийцэх болов уу гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тогтоогоогүй байна гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй. Яагаад вэ гэхээр хавтаст хэрэгтэй бид нар танилцаад эдийн бус хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг хуулийн дагуу дахин нягтлан шалгуулах, мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг зайлшгүй шинжээчийн дүгнэлт гаргуулж хэргийн бодит нөхцөл байдал хохирогчид учирсан хор уршгийн зэрэглэлийг мэргэшсэн мэргэжлийн байгууллагаар тогтоолгож байж үндэслэлтэй гэж үзнэ. Гэвч хавтаст хэргийн 149 дүгээр тал дээр 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөгч хүсэлтийг аваад өмгөөлөгч миний хэд хэдэн нөхцөл байдлыг дурдаад хүсэлтийг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Э, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нараас гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах үндэслэлтэй байна гэж шийдэж, бид нарын эрхийг зөрчсөн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-д зааснаар эрхийг маань хязгаарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шударга ёсны зарчимд нийцэх шинжээчийн дүгнэлтийг гаргаагүй байна гэж үзэж байгаа учраас дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа 60 хоногоор хойшлуулж, Шүүх шинжилгээний ерөнхий газарт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилж шинжээчийн дүгнэлтийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Бид нарын зүгээс хүсэлтүүдийг гаргадаг боловч хүсэлтийг хангахаас татгалзсан хариуг өгөөгүй. Шүүх хуралдааны бэлтгэл хийх зорилгоор өмгөөлөгч миний бие хавтаст хэргийн материалтай танилцахад 149 дүгээр тал дээр 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлтийг хангахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоол байсан. Тэгэхээр бид нарт хүсэлтийн хариуг гар дээр өгөөгүй байгаа учраас бид нарын гомдол гаргах эрхийг хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүд гарч байна гэж үзэж байна гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н нь би эрүүл мэндээрээ хохирсон учраас сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг гаргуулна. Мөн 3 сар гэрээр өөрийгөө эмчилж хөл дээрээ босож ирсэн тул цаашид эмчилгээ хийлгэх төлбөрийг нэхэмжилнэ гэх,
Шүүгдэгч нь би хэргийн зүйлчлэл, гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн тал дээр маргахгүй байгаа. Хохирогчийг Бүгд найрамдах Хятад Ард улс руу авч явж үзүүлсэн. Хохирол төлбөрийн төлж барагдуулна. Б.Н-аас уучлалт гуйж байна. Дахин ийм хэрэг гаргахгүй гэх тайлбаруудыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нарийн сухайт Шивээ хүрэн хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 19 дахь километрт “Toyota prius alpha” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж, иргэн Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), иргэний нэхэмжлэгч Ж.Т-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), гэрч Я.Г-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), гэрч Ж.Т-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал), “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 472 дугаартай хөрөнгө, үнэлгээний шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 38-40 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 118-119 дэх тал), эрх бүхий албан тушаалтны гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 99 дэх тал), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 108-109 дэх тал), эрх бүхий албан тушаалтны Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 110-113 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...... улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй байна. Энэ нь уг зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна...” (хавтаст хэргийн 26-27 дахь тал) гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Т.Э-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Т.Э-гийн амьсгал дахь спиртийн агууламж 5.06 промиль болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 108-109 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Э-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын биед аарцаг ясны (баруун талд умдаг яс) хугарал, нүүрний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, нуруу орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдсон болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 54-56 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Т.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Э нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Э-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Т.Э-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын зүгээс өөрийн гараар бичиж нэхэмжилсэн 844,892 төгрөг, нөхрийнхөө 1 сар гаруйн хугацаанд асарч ажилгүй байсан хугацааны цалин болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тус тус нэхэмжилсэн болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын зүгээс нийт 1,043,738 төгрөгийн хохирол төлбөрийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн байх ба шүүх нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний төлбөр болон шатахууны зардлын 384,956 төгрөгийн (хавтаст хэргийн 87, 88, 89, 90 дэх талд авагдсан 10, 14, 15, 16, 17, 18, 21 гэж дугаарласан баримт) нэхэмжлэлийг хангаж, үлдэх хүнс, бараа бүтээгдэхүүнд зарцуулсан 658,782 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь хавтаст хэргийн 84-90 дэх талд авагдсан бусад баримтуудын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоогүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, огноо нь тодорхойгүй байх тул шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д “... “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ; 2.1.5.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл ...”, 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж заасны дагуу мөрдөгч уг хүснэгтийг үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг дөрөвдүгээр зэрэглэлээр тогтоосон маягтыг хохирогч Б.Нт танилцуулахад хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж бичсэн байна (хавтаст хэргийн 94 дэх тал).
Мөн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг мөрдөгч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг (хавтаст хэргийн 151 дэх тал) мөрдөгчид гаргажээ.
Түүнчлэн шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруу, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн талаар маргаагүй байхад өмгөөлөгч маргаж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулахаар гаргасан хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.4-т өмгөөлөгч үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлэхийг хуулиар хориглосон байх тул шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тайлбар, мэдүүлэг, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгчийн “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоосон баримтыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэж заасан байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэмт хэрэг гарсан байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал зэргийг үндэслэн түүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 16,500,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Э-гээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 16,500,000 төгрөг, эмчилгээ болон шатахууны төлбөр 384,956 төгрөг, нийт 16,884,956 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-т олгохоор шийдвэрлэлээ.
Харин хохирогч гэр бүлийн хүний 1 сар гаруйн хугацаанд асарч, ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байх боловч цалинг тодорхойлох холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир шүүх хэлэлцэхгүй орхиж, ажилгүй байсан хугацааны цалин болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Э-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийн хязгаарлалтын бүсийг хувийн байдлаас шалтгаалан Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоолгох саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн хувьд ...миний үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан хамгийн доод хугацаа буюу 3 жилийн хугацаагаар хасаж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ял авахад тухайн хүний одоо хийж байгаа туслах чанарын ажлуудыг хийх боломжгүй болно. Энэ хүн энэ ажлаа хийж байж амьдралаа авч явдаг. Ийм учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлах буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шаардлага хангагдаж байна гэж үзэж байна. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг маань хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаардаг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа цагдаагийн байгууллагад шалгагдаж байхаасаа эхлээд өнөөдрийг хүртэл маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Хор уршгийн хувьд тодорхой хэмжээний зовуурь шаналал байна гэж илэрхийлээд яваад байгаа боловч хор уршиг арилаагүй гэдгийг бүрэн нотолж чадаагүй гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг гарснаас хойш тодорхой хэмжээнд хохирогчид анхаарал халамж тавиад өөрийг нь болон нөхрийг нь Бүгд Найрамдах Хятад Ард улс руу авч явж үзүүлж, оношилгоо хийлгэх зэрэг эрүүл мэндийг нь эмчлүүлэх талын хохирол төлбөрийг төлөөд байсан нөхцөл байдал харагддаг. Мөн шүүхээс төлөхөөр тогтоосон хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж шүүх хуралдааныг үргэлжлүүлж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн энэ хүний хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон өөр бусад нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж өгнө үү гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н нь нэг дор их юм яриад сайн ойлгохгүй зарим зүйлийг буруу зөрүү ярьсан байна. Д рүү явсан 2000 юанийн 1000 юанийг нь Т.Э, Т нар өгсөн. 1000 юанийг нь С гэдэг хүн эмчилгээндээ зарцуулаарай гэж өгсөн юм байна лээ. Тэгээд 2000 юань болсон юм байна. 1,630,000 төгрөгөөр манай тэнд байдаг Нараа гэдэг эгчээс сүлжээний эм авч өгсөн юм байна лээ. Хамт ууж идэж яваад энэ хэрэг гарсан тул тэнсэн харгалзах ял өгөхөд татгалзах зүйл байхгүй. Эмч намайг 3 сар хэвтрийн дэглэм сахиад дараа дахиж эмнэлэгт үзүүлж эмнэлгийн хяналтад ороорой гэсэн зөвлөгөө өгсөн. Одоо эмнэлгээр явж биеэ үзүүлж харуулна гэсэн бодолтой байгаа. Т.Э ажил хөдөлмөр эрхэлж хохирол төлбөр барагдуулах байх гэх,
Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Дундговь аймгийн нутаг дэвсгэрт зорчих эрх хязгаарлах ял оногдуулбал тэнд ажил олдох боломж муу байдаг гэх тайлбаруудыг тус тус гаргав.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Э-г согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй зэргийг харгалзан хоёр төрлийн үндсэн ялаас хөнгөн буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, улмаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын биед хүндэвтэр гэмтлээс үүссэн хор уршиг бүрэн арилаагүй, шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг нөхөн төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хор уршгийг бүрэн арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд өмгөөлөгчийн дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэж, хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.
Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол, төлбөрийг гаргуулах, нэхэмжлэх эрхээр хангуулах зэргийг үндэслэн шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулиар олгосон эрхүүдээ эдлэх боломжоор хангахад ач холбогдолтой гэж үзэв.
Шүүгдэгч Т.Э-г зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Т.Э-г ажил хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангаж, мөн 16,884,956 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-т олгохоор шийдвэрлэсэн нөхцөл байдлуудыг тус тус харгалзан, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тодорхой сум зааж хязгаарлахгүйгээр Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-т 3,421,000 (гурван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Т-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Э-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Э-г зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Э-гээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 16,500,000 төгрөг, эмчилгээ болон шатахууны төлбөр 384,956 төгрөг, нийт 16,884,956 (арван зургаан сая найман зуун наян дөрвөн мянга есөн зуун тавин зургаа) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-т олгож, түүний нэхэмжлэлээс 658,782 (зургаан зуун тавин найман мянга долоон зуун наян хоёр) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг хэлэлцэхгүй орхиж, ажилгүй байсан хугацааны цалин болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-т 3,421,000 (гурван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ