Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/265

 

         

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга                    А.Энхзул            

 Улсын яллагч                                   Д.Номин-Эрдэнэ                      

 Хохирогч                                        П.Н******* 

 Хохирогчийн өмгөөлөгч                 Л.Оюунсувд

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Ө.Өлзиймаа

 Иргэний хариуцагч                        А.А*******

 Шүүгдэгч                                             С.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдэн ирүүлсэн С.А*******д холбогдох эрүүгийн 2431002240197 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Д******* аймгийн Д******* суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт С*** аймгийн Ц******* сумын ** дугаар баг, ** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт С******* А*******, Регистрийн дугаар: З*******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А******* нь Сэлэнгэ аймгийн Ц******* сумын нутаг дэвсгэрт Зүүнбүрэн сумаас Ц******* сум руу чиглэсэн хатуу хучилттай асфальтан зам дээр "М*****" ХХК нь уг замыг хааж хайрга чулуу овоолсон байсныг 92-54 УАЕ улсын дугаартай Тоёота приус-41 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3- т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” , 12.2-т “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тус авто машинд зорчин явсан П.Н*******ийн эрүүл мэндэд бүсэлхий нурууны 11-р нугалмын арын шахагдаж бяцарсан хугарал, нугас дарагдал бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А******* мэдүүлэхдээ: ...2024 оны 05 дугаар сарын 31-ний орой Дархан уул аймгаас Сэлэнгэ аймгийн Ц******* сум руу  эхнэр, 2 ачийнхаа хамт явж  байтал гэнэт зам дээр овоолсон шороо  асгасан байсан тул  хажуугаар нь гарах гэтэл осол болж миний барьж явсан машин хөмөрсөн. Тухайн үед шороо асгаж ямар нэг анхааруулах тэмдэг тавиагүй, 2 дугуй тавиад дээр нь нэг шовгор шиг юм тавьсан байсан ба би анзаараагүй, шороог би 50-100 метрийн зайнаас харсан боловч 70 км/цагийн хурдтай явсан учир зогсоож чадалгүй хажуугаар нь гарах үед осол болсон. Машин бол манай өөрийн машин, хүүг ажилтай болохоор нь хүүгийн нэр дээр гэрээ хийсэн болохоор эзэмшигч нь хүү болсон юмаа. Би "Монгол ЛЗ зам гүүр" ХХК -г буруутай гэж бодож байна, миний хувьд гомдолтой байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Н******* мэдүүлэхдээ... 2024 оны 05 дугаар сарын 31-ний орой Дархан уул аймгаас Сэлэнгэ аймгийн Ц******* сум руу  гэртээ харихаар 2 ачтайгаа явж байсан. Нөхөр бид хоёр юм яриад явж байтал гэнэт яах ийхийн зуургүй овоолсон шороо харагдаж машин  хажуу тийшээ хөмөрсөн. Осол болоод бид яахаа мэдэхгүй байж байхад манай нэг найз, хуурай дүү нар ирж таарсан. Ингээд бид, хоёр ачаа өгч явуулаад би Сэлэнгийн эмнэлэгт хүргэгдсэн. Гэтэл намайг нуруу нугасны гэмтэл авсан байна яаралтай, хөдөлгөхгүйгээр хот руу явах шаардлагатай гэж хэлсэн. Энэ үед "Монгол ЛЗ зам гүүр" ХХК -н захирал гэж хүн ирээд манай компанийн буруутай ажиллагаанаас боллоо гээд надад замын зардал 10.000.000 төгрөг өгсөн. Одоо миний биеийн байдал муу байнга эмнэлгээр явж эмчлүүлж байна. Биднийг өглөө явахад зам ямар нэг засваргүй зүгээр байсан орой ирэхэд замд ямар ч  тэмдэглэгээ хийгээгүй, шороо овоолж асгасан байсан тул “ Монгол ЛЗ зам гүүр" ХХК -г буруутай гэж үзэж байна. Өөрсдөө буруугаа хүлээгээд ирж байхад мөрдөгч Ринчэнпүрэв нь “ Монгол ЛЗ зам гүүр" ХХК -г буруугүй гэж үзэж асууж шалгахгүй байгаад гомдолтой байна. Бид “Монгол ЛЗ зам гүүр" ХХК -д хариуцлага тооцож шалгаж хохирол төлбөрийг гаргуулж өгөөч гэж мөрдөгч Р удаа дараа хүсэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр буруугүй гэж гарсан гээд шалгахгүй байгаад гомдолтой байна. Бид Р хардаж байна. Зөвхөн манай гэр бүлийг л шалгаад миний хүүг хариуцагчаар татаж байна. Осол болоход унаж явсан машин бол манай машин, хүүг ажилтай болохоор нь хүүгийн нэрээр зээлийн гэрээг байгуулж авсан. Тэгэхээр манай хүүгийн ганцхан өмч биш юм. Нөхөр А******* болон иргэний хариуцагч хүү А.А******* нараас би нэг ч төгрөг нэхэмжлэхгүй. Харин хохирлоо “Монгол ЛЗ зам гүүр" ХХК -с гаргуулж авна. Машины үнэ 36.000.000 төгрөг, эмчилгээнд 60.000.000 төгрөгийг  “Монгол ЛЗ зам гүүр" ХХК -с гаргуулж, үнэн зөв шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-16 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч П.Н*******ийн өгсөн: "... 2024 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Д аймаг руу манай нөхөр А******* эмнэлэгт үзүүлэхээр миний бие болон нөхөр, ачийн хамт явсан. Тэгээд буцаад 22 цагийн үед Ц******* сум руу гэр рүү явж байтал Зүүнбүрэн өнгөрөөд усжуулах гэдэг газрын ойролцоо явж байтал засмал зам хаагаад овоолж шороо асгасан байсан. Тухайн овоолсон шороо ямар ч тэмдэг байхгүй гэнэт харагдсан тэгээд авто машин замын хажуу тал руу унаж хэд хэд эргэсэн. Ингээд удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн. Тэгээд миний нуруу хөдөлж болохгүй сумын эмнэлгийн авто машинтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Манай нөхөр А******* жолоодож би урд суудалд 5 настай ачийгаа өвөр дээрээ авч суугаад хойд суудалд 6 настай ач охин унтаж явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б өгсөн "... Би өчигдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д аймгаас Ц******* сум руу оройн 20 цагийн орчимд хөдлөөд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум өнгөрөөд явж байтал миний танил А*******ийн машин замын хажуу руу ороод осол гаргасан байсан. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод яваад очиход А******* машиныхаа гадна талд зогссон байдалтай. Машины хойд суудалд хоёр хүүхэд, эхнэр Н******* урд талын зорчигчийн суудалд байхаар нь хүүхдүүдийг нь машинаас гаргаж аваад эмнэлэгт иртэл би өөрийнхөө машинд суулгасан. Тухайн үед надтай хамт Ц******* сумын Баярмаа гээд эмэгтэй нөхрийнхөө хамт явж байсан. Миний өмнө очсон эсвэл сүүлд ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Ямартай ч ослын газарт тэр хоёр байж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

“А б” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №504 тоот: автомашин техникийн эвдрэл, хохирол нийт 20,980,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-47 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 59-60, 67-68, 84-85 дугаар хуудас/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч Б.Н 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 3493 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "С.А******* 40н/эр" гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

Шинжээч Ш Б 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 40 дугаартай: “Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж хогсоох зорилготой юм. Ажлын тормоз нь MNS-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж двиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тоормоз нь тээврийн хэрэглэлийн хурдаас шууд хамааралтай юм. 1 Toyota Pruis-41 маркийн Хөх өнгийн 92-54 УАЕ Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болхоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормозны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. 2.Тээврийн хэрэгсллийн тоормозны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. 3.Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. 4. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормозны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. 5.Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй, жолооч өөрөө тодорхойлох боломжтой. 6.Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй. 7.Уг материалд 33 ширхэг зураг хавсаргав” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72 дугаар хуудас/,

Шинжээч С.С 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 160 дугаартай: “  Тоёото приус 41 маркийн 9524 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам дэр онхолдсон үйлдэл нь зам тээврийн осол мөн. 9524 УАХ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын замын Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.2-д харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Монгол ЛЗ зам гүүр ХХК нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. 9524 УАХ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82 дугаар хуудас/,

Шинжээч С.С  нэмэлтээр гаргасан дүгнэлт, / хх-н 161 дугаар хуудас /

  Хохирогч П.Н*******ийн өвчний түүх, эмчлүүлсэн баримт /хх-ийн 88-95 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан 250 дугаартай: 1. П.Н*******ийн биед Бүсэлхий нурууны 11-р нугалмын арын шахагдаж бяцарсан хугарал, нугас дарагдал чөлөөлөх мэс заслын дараах байдал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.7-т зааснаар хохирлын ХҮНД зэрэг тогтоогдлоо. 5. Цаа хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 99-101 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.А*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.А*******ийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.А******* нь Сэлэнгэ аймгийн Ц******* сумын нутаг дэвсгэрт Зүүнбүрэн сумаас Ц******* сум руу чиглэсэн хатуу хучилттай асфальтан зам дээр "Монгол ЛЗ зам гүүр" ХХК нь уг замыг хааж хайрга чулуу овоолсон байсныг 92-54 УАЕ улсын дугаартай Тоёота приус-41 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3- т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” , 12.2-т “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тус авто машинд зорчин явсан П.Н*******ийн эрүүл мэндэд бүсэлхий нурууны 11-р нугалмын арын шахагдаж бяцарсан хугарал, нугас дарагдал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-16 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч П.Н*******ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас /,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

“А б” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №504 тоот: автомашин техникийн эвдрэл, хохирол нийт 20,980,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-47 дугаар хуудас/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч Б.Н 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 3493 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

Шинжээч Ш Б 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 40 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72 дугаар хуудас/,

Шинжээч С.С 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 160 /1 дугаартай: “Тоёото приус 41 маркийн 92-54 УАЕ  дугаартай тээврийн хэрэгсэл зам дэр онхолдсон үйлдэл нь зам тээврийн осол мөн. 92-54 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын замын Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.2-д харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Монгол ЛЗ зам гүүр ХХК нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. 9** У** дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 161 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан 250 дугаартай: 1. П.Н*******ийн биед Бүсэлхий нурууны 11-р нугалмын арын шахагдаж бяцарсан хугарал, нугас дарагдал чөлөөлөх мэс заслын дараах байдал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.7-т зааснаар хохирлын ХҮНД зэрэг тогтоогдлоо. 5. Цаа хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.А*******ийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.А******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүнд  хохирол учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн  2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.А******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч П.Н*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт ... энэ хэрэгт шүүгдэгч С.А******* нь гэм буруугүй, “Монгол ЛЗ зам гүүр" ХХК  нь буруутай, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Иймд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан, мөн хохирогчийн өмгөөлөгчөөс хохирлыг “Монгол ЛЗ зам гүүр" ХХК -с гаргуулж өгнө үү гэсэн өмгөөллийн дүгнэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.

Үүнд: Шинжээч С.С 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 160 /1 дугаартай дүгнэлтэд “Монгол ЛЗ зам гүүр" ХХК -г замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж дүгнэлт гарсан тул хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал болон машиныг эвдрэлийн хохирлыг “ Монгол ЛЗ зам гүүр" ХХК -с гаргуулах боломжгүй бөгөөд энэ шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэж өмгөөлөгч нарын саналыг хүлээж аваагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус  хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан хохирол, эмчилгээний зардлыг шүүгдэгч С.А******* хариуцан арилгах үүрэгтэй байна.

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”,  499 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу иргэний хариуцагч А.А******* хохирогчид учирсан эмчилгээний зардлыг болон эд юмсын зардлыг хариуцан арилгахаар хуульчлан заасан байна.

 

Гэвч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Н******* мэдүүлэхдээ: ...Осол болоход унаж явсан машин бол манай машин, хүүг ажилтай болохоор нь хүүгийн нэрээр зээлийн гэрээг байгуулж авсан. Тэгэхээр манай хүүгийн ганцхан өмч биш, бидний өмч юм. Нөхөр А******* болон иргэний хариуцагч хүү А.А*******аас би нэг ч төгрөг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгч С.А******* болон иргэний хариуцагч А.А******* нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин “ Монгол ЛЗ зам гүүр" ХХК  нь  хохирогч П.Н*******ийн  эмчилгээ болон замын зардалд 10.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч С.А******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт ... Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.

Шүүгдэгч А*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд С.А*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар С.А*******ийг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар С.А*******ийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа энэ хэргийн хохирогч буюу эхнэр П.Н******* нь Сэлэнгэ аймгийн төв буюу Сүхбаатар суманд байнга эмчилгээ хийлгэж эмнэлэгт хүний асаргаанд  хэвтэн эмчлүүлдэг байдлыг харгалзан үзэж Сэлэнгэ аймгийн Ц******* болон Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.А******* энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт С******* А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б******* овогт С******* А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар С.А*******ийг Сэлэнгэ аймгийн Ц******* сум, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар  С.А*******ийг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд   хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ялаа биелүүлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6.Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.А*******, иргэний хариуцагч А.А******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүгдэгч С.А******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ