Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2017/00879

 

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2017/00879

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 08-06 тоотод оршин суух Цагаан хуулар овогт Володягийн Нэргүй /РЗ65032103/,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 05-03 тоотод оршин суух Наймынхан Одгэрэлийн Алтантуяа /ПВ90091407/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багт оршин суух Хар дархад овогт Баатарын Мөнхдулам /ФД89022300/-д холбогдох

6.870.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч В.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч В.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Топ велнесс трейдинг ХХК-ийн салбарыг Хөвсгөл аймагт оруулж ирсэн бөгөөд давхар ажилтай учраас итгэмжлэгдсэн хүнд гэрээгээр шилжүүлэн ажиллуулдаг. 2014 онд Хөвсгөл салбарыг О.Алтантуяа эрхэлдэг байсан бөгөөд би борлуулалт сайжруулах зорилгоор иргэн Б.Мөнхдуламыг түүнтэй хамт сумдад явуулж ажиллуулах болсон. Гэтэл ийнхүү сумдад Алтантуяатай хамт явахдаа түүнийг авч явж байсан бараагаа гэртээ буулгасныг мэдэж байсныгаа ашиглан нөхрөөс нь Нэргүй эгч аваад яв гэсэн хэмээн худал хэлж, зөвшөөрөлгүйгээр аваад явсан ба борлуулалтын орлогыг тушаалгүй завшсанаас 3.045.000 төгрөгийн хохирол амссан. Би компанитай зээлийн гэрээ хийж барааг зээлээр авч, борлуулалт хийлгэдэг учраас борлуулалтын орлого саатсан тохиолдолд алданги хүлээдэг учраас тэр нөхцлөөрөө Мөнхдуламтай гэрээ хийж, 7 дугаар сарын 08-ны дотор төлүүлэхээр тохирсон. Уг мөнгийг гэрээнд заасан хугацаандаа эс төлбөл хүү алданги тооцохоор тохирч, гэрээнд тусгагдсан ба нотариатаар батлуулсан. Түүнээс гадна уг дутагдсан бараа нь компани дээр хуучин үнээрээ бүртгэлтэй байсан учраас барааны үнэ нэмэгдэхэд надад түүний зөрүүгээр дахин алдагдал гарахад хүрсэн.

...Мөн Мөнхдулам анх надтай хамтран ажиллахаар тохиролцохдоо Та надад эргэлтийн бараа өг. Боломжтой болохоороо би эргүүлж өгнө гэсэн. Бас том брэндийн бараа зардаг байж, муухай утастай явах ичмээр байна. Та өөрийнхөө нэр дээр гэрээ хийж, Iрhопе-5 маркийн гар утас аваад өгөөч. Би сар бүр алдалгүй төлнө гэчихээд төлөөгүй. Гар утас нь миний тухайн үед барьж байсан 99067439 дугаарын дараа төлбөрт утсан дээр гэрээ хийгдэж авагдсан бөгөөд Мөнхдулам гэрээний төлбөрийг хийгээгүйгээс болж би уг дугаарыг алдахад хүрсэн.

...Дээрх үндэслэлээр би дараахь нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.Борлуулалтын орлогын мөнгө болох 3.045.000 төгрөг мөн гэрээ ёсоор тооцогдох хүү алдангийг гаргуулж өгнө үү. Хүү алдангийг хугацаагаар нь тооцвол өчнөөн их мөнгө гарахаар байгаа боловч үндсэн мөнгөний 50% болох 1.522.500 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Нийт 4.567.500 төгрөг,

2. Мобиком компаний Хөвсгөл салбарт төлөх Iphопе-5 маркийн гар утасны төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүйгээс болж үүссэн 1.231.200 төгрөгийн төлбөр, энэ асуудлаар Мобиком компаний тэмдэгтийн хураамжийн 32.700 төгрөг, нийт 1.263.900 төгрөг надаас төлөгдсөн. Дараа төлбөрт утасны хэрэглэгч анх гэрээ хийхдээ 60.000 төгрөг барьцаанд үлдээдэг бөгөөд тэр нь энэхүү төлбөр тооцоонд суутгагдсан байдаг юм. Тиймээс гар утасны үнийн төлөөгүй үлдэгдэл 1.231.200 төгрөгөөс энэхүү 60.000 төгрөг хасагдаад 1.171.200 төгрөг болсон байгаа юм.

Иймд 1.231.200 төгрөгөөр тооцоог хийж байгаа билээ. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үйл ажиллагаатай холбоотой гэх 25.000 төгрөгийг нэмж төлсөн. Иймд эцсийн байдлаар гар утастай холбогдох 1.288.900 төгрөгийг гаргуулна. Үүнд:

Гар утасны үнийн үлдэгдэл 1.171.200 төгрөг, Барьцаанд байсан 60.000 төгрөг, Тэмдэггийн хураамж 32.700 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардал 25.000 төгрөг

3.Хамтран ажиллах гэрээгээр бэлэн мөнгө болон эргэлтийн хөрөнгө нийлээд 554.0 мянган төгрөгийг гэрээ ёсоор би хүү алдангийн хамт эргүүлж авах ёстой бөгөөд түүний хүү алдангийг 277.0 мянган төгрөгөөр тооцож, нийт 831.0 мянган төгрөг нэхэмжилж байна,

4.Бас нэг удаа Манай ээж Наранчулууны дансанд 60.0 мянган төгрөг хийчихээч. Би бонусаасаа төлнө гэчихээд бас л өгөөгүй. Тэрнийг бас нэхэмжлэх нь зүйтэй.

Ингээд нийт 6.747.400 төгрөг болж байгаа ба түүнд дараахь тэмдэгтийн хураамжийг төлөв.

5.Тэмдэгтийн хураамжинд төлсөн 122.900 төгрөг. Бүгд 6.870.300 төгрөгийг Б.Мөнхдуламаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Миний бие Мөнхдуламаас 6.870.300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч одоо төлбөр тооцоо үүссэн хийгээд түүнийг барагдуулах гэрээний дагуу барааны үнэ 3.045.000 төгрөг, хүүнд 1.522.500 төгрөг, гэрээт ажил гүйцэтгэхэд урьдчилгаа болгосон барааны үнэ болон мөнгөн урьдчилгаа 554.00 төгрөг, Iphопе-5 маркийн гар утсыг хугацаанд нь төлөөгүйгээс үүсэн төлбөрт 1.231.200 төгрөг, Б.Мөнхдуламын гуйлтаар түүний ээж Наранчулууны данс руу шилжүүлж зээлсэн мөнгө болох 60.000 төгрөг, нийт 6.412.700 төгрөгийг Б.Мөнхдулмаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие хүсэлт гаргаж О.Алтантуяаг уг хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулсан боловч Б.Мөнхдуламаас нэхэмжилсэн байгаа мөнгөнөөс О.Алтантуяад гаргуулах мөнгө үгүй тул хамтран нэхэмжлэгчээр оролцуулахаас татгалзсан болно гэв.

Хариуцагч Б.Мөнхдулам шүүхэд болон өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнхдулам би 2012 онд дээд сургуулиа төгсч, нутагтаа ирээд мэргэжлийн ажил хайж, ажилд орохоор 2 жил гаруй хугацаагаар хөөцөлдсөн боловч ажилд орж чадаагүй. Хөвсгөл аймгийн Мэргэжпийн хяналтын газарт ажилладаг өөрийн нутгийн эгч В.Нэргүйтэй уулзаж, ажил хайж байгаагаа хэлж ярилцаж байсан. Тухайн үед Нэргүй эгч Топ велнесс трейдинг ХХК-ийн салбарын үйл ажиллагааг эрхэлж байсан бөгөөд тэрээр өөрийнхөө ажилтан О.Алтантуяагийн ажилд туслаж байгаарай гэхээр нь би Алтантуяагийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг нь нааш цааш зөөж тээвэрлэх зэрэг ажилд нь тусладаг байсан. Түүнээс биш би дангаараа Нэргүй эгчээс бараа бүтээгдэхүүн авч, бусдад зарж борлуулах үйл ажиллагаа хийж байгаагүй. Би Алтантуяагийн ажилд туслаж сумдаар дагаж явж байсан болохоос зарж борлуулан тооцоо хийх ажилд огт оролцож байгаагүй. Мөн би Алтантуяа, түүний нөхрөөс огт бараа бүтээгдэхүүн авч байгаагүй. Хэрэв бараа бүтээгдэхүүн дутагдсан бол хариуцан ажиллаж байсан Алтантуяа энэ асуудлыг мэдэх байх гэж би бодож байна.

Нэргүй эгч бид хоёр Ренчинлхүмбэ сумын иргэд учир бие биенээ, нутаг усныханыг маш сайн мэддэг. Тухайн үед Нэргүй эгч манай хадам эцэг эх, нөхөр, түүний хамаатан садан нутаг усныхан бүгдэд Мөнхдулам нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн, Цагдаагийн газар шалгагдан байцаагдаж байгаа гэмт хэрэгтэн гэж хэлж мэдэгдэн ойлгуулсан байснаас болж нөхөр бид хоёр суманд амьдрах боломжгүй болж бүр сүүлдээ Ханх суманд очиж амьдарсан боловч хадам эцэг эх, хамаатан садан бүгд намайг үзэхгүй болж нөхөр бид хоёр салцгаасан. Энэ сэтгэл зүйн дарамт шахалт, гэр бүл хамаатан садны хэл ам миний хувьд маш хүнд дарамт болж байсан. Улмаар Нэргүй эгч намайг бараа бүтээгдэхүүн дутаасан гэдгээ хүлээн зөвшөөр гэж элдвээр хэлж дарамтлаж байснаа, эгч нь чамайг төрийн албанд мэргэжпээр чинь ажилд оруулж өгнө, чи хэрэв нэг л удаа шүүх, цагдаагаар маргаан үүсгэж явбал дахин хэзээ ч төрийн албанд орж ажиллах эрхгүй болдог юм гээд өөрийн ажпын өрөөний компьютерт шивж боловсруулсан гэрээг гарган ирж гарын үсэг зуруулж нотариат дээр очиж батлуулсан. Би тухайн үед төрийн албанд орохыг маш их хүсч мөрөөдөж байсан, удаан хугацаагаар ажилгүй /чамайг төрийн албанд, захиргаанд ажилд оруулж өгнө/ гэсэн уран үг, ятгалганд нь итгэж гэрээнд нь гарын үсэг зурсан. Гэвч тэрээр гэрээнд гарын үсэг зуруулж авсанаас хойш намайг ажилд оруулж ч өгөөгүй, бүр таг чиг алга болсон. Тухайн гэрээнд юу гэж бичигдсэнийг ч би огт уншаагүй, айж эмээж байсан, ажилд оруулна гэсэн үгэнд нь итгэсэн. Гэрээнд мөнгө төлөхгүй бол хүү алданги тооцно гэснийг ч би огт мэдээгүй. Нэхэмжлэлд гэрээнд зааснаар хүү, алданги тооцож авна гэсэн байна. Би Нэргүй эгчээс хүүтэй мөнгө зээлж аваагүй.

Би нагац ахаасаа өр зээл төлнө гэж огт мөнгө гуйж авч байгаагүй, Нэргүй эгч мөн л гүтгэн гүжирдэж байна. Энэ байдлын талаар манай нагац ахаас асууж тодруулах боломжтой.

Би Нэргүй эгчтэй хамтран ажиллахаар огт тохиролцож байгаагүй, түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, би түүнийг төрийн өндөр албан тушаалтай юм чинь намайг ажилд оруулаад өгчих болов уу гэж горьдож, түүний хий гэснийг нь хийж, түүний дургүйг хүргэхгүйг хичээж, ажилд нь тус болж байгаад төрийн албанд л орж ажилтай болчих санаатай хандаж байсан. Гэвч Нэргүй эгч миний энэ байдлыг өөрт ашигтай байдлаар намайг ашиглаж байсныг би сүүлд л мэдсэн.

Нэргүй эгч намайг Алтантуяад туслаж хөдөө сум руу яваад ирэхэд чамайг яаж зүгээр байлгах вэ, эгч нь чамд утас авч өгъе гээд надад Iphone-5 маркын гар утас өгсөн. Би ч ийм зүйл болно гэж огт бодоогүй уг утсыг барьж байсан болохоос утас авч өг гэж шаардаж шахсан зүйл байхгүй. Би Төрийн албаны сонгон шалгаруулалтанд оролцож тэнцээд, 2016 оны 8 сард Цагаан-Уул сумын байгаль хамгаалагчийн ажилд өөрийн хичээл зүтгэлээр ажилд орж ажиллаж байна. Гэтэл Нэргүй нь байнга Цагаан-уул сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, Төрийн сангийн мэргэжилтэн рүү удаа дараа залгаж, надтай яриулж өг гэсэн байдлаар миний удирдах албан тушаалтануудад дарамт шахалт үзүүлж байгаа байдал нь намайг ажил хийж амьдрахад маш их дарамт шахалт болж байна. Иймд түүний нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагаас Iphone-5 маркын шинэ гар утсыг утсаар нь авч өгөхөд татгалзах зүйлгүй байна. Бусад шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

...уг нэхэмжлэлийн шаардлагаас барааны үнэ 3.045.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөн Iphone-5 маркын гар утсыг утсаар нь төлөхийг зөвшөөрч байна. Бусад шаардлагыг зөвшөөрхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Нэргүй, О.Алтантуяа нар нь хариуцагч Б.Мөнхдуламаас 6.870.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь О.Алтантуяаг нэхэмжлэгчээр оролцуулахаас татгалзаж, нэхэмжлэгч В.Нэргүй нь хариуцагч Б.Мөнхдуламаас 6.412.700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч В.Нэргүй болон Б.Мөнхдулам нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгууллагдаж, Б.Мөнхдулам нь DHC брэндийн бараа бүтээгдэхүүний мэдээллийн спонсор хийж байхаар харилцан тохиролцсон байх ба 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бараа бүтээгдэхүүний тооцоо хийж, Б.Мөнхдулам нь бараа бүтээгдэхүүний үлдэгдэл тооцоо 3.045.000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 8-ны дотор төлж барагдуулах ба хугацаа хэтэрсэн хоног тутамд 5 хувийн хүү төлөхөөр гэрээ байгуулсан болох нь төлбөр тооцоо үүссэн хийгээд түүнийг барагдуулах талаарх гэрээ болон зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Б.Мөнхдулам нь өмнөх шүүх хуралдаанд барааны үнэ 3.045.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь хүү төлөхөөр хийсэн гэрээ нь намайг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж хийсэн гэрээ гэх тайлбарыг гаргасан боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

В.Нэргүй, Б.Мөнхдулам нарын хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн төлбөр тооцоо үүссэн хийгээд түүнийг барагдуулах талаарх гэрээнд компаний бараа зарсан орлогын 3.045.000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 8-ны дотор төлж барагдуулах ба хугацаа хэтэрсэн хоног тутамд 5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байх боловч нэхэмжлэгч В.Нэргүй нь хүүнд 1.522.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх тул шүүх хангаж шийдвэрлэсэн болно.

Мөн В.Нэргүй нь Б.Мөнхдулам надтай хамтран ажиллаж байхдаа миний утасны дугаар дээр надаар Iphоnе-5 маркийн гар утсыг Мобиком компаний Хөвсгөл салбараас зээлээр авахуулсан. Ингээд гар утасны төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй тул Мобиком компаний Хөвсгөл салбар миний эзэмшиж байсан дугаарын барьцаа болох 60.000 төгрөгийг суутгаж үлдэгдэл 1.171.200 төгрөгийг надаас гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд шүүхээс уг мөнгийг надаас гаргуулах тухай шийдвэр гарч миний бие уг мөнгийг Мобиком компаний Хөвсгөл салбарт төлсөн. Иймд Б.Мөнхдуламаас 1.231.194 төгрөгийг гаргуулж авна гэж тайлбарлаж нотлох баримтаар Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 444 дугаар шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл, 106 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Гансүхийн тодорхойлолт гэх баримт, цалин хөлс /данс/ бусад орлогын суутгал зогсоох тухай мэдэгдэл зэрэг баримтууд ирүүлсэн байх тул хариуцагч Б.Мөнхдуламаас 1.171.200 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Харин дугаарын барьцаанд Мобиком компаний Хөвсгөл салбарт суутгагдсан гэх 60.000 төгрөг болон гэрээт ажил гүйцэтгэхэд урьдчилгаа болгосон барааны үнэ, мөнгөн урьдчилгаа 554.00 төгрөг, Мөнхдуламын гуйлтаар түүний ээж Наранчулууны данс руу шилжүүлсэн гэх 60.000 төгрөг, нийт 674.000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хариуцагч Б.Мөнхдулмаас 5.738.700 /таван сая долоон зуун гучин найман мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 674.000 / зургаан зуун далан дөрвөн мянга / төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Б.Мөнхдуламд хэргийн материал танилцуулахаар 2017 оны 7 дугаар сарын 21, 08 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 01-ны өдрүүдэд түүний эзэмшлийн 94497594 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй,

хариуцагч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг 2017 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 2512 дугаартай шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэснийг дурдлаа.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхдулмаас 5.738.700 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 106.796 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.5-д зааснаар хариуцагч Б.Мөнхдулмаас 5.738.700 /таван сая долоон зуун гучин найман мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 674.0000 / зургаан зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгч В.Нэргүйн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 122.900 /нэг зуун хорин хоёр мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхдуламаас 106.796 /нэг зуун зургаан мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ