Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2017/00036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багт оршин суух Урад Баатарын Э/РН-......................./-гийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 2151 дугаарын үнэмлэхтэй Шарнууд овогт Лхагваандоржийн Цогтбаяр /РЮ-........../

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 01-18 тоотод оршин суух Бямбасүрэнгийн Б -д холбогдох,

Машины төлбөр 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Бтай харилцан тохиролцож 2015 оны 06 дугаар сард өөрийн өмчлөлийн 21-03 ӨВА улсын дугаартай RIANA маркийн автомашиныг зээлийн барьцаанд тавьсан. Уг машиныг барьцаанд тавиад 3 сая төгрөг зээлсэн. Ямар нэгэн гэрээ хийгээгүй. Хүү өгөхөөр харилцан тохиролцоогүй ба би машинаа авахдаа торх барьж өгөхөөр харилцан тохирсон. Одоо миний машиныг цааш нь хүнд зарсан. Би машинаа авах гээд Бын зөндөө очиж байсан. Би энэ хүнд хөрөнгөө алдаж хохирсондоо гомдолтой байгаа бөгөөд би машинаа 2015 оны 4 дүгээр сард худалдаж авч байсан. Тэгэхдээ Жаргалант сумаас 14 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Машины бичиг баримт бүх юм Б.Бад байгаа болно. Би машинаа аваад сар гаран л хэрэглээд барьцаанд өгсөн. Одоо тэр машинаа сар гаран хэрэглээд хүний мөнгө удаасан гэж худалдаж авсан үнээсээ хасаад 13.000.000 төгрөг Б.Баас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний үйлчлүүлэгч Энь өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй боллоо намайг оролцуулахгүйгээр миний өмнөөс өмгөөлөгч намайг шүүх хуралдаанд оролцож шийдвэрлүүлээрэй гэж хүсэлт гаргасан юм. Нэхэмжлэгч Энь өөрийн эзэмшлийн авто машинаа Бад барьцаанд тавиад авах гэтэл зарсан гэж шалтаг хэлээд өгөөгүй байдаг юм билээ.Одоо Энь тухайн үед зээлж авсан 3 сая төгрөг, Бын биеийн байдал зэргийг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагаасаа 3.5 сая төгрөг хасаж байгаа болно.Б нь одоо зах дээр орос бараа зараад наймаа хийгээд зогсож байна лээ гэж нэхэмжлэгч ярьж байсан.

Иймд хариуцагч Баас 6.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Энь хариуцагч Б.Баас авто машины үнэ 13.000.000 /арван гурван сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Б.Баас 6.500.000 төгрөг гаргуулна гэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

Шүүх хариуцагч Б.Бад нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлийн 1 хувийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гардуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т шүүгчээс тогтоосон хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа, хариу тайлбарын хамт ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж өгөхөд хариуцагч гарын үсэг зурахаас татгалзаж, харин нэхэмжлэлийн нэг хувийг авсан болох нь хэрэгт авагдсан тэмдэглэлээр нотлогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй түүнчлэн хуульд заасан хугацаанд шүүхэд ирж тайлбар өгөөгүй байх тул хариуцагч Б.Б, нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.

Бын Номин-Эрдэнийн шүүхэд ирүүлсэн тайлбар, гадаад паспортын хуулбар, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, тэтгэврийн дэвтрийн хуулбар зэргийг үнэлгээ.Учир нь: Хэрэгт гаргаж өгсөн гадаад паспорт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, тэтгэврийн дэвтэр зэрэг нь нотолгооны ач холбогдолгүй байна. Мөн Бын Номин-Эрдэнэ шүүхэд тайлбар ирүүлсэн нь ойлгомжгүй ба хэрэв Бын өмнөөс оролцохоор хүсэлт гаргаж байгаа бол хуулийн шаардлага хангасан итгэмжлэл, эсвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон шийдвэр, захирамж хэрэгт гаргаж өгөөгүй байх тул үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ....Б.Эг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү.... гэх тайлбар хүсэлт, мөн шүүх хуралдааны товыг хариуцагч болон түүний насанд хүрсэн хүү Г.Номин-Эрдэнэд 2016 оны 12 дугаар сарын 28-нд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжинд урдьчилан төлсөн 222.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Баас 6.500.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 118.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т зааснаар хариуцагч Б.Баас 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222.950 /хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 118.950 /нэг зуун арван найман мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ