| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2024/0213/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/09 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
1
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Б.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч О.Амгалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А,
Шинжээч Т.Алтайбаатар
Шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, Б.Мянган/цахим/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.А-д холбогдох 2416000000153 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, **** оны ** дугаар сарын **-нд төрсөн, ** настай, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл * **** хамт амьдардаг, ***** аймгийн ***** сумын ****** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ************** регистрийн дугаартай, Ч овогт Г А.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.А-г 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ****** аймгийн **** сумын төв ***** дугаар гудамжинд байрлах гэрээс Г.Э-тай маргалдан гарч ирээд улмаар зодолдож газарт цохиж унаган хэвлийд нь өшиглөж түүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.А- нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн үед Говь-Алтай аймгийн ********** 2 дугаар гудамжинд байрлах гэрээс өөрийн төрсөн ах болох Г.Э-тай гэрт засвар хийсэнгүй гэсэн асуудлаас болж маргалдан гарч ирээд зодолдож түүнийг газарт цохиж унаган хэвлийд нь өшиглөж бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн тасрал, гэмтэл учруулж Г.Э нь уг гэмтлийн улмаас цуллаг эрхтнүүдийн цус багадалт болон гялтантасаар хүндэрч амьсгал, зүрх судасны дутагдалд орж 2024 оны 07 сарын 04-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдлоо. Дээрх үйл баримт нь:
Шүүгдэгч Г.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би ажлаасаа эрт тараад гэртээ хариад ой болохтой холбоотой гэр орондоо засвар хийж байсан. Гэр орондоо засвар хийх гээд очиход манай ах гэртээ байхгүй байсан. Найз Т-тэй цуг ахыг гадуур хайсан. Тэгээд хайгаад олоогүй. Гэртээ очоод ойр зуурын юм хийж байхад манай ах гаднаас ороод ирсэн. Тэгээд би ах руугаа уурлаад юм хийгүй гэхэд манай ах тухайн үед согтуу байж байгаад над руу уурлаад бид 2 хоорондоо маргалдаад манай ах над руу түрүүлж дайрсан. Тэгээд эхлээд намайг цохингуут би ахыгаа дарж авсан. Дахиад бос ч ирээд дайрангууд би ахыгаа цохиж унагаагаад дээр нь 5-10 минут дарж байгаад босгоход ах уурлаж хашаанаас гараад явсан. Тэгээд хэсэг хугацаанд байж байгаад эмнэлэг дээр очсон чинь ах эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд бие нь болохгүй байна гэсэн. Тэгээд би бие нь яаж байна босож болохоор байна уу?. Босож болохоор бол гэртээ очиж юмаа хийе гэж хэлээд аваад явсан. Бид 2 эмнэлгээс гараад гэртээ очиход ах маань надтай цуг гэрт очоогүй байсан. Тэгээд ирэхгүй юм байлгүй гэж бодоод би юмаа хийж байгаад 10 өнгөрч байхад ах гэрт ирсэн. Тэгээд над дээр ирэхдээ улам нэмж архи уусан байсан. Тэгээд 30, 40 минут над руу уурлаж байж байгаад ахиж явсан. Ахиж яваад уулзалгүй байж байгаад шөнийн 01 хүртэл юмаа хийж байгаад 02 цаг дөхүүлээд унтаад өглөө ажил дээр очиход эмнэлгээс дуудсан. Ахын чинь бие ийм байна гээд. Тэгээд би өглөө 09 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд эмнэлэг дээр эмчилгээ хийгээд аймгаас эмч очоод тухайн өдөр би бүтэн ахтайгаа хамт байсан... Би тухайн үед 6 цаг 10 минутын үед ажлаас гараад гадуур явж байгаад 19 цагийн үед байх... Манай ах 2018 онд Швед улсаас Монголдоо ирсэн байгаа. Ирснээсээ хойш архины хамааралтай болсон. Хотод манай дундах ахтай байж байгаад манай дундах ах маань гэр орны эд хогшил ломбардад тавиад байна гэсэн байдлаар ээж бид 2 дээр Говь-Алтай аймгийн Жаргалан сумд авч ирж өгсөн. Жаргалан сумд ирээд архи уухаа зогсоогоогүй, үргэлжлүүлээд ууж байсан. Архи уухдаа хамаа байхгүй хүмүүстэй ууна. Архи уусан үедээ характер муу, хүнийг хэл амаар доромжлох, агсам тавьдаг байсан. Ер нь өдөр болгон архи ууна. Сардаа ганц хоёр өдөр өнжих заримдаа тогтмол уудаг... Маргалдаан эхлэхэд би эхлээд ах руугаа хэлсэн. Юм хийхэд хажууд байхгүй байна. Багаж хүн амьтанд өгдөг ч юм уу хүн амьтанд өгөөд архи уучих юм? гэхэд. Ах над руу уурласан. Ах над руу дайрсан... Ах намайг түрүүлж цохиход би эхний ээлжинд унагаагаад дээр нь тайвшруулах гэж дарсан. Дахиж бос ч ирээд дахиж намайг цохиж дайрахад би хэвлий хэсэгт нь өшиглөж унагаагаад дахиж дээрээс нь өвдгөөрөө дарж 5-10 минут тайвшруулах гэж нэлээн удаан суусан. Тухайн үед ахыгаа алах шалтгаан надад байхгүй байсан... Тухайн үед бид 2 муудалцаад салсны дараа хашаанаас өөрөө гарч явсан. Тэгээд эмнэлэг дээр өөрөө очсон... Би ахыгаа хайгаад хүн амьтнаас асуугаад эмнэлэг дээр очсон байх гээд очсон. Эмнэлэг рүү орж байсан гэж надад хүн хэлсэн... Эмнэлэг дээр очиход орон дээр хэвтэж байсан... Эмч надад биеийн байдал нь таарамжгүй байх шиг байна гэж хэлсэн... Би ахаас биеийн байдал ямар байна. Гэртээ очиж болохоор байна уу?. Надтай цуг явж болохоор байна уу? гэж хэлсэн. Тэгээд цуг гарсан. Гэрт очиход надтай цуг очоогүй. Тэгээд шөнө 10 өнгөрч байхад над дээр улам архи нэмчихсэн ирсэн. 30 минут байж байгаад ахиад явсан... Бид 2 тусдаа өрөөнд байдаг. Хааяа орж ирээд ярихдаа бөх болон морин дээр сонирхол нэгтэй болохоор яриа хөөрөөн дээр хоорондоо ойлголцож явдаг... Ер нь манай ах ингээд уугаад өмнө нь мотоциклоос унаад, бас хүн амьтанд зодуулаад эмнэлэг дээр очоод эмчилгээ хийлгэдэг. Хэд хэдэн удаа хийлгэсэн. Тиймэрхүү байдлаар би очоод яг тухайн үед бие нь хүнд байгааг мэдээгүй. Босох боломжтой байна уу гэр рүүгээ явъя гээд асуусан гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Э-ын дүү А-гийн ах нь байна. Ийм аймаар зүйл болно гэдгийг төсөөлж байсангүй. Миний ах, миний дүү хоёулаа л сайхан залуучууд, энэ архинаас ийм зүйл боллоо гэж бодож байна. Би ахтайгаа хамт Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хамт амьдардаг байсан. Хамт амьдардаг байхад хааяа уухгүй байхдаа миний ах хүнлэг хүн байхгүй юу. Гэхдээ уухаараа яадаг юм бүү мэд үнэхээр тавтиргүй болчихдог. Дүү бид 2 багаасаа архины хамааралтай хүнээс аймар жийрхэж ийм хүмүүст дургүй. Манай ах надтай амьдарч байхдаа гэрийнхээ юмыг ломбардад тавьчихдаг. Аргаа бараад дүүд авч ирж өгч ингэж ээж, дүү хоёртоо л гай болчихлоо. Миний дүү уг нь хүнтэй муудалцаад байдаггүй. Арга эвийг нь олчихдог шударга залуу, архи гэдэг муухай зүйлээс боллоо... Архи уудаг хүний хажууд тайван байхад хэцүү, үнэр танар, ааш, авир үнэхээр хажууд нь байхад үнэхээр таагүй байдаг. Архинаас гаргах гэж бид нар их үздэг байсан. Би ахыгаа гэртээ ч ажлаа хийхгүй хэд хоног нам байгаад ажилдаа ч дагуулж яваад архинаас холдуулах гэж үздэг байсан. Манай ээж Ховд руу авч явж аргаа барсан хүний л арга архинаас гаргадаг хүн байдаг гээд авч явж эмчилгээ хийлгэж байсан. Тэгээд би ээж дүү хоёртоо машин авч өгөхөд манай ах унаж яваад л мөргөлдүүлээд хаячихдаг. Ер нь ямар ч юманд хариуцлагагүй, хүний ах гэхэд ухамсаргүй байсан болохоор ийм байдалд хүргэлээ гэж би бодож байна... Ах 3 хүүхэдтэй. Бүгд Шведэд байдаг. Манай ах миний мэдэхээр Шведэд хараар ажиллаж байгаад 3 удаа баригдаж ирж байсан. Гэхдээ сүүлийн явалт дээр Улаанбаатарт 2024 онд Улаанбаатарт 2 сар болсон байх. Тэгэхдээ Улаанбаатарт нэг хүүхэнтэй хамт амьдарч байсан. Нөгөө хүүхэн нь гудамд гаргачихсан байсан. Надтай амьдарч байгаад алга болчихсон. Би араас нь очсон. Нөгөөдхөөсөө салж өгөхгүй байсан. Манай үеэл ах бид 2 араас нь хөөцөлдөж байгаад авч ирсэн. Тэгээд дахиж алга болоод нөгөө хүүхэн нь яриад гудамд гаргачихсан байсан. Гудамжны архичидтай нийлчихсэн байхаар нь би буцааж дахиж сумдаа ээж дүү 2 дээрээ авч ирж өгсөн... Швед улсаас ирснээс хойш хүүхдийн мөнгө хадгаламжид ордог байсан нөгөөдхөөр нь архи уугаад байсан. Бүр аргаа бараад хүүхдийн байгууллагад хандсан. Хүүхдийн мөнгө хувьцааны мөнгө дансанд нь мөнгө орох л юм бол буудалд байгаад архи аваад уучихдаг. Тэгээд ийш тийшээ яваад алга болчихдог очихоороо архины мөнгө зардлын мөнгө байнга нэхчихдэг. Өөрийнхөө хувь жаргалаа хөөж явдаг байсан. Одоо үхсэн гээд муу хэлээд байх ч хэцүү байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шинжээч Т.Алтайбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...07 дугаар сарын 03-ны орой Жаргалан сумын эмнэлэг дээр ирэхдээ 22 цаг 30 минутад анх ирсэн байдаг. Ирж үзүүлээд хамгийн гол зовуурь нь цээж хэвлийгээр өвдөнө гэсэн зовуурьтай ирдэг. Тэгээд ирэнгүүт нь өвдөлт намдаах эмчилгээ голдуу хийгдээд тэгээд дүү нь ирж аваад явсан гэж мэдүүлдэг. Тэгээд буцаад 01 цагт манай эмнэлэг дээр ирсэн. Тэгээд үзээд 08 цаг 30 минутад эхо хараад нэгдсэн эмнэлэг рүү мэдээлэл өгч байгаа. Энэ байдал нь орой яг 20 цагт ирэхэд нь хэвлийгээр өвдөж байна гэхэд яагаад эход харж болоогүй юм бэ? гэдэг байдлаар би ингэж оруулсан. Хэрвээ тухайн үед эход хараад шөнөдөө тээвэрлээд явсан бол амь насыг нь аврах боломжтой байсан гэж ойлгож болно... Яг тэр эмчилгээний стандартыг нь бол тайлбарлахад бол хэцүү цаанаа яаралтай тусламж болон шууд эмчилгээ, амбулатори эмчилгээ, өвдөлт намдаах эмчилгээг тус тусад нь хийдэг. Хамгийн гол нь анх ирж байхад нь эмчилгээ өвчтөнөө бодитой зөв эрэмбэлэх буюу яг энэ хүн хүнд хүн юм уу, дунд хүн юм уу гэдгийг зөв эрэмбэлсэн тохиолдолд дараачийн шатлал руу шилжүүлэх боломжтой байдаг. Түүнээс сумын эмч энэ хүнийг өөрөө оношлоод энэ ийм байна гээд өөрөө эмчилгээ хийх сумын түвшинд тийм зүйл яригдахгүй байх. 2 дугаар юм уу 3 дугаар шатлал дээр хүнийг оношилж, эмчлэх тийм зүйл байгаа... Эхлээд эход хараад оношлоод эмчилгээ хийгдэнэ, төв газар руугаа ярих, төв газраасаа эмч нараас зөвлөгөө авна. Энэ хүнийг тээвэрлэх боломжтой юу? үгүй юу шууд нэгдсэн эмнэлгээс өөр баг дуудах уу? гээд хоорондоо ярилцаж байгаад үүнийг шийдсэн болохоор өглөө 08 цагт ирсэн байлаа гэхэд боломжтой... Төв эмнэлэг рүү ярина, эмчилгээ хийж эхэлнэ. Хамгийн гол нь орой анх ирэхэд нь зөв эрэмбэлээд орой шөнөдөө ирсэн бол боломжтой. Өглөө 08 цагт мэдчихээд 08 цагтаа тээвэрлэсэн, 11:30-д цагт тээвэрлэсэн 2 нэг их ялгаа гарахгүй... Миний дүгнэлт дээр 08 цаг 30 минутад бичихдээ “ мурийсан зайд дэлүүний буланд зурвас шингэнтэй” гээд 10 цаг 30 минутад давтан үзэхэд хэвлийд сул шингэнтэй гэж бичсэн байгаа... Хэвлийд шингэн хуралдаж байгааг хэвлий нээх шаардлагатай гэж үзэж байгаа. Түүнээс гаднаасаа ямар нэгэн байдлаар үзээд бүдүүн гэдэс нь тасарч гэсэн онош тавих боломжгүй... Харж чадахгүй ч гэсэн тухайн үед гэдэс тасарч байгаа сэмж урагдаж байгаа тэд нараас чинь цус шүүрнэ хэвлийн хөндий мурийсан зай ч байдаг юм уу. Дэлүүний буландаа ч байдаг юм уу заавал шингэн харагдана. Шингэн хэвлийн хөндийд харагдаж байна гэдэг бол дотор хэвлий гэмтэж гээд заавал мэс засал хийж нээлттэй оношилгоо хийнэ гэдгээр заавал хийгдэх ёстой... Энэ дээр бол орон нутгийн байрлал, аймгийн төв дээр талийгаач ийм байдал үүссэн бол нэгдсэн эмнэлэгт ойрхон учраас боломжтой. Газар орон нутаг хамааралтай... Эхлээд цохилт авч гэдсэнд тасрал үүслээ гэхэд бага хэмжээтэй дотроо цус шүүрнэ, өтгөн бага хэмжээтэй гадагшилна... Энэ чинь бараг л олгойтой адилхан. Мухар олгой эхлээд үрэвсдэг. Үрэвсээд өвдөж байгаад дараа нь өвдөж чинэрээд хэвлий дотроо хагараад тэр нь хүндрээд үжил хордлогын шоконд орж нас бардаг. Талийгаачийнх яг тэрүүнтэй адилхан... Харин тэр эхо дээр би нэг юм хэлэхэд Жаргалан сумын эмч эхо харж чадахгүй нутгийнх нь резидент, дүрс оношилгооны резидент хийж байсан тийм эмч харж өгсөн юм шиг байна лээ. Заавал дүрс оношилгооны резидентээр төгсөж байж, Дүрс оношилгооны мэргэжлээр төгсөж байж дүрс оношилгооны эхо харна. Тэгэхгүй бол эхог би хараад ч мэдэхгүй... Үүн дээр нэмээд хэлэхэд үжил хордлогын шоконд ороод талийгаач нас барсан байгаа. Энэ үжил хордлогын шокыг гүнзгийрүүлж өгсөн гол шалтгаан нь архинаас гаралтай. Би дүгнэлт дээр бичсэн архины гаралтай зүрхний булчингийн эмгэгшил, архины гаралтай элэг цөсний үрэвсэл, архины гаралтай нойр булчирхайн хатуурал өвчин гээд архины гаралтай бүх дотор эрхтнүүдийн үрэвсэл байгаа учраас энэ бас тухайн хордлогыг гүнзгийрүүлсэн зүйл байгаа. Шууд нөлөөлөөгүй, шууд бусаар нөлөөлсөн гэж үзэж болно гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчимд ажлаасаа гарч байхад эмнэлгийн үүдэнд Г.Э гэх хүн надтай зөрөөд эмнэлэг рүү орсон. Тухайн үед Г.Э ганцаараа явж байсан. Духны орчимд нь зүсэгдсэн шархтай байсан. Маргааш өглөө нь ажил дээрээ ирээд байж байхад эмнэлэгт хүнд хүн хэвтэж байгаа гэж байсан. Хэвтэн эмчлүүлж байгаа хүнд өвчтөний өрөө рүү ороход Г.Э гэх хүн царай нь цонхийж цайсан, их өвдөлттэй байх шиг байсан. Ө.А эмч аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг рүү холбогдож зөвлөгөө авч эмчилгээ хийсэн. Удалгүй аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төвөөс бүрэлдэхүүн гарч өвчтөнг замын голд солилцохоор тохиролцож 12 цагийн орчимд сумаас их эмч Ө.А, багийн эмч Б.Х, сувилагч Г.Э нар Г.Э гэх өвчтөнг аваад хөдөлсөн. Өвчтөн Г.Э-ын царай цонхигор, нүдний склер цайсан, даралт бага, хэвлийн өвдөлттэй байсан. Г.Эын 2 нүд нь бага зэрэг хөхөрч хавдсан, хөмсөгний орчимд зүсэгдсэн шархтай, зүүн хавирганы орчимд зулгаралттай байсан. Г.Э-ын биед өвдөлт намдаах эмчилгээ, зүрхний үйл ажиллагаа дэмжих, шингэн сэлбэх, тайвшруулах эмчилгээ, цус тогтоох эмчилгээнүүдийг хийсэн. Цусны ерөнхий шинжилгээ, био химийн шинжилгээ, жижиг мобайл технологиор хэвлийн эхо үзлэг хийсэн. Г.Э-ын биед цус багадалт, хэвлийн хэсэг хэвийн хэмжээнээс томорсон шинж тэмдэг илэрч байсан. Өвдөлт ихтэй байсан учир өвчтөнг дотуур цус алдалттай байж магадгүй гэх таамаглал байсан. Сумын эрүүл мэндийн төвд өвчтөний оношийг бүрэн тогтоох боломжгүй. Намайг байхад ямар нэг зүйл яриагүй. Ямар шалтгааны улмаас гэмтсэн талаар нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р хуудас/
Гэрч Ө.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Г.А-, амь хохирогч Г.Э нарыг танина. Нэг нутаг усны хүмүүс болохоор багаасаа танина. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орой 22 цаг 30 минутад Жаргалан сумын Эрүүл мэндийн байгууллагад өөрийн биеэрээ ганцаараа ирж үзүүлсэн. Тухайн үедээ амь хохирогч Г.Э нь надад ирээд: Хэвлий болон цээжин хэсгээр өвдөөд байна гэсэн зовуурьтайгаар ирсэн. Тухайн үедээ Эыг үзээд өвчин намдаагч диклоденк булчинд тариагаар хийсэн. Би сувилагчдаа хэлээд ажиглалтад хонуулахаар өрөөнд хэвтүүлсэн байсан. Цус тогтоохоор вексол, өвчин намдахгүй бол эсмес хийгээрэй гэж зөвлөгөө өгөөд би гэр рүүгээ явах гэж байхад Эын дүү А нь эмнэлэг дээр найз Т-ий хамт орж ирсэн. А нь эмнэлэг дээр орж ирээд ахыгаа авч явна гэж хэлэхээр нь би Ад: Өнөөдөр ажиглалтад хонуулаадах. Биеийн байдлыг нь хянах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгсэн чинь А нь ахыгаа авч яваад юм хийлгэнэ гэж хэлээд 23 цаг 10 минутын орчимд аваад явсан. Намайг гэртээ орж ирэхэд цаг 23 цаг 20 минут болж байсан. Өглөө намайг ажил дээрээ ирэхэд манай сувилагч Урангоо нь талийгаач Эыг 2024 оны 07 дугаар сарын 04-нд шилжих шөнийн 01 цагийн үед ирсэн. Би таны хэлсний дагуу вексол, эсмес хийгээд хонууллаа гэж хэлсэн. Би тэгээд Эыг өглөөний 07 цаг 50 минутын үед өрөөнд орж үзэхэд бөөлжөөд царай нь цонхийчихсон байсан. Би тэгээд хүмүүсээ яаралтай дуудаад яаралтай эрчимт эмчилгээний өрөө рүү оруулсан. Яаралтайгаар даралт дексометазон 8 мл/ гр-р 250-тай натрит найруулж дуслаар хийсэн. викосал булчинд, транлок 5 мл-р 250 гр натрит дуслаар, амин үзүүлэлтийг хянаж байгаад 08 цаг 30 минутад эхоны эмчийг дуудаж, хэвлийг эхогоор харсан. 09 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлэг рүү дотрын эмч Чимэдлхам эмчтэй утсаар ярьж зөвлөгөө авсан. Тухайн эмч дуудлагаа өг гэж хэлсэн. Аймгийн 103 руу дуудлагыг өгсөн. Мөн гэмтлийн зөвлөх эмч Г, Б, Г эмч нараас зөвлөгөө авч эмчилгээг хийсэн. Натри 0,9 500 гр-тайг дуслаар, рингер 500 гр-тай дуслаар, өвчин намдахаар морифин 1 гр-ыг натри 0,9-г 9 гр-р шингэлж, 3 гр-г судсаар хийсэн. Витамин С-6-г натри 0,9-г 4 гр-р шингэлж судсаар хийсэн. Кокор 50мл/гр-ын судсаар децно 2 гр-ыг натри 0,9-г 8 гр-р шингэлж судсанд хийсэн. Дексонметазон 8мл/гр-г 250 гр-тай натрит судсаар хийсэн. Мөн холбогдох эмчилгээнүүдийг хийж, өвчний түүх дээр нарийвчлан бичсэн байгаа. Тухайн үед өвчтөний биеийн байдал хүнд, амин үзүүлэлт тогтворгүй унаад байсан учраас эмчилгээг үргэлжлүүлж хийж байгаад аймгийн төвөөс өвчтөнийг тээвэрлэ гэсэн зөвлөгөөг өгөөд 12 цаг 20 минутад аймгийн төв рүү тээвэрлэлтийг хийсэн. Аймгийн төвөөс гарсан дуудлагатай Тайшир сумын Улаан хөндийн гэх нэртэй газарт таарч өвчтөнийг шилжүүлэн өгсөн. Би тэгээд тухайн газраас буцаад сумын төв рүү ирсэн. Амь хохирогч Г.Э нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан. Тухайн үед архи үнэртэж байсан. Эрүүл мэндийн байгууллагын хяналтад ямар нэг архаг хууч өвчнөөр хяналтад байдаггүй. Э-ын баруун хөмсөгний дотор талд язарсан шархтай, хоёр хөмсөгний гол хэсэгт мөн язарсан шархтай, зүүн далны дотор хэсэгт хавирга хамарсан зулгарсан шархтай байсан. Нүүр, нүд болон зүүн шанаа хэсэг хавдсан байсан. Харин маргааш өглөө нь харахад нүүр, нүд хэсэгт хөхрөлт үүссэн байсан. Би тухайн үедээ Э-аас: Та хэнд зодуулсан юм бэ гэж асуухад Э нь: Дүү У-даа зодуулсан гэж хэлсэн. У гэдэг нь Э-ын дүү Аг тэгж дууддаг юм. Г.Э нь ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт амьдардаг юм. Би тухайн үед шөнийн 01 цагийн үед Эыг буцаж ирсэн талаар мэдээгүй. Харин өглөө ажилдаа ирээд мэдсэн. Би ажилдаа ирээд амь хохирогч Эыг үзээд шаардлагатай холбогдох арга хэмжээг авч ажилласан гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/
Гэрч Б.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Г.А-, амь хохирогч Г.Э нарыг танина.А бид хоёр найзууд байгаа юм. Харин талийгаач нь Агийн төрсөн ах нь байгаа юм. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2024 оны 07 дугаар сарын 03-ны орой 23 цагийн орчимд эмнэлгийн гадаа би машинтай явж байхад Атай таарсан юм. Агаас: Чи хаашаа явж байгаа юм гэхэд би хашаагаа янзалж байна гэж хэлээд миний машинд суусан юм. Бид хоёр хамт машинтай явж байгаад би машинаа буудлын гадаа үлдээгээд бид хоёр хамтдаа эмнэлэг рүү алхаж явсан. Эмнэлэг рүү бид хоёр хамт ороод А нь Э ахыг аваад гараад ирсэн. Бид гурав хамтдаа эмнэлгээс гараад хамт алхаж байгаад буудлын тэнд очоод би тэр хоёрт би машинаа аваачиж тавилаа гэж хэлээд салаад явахад тэр хоёр хашаа руугаа алхаад явсан. Би тэгээд хоолоо идчихээд буцаад шөнийн 12 цаг болж байхад ирэхэд А ганцаараа хашааныхаа гранизыг хадаад зогсож байсан. Би тэгээд хашааных нь гранизыг нь хадаж өгч дуусгаад гэр рүүгээ харьсан юм. Би дахиж тэр хоёртой таараагүй.Тэр хоёр надтай хамт явахдаа хоорондоо маргалдаж муудалцаагүй. Хоёр хөмсөгний дундаас нь цус гарчихсан байсан. Би тухайн үедээ Э ахаас эмнэлэгт яагаад очсон талаар нь асуугаагүй. Энхээ архи уучихсан нилээд халамцуу байсан. Г.Э нь ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт амьдардаг юм. Энхээ ахын эхнэр хүүхэд нь гадаад амьдардаг гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-р хуудас/
Гэрч: Б.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Говь-Алтай аймгийн Жаргалан суманд оршин суудаг. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн эмчээр ажилладаг. 2024 оны 07 дугаар сарын 04-ний өглөө Жаргалан сумын төвд эмнэлгийн үүдний автомашины зогсоол цутгаж байхад эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Б над руу залгаад аймаг руу хүнд өвчтэй хүн хүргэж өгөхөөр явна шүү гэж хэлсэн. 12 цагийн орчимд эрүүл мэндийн төвийн дарга Ө.А, жолооч Р.С, сувилагч Г.Э нарын хамт Г.Э гэх өвчтөнг аймаг руу авч яваад Жаргалан сумаас 40 орчим километр зайд Тайшир сумын Улаан хөндийн гэх газарт аймгаас гарсан эмнэлгийн бүрэлдэхүүнд өвчтөнг хүлээлгэж өгөөд буцаж сумын төвд ирсэн. Г.Э гэх өвчтөний биеийн байдал хүндэвтэр байсан. Сумын их эмч аймаг руу холбогдож зөвлөгөө авч байсан. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төвөөс бүрэлдэхүүн гарч өвчтөнг замын голд солилцохоор тохиролцож 12 цагийн орчимд сумаас аваад хөдөлсөн. Г.Э-ын 2 нүд нь хөхөрсөн, хөмсөгний гол хэсэгт зүсэгдсэн шарх ил харагдаж байсан. Би өөрөө тухайн хүнд эмчилгээ хийгээгүй учир биеийн бусад газарт ямар шарх байсныг сайн мэдэхгүй байна. Г.Э гэх өвчтөнд сумын их эмч Ө.А, Ж.Б нар аймгийн төв рүү холбогдож зөвлөгөө аваад эмчилгээ хийсэн. Г.Э-ын биед сумын их эмч нар эмчилгээ хийсэн болохоор би ямар эмчилгээ хийсэн талаар сайн мэдэхгүй байна. Жаргалан сумын төвөөс аймаг руу авч явах замд Г.Э-ад шингэн сэлбэх, зүрх судас дэмжих, тайвшруулах, өвдөлт намдаах, хүчилтөрөгчийн эмчилгээнүүдийг хийж яваад аймгаас гарсан эмнэлгийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Аймаг руу авч явах замд Г.Э-ын амин үзүүлэлтүүд тогтвортой байсан. Цусны ерөнхий шинжилгээ, жижиг төхөөрөмжөөр хэвлийн эхо үзлэг хийсэн гэж байсан. Г.Э-ын биед цус багадалтын шинж тэмдэг илэрч байсан. Өвдөлт ихтэй байсан учир өвчтөнг дотуур цус алдалттай байж магадгүй гэх таамаглал байсан. Г.Э-ын биеийн байдал хүнд байсан учир өөрийн биеийн байдлын талаар нь цөөн хэдэн зүйл асуусан. Хэлж ярих нь бага, дохио зангаагаар хариулж байсан. Ямар шалтгааны улмаас гэмтэж бэртсэн талаар нь тодруулж асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/
Гэрч Т.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 30 минутын үед амь хохирогч Г.Э нь ганцаараа манай эрүүл мэндийн байгууллагад орж ирсэн. Би ээлжийн сувилагчаар 16 цагийн үүргийг гүйцэтгэж байсан. Би өөрөө өвчтөнүүдийн эмчилгээг хийгээд хоёр давхарт явж байхад эмч Ө.А утсаар залгаад намайг дуудсан. Би хоёр давхраас буугаад хүлээн авахын өрөөнд ороход Ө.А эмч, амь хохирогч Г.Эыг үзэж байсан. Эмчийн заавраар өвдөлт намдаах тариаг булчинд хийсэн. Тухайн үед амь хохирогч нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан ба их хэмжээгээр архи үнэртэж байсан. Эмч надад эмчилгээг хэлж өгсөн. Энэ хүнийг хяналтад хонуулах хэрэгтэй байна. Энэ хүн өөрөө согтуу байгаа учраас сайн үзүүлэхгүй байна гэж хэлсэн. Эмчийг үзэх гээд биед нь ойртох үед гарыг нь түлхээд үзүүлэхгүй байсан. Эмч надад хийх эмчилгээг бичиж өгөөд өөрийнхөө өрөө рүү орсон. Г.Э нь намайг ээж руу утсаар залгаад өг гэж хэлсэн. Би өөрийнхөө утсаар ээж Нарантуяагийнх нь утас руу залгаж өгсөн. Ээжтэйгээ утсаар яриад Ээж та эмнэлэг дээр хүрээд ир. Би эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Амь хохирогчийг хяналтад хонуулах гэж өрөөнд оруулсан. Өрөөнд оруулснаас хойш 10 минут орчим гэж бодож байна. Гаднаас дүү болох У /А/ орж ирээд ахыгаа асуухаар нь би хяналтад хонуулахаар энд өрөөнд оруулсан байна, өвчин намдаах тариа хийсэн байгаа гэж хэлсэн. Тухайн үед А нь найз Т-ий хамт орж ирсэн. А нь ахыгаа авч явах гээд эмч бид хоёр наад хүнийг чинь хяналтад хонуулах гэж байна. Авч явж болохгүй гэхэд А нь: Бид хоёр юм хийх гэж байгаа юм гээд гараас нь татаж аваад эмнэлгээс 23 цаг 10 минутын орчим аваад гарсан. Ө.А эмч Эыг шөнө буцаад ирвэл өвчин намдаах смесс найруулж хийгээд юуны магад цус тогтоох вексел гарын булчинд хийгээд зовуурийг нь асуугаад хоноорой гэж хэлээд эмч гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “...1. Амь хохирогч Г.Э-ын цогцост бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн тасрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /3 литр/ зүүн талын 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, дух, баруун дээд зовхи, зүүн хацарт, хавирганы нум, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Амь хохирогчийн цогцост үүссэн бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн тасрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /3литр/ гэмтэл нь амь насанд аюултай тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Зүүн талын 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад зулгаралт гэмтэл нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтохгүй. 4.5. Амь хохирогч нь бүдүүн гэдэсний тасрал гэмтлийн улмаас цуллаг эрхтнүүдийн цус багадалт болон гялтантасаар хүндэрч амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. 6. Амь хохирогч архины гаралтай зүрхний булчингийн эмгэгшил, архины гаралтай элэг цөсний архаг үрэвсэл, архины гаралтай нойр булчирхайн хатуурал өвчтэй байх ба уг өвчин шууд үхэлд нөлөөлөөгүй байна. 7. Амь хохирогч Г.Эад тухайн үед сумын эмч анх үзэхдээ хүнд хүнийг эрэмбэлэн ангилалт хийж яаралтай дараачийн шатлал буюу аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэх байжээ. Хугацаа алдаагүй бол амь насыг нь аврах боломжтой байжээ. 8. Эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу хийсэн байна...” гэх 40 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-77-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, утга агуулгын хувьд бие биеэ нөхсөн, баталсан шинжтэй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь шүүх үнэлж үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон болно.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Жаргалан сумын нутаг дэвсгэрт Г овогтой А, Э 2 нь төрсөн ах дүү 2 юм байна. Тэгээд ах нь жоохон архи дарс уудаг хүн байсан байна. Дүү нь ахыгаа архи дарс уухад нь муудалцаж бариад байдаггүй байсан юм шиг байна. Хашаа, байшин янзлах асуудлаас болж ахыгаа ажиллуулахаас болж дүүтэйгээ маргалдсан юм байна. Дүү нь тухайн хүн амины хэрэг болно гэж бодоогүй тухайн үедээ ахыгаа тайвшруулах гэж цохиж унагаасан байна. Хэвлийд нь нэг гишгэсэн байна. Дээрээс нь дарж тайвшруулах гэж хэвтсэн байна. Ах нь тэгээд сумын эмнэлэгт хандсан юм байна. Ахыгаа санаатайгаар ална гэж бодоогүй, санамсаргүйгээр ийм юм болсон байна. Ах дүү 2-ын ийм нэг хэрэг Жаргалан сумд болсон юм байна. Би иргэдийн төлөөлөгчөөр сууж энэ бүхнийг нь үнэн зөвөөр нь шүүж байгааг өөрийн биеэр харж сонслоо гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.2 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Хүнийг алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагдана.
Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Тодруулбал, “хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бол “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэг нь бусдад хүнд гэмтэл учруулах үйлдлийг санаатайгаар хийсэн боловч энэ үйлдлийн улмаас хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа ялгагддаг. Уг хоёр гэмт хэргийг ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн хохирогчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, гэмт үйлдэл нь илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзээд гэмт этгээдийн үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, үүний улмаас учирсан гэмтэл зэргийг нэгдмэл байдлаар дүгнэсний эцэст ялган зүйлчлэх учиртай.
Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч нь хохирогчийг цохиж зодсоны улмаас хүнд гэмтэл үүсэж үүнийгээ хохирогч сумын болон аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч, гэрч нарын удаа дараа өгсөн мэдүүлгүүд, яаралтай тусламжийн хуудас, өвчтөний түүх зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Амь хохирогчийг зодсон шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байх боловч харин талийгаачийн үхлийг хүссэн, түүнийг амиа алдахад зориуд хүргэх зорилгоор хийсэн гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.
Иймээс шүүгдэгч Г.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэсэн хүндрүүлэх шинжээр өөрчлөн зүйлчилж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь санаатайгаар хүний биед халдаж хүнд гэмтэл учруулсан түүний улмаас хохирогч нас барснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г. Аг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо иргэдийн төлөөлөгчийн “...Хашаа, байшин янзлах асуудлаас болж ахыгаа ажиллуулахаас болж дүүтэйгээ маргалдсан юм байна. Дүү нь тухайн хүн амины хэрэг болно гэж бодоогүй тухайн үедээ ахыгаа тайвшруулах гэж цохиж унагаасан байна...” гэсэн санал нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэж байх тул тус саналыг харгалзан үзлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохиролд нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал хүсэлтгүй гэсэн учир шүүх шүүгдэгч Г.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээний 3/2-оос хэтрүүлэхгүйгээр оногдуулах хуулийн зохицуулалт байгаа. Нэгэнт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хоорондоо садан төрлийн харилцаатай, иймд хохирогч гомдол саналгүй гэж байгаа. Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ залуу хүний хувьд хувийн байдлын хувьд ч гэсэн урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг бөгөөд зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардахаас гадна мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзсэний үндсэн дээр хэрэглэхээр зохицуулжээ.
Иймээс шүүх уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан үүнийг нөхөн төлөх, арилгах боломгүй гэж дүгнэн эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Г.А-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Аг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай шүүгчийн захирамжаар өөрчлөн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч сулласан тул уг 21 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцнэ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт 21 цагдан хоригдсон, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирсэн СД 1 ширхгийг хэрэгт хавсаргаж түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ч ургийн овогт Г А-д холбогдох хэргийг дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Ч ургийн овогт Г А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоосугай.
3. Шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Г.А-гийн урьд цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Г.А-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хорьсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирсэн СД 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 5. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.МӨНХТУЛГА
Б.ОДБАЯР