Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2019/01067

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2019/01067

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, шүүгч Ч.Батчимэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Г.М

хариуцагч: б.и ХХК

жирэмсний тэтгэмж авч чадаагүйн улмаас учирсан хохиролд тооцон 5 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 19-ий өдөр хүлээн авч, 2018 оны 12 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Г.Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, хариуцагч б.и-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, иргэдийн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон гаргасан тайлбартаа: б.и ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас халсны улмаас би тус шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 181/ШШ2017/02643 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж шийдвэрлэсэн. Хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийлгэсэн. Энэ хугацаанд хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ зөрчиж, маш их удааж, шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадуулах ажиллагаа хийлгэсний эцэст 2018 оны 04 сарын 13-ны өдөр намайг ажилд эгүүлэн томилсон тушаалыг гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгсөн. Дараагийн 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01258 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 1735 дугаар магадлалаар хариуцагч нь өмнөх шүүхийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02643 дугаар шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй удаасан хугацааны цалин хөлсийг дахин гаргуулсан. Мөн ажилд буцаан томилох тушаал гарах үед миний бие жирэмсэн, төрөх хугацаа дөхсөн байсан тул жирэмсний өмнөх тэтгэмжээ хугацаанд нь авах гэтэл нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт тасалдсан шалтгаанаар лист бичиж өгөөгүй, ямарч аргагүй байдалд орж жирэмсний тэтгэмжээ авч чадаагүй. Энэ талаар нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01258 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөний улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан гэж үзнэ. гэж ажил олгогч байгууллагын буруутай байдлыг тогтоосон атлаа ...Нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэмж олгохоос татгалзсан болохыг нотолсон баримтгүй, ...тэтгэмжийн асуудлыг Нийгмийн даатгалын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжтой байна... гэж дүгнэсэн. Иймд миний бие шүүхийн шийдвэр гарснаас хойш Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очиж, жирэмсний өмнөх болон амаржсаны тэтгэмж авах асуудлаа амаар удаа дараа тайлбарлаж, бичгээр өргөдлөө гаргасан боловч тус хэлтсийн зүгээс татгалзсан агуулга бүхий хариуг амаар болон бичгээр өгсөн. Миний ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны улмаас нийгмийн даатгалын төлөлт тасалдсан шалтгааныг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 1.6.2-т зааснаар Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасны дагуу ажил олгогч байгууллагаасаа шаардах нь зүйтэй гэсэн. Миний бие 2018 оны 06 сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн төрөх эмнэлэгт хүү Б.Бат-Ирээдүйг төрүүлсэн. б.и ХХК нь 2017 оны 10 сарын 24-ний өдрийн шийдвэрээс хойшхи хугацааны нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг мөн шүүхээс 2018 оны 09 сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас бичүүлж, шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадуулсны эцэст хийсэн, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг ажил олгогчийн буруутай байдлаас болж тасалдан, миний бие жирэмсний өмнөх болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй нөхцөл байдал бүрэн тогтоогдож байгаа болно. Хоёр удаагийн шүүхийн шийдвэрээр олгох ёстой 2018 оны 4 сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийн төлбөрт 8 827 502 төгрөг, 2018 оны 9 сарын 13-ны 6 723 648 төгрөг 52 мөнгө, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүд 579 900 төгрөг 33 мөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулж бүрэн хүлээн авсан. Тасалдсанаас тэтгэмжээ авч чадаагүй тул энэ хугацааны ажилтны төлөх шимтгэлээ төлөөгүй байгаа. Шүүхээс миний нягтлан бодогчоор ажиллаж байсан хугацааны цалин хөлсний дунджийг тогтоосон, Нийгмийн даатгалын байгууллагаас сүүлд авч байсан цалин хөлсний дунджаар тогтоож олгодог. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс жирэмсний амралт эхэлсэн тул жирэмсний өмнөх болон амаржсаны тэтгэмжид 120 хоногт бодож үзэхэд ажлын 86 хоногоор сарын дундаж 1 288 667 төгрөгийг 21,2-т хуваан 1 хоногт 61 365-г үржүүлэн нийлбэр дүнгээр 5 240 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч тал нэхэмжлэлд ирүүлсэн тайлбараа дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийг үндэслэлгүй халсан гэдгийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02643 тоот шийдвэрээр тогтоосон. Гэхдээ хариуцагч нь өөрийн үүргийн дагуу нэхэмжлэгчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Дараа нь нэхэмжлэгч 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөн дахин,ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны олговорт 7,355,128 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, алдангид 2,619,513 төгрөг тооцон гаргуулах, ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас жирэмсний тэтгэмж авч чадахгүй болсны хохиролд 2,613,806 төгрөг гаргуулах гэсэн шаардлагууд бүхий нэхэмжлэлийг гаргаж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 181/ШШ2018/001258 тоот шийдвэрээр шийдсэн. Нэхэмжлэгч нь өөрийн жирэмсний тэтгэмжийн асуудлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 1 дүгээр зүйлийн 1 "жирэмсний чөлөө авахаас өмнө даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сарын тасралтгүй төлсөн даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхээр, мөн хуулийн 24 зүйлийн 4.1-д эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор нийгмийн даатгалын байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр тус тус заасан ба нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс одоо гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлүүлэхээр хуульчилсан байсан учир шүүх шийдвэрлээгүй.Тус ББСБ Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/11II1I2018/001258 тоот шийдвэрийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 09/13 тоот албан бичгээр биелүүлсэн, мөн жирэмсний тэтгэмж авах асуудлыг хуулийн хүрээнд нийгмийн даатгалын газраас гаргуулах бүрэн бололцоо байгаа талаар, тэтгэмжийн асуудал хариуцагчаас шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн болохыг Г.Мод мэдэгдсэн.Нэхэмжлэгч нь өөрийн эрхийн хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан ба тус хэлтсээс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1215 тоот албан бичгээр, Нийгмийн даатгалын тухай хуулийн 1.6.2-т зааснаар Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасны дагуу энэхүү асуудлаар ажил олгогч байгууллагаас шаардах нь зүйтэй гэсэн хариуг нийгмийн даатгалаас өгсөн байна. Манай байгууллага Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын нөхөн тайланг ирүүлснээр 2018 оны 9 сард шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тогтоолын дагуу 8 512 000 төгрөг төлсөн. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс ажил олгогчоос төлөх шимтгэлийг л авна, иргэнээс бодогдохыг авахгүй гэсэн. Хэдийгээр хугацаа тасалдсан ч нөхөн даатгал төлөгдсөн. 2018 оны 11 сарын 24-ий өдрийн тус хэлтсийн 224 тоот албан бичиг ирсэн байгаа. Хууль зүй дотоод хэргийн яамнаас 2019 оны 3 сарын 20-ы 2/26 тоотоор Хүн ам хөгжил, нийгэм хамгааллын сайдын А/30 тушаал улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн хариу ирсэн. Гэтэл ажил олгогч нь өөрийн хүлээсэн үүргээ оройтуулсан ч бүрэн биелүүлсэн бөгөөд одоо нэхэмжлэгч нь өөрийн эрхийн хүрээнд буюу хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсоор байхад Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгал нь тэтгэмжийг олгох боломжгүй бөгөөд шууд ажил олгогчийн буруу гэж үзэж байгаа нь өөрөө хуулийг буруу ашиглаж байна гэж үзнэ. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 1 дүгээр зүйлийн 1 жирэмсний чөлөө авахаас өмнө даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сарын тасралтгүй төлсөн даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхээр, мөн хуулийн 24 зүйлийн 4.1-д эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор нийгмийн даатгалын байгууллагад хандаж шийдвэрлүүлж болох байтал хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч жирэмсэн, амралт авах болсон талаараа манай байгууллагад хэлж мэдэгдээгүй, эмнэлгийн болон даатгалын хэлтэст ч хугацаа алдахгүй хандах боломжтой байхад хандсан зүйлгүй байсан. б.и ХХК Давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2018 оны 8 сарын 3-ы өдөр гардан аваад хяналтын шатны шүүхэд гомдол гаргалгүй, 7 388 128 төгрөгөөс Нийгмийн даатгалын хэлтэс ажилтнаас суутгах шимтгэлийг манайхаас авахгүй гэсэн тул 2018 оны 9 сарын 13-ны өдөр 2017 оны 10 сараас 2018 оны 4 сарын хугацааны цалинд 6 723 648 төгрөг болон 2017 оны 6 сараас 2017 оны 10 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зөвхөн 10 хувийн хувь хүний орлогын татвар суутган Г.Г.Мод тус тус шилжүүлэн төлөөд, буцаагдсан шимтгэлийн зөрүү 579 900 төгрөг 33 мөнгийг мөн олгосон гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г.М нь хариуцагч б.и ХХК-д холбогдуулан жирэмсний тэтгэмж авч чадаагүйн улмаас учирсан хохиролд тооцон 5 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаа шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт шаардлагаа бүрэн дэмжин оролцов.

Хариуцагчб.и ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг үл зөвшөөрч, ажил олгогч шүүхийн шийдвэрийг оройтож биелүүлсэн буруутай хэдий ч ажилтан өөрөө холбогдох байгууллагад хандах, шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж маргана.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар; Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02643 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Г.Мыг нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2017 оны 5 сарын 24-нөөс 2017 оны 10 сарын 24-ий өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 443 337 төгрөг, буруу суутгасан цалин болон амралтын олговорт 2 288 515 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн хариуцагч 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 04/13/01 тоот тушаалаар түүнийг эгүүлэн нягтлан бодогчийн албан тушаалд томилсон. /хэргийн 7-9, 20-21 дэх тал/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01258 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 141 дүгээр зүйлийн 141.4.дөх хэсэгт зааснаар хариуцагчаас цалинтай тэнцэх олговорт тооцон 7 388 128 төгрөг, 170 хоногийн алдангид тооцон 1 167 050 төгрөг, бүгд 8 522 178 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г.Мод олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 002 463 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, жирэмсний тэтгэмжид олгогдох хохиролд 2 613 806 төгрөгийн нэхэмжлэлд холбогдох хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэж хэрэгсэхгүй болгон, 2017 оны 10 сарын 24-нөөс 2018 оны 04 сарын 13-ы өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч б.и ХХК-ид даалгаж шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 25-ы өдрийн 1735 дугаар магадлалаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01258 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч б.и ХХК-иас 7 388 128 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г.Мод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 169 513 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож тус тус өөрчлөн шийдвэрлэсэн/хэргийн 10-16 дахь тал/.

Г.Г.М 2018 оны 6 сарын 12-ны өдөр хүү Б.Бат-Ирээдүйг төрүүлэн, төрсний бүртгэлд 2018 оны 6 сарын 25-ны өдөр бүртгүүлэн 1116890038 дугаарын гэрчилгээ/хэргийн 6дахь тал/ олгогдсон.

Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 11 сарын 14-ий өдрийн 1215 тоот Г.Г.Мод хаягласан албан бичгээр, хүүхэд төрүүлэхэд шимтгэл төлөлт тасалдсан шалтгаанаар төрөхөөс лист бичиж өгөөгүй гэсэн нь эмнэлгийн хуудас олгох журамд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд өргөдөлд дурдсан шалтгаан нөхцөл хамаарахгүй гэж хүсэлтийг хүлээн авах боломжгүй/хэргийн 17-19 дөх тал/ гэжээ.

б.и ХХК Г.Г.Мод 2018 оны 4 сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийн төлбөрт 8 827 502 төгрөг/хэргийн 77дахь тал/, 2018 оны 9 сарын 13-ны өдөр Г.Г.Мод 2017 оны 10 сараас 2018 оны 4 сарын хугацааны цалинд 6 723 648 төгрөг 52 мөнгө/хэргийн 72, 78 дахь тал/, 2017 оны 6 сараас 2017 оны 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүд 579 900 төгрөг 33 мөнгийг /хэргийн 73 дахь тал/ тус тус шилжүүлэн олгосон.

б.и ХХК Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст Г.Г.Мын 2017 оны 6 сараас 10 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтад 2017 оны 10 сарын хугацааны хөдөлмөр хөлс, түүнтэй адилтгах орлого 6 443 337 төгрөгт тооцон ажил олгогчоос 515 466 төгрөг 96 мөнгө, 2018 оны 4 сарын 13-ыг хүртэлх хугацааны 635 846 төгрөг 81 мөнгийг тус тус ажил олгогчоос төлснөөр нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын нөхөн тайлан/хэргийн 56-57, 75-76 дахь тал/ гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн 0533992 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбараар, Г.Г.Мын 2017 оны 1-12, 2018 оны 1-4 дүгээр сарын ажил олгогчоос төлөх шимтгэл төлөгдөж баталгаажсан, харин 2017 оны 6 дугаар сараас хойш даатгуулагчаас төлөх шимтгэл төлөгдөөгүй байгаа үйл баримтууд бий болсон, талууд энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч ажил олгогчийн хууль бус шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр 2018 оны 4 сарын 13-ы өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон, энэ үедээ жирэмсэн байсан, эмнэлгийн хуудас бичиж өгөөгүй тул жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ нөхөн гаргуулах тухай Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан гэх тайлбараа нотлохоор хэрэгт, 2018 оны 10 сарын 17-ы өдрөөр огноо бичигдсэн 2 хуудас бичвэр/хэргийн 17-18 дахь тал/ нь хуулбар, мөн хариуцагч талаас б.и ХХК-аас Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст Г.Г.Мын 2017 оны 6 сараас 10 сар, 2017 оны 10 сараас 2018 оны 4 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын нөхөн тайлан/хэргийн 70-71дэх тал/ 2 хуудас баримт ирүүлсэн нь хүлээн авагч этгээдийн бичвэр тамгагүй тул үйл баримтыг илэрхийлэхгүй, эдгээр нь бичгийн баримтын хуулийн шаардлага хангахгүй тул үнэлэх боломжгүй.

Нэхэмжлэгч ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тул учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч тал нэхэмжлэгчийг жирэмсэн болон жирэмсний амаржсаны тэтгэмж авах талаар хариуцагч байгууллагад хэлж мэдэгдээгүй, эмнэлгийн болон даатгалын хэлтэст ч хугацаа алдахгүй хандах боломжтой байсан тул хариуцах үндэсгүй гэж маргана.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй., 2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, ...жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.гэж заасан ба нэхэмжлэгч Г.Г.М 2018 оны 6 сарын 12-ны өдөр хүүгээ төрүүлсэн нь эхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан жирэмсний амралт чөлөө авах хугацаанаас өмнөх 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагч тал нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оны 4 сарын 13-ыг хүртэл хугацаагаар нөхөн төлсөн/хэргийн 75-76дахь тал/ баримт ирүүлж тайлбар гаргасан ч шимтгэл хэзээ төлсөн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн дурдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар албадуулж хийсэн гэсэн хариуцагч тал үгүйсгээгүй тайлбар, тус шүүхийн 2018 оны 9 сарын 17-ны өдрийн 181/ШЗ2018/10145 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 871 дугаартай гүйцэтгэх хуудас/хэргийн 22-23 дахь тал/ баримтаар 2018 оны 9 сарын 17-ны өдөр хүртэл жирэмсний амралт чөлөө авах хугацаанаас өмнөх 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй бүрэн төлсөн байдал тогтоогдохгүй, төлөлт хийгдээгүйгээс тасалдал үүсгэсэн байсан гэж үзнэ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно., 2.Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно.гэж заасан ба үүнд, 3.Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараах 5/ хууль бусаар ажлаас халагдсан.., 7/ хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байсан.. хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно гэж зохицуулснаар хариуцагч байгууллага төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлснөөр уг төлөлт хийгдсэн шимтгэлийн хугацаа шимтгэл төлсөн нийт хугацаанд орж тодорхойлогдоно.

Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батласан,Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 1.Тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцоход энэхүү журмыг баримтална., 2. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан хугацааны шимтгэлийг төлөхдөө дараах журмаар тооцож тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд оруулнае/хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө. гэж зохицуулснаар Г.Г.Мыг ажилд нь эгүүлэн томилсон 2018 оны 4 сарын 13-ны өдрөөс хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлөх нөхцөл хэрэгжээгүй, хариуцагч байгууллага хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.

Нөгөө талаар; Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 тоот хамтарсан тушаалын 1-р хавсралтаар баталсан, Эмнэлгийн хуудас олгох заавар-ын 2.Эмнэлгийн хуудас олгох журам-ын 1.2.-т эмнэлгийн хуудсыг эмнэлгийн байгууллага бичиж олгох, 2.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 17, 191..... -д заасны дагуу .., жирэмсэн болон амаржсан эх (даатгуулагч)-д нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, ...амбулаторийн картыг үндэслэн эмнэлгийн хуудас олгоно.гэж зохицуулснаар нэхэмжлэгч жирэмсэн болон амаржсаны дараа эмнэлгийн хуудас бичүүлэхээр эмнэлгийн байгууллагад баримт бичгээ бүрдүүлэн хандах, бичүүлж авах байсан ба харин ямар нэг баримт ирүүлээгүй тул хандсан гэж үзэх үндэсгүй, эмнэлгийн хуудас бичиж өгөөгүй гэсэн тайлбар мэтгэлцээний үндэслэлээ өөрөө нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд заасан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тул Г.Г.Мыг эмнэлгийн хуудас бичүүлэхээр эмнэлгийн байгууллагад баримт бичгээ бүрдүүлэн хандсан зүйлгүй гэж үзэх үндэс болно.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.-ын 1.өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулнагэж зааснаар нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтны хувьд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулан шимтгэлээ төлөх үүрэгтэй ба хуулийн 6 дугаар зүйлийн 1.Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.гэж нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг хуульчилсан.

Эндээс дүгнэхэд, хариуцагч нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө хуульд заасан журам зөрчиж хугацаа хожимдуулснаас тасалдал үүсгэсэн, ажилтан Г.Г.М ажил олгогчоос өөрийн буруугүй гэж үзсэн байдлаа тогтоолгохоор шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж, энэ хугацаанд шүүхийн шийдвэрээр олгосон олговрын мөнгийг бүрэн хүлээн авсан хэдий ч ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ бүхий ажлын байранд ажилладаг ажилтны хувьд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулан шимтгэлээ төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төлөлт хийгдсэн шимтгэлийн хугацаа шимтгэл төлсөн нийт хугацаанд орж тодорхойлогдохгүй байдал болсон, нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэх нөхцлийг хангаагүй, эмнэлгийн байгууллагад эмнэлгийн хуудас авахаар баримтаа бүрдүүлэн хандаагүй, мөн эмнэлгийн хуудастай холбогдох асуудлаа харьяа нийгмийн даатгалын байгууллагад тавьж шийдвэрлүүлээгүй тус тус зохих буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 1.Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно. 3.Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.гэж зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон Г.Г.Мын сарын дундаж цалин хөлс 1 288 667 төгрөгийг нэг сарын ажлын хоног 21,2-т хуваан, нэг өдрийн 60 786 төгрөгийг нийт 120 хоногийн ажлын 86 хоногоор үржүүлэн түүнд олгогдвол зохих жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралтын хугацааны тэтгэмжид бодогдох 5 227 611 төгрөгийг зохигч талуудад адил хэмжээгээр хуваан хариуцуулж, 2 613 806 төгрөгийг хариуцагч б.и ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Г.Г.Мод олгон, нэхэмжлэлээс үлдэх 2 626 194 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн, нэхэмжлэл хангагдсан дүнгээр тооцож хариуцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118.дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 514 дүгээр зүйлийн 514.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1., Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 1., 3.-т заасныг тус тус баримтлан хариуцагч б.и ХХК-иас 2 613 806/хоёр сая зургаан зуун арван гурван мянга найман зуун зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г.Мод олгон, нэхэмжлэлээс үлдэх 2 626 194/хоёр сая зургаан зуун хорин зургаан мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас хариуцах тэмдэгтийн хураамжид 56,771 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.БАТЧИМЭГ