| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00542/И |
| Дугаар | 155/ШШ2021/00678 |
| Огноо | 2021-06-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2021/00678
| 2021 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 155/ШШ2021/00676 | Хөвсгөл аймаг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.Л-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.М-д холбогдох
Хүү Л.Нын асрамж өөрчлүүлэн, Ж.Мгээс тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 155/2021/00542/и индексийн дугаартай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Л.Л, хариуцагч Ж.М нар (цахимаар) оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Л нь эхнэр болох Ж.Мтэй 2007 онд танилцан үерхэн дотносож байгаад 2008 онд албан ёсоор гэр бүл болон нэг гэрт орсон. Бидний хамтын амьдралын явцад 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүү Л.Н, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бага охин Л.Т нар тус тус мэндэлсэн. Эхнэр Ж.Мтэй айл гэр болон амьдарсан цаг үеэс эхлэн бид хоёрын зан харилцааны хувьд таарч тохирохгүй нөхцөл байдал үүсч эхэлсэн. Учир нь эхнэр Ж.М нь нөхөр болох Л.Л намайг цаг ямагт хуурч мэхлэн, бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх болсон. Энэ шалтгааны улмаас эхнэр бид хоёр цаг ямагт хэрүүл маргаантай байх болж улмаар энэ бүхэн даамжирсаар гэр бүлийн халуун дулаан уур амьсгал манай гэрт байхгүй болсон. Улмаар 2011 онд бид хоёр гэр бүлээ Хөвсгөл аймгийн сум дундын шүүхээр цуцлуулж байсан. Хэдий тийм боловч үр хүүхдээ бодоод буцаж нийлэн амьдарч үзсэн. Гэсэн хэдий ч түүний урьдын зан араншин, муу зуршил арилаагүйгээр үл барам энэхүү зүй бус авир, үйлдэл нь үр хүүхдүүдийн минь хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон. Тийм учраас 2019 онд дахин салж тусдаа амьдрахаар болсон. Салах болсон шалтгаан нь түүний алдаа дутагдалтай байдлыг түүний төрсөн ах, дүү нар нь эс зөвшөөрч, болж бүтэхгүй байгаа бүхэнд дан ганц намайг буруутган, миний гэр бүлийн амьдралд хэт орж, хэрүүл маргаан дэгдээж, улмаар намайг зодож нүдэх болсонтой холбоотой. Миний хувьд ханилсан хань ижил, үр хүүхдээ хайрлан хамгаалах үүргээ цаг ямагт биелүүлсээр ирсэн бөгөөд нэгэнт босгосон амьдралаа бүтэн болгох гэж аль чадахаараа хичээн чармайгаад арга буюу хүчин мөхөсдөж түүнийг дур зоргын хүсэлтэй нь тавьж явуулсан. Энэ шийдвэрийг би өөрийн минь үргэлжлэл үр хүүхдийнхээ өсөлт хөгжил хүмүүжилд садаа болгохгүйн тулд гаргасан гэж хэлж, ойлгож болно. Анх гэр бүл цуцлуулсан шийдвэр гарахад хүүг минь эхийнх нь асрамжид үлдээсэн боловч одоог хүртэл миний хувьд том хүүгийн хамт сум орон нутагтаа амьдарч өөрийн асрамжид байлгаж үр хүүхэд минь дутагдаж гачигдах зүйлгүй эцгийнхээ хайр халамжид цовоо сэргэлэн өсөж бойжиж байгаа нь үнэн. Энэ хугацаанд эхнэр болох Ж.М нь хүүхэдтэйгээ дуртай үедээ уулзаж байдаг. Харин бага охиныг минь ээж нь аав ах хоёртой нь уулзуулах нэг нь дуртай биш байдаг бололтой юм билээ. Иймд цаашид эх Ж.Мгийн асрамжид байгаа том хүү болох Л.Нын асрамжийг өөрчлүүлж, эцэг болох Л.Л миний асрамжид байхаар өөрчилж, хуульд заасны дагуу эх болох Ж.Мгээс нь тэтгэлэг тогтоож өгнө үү. 2011 онд гэр бүл цуцлуулахад хүүгийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн болохоос өнгөрсөн 4 дүгээр сард болсон хурлаар энэ талаар ямар ч асуудлыг шийдвэрлээгүй. Нэгэнт миний хүү надтай байнга хамт байгаа учир би хүүгээ өөрийн асрамжид авна. Ж.М нь ээж нь байж сургууль дээр таарахаараа танихгүй хүн шиг өнгөрдөг гэж байгаа юм. Мөн хүүхдийн төрсөн өдрөөр, хүүхдийн баяраар энэ тэр нэг удаа ч болтугай утсаар хүүхэдтэйгээ ярьдаггүй. Охиноо хайхрамжгүй орхидог. Дараа нь би охиныхоо асрамжийн асуудлыг ч мөн ярьж болох юм. Охин минь шөнө орой ганцаараа л байж байдаг. Би охиндоо бас санаа зовдог... гэжээ.
Хариуцагч Ж.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.М нь Л.Лтой 2007 оноос хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2008 онд гэрлэлтээ батлуулж, 2010 оны 3 сарын 05-ны өдөр хүү Л.Н төрсөн. Хамт амьдарч байхдаа нөхөр болох Л.Л маш их архи уудаг, агсам тавьдаг, зоддог, амгалан тайван амьдрахад хэцүү байсан тул 2010 оны 10 дугаар сард салж ээжтэйгээ хүүтэйгээ амьдардаг болсон ба 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар гэрлэлтээ цуцлуулсан. 2013 оны 3 дугаар сараас дахин хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр охин Л.Т төрсөн. Бидний хамт амьдарч байхад нөхөр Л.Л маш их архи уудаг, эрхэлсэн ажилгүй байсан. Архи ууж ирээд агсам тавьж намайг зодож хэрүүл хийж гэрээсээ хөөдөг байсан ба би хүүхдээ дагуулаад эгч Л.Бямбасүрэнгийнд нь олон удаа очиж хонож байсан. Л.Лын гэр бүлийн хүчирхийллийн үйлдэлд цагдаад гомдол гаргаж 2018 оны 7 дугаар сарын 3-нд торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. Түүний зүй бус авир аашийг засах гэж маш их тэвчсэн боловч үр дүнд хүрэхгүй үр хүүхдүүдэд маань ч маш их хэцүү байсан болохоор тэсвэр тэвчээр маань барагдаж 2019 оны 5 дугаар сарын 01-нд хоёр хүүхдээ авч салж нүүсэн. Салж нүүснээс хойш миний байгаа байранд очиж байнга хэрүүл хийж, элдвээр хэлж доромжилж согтуу ирж агсам тавьдаг байсан. 2019 оны 7 дугаар сарын 1-нд , 11 дүгээр сарын 29-нд тус тус гомдол гаргаж сумын цагдаагийн тасагт торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 29-нд биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул баривчлагдах арга хэмжээ авагдаж байсан. 2020 оны 6 дугаар сарын 02-нд гудамжинд явж байхад намайг зодсон тул дахин цагдаад гомдол гаргасан ч Л.Л өөрөө надаас гуйж ахин тийм үйлдэл гаргахгүй гэж амлалт бичиг бичиж өгсөн болохоор торгуулийн арга хэмжээ авагдаад өнгөрсөн ч амлалтандаа хүрэхгүй байнга гэрт минь ирж хэрүүл хийдэг. Л.Л нь ер нь их муухай ааштай авир муутай хүн бөгөөд үр хүүхдийнхээ хажууд хүртэл намайг байнга янхан гэж дуудаж цохиж авдаг. Мөн түүнчлэн их хартай намайг байнга хардаж хаана хэнтэй юу хийж явна гэж цагдаж хянаж хэрүүл хийж байдгийг ажлын газрынхан найз нөхөд ах дүү нар маань мэднэ. Нэхэмжлэлдээ намайг гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэсэн байна. Үүнийг нь гэрчлэх баримт нотолгоо байхгүй бөгөөд миний бие хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн асуудал байхгүй бөгөөд би өөрийгөө тийм хүмүүжилгүй, ёс суртахууны доголдолтой хүн гэж үзэхгүй байна. Л.Л өөрөө маш их хартай болохоор байнга янз бүрийн хүмүүстэй, тэр ч байтугай шавь нартай хамт ажилладаг хүмүүстэй минь хардаж байдгийг найз нөхөд ажлын хүмүүс гэрчилнэ. Одоо ч тусдаа амьдарч байгаа, гэр бүлээ цуцлуулсан хамааралгүй амьдралтай байгаа мөртлөө байнга хардаж хэдэн цагт ирсэн хаашаа явсан гээд л хянаж цагдаж байх санаатай хандаж мессеж бичиж янз бүрээр хэлж дарамталж байдаг. Гэрт минь ирж хэл амаар доромжилж дарамталж хэрүүл хийж байдгийг манай хөрш тэтгэвэртээ гарсан багш Я.Баярсайхан гэрчилнэ. Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 01-нээс сургалтын менежерийн албан тушаалд зохих шалгалтыг өгч сонгон шалгаруулалтаар томилогдсон бөгөөд үүнээс хойш байнга захиралтайгаа явалдаж менежер болсон гэж хардаж элдвээр хэлж доромжилдог болсон. Миний бие хоёр хүүхдээ авч салж нүүснээс хойш 14 хоногийн дараагаас буюу 2019 оны 5 дугаар сарын 15-наас 2020 оны 9 дүгээр сарын 12-н хүртэл хүү Л.Н өөрийн хүсэлтээр аавтайгаа хамт амьдарсан бөгөөд зун хоёр гурван хоногоор гэртээ очихгүй айлаар яваад байна гээд хүүг минь охин бид хоёр дээр гэрт авчирч өгсөн ба 2021 оны 01 дүгээр сарын 18-нд намайг ажилдаа явсан хойгуур хэлэлгүй хүүг хувцас хунар хичээл ном бүх юмтай нь аваад явсан байсан. Одоо хүү маань аавтайгаа хамт амьдардаг бөгөөд надтай бараг уулзуулдаггүй, уулзах дургүй байдаг, 14 хоноод заримдаа ирж хонодог. Хүү маань ямар учраас аавтайгаа байх болсон учир нь дураараа утас тоглодог, тэг ингэ гэж хэлж заах хүнгүй, замбараагүй байдаг, аав нь хоёр гурван хоногоор хөдөөгүүр ажилтай явдаг, хэлж заах хүнгүй, гэртээ голдуу ганцаараа байдаг болохоор тэгж хэтэрхий дураараа байх нь өөрт нь их таалагддаг. Одоо байнга утас тоглоод толгой нь өвддөг, нүд нь анивчдаг болсон байна лээ. Л.Л 1-р сараас байнга охиноо өөр дээрээ авна, чиний сайхан явахыг харна гэж занаж зүхдэг шүүхэд өргөдөл гаргана гэдэг болсон тул би түрүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй юм байна үзээд 2021 оны 02 дугаар сарын 26-нд Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авах, эцэг болох Л.Лоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасны улмаас 2021 оны 4 дүгээр сарын 15-нд шүүх хуралдаан онлайнаар болж 2 хүүхдийг минь эхийн асрамжинд үлдээж, хүү Л.Н аавтайгаа амьдарч байгаа тул тэтгэлэг тогтоохгүй охин Л.Тд хүүхдийн тэтгэлэг тогтоох шийдвэр гарсан. Иймээс өмнөх шүүх хурлын шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Миний бие хүү Л.Ныг эцгийн байнгын асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шүүхийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хүү минь эцэгтэйгээ байдаг нь үнэн. Архи согтууруулах ундаа өмнө нь хэрэглэдэг байсан нь үнэн. Одоо харин архи согтууруулах ундаа хэрэглэхгүй болсон юм. Би хүүтэйгээ уулзмаар байдаг гэвч Л.Лтой хэрүүл хийхээс зайлсхийх үүднээс гэрт нь очдоггүй юм. Дураараа байх үүднээс л хүү минь аавтайгаа байна гэсэн. Л.Л сүүлийн үед их тоглоом тоглодог болсон сурагтай байсан. Хүүхдээ анхааралгүй орхих тохиолдол их байдаг. Өмнө нь гэр бүлээ цуцлуулахдаа хүүгийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн учир өнгөрсөн 4 дүгээр сард болсон шүүх хуралдаанаар охины минь асрамж тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийг уншиж танилцсан. Үүнд хүүгийн асрамж тэтгэлгийн асуудлыг шийдвэрлээгүй байна.Би хааяа ажлын байдлаас шалтгаалан оройтох тохиолдол байдаг. Саяхнаас би шинэ бас их ажил ихтэй ажилд томилогдчихоод төвөгтэй байгаад байгаа юм...гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Л нь хариуцагч Ж.Мд холбогдуулан 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Л.Лын асрамжийг өөрчлүүлэн өөрийн асрамжинд авах, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
Хариуцагч Ж.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.
Хэрэгт нэхэмжлэгчээс Т сумын Бадрах багийн засаг дарга Б.Жамбалдоржийн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Тус суын Бадрах багийн иргэн РЙ72042518-тэй Л.Л, хүүтэй Л.Н, охинтэй Л.Т, Бадрахын 6-9 тоотод оршин суудаг. Хүү Л.Н нь аавын асрамжид байнга байдаг, охин Л.Т ирж очин байдаг нь үнэн болохыг тодорхойлов гэх албан бичиг эх хувиар, Л.Лын Л.Нын эрүүл өсөж бойжиж байгаа талаарх эмчлэгч эмч Дуламсүрэнгийн тодорхойлолт, Л.Н нь Т сумын ерөнхий боловсролын сургуулийн 5г ангид суралцаж байгаа нь үнэн болно гэх сургалтын менежерийн албан бичиг, Гөрөөчин овогт Л.Лын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 657 дугаар Шийдвэр-ийн Шүүхийн архив хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч Л.Л, Ж.М нарын гэрлэлт 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 657 дугаар шийдвэрээр цуцлагдсан, хүү Л.Н нь гэрлэлт цуцлагдахаас өмнө, харин охин Л.Т нь тэдний гэрлэлтээ цуцлуулснаас хойш хамтын амьдралын явцад төрсөн, шүүхийн шийдвэрээр хүү Л.Ныг эх Ж.Мгийн асрамжинд үлдээсэн, зохигчид 2019 оны 5 дугаар сараас тус тусдаа амьдрах болсон бөгөөд үүнээс хойш хүү Л.Н нь эцгийн асрамжинд байнга байгаа зэрэг үйл баримт тогтоогдлоо.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. ,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй., 38 дугаар зүйлийн 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно. гэж тус тус хуульчилжээ.
Хүү Л.Нын шүүхэд өгсөн санал, эцэг Л.Лт ээнэгшин дасаж сүүлийн 2 жил хамт амьдарсан байдал зэргийг үндэслэн 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Л.Нын асрамжийг өөрчилж эцэг Л.Лын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь хүү Л.Нд хуульд заасан хэмжээгээр эхээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд тэтгэлгийн талаар тохиролцож гэрээ байгуулаагүй байна. Хүүхдүүдийн асрамжийг өөрчлөн шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч Л.Лын нэхэмжлэгч Ж.Мгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно.,
40.1.1-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заажээ.
Иймд 11 нас 3 сартай хүү Л.Нд 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Ж.Мгээс тэтгэлэг гаргуулан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Лын улсын тэмдэгтийн хураамжид 126.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Мгээс 126.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Лт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Л.Лын Л.Н-ын асрамжийг өөрчилж, эцэг Л.Л-ын асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Л.Лын Л.Н //-д 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эх Ж.М-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Лын улсын тэмдэгтийн хураамжид 126.200 (нэг зуун хорин зургаан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Мгээс 126.200(нэг зуун хорин зургаан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Лт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА