Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/43

 

*******,******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

            Хохирогч Д.Мягмарсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхтулга,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батцэцэг,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолтой*******, ******* нарт холбогдох 2034000560057 дугаартай 2 хавтас, 269 хуудас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон Цогтгэрэлийн Ганбат, НО8809878 регистрийн дугаартай,

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр, эцэг, эх, ах нарын хамт Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багт мал маллан амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон Цогтгэрэлийн Отгонбат, НЫ96110919 регистрийн дугаартай.

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1-р багийн нутаг Айргийн ам гэх газраас иргэн Д.Алтангэрэлийн эзэмшлийн 10 тооны эр ямаа, 5 тооны борлонг хууль бусаар авч 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч  Боржигон Цогтгэрэлийн Ганбат, Боржигон Цогтгэрэлийн Отгонбат нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас элдээгүй үлдсэн 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 22 хоногийн хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 2 жил 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ад оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Хот тохижилт үйлчилгээний газар эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ын өмчлөлийн 1 200 000 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн 1 тооны адуу, шүүгдэгч*******ын эзэмшлийн 4 100 000 төгрөгийн үнэ бүхий 1664 ТӨВ улсын дугаартай Тоyota prius 11 маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт оруулж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхтулга давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолдоо: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.21-ний өдрийн 2020/ЦШТ/138 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Эрүүгийн хуулийн зорилго нь "...аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог". /Эрүүгийн хуулийн 1.1-р зүйлийн 1/ Гэмт халдлагад өртсөн хохирогчийн эрх ашгийг хамгаалах учиртай. Эрүүгийн хариуцлага нь "тухайн хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна". /хуулийн 1.3-р зүйлийн 1/ Хүний 26 ямааг хулгайлчихаад 15 ямаа хулгайлсан хэрэгт гэм бурууд тооцогдох нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцэж байгаа юм уу? Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын 15 тооны бог малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч*******ад 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Ц. Отгонбатад 2 жил 22 хоногийн хорих ялаар тус тус шийтгэсэн. Хохирогч 26 тооны ямааг хулгайд алдсан гэдгээ мэдүүлэг болгонд хэлж эх сурвалжаа малын А дансаар баталгаажуулж хавтаст хэрэгт өгсөн.

Гэтэл шийтгэх тогтоолд /7-р тал/ "...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт оролцогчоос "прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн... баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй" ...хохирогч 26 тооны ямаагаа алдсан гэх эх сурвалжаа зааж чадаагүй гэж үзэв" гэжээ. Малын А данс нь эх сурвалж биш юм уу, үлдсэн малыг мөрдөгч газар дээр нь очиж тоолсон түүний зөрүү, мөн өдөр тутам малаа тоолдог тэмдэглэлийн дэвтрээ эх сурвалж болгон өгсөн баримтуудыг ямар үндэслэлээр эх сурвалжаа зааж чадаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Шүүгдэгч нарын хувьд 15 тооны ямаа хулгайлсан гэж мэдүүлж хогийн цэг дээр хаясан 12 тооны ямааны толгой, цувдай, гэрт нь байсан 3 ямааны мах, арьс ширнээс өөр зүйл байхгүй гэдэг. Мэдээж 2-8 жилийн ялтай зүйл ангийг өөрчлөх, ял завших санаа зорилго байгаа нь ойлгомжтой. Гэмт хэрэг хийсэн хэн ч хөнгөн ял авах сонирхолтой байх нь ойлгомжтой харин түүнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахдаа тэдний энэ хүсэл зоригийг хангасан мөрдөгчийн үйл ажиллагаа түүнд хяналт тавих чиг үүрэгтэй прокурор, улсын яллагчийн гаргасан яллах дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэсэнд гомдолтой байна. Ингэж болохгүй. Шалгах ёстой асуудлуудаар урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан бүрд хүсэлт гаргаж байсан боловч шүүх хангаагүй болно.

Үндсэн асуулт яагаад 26 ямаа 15 ямаа болчихвоо, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт хуулийн дагуу явагдсан нь уу, Яагаад Баянхангай сумын ченжийг асуусангүй вэ, яагаад холбогдогч нарын дансны гүйлгээг шалгасангүй вэ, магадгүй захиалагч нь ченж байсан юм биш биз? яагаад хохирогчийг чи 15 ямаа алдсан гэж бич гэсэн бэ? яагаад тулгаж хохирогч буруутай юм шиг тулгав, яагаад хохирогчийн малыг тоолчихоод хашаандаа тууж аваачсан гэдгийг хэлсээр байхад 1000 малтай айлын малыг тоолсонгүй вэ? гэмт хэрэг үйлдсэн этгээд мянгат малчин хохирсон хохирогч 500 хүрэхгүй малтай, хуулинд хэнийг ч үндэс угсаа хөрөнгө чинээгээр гадуурхаж болохгүй адил тэгш байх үндсэн хуулийн суурь зарчим хаачив. Хохирогч нарын гомдож байгаа нь үндэслэлтэй бид нар олон малтай мөнгөтэй, танил талтай ял авахгүй та нар яваад юу ч долоохгүй гэсэн байр сууринаас шүүгдэгч тал ханддаг. Шүүх тэдний ярьсныг баталлаа. Яллагдагч уг нь 15 ямаа авсан гэхдээ гомдолгүй болгоё гээд 2.820.000 төгрөг өгсөн гэдэг хулгай хийсэн малынхаа л төлбөрийг төлж байгаа болохоос тэр малын ашиг шимийг өгсөн юм уу?, төлийг нь өдийд авч амьдралаа залгуулах авах байсан ноолуурын үнийг төлсөн юм уу? Үгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго буюу хуулийн 1.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээж чадсан нь уу?, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-р зүйлийн 1 хуулийн заалтыг чанд сахисан нь уу?, 1.7 дугаар зүйлийн хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлсэн нь үү?, 1.12 дугаар зүйлийн хууль шүүхийн өмнө эрх тэгш байсан нь уу?, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж чадсан нь уу?, 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг бүрэн бүрдүүлж шалгаж үнэлсэн нь үү? үгүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хууль болон бусад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.21-ний өдрийн 2020/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү. ” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батцэцэг гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Мягмарсүрэн гаргасан тайлбартаа: 26 ямаа алдсан, хэргийг үнэн зөвөөр шалгаж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг Айргийн ам гэх газраас иргэн Д.Алтангэрэлийн эзэмшлийн 10 тооны эр ямаа, 5 тооны борлонг хулгайлж, бусдад 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан  анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

- Хохирогч Д.Алтангэрэл 26 тооны ямаа хулгайд алдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хохирогчоор мэдүүлж ирсэн байна.

  Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч Д.Алтангэрэлийн малыг тоолсон 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд “...432 ямаа,14 хонь, нийт 446 тооны хонь ямаа тоолов” гэсэн /1хх-56/  байх ба 2019 оны мал тооллогоор Д.Алтангэрэлийнх адуу 22, ямаа 465, бүгд 487 толгой мал тоологдсон /1 хх-65-66/ байна. Малчны малаа тоолдог бүртгэлд Д.Алтангэрэл 472 толгой малтай байсан, 01 сарын 06-нд 446 болж, 26 ямаа дутсан гэсэн өөрийн гар бүртгэлд үндэслэж 26 ямааг хулгайд алдсан гэж мэдүүлж байх боловч тэдний 472 толгой малд хэдэн хонь, хэдэн ямаа байсан нь тодорхойгүй байна. Иймд Д.Алтангэрэл хэдэн тооны мал хулгайд алдсаныг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох шаардлагатай байна.

- Түүнчлэн Баянхангай сумын махны ченж гэх хүнд *******,******* нар хэдэн ямааны мах зарсан болох, энэ хэрэгт Цэнд-Аюуш хамтран оролцсон эсэхийг шалгах шаардлагатай.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах “1.1 гэмт хэрэг гарсан байдал, 1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд шалгаж нотлоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж,  шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой.  

- Хэрэгт Д.Алтангэрэлийг хохирогчоор тогтоож мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж ирсэн /1хх-7/ байх ба шүүхийн шатанд  Д.Алтангэрэл  2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ц.Тодгэрэлд олгосон итгэмжлэл /1хх-207/, мөн өдөр Д.Мягмарсүрэнд олгосон итгэмжлэл /1хх-209/ хэрэгт авагдсан байна.

Шүүх 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/335 дугаартай шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүхийн захирамжаар Д.Мягмарсүрэнг хохирогчоор /1хх-210-211/ тогтоосны дараа 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 2020/ШЗ/385 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай шүүхийн захирамжаар Д.Мягмарсүрэнг дахин хохирогчоор /2хх-1-2/ тогтоожээ. Дээрх байдлаас дүгнэхэд Д.Мягмарсүрэнг яагаад 2 удаа хохирогчоор тогтоосон нь ойлгомжгүй, нөгөө талаар энэ хэрэг Д.Алтангэрэл, Д.Мягмарсүрэн гэсэн 2 хохирогчтой гэж ойлгогдохоор байна. Хохирогч Д.Алтангэрэл өөрийгөө төлөөлүүлэхээр Д.Мягмарсүрэнд, бас Ц.Тодгэрэлд итгэмжлэл олгосон байхад шүүх хэргийн оролцогчийг буруу тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Тэгсэн атлаа шүүх хуралдааны тов болон нөлөөллийн мэдүүлгийг  Ц.Тодгэрэлд /1хх-212, 213/ танилцуулжээ.

- Мөн Д.Мягмарсүрэнгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн малаа тоолж бүртгэдэг  дэвтрийг нотлох баримтаар шинжлэн судалсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх боловч хэрэгт байхгүй  байна.

-  Шүүгдэгч нар хулгайлсан ямааны махыг ченжид зараад 1200000 төгрөг дансаар авч, ******* 1000000 төгрөг,******* 200000 төгрөгийг тус тус авсан талаар мэдүүлсэн байх тул гэмт хэрэг үйлдэж олсон дээрх орлогыг хэрхэн шийдвэрлэх талаар шүүх ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд *******,******* нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч *******,******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Эрүүгийн хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******ад авсан цагдан хорих,*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл

нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

     ШҮҮГЧИД                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                       Г.БОЛОРМАА