Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,

Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,

Хохирогч Я....,

Хохирогчийн өмгөөлөгч Б....,

Иргэний нэхэмжлэгч Д....,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б....,

Шүүгдэгч П.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнх-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.... холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн ... сумд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, Завхан аймгийн .... ажилтай, ам бүл 3, ээж, охины хамт Завхан аймгийн ... сумын ... багийн .... хэсгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овогт ..., регистрийн дугаар ...

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Яллагдагч П... нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн ... сумын ... багт үйл ажиллагаа явуулдаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын урд талын асфальтан замаар өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А заалтад заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, 11.3 дахь заалтад заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс эсрэг урсгалд замын хөдөлгөөнд оролцож явсан ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Я... эрүүл мэндэд зүүн талын шилбэ ясны дээд булууны яс няцарсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Яллагдагч П... нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн ... сумын ... багт үйл ажиллагаа явуулдаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын урд талын асфальтан замаар өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А заалтад заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, 11.3 дахь заалтад заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс эсрэг урсгалд замын хөдөлгөөнд оролцож явсан ... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Я... эрүүл мэндэд зүүн талын шилбэ ясны дээд булууны яс няцарсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Хохирогч Я....: “...Би тэр орой эмнэлгийн урд засмал зам дээр тойрог чиглэлд явж байхад миний урдаас ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан бөгөөд Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн урд гэнэт урсгал сөрөөд миний унаж явсан Портер маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. ...Би тухайн үед 20 километр орчим цагийн хурдтай явж байсан. ...Би тухайн үед архи хэрэглээгүй байсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

- Гэрч Б....: “...2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед П.... уулзсан юм. Тэгээд бид хоёр 4 ширхэг лаазтай пиво аваад ... манай гадаа очоод бид хоёр уусан бөгөөд би 21 цагийн үед гэртээ ороод П... бензин авна гээд ганцаараа машинаа бариад явсан. ...П.... над руу тэр өдөр 22 цагийн үед залгаад би осол хийчихлээ та хүрээд ирээч гэсэн. ...Намайг очиход цагдаа нар ирчихсэн мөргөлдсөн Портерын жолоочийг эмнэлэг аваад явчихсан байсан. ...Харин П.... Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл дотроо жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан...” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,

- Гэрч Л....: “...Тухайн үед 2024 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед иргэн Я.... нь эмнэлэгт гэмтлийн тасгийн ... дугаар тоот манай өрөөнд ирж үзүүлсэн. Үзэхэд зүүн хөлийн шилбэний шаант ясны дээд булууны үе дайрсан хугаралтай байсан. Би иргэн Я... эмчилгээний талаар тайлбарласан.” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Д....: “...Гэмт хэргийн улмаас хохирогч Я.... Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,551,120 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байх тул уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх саналтай байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37, 43-44 дүгээр хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Д.... “...1997 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд орж ирсэн Портер маркийн .... улсын дугаартай “....” ХХК-ийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...Портер маркийн тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас/,

-  Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Т.... 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн .... дугаартай

“...1.Я.... биед: Зүүн талын шилбэ ясны дээд булууны яс няцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаатай тохирч байна.

3. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлд шахагдах дарагдах үед үүснэ.

5. Учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

6. Я.... биед: Зүүн талын шилбэ ясны дээд булууны яс няцарсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтээр /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.... 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “...2.2. ... овгийн .... .... нь  2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож Завхан аймгийн ... багийн ... баг, Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн урд талд хатуу хучилттай асфальтан авто замд зорчиж явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Я.... биед хүндэвтэр хохирол учруулж зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.” гэсэн магадалгаагаар /хавтаст хэргийн 104-107 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон газар нь Завхан аймгийн ... сумын ... баг, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн төвийн ертөнцийн зүгээр урд талд зүүнээс баруун, баруунаас зүүн чиглэлтэй асфалтан засмал зам байх ба уг газарт ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, ... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-7 дугаар хуудас/,

“....” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаартай “техникийн эвдрэл, гэмтлийн үнэлгээнд шууд зардал 2,240,000 төгрөг, шууд бус зардал 660,000 төгрөг, нийт 2,900,000 төгрөг.” гэсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтээр /хавтаст хэргийн 92-94 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний газрын байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээч Г... 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 622 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “...” гэж хаягласан хуруу шилтэй цусны дээжээс 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн, ... хөнгөн зэрэгт хамаарна. “...” гэж хаягласан цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй.” гэсэн дүгнэлтээр /хавтаст хэргийн 83-84 дахь хуудас/,

П.... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 142-144 дэх хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан болон бусад нотлох баримтуудыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх бөгөөд тухайн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд хуульчилсан.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Я.... биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн шүүгдэгч П.... нь тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан болох нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “Шүүх шинжилгээний газрын байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээч Г.... 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “...” гэж хаягласан хуруу шилтэй цусны дээжээс 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн, ... хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт,

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан .... дугаартай шийтгэвэр зэргээр тус тус тогтоогдож байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргаж, бүх нийтээр дагаж мөрдөхөөр журамласан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч П.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, мөн дүрмийн 11.3 дахь заалтад заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарчээ.

Иймд прокуророос шүүгдэгч П.... үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.   

Шүүгдэгч П.... нь хэдийгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодсон санаатай үйлдэлтэй боловч уг үйлдлийнхээ улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.  

  • Хохирлын талаар:

Шүүгдэгч П… үйлдлийн улмаас хохирогч Я…. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Я…. нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 1,163,897 төгрөг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 162,500 төгрөг нийт 1,326,397 төгрөгийг, сэтгэцэд учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр болон олох ёстой байсан орлого 37,200,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

Мөн хохирогч Я…. эмчлүүлэхтэй холбоотой Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,551,120 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарсан болох нь хавтаст хэргийн 37, 43-44 дүгээр хуудаст авагдсан Я.... 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний зардлын жагсаалт болон иргэний нэхэмжлэгч Д.... мэдүүлгээр,

Ослын улмаас “...” ХХК-ийн өмчлөлийн ... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлд 2,900,000 төгрөгийн техникийн эвдрэл, гэмтэл учирсан болох нь хавтаст хэргийн 92-94 дүгээр хуудаст авагдсан “...” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1223 дугаартай “техникийн эвдрэл, гэмтлийн үнэлгээнд шууд зардал 2,240,000 төгрөг, шууд бус зардал 660,000 төгрөг, нийт 2,900,000 төгрөг” гэсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан. Иймд шүүгдэгч П.... нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.  

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Я.... эмчилгээ, сувилгаатай холбоотой гарсан зардлын баримтыг шинжлэн судлахад гэмт хэргийн улмаас учисан хохирол, хор уршигтай холбоогүй хоолны 9500 төгрөг, 13000 төгрөгийн тооцооны хуудас, цаг хугацааны хувьд тохирохгүй буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 50,000 төгрөгийн шатахууны баримт, 2025 оны 01 дүгээр сарын 09ний өдрийн 30,000 төгрөгийн шатахууны баримт нийт 102,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож 1,223,897 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Я.... болон түүний өмгөөлөгч Б.... нар нь “...нүүрс тээвэр хийж олох ёстой байсан орлого болох 37,200,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч Я.... нүүрс тээврийн ажил эрхэлж байсан гэх холбогдох нотлох баримт байхгүй байна. Мөн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17/73 дугаартай албан бичигт хавсралтаар ирүүлсэн хохирогч Я.... эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,551,120 төгрөгийн зардлын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан эмчилгээ сувилгаа болон цаг хугацаа нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай тохирч байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан байх тул хохирогч Я.... тээврийн хэрэгслийн ослын улмаас түүний эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 1,551,120 төгрөгийг шүүгдэгч П.... гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд буцаан олгох нь зүйтэй байна.  

“...” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гэмт хэргийн улмаас “...” ХХК-ийн өмчлөлийн ... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлд учирсан 2,900,000 төгрөгийн техникийн эвдрэл, гэмтлийн хохирлыг шүүгдэгч П…. бүрэн төлж барагдуулсан болох нь мөнгөн шилжүүлгийн баримт болон шүүгдэгч П…., иргэний нэхэмжлэгч Д…. нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж хуульчилсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар 2023 оны 25 дугаартай “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолыг баталсан.

Уг тогтоолын 3 дугаар зүйлийн 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл … шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт шаналал хохирогчид учирсан үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу гэм буруугаа гэмшиж байгаа байдал төлбөрийн чадвар, …зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж, 4 дүгээр зүйлд “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг хүснэгтээр баталж хүснэгтийн 3 дугаар зэрэглэл нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийг тогтоохоор заасан.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон.

Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хохирогч Я… эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүх Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9,240,000 төгрөгийг шүүгдэгч П… гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П… нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч Я… гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1,223,897 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,551,120 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд,

Сэтгэцэд учирсан хор уршиг 9,240,000 төгрөгийг гаргуулж хохирогч Я... тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн хохирогч Я... нь уг гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд холбогдох зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч П... урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 132 дугаар хуудас/

Шүүгдэгч П... эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлоос баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн, шүүхээс тогтоосон хохирол болон цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүхээс шүүгдэгч П... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч П... үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Я... баримтаар тогтоогдсон 1,223,897 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.... /... ХХК/-д шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2,900,000 төгрөг зэргийг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Д.... /Эрүүл мэндийн даатгалын сан/-д 1,551,120 төгрөг, шүүхээс тогтоосон хохирогч Я... сэтгэцэд учирсан хор уршиг 9,240,000 төгрөг зэргийг нөхөн төлөхөө илэрхийлж байна.  

Иймд шүүгдэгч П... үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил, 02 сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Харин шүүгдэгч П... нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил, 02 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч П... хорих ял оногдуулахгүйгээр  тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил, 02 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч П... үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 3 жил, 06 сарын хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолно” гэсэн тул шүүгдэгч П... оногдуулсан 3 жил, 06 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолно.  

Шүүгдэгч П... нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,

түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 06 сарын  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 02 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П... хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 02 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П... нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил, 02 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч П... хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 02 сарын  хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П... оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 3 жил, 06 сарын  нэмэгдэл ялын хугацааг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар хохирогч Я... эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 1,550,120 төгрөгийг шүүгдэгч П... гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд буцаан олгосугай.

8. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч П... сэтгэцэд учирсан хор уршиг 9,240,000 төгрөгийг гаргуулж хохирогч Я... олгуулж, хохирогчийн олох ёстой байсан орлого 37,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Я... нь уг гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П... нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурьдсугай.

9. Шүүгдэгч П... нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор иргэний нэхэмжлэгч Д... төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шүүгдэгч П... өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  П.ДОРЖБАЛ