| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/1171/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/11 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Цэрэнханд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
Улсын яллагч Ш.Цэрэнханд,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э д холбогдох эрүүгийн 2409028552038 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр дэлгүүрийн хойд талын гудамжинд хохирогч Г.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Г.Б ын нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж, улмаар зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, 1 дүгээр шүдний сулрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Э.Э нь 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр дэлгүүрийн хойд талын гудамжинд хохирогч Г.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Г.Б ын нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж, улмаар зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, 1 дүгээр шүдний сулрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед Хангай хотхоноос хойно байдаг 9 дүгээр дэлгүүрийн арын гудамжинд үл таних залуутай маргалдсан. Ямар учраас маргалдсан бэ гэхээр дэлгүүрээс гараад ирсэн чинь лалруудаа ална гээд араас хүн орилоод байхаар нь би яваад очтол миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгээд би зөрүүлж цохиж чадаагүй, босоод явж байсан чинь Бүрд худалдааны төвийн урд дахиж таараад эвлэрээд ярилцсан ба цагдаа, шүүх гээд яах юм бэ гэсэн. Миний үүдэн нэг шүд унасан, зүүн нүд хөхөрч хавдсан. Тэгээд тухайн залуу ... гэдэг дугаар өгсөн, нэрээ хэлээгүй салаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,
-Дахин өгсөн: “...Дээрх гэмтлийг ... дугаартай Э гэдэг хүн миний нүүр рүү 3-аас дээш удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Өөр хүн намайг зодоогүй. Одоогоор хохирлоо нарийн тооцож тогтоогоогүй байна. Шүдээ хийлгэх хэрэгтэй байгаа. Халуун, хүйтэн юманд их эмзэг байгаа. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,
Гэрч Э.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөгөө залуу нь нүүр лүү нь хоёр удаа цохихоор нь би салгасан чинь нөгөө залуу дахиж Б ын нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд би салгасан чинь нөгөө 3 залуу зугтаад гүйгээд явчихсан. Би Б ыг харсан чинь үүдэн нэг шүд нь бараг бүтнээрээ хугарчихсан, зүүн нүд нь хавдчихсан байсан. Нөгөө залуу нь баруун гараараа л цохиод байсан. Би цагдаа дуудсан чинь эргүүлийн цагдаа нар ирээд хэлтэс дээр оч гэхээр нь шинэ замаас хэлтэс рүү явах гээд Бүрд худалдааны төвийн урд явж байсан чинь дэлгүүрийн гадаа Б ыг зодсон залуу зогсож байсан. Тэгээд нөгөө залуучууд дээр очоод одоо хэлтэс явъя, шүд нь хугарсан байна гэсэн чинь араас чинь очъё гээд Б ыг зодсон залуу дугаараа үлдээсэн. Тэнд ямар нэгэн маргаан зодоон болоогүй салцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Гэрч Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э бид гурав гудамжаар алхаж байсан чинь нөгөө залуу араас ирээд Э ыг шууд алгадаад барьцалдаад авсан. Тэгээд Э ыг 2-3 удаа алгадсан ба чам шиг гуйлгачин барахгүй шүү гээд байсан чинь Э зөрүүлээд зүүн шанаа руу нь баруун гараараа 2 удаа цохисон чинь нөгөө найз нь тэр залууг салгаад бид нар эвлэрээд салсан. Бүрд худалдааны төвийн гадаа байж байсан чинь нөгөө 2 залуу машинтай ирээд цагдаад хэллээ, эсхүл тохиръё, 3,500,000 төгрөг өгчих, үгүй бол дахиад зодолдъё гээд байсан. Тэгээд байхаар нь нэмж зодолдоогүй, Э дугаараа үлдээгээд салсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11520 дугаартай “...Г.Б ын биед зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, 1 дүгээр шүдний сулрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар тал/,
Хохирогч Г.Б ас гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 38-41 дүгээр тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр Г ийн Б ын сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлийг тогтоов" гэх хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 44 дүгээр тал/,
Шүүгдэгч Э.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би нүүр лүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүгдэгч Э.Э нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр дэлгүүрийн хойд талын гудамжинд хохирогч Г.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Г.Б ын нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж, улмаар зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, 1 дүгээр шүдний сулрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч баримтаар 2,670,000 төгрөг нэхэмжилсэн ба хохирогчид 2,000,000 төгрөг өгсөн. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэсэн учраас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй....” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Э нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11520 дугаар дүгнэлтээр хохирогч Г.Б ын биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учруулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг хөндсөн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Э нь хохирогч Г.Б ын нүүрэн тус газарт нь 3-4 цохиж биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч Э.Э ын “...хохирогч Г.Б тай маргалдаж, биед нь зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, 1 дүгээр шүдний сулрал, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол...” учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул түүнийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Э.Э нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчоос “...эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг авсан, гомдол санал байхгүй...” гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч Г.Б нь сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Э нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 51-52 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 56 дугаар тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Э.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн...”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э ын Э ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Б нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.