Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар  2024/ШЦТ/1154

 

 

                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд “Х” дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Э.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

Иргэдийн төлөөлөгч Б.Д,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч А.Т-, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, О.Анхбаяр

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д нарт холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:  

Шүүгдэгч А.Т- нь “Х” дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 00000000 дугаартай хэргийн хохирогч Б.Д-гийн хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирлыг хурдан шуурхай төлүүлэх ашиг сонирхлын үүднээс буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариу болон хэрэгжүүлэхийн тулд өөрийн Хаан банкны 0000000000  тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөг шилжүүлэн авч хахууль авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Д нь “Х” дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч А.Т-д албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу хэрэг бүртгэлтийн 00000000 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад нь өөрийн ашиг сонирхол буюу хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирол барагдуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн Хаан банкны 0000000000 тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөгийг мөрдөгч А.Т-гийн Хаан банкны 0000000000  тоот данс руу шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Т- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө анхан болон, давах, дээд шатны шүүхийн шийдвэрүүд гарсан. Өмнөх хурлууд дээр намайг гэм буруутай гэж шийдвэрлэсэн тул өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байгаа, миний хувьд хүнд байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 09-нд Хамтран ажиллаж байсан залуудаа байраа залилуулсан. “Х” дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг үүсэн байж байгаад залилангийн хэлтэст А.Т- дээр ирсэн байсан. Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэн, аудит хийлгэн гээд байсан. Намайг хохироосон хүн ялтан болсон байгаа. 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Манай ээж хамт олноороо миний амралтын газар очиж баярлан гээд би бэлдэж байсан. 26-ны өдөр нүүрэлдүүлж мэдүүлэг аван гээд очиход миний машин ачигдсан байдаг. Энэ цагдаа араас гарч ирсэн. Машин дотор нь ээжийнх нь зардаг 2 шил виски байсан. Эхний шилийн мөнгийг миний данс руу хийгээд өг гэхээр нь ок гээд хийсэн. Дараа нь би покер тоглох гэж байна гээд мөнгөө хийчих гэсэн. Би амжилт гээд хийсэн. Дараа нь хэрэг хариуцаж байсан прокуророос намайг дуудсан. Тэгээд өөр прокурорт шилжсэн. Тус миний хэрэг дээр долоон мөрдөн байцаагч ажиллаж байсан. Хэн нь ч мөнгө өгөөгүй. Архи өгч мөнгө авсан миний буруу...” гэв.

 

Гэрч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-хх-ийн 14 дүгээр хуудас/,

Хаан банкны 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 29/7012 дугаартай “А.Т-гийн 0000000000 , Б.Д-гийн 0000000000 тоот дансны мэдээллийн албан бичиг /2-р хх-ийн 83-р хуудас/,

Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А.Т-ий 0000000000  тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 84-89-р хуудас/,

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 172 дугаар хуудас/,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3/22256 дугаартай гэх албан бичиг /2хх-ийн 175-р хуудас/,

“Х” дүүргийн прокурорын газарт хянагдаж байсан Х.Х-д холбогдох эрүүгийн 1909017921237 дугаартай хэрэгт үзлэг хийж “бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл” /1хх-ийн 17-20-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, үйл баримтыг хангалттай нотолсон, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн ба шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дараах эрх зүйн дүгнэлтийг хийсэн болно.  

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Т- нь “Х” дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 00000000 дугаартай хэргийн хохирогч Б.Д-гийн хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирлыг хурдан шуурхай төлүүлэх ашиг сонирхлын үүднээс буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариу болон хэрэгжүүлэхийн тулд өөрийн Хаан банкны 0000000000  тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110.000 төгрөг шилжүүлэн хахууль авах,

Шүүгдэгч Б.Д нь “Х” дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч А.Т-д албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу хэрэг бүртгэлтийн 00000000 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад нь өөрийн ашиг сонирхол буюу хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирол барагдуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн Хаан банкны 0000000000 тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50.000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60.000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөгийг мөрдөгч А.Т-гийн Хаан банкны 0000000000  тоот данс руу шилжүүлж хахууль өгсөн хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогджээ. Үүнд:

Гэрч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019-2022 он хүртэлх хугацаанд “Х” дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангийн хэрэгт холбогдон шалгагдсан. Миний бие шалгагдаж байх хугацаанд тус хэргийг “Х” дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлсэн. Ингээд би Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч А.Т- гэх мөрдөгч дээр шалгагдсан юм. Шалгагдаж байх хугацаанд хохирогч талаас буюу Б.Д гэх хүнээс А.Т-д түүний Хаан банкны 0000000000  дугаарын данс руу 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөг амжилт гэсэн утгаар тус тус шилжүүлсэн байсан. Б.Д-гийн Хаан банкны 0000000000 дугаарын данснаас шилжүүлсэн байсан хамгийн гол нь А.Т-ий данс руу орсон мөнгө нь амжилт” гэсэн утгаар орсон байгаа. Мөрдөгч Т-ий дансны дэлгэрэнгүй мэдээллийг авах юм бол өөр мөнгөний асуудал ч байгаа Б.Д-гийн дансны мэдээллийг найз нь авсан. Миний шалгагдаж байгаа хэрэг дээр дансны мэдээлэл нь байсан. Би хэргийн материалыг танилцаж байхдаа түүний дансны хуулга дээр сэжиг бүхий гүйлгээ байсан болохоор нь сүүлд Б.Д-гийн Хаан банкны 0000000000 тоот дансны код мэддэг байсан учраас орж шалгахад баталгаажсан...” гэх мэдүүлэг,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 193 дугаартай зөвшөөрлөөр С дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаартай тогтоолоор “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан”, бүртгэлийн 16737 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдлын материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгээр гаргуулан авсан баримтууд,

Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А.Т-ий 0000000000  тоот дансны хуулганд үзлэг хийсэн “Б.Д-гийн Хаан банкны 0000000000 тоот данснаас А.Т-ий 0000000000  тоот дансанд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөг “ок” гэсэн, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн” гэх тэмдэглэл,

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хэрэг бүртгэлтийн 00000000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын сүүлээр хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад 2020 оны 3 дугаар сард Мөрдөн байцаах албанаас ачаалал ихтэй дүүрэг болох “Х” дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт дэмжлэг үзүүлэх зорилгоор мөрдөгч нар ажилласан. Тухайн үед Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Т-д 2020 оны 3 дугаар сард хэрэг бүртгэлтийн 00000000 дугаартай хэргийг хүлээлгэн өгсөн. Тухайн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Т-гийн дэмжлэг үзүүлэх хугацаа дуусаж хэргийг буцаан хүлээн авсан ахлах мөрдөгч А.Т- нь хэрэг бүртгэлтийн 00000000 дугаартай хэрэгт 2020 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явуулсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч А.Т- нь гэмт хэрэгт холбогдох үедээ “.....”-өөр ажиллаж байсан болох нь Ц-ын даргын 2020 оны 02 сарын 06-ны өдрийн Б/114, 2021 оны 09 сарын 14-ны өдрийн Б/962 тоот тушаалуудаар тогтоогдсон байна. 

“Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж зааснаас үзвэл Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан шүүгдэгч А.Т- нь  “нийтийн албан тушаалтан” буюу энэ хэргийн субъектэд хамаарч байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг ба хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн аль алиных нь ашиг сонирхол явагддаг онцлогтой.

Шүүгдэгч А.Т-гийн дээр дурдсан үйлдэл нь зайлшгүй хахууль өгөгчийн оролцоотой хийгдсэнээр төгссөн байхыг шаардах бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч А.Т- нь иргэн Б.Д-гийн “Х” дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 220 мянгатын 23 дугаар байрны 25 тоот 2 өрөө байрыг хамтран амьдрагч Х.Х-д шилжүүлэн өгөөд залилуулсан гэх хэрэг бүртгэлтийн 00000000 дугаартай хэргийг 2020 оны 3 сард “Х” дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгаас хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулан 2020 оны 07 сарыг 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлсэн буюу шүүгдэгч Б.Д-гийн хохирсон гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдсон байна.

  

Иймд шүүгдэгч  А.Т- нь өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 00000000 дугаартай хэргийн хохирогч Б.Д-гийн хэрэгт албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн Хаан банкны 0000000000  тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110.000 төгрөг шилжүүлэн авч хахууль авсан,

Шүүгдэгч Б.Д нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгсөн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд тэдгээрийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад шүүгдэгч Б.Д-гийн тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин түүний үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Т-гийн тухайд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч нарт дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Иймд шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулж, тэдгээрт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч А.Т- нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 19-ны өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаас үндсэн ял болох торгуулийн 6.000.000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон тул эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын 697 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жил 10 /арав/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөг торгох ялаар тогтоов.

Шүүгдэгч А.Т- нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шүүхээр ял шийтгүүлсэн үйлдэл нь энэ хэргээс цаг хугацааны хувьд сүүлд үйлдэгдсэн байх тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөлд хамаарахгүй гэж дүгнэсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.Т- нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 110.000 төгрөгийг шүүхийн шатанд Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 0000000000 тоот дансанд төлсөн байх тул шүүгдэгч А.Т-г нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Т-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Д-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилээр хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Д-д нийтийн албанд томилогдох эрхийг /хоёр/ жилээр хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч А.Т-гийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 19-ны өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын 697 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жил 10 /арав/ сар 27 /хорин долоо/ хоногоор хасаж, 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-, Б.Д нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

7.Шүүгдэгч А.Т-, Б.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.БОЛДБААТАР

 

                                                  ШҮҮГЧ                          Б.ДУЛАМСҮРЭН

 

                                      Э.ЧАНЦАЛНЯМ Ххх