| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/10 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: М.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Мын Дт холбогдох эрүүгийн 2312001240329 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1961 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Э сумын ............ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А овогт Мын Д/РД:АЭ............./
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Дийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Энэ барилгыг барихдаа Ж гэх хүнтэй ганцаарчлан амаар гэрээ байгуулсан. Энэ хэргийн тухайд анхнаасаа буруу шалгаад яваад байгаа. Зөвшөөрөлгүй барилга барьсан гээд байна. Зураг төслийг нь гаргасан барилгын компани нь тухайн зургийг хэрхэн өөрчлөх эсэх ээ мэддэг юм байна лээ. Манай зүгээс барилгын ажил явагдаж байх үед хүйт ороод ажлаа түр зогсоогоод хавраас нь 4 давхрын ажлаа эхлүүлсэн. Энэ осол гарах шалтгаан, унах шалтгаан нь уг өргөгчийг 1 тоннын даацаар дардаг зүйлийг зориулалтын дагуу дараагүйгээс болоод энэ осол гарах болсон. Тэр хүмүүс манай барилга дээр 2 жил ажилласан хүмүүс. Тухайн өргөгч краныг 1 тонн зүйлээр дарах ёстой байтал 170 килограмм зүйлээр дарахаар тийм зүйл болно гэдгийг тэр хүмүүс мэдэж байсан. Би энэ талаар цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагад хандаж байсан. Энэ бүх зүйлийг шалгахгүй хэрнээ 50 км цаана байгаа малчин хөгшнийг л буруутгаад байгаа. Энэ хүмүүсийн тухайд цалингаа эзэнтэй авчихдаг, өөрсдөө ажлаа эзэнтэй хийчихдэг. Хүндрүүлэгчээ яасан бэ яагаад тавиагүй юм бэ гэж Жид хэлэхэд үгэнд ордог хүн алга байна шүү дээ ахаа гэж хэлж байсан. Би тийм зүйл болоод байсан юм бол чи болихгүй яасан юм бэ гэж хэлж байсан. Ийм л зүйл болсон. Энэ хүмүүс олон жил барилгын ажил эрхэлж байгаа. Туршлагатай хүмүүс. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 2312001240329 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч А.Мийн өгсөн:
“...Тухайн өдөр Билэг барилгын материалын дэлгүүрийн 4 давхарын өргөтгөлийн барилгын ажлын дээвэр дээр үнс гаргах ажил хийж байсан дээвэр дээр Б.Лтой хамт өргөгчөөр гарч ирсэн ууттай үнсийг авч буулгаад асгаж байсан. Харин доор үнс шуудайлах ажилд манай бригадын Т.Т, З.Б, манай төрсөн ах А.Ж нар байсан. Яг намайг унах үед А.Ж ах байгаагүй хоолонд явсан байсан. Осол болох үед Б.Л бид хоёр шуудайтай үнс өргөгчөөр гаргаж ирээд байрны дээвэр хэсэг рүү үнс эргүүлэх үед өргөгчийн суурь хэсэг дарж хүндрүүлсэн эд зүйлээс мултарч би суурь хэсгийн турба төмөрт тээгэлдээд өргөгчтэй хамт 4 давхараас газар унасан юм. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд маргааш нь Улаанбаатар хот руу хагалгаанд орохоор явсан. Очоод баруун гарын тохой, баруун хөлийн өсгий хадуулсан. Дээвэр дээр гаргах үед манай бригадын хүмүүс гаргасан дарж хүндрүүлэх үед Б.Л бид хоёр 5 ширхэг дүүргэлтийн хүрмэн блок, 60 кг-ийн нэг ширхэг шуудай цемент, 2 турба төмрөөр дарсан. Надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 78-79 дүгээр тал/
*Хохирогч А.Мийн дахин өгсөн:
“...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, М.Д ах надад хохирол төлбөр гэж сар бүр 300.000 төгрөг өгч байгаа үүнийг энэ оны 12 дугаар сар хүртэл өгөхөөр тохиролцсон байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 146 дугаар тал/
*Гэрч Б.Лийн өгсөн:
“...Би 2022 онд Б барилгын материалын дэлгүүрийн барилгыг анх барихад нь ажиллаж байгаад дуусгаагүй гарсан. 2023 оны 04 дүгээр сарын 15-ны үед А.Ж надад Б дэлгүүрийн 4 давхарын өргөтгөл барих ажил байна ажиллах уу гэж санал тавиад би зөвшөөрөөд ажилд орсон. Тухайн 4 давхарын өргөтгөлийн ажлыг А.Ж ахлагчтай Мэ, М, Т.Т бид тав ажиллаж эхэлсэн, бид нар өргөтгөлийн блок өрж дуусгаад дээвэр хэсгээ тавиад дулаалгын ажил явагдаж байсан ба хөөсөнцөр дээр уурын зуухнаас гарсан үнс асгах ажлыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дуусгах ёстой байсан. Үнс асгахдаа уурын зуухнаа гарсан үнсийг 1,5 м өндөртэй, 2 м тойрогтой мяндсан шуудайнд хийгээд барилгын дээд давхарт байрлуулсан цахилгаан кран /автомат өргөгч/-аар өргөж гаргаад дээвэр дээр асгадаг. Осол гарах үед А.Мэ бид хоёр барилгын дээд давхар буюу 4 давхарт кран /өргөгч/-аар гарч ирсэн үнсийг краны сумыг /барилгаас илүү гарсан өргөгчийн үнс дүүжилсэн үзүүр хэсэг/ татаж барилгын дээвэр хэсэгт оруулаад үнсээ буулгаж байсан тэгтэл өдөр 15 цагийн үед сүүлийн шуудаатай үнс кранаар өргөөд дээвэр хэсэг дээр гаргаж ирээд үнсийг барилгын дээвэр хэсэг рүү татаж оруулах гээд очих гэтэл өргөгч краны суурь хэсгийг дарж хүндрүүлж байсан саарал блокнуудаас суурь хэсэг мултраад дээвэр дээрээс үнс болон кран доош унасан А.Мэ бид хоёр тухайн үед краны суур хэсэг дээр зогсож байсан би хажуу тийш дээвэр дээр үлдсэн харин А.Мэ краны сууринд тээгэлдээд хамт доош унасан. Тэгээд би босоод дээрээс доош харсан чинь А.Мэ газар хэвтэж байхаар нь доош шатаар буусан. Доороос үнс зөөж өгч байсан Т.Т дуудлага өгөөд эмнэлгийн машин ирээд А.Мийг аваад явсан. Тухайн үед газраас үнсийг Т.Т, М болон тухайн өргөтгөл бариулж байгаа газрын ажилтан Ч.С нар шуудайлж краны дэгээнд өлгөж өгч байсан өөр ямар нэгэн хүн байгаагүй. Компани гэдгийг нь бол мэдэхгүй тухайн “Б” дэлгүүрийн эзэн Гүрээ гэх хүн бариулж байгаа А.Ж хэлсэн, миний хувьд компанид ажиллаагүй харин А.Ж хувиараа хүмүүс бүрдүүлээд баргиад болоод ажиллаж байсан цалин хөлсөө А.Жоос авдаг, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны үед өрлөгийн цалин гэж 500 мянган төгрөг өөрийнхөө Б.......... тоот дансаар авсан, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бүс петон цутгасан цалин гэж 500 мянган төгрөг бэлэн авсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ямар нэгэн гарын үсэг зурсан зүйл байхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангах журамтай танилцсан зүйл байхгүй, хариуцсан ажилтан ч байхгүй, ажлын цаг 09 цаг 30 минутаас орой 18 цаг гээд дуусдаг юм. Хүн бүрт хариуцсан ажлын чиглэл байхгүй бүгдээрээ хийх ажлаа хамтраад хийчихдэг. Анх ажил хийж эхэлснээс хойш яг ийм зарчмаар явагдаж одоог хүрсэн. Тухайн ажлыг А.Ж хариуцаж зохион байгуулж хийлгэсэн, бид нарын хэн нь ч хамгаалах малгай, бэхэлгээ, хантааз зэрэг хөдөлмөр аюулгүй байдал хангасан хувцас хэрэглэл хэрэглээгүй өөрсдийнхөө гэртээ, ажилд өмсдөг хувцастай байсан, тухайн краныг А.Ж, А.Мэ, Т.Т, М бид нар өөрсдөө дээвэр дээр гаргаж угсарч бэхэлсэн. Бэхлэхдээ краны суурь хэсэгт турба төмөр тавиад дээр нь 5 ширхэг өрлөгийн блок, 50 кг жинтэй 1 ширхэг шуудай цемент зэргээр даруулаад үнс өргөж гаргах үед нь Мэ бид хоёр суурь хэсгийг хүндрүүлэх зорилготой дээр нь гараад зогсчихдог байсан юм. Тухайн дээвэр дээр асгасан үнсийг буулгахдаа яг ийм зарчмаар ажилласан. Бид нар бүгд эрүүл байсан юм. Яг осол гарах үед Ж бид нарын хоол авч ирэх гээд явчихсан байсан юм. Хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй, надад болон бусад хүмүүст гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Хэвийн ажиллаж байсан шинэ кран байгаа. Тухайн кран 1 тонн ачааг өргөх хүчин чадалтай, үнс ойролцоогоор 300-400 кг байгаа байх гэж бодож байна. Шалтгаан нь краныг барилгын дээвэр дээр бат бэх суурилуулж бэхлээгүй, мөн үнс урд урд нь өргөж байснаас хүнд байсан. Өмнө гаргаж байсан үнснүүд тухайн уут дүүрээгүй гарч ирж байсан хамгийн сүүлийн үнс уут дүүрээгүй ч өмнөхөөсөө дүүргэлт ихтэй байсан. Харин 4 давхарын өрөөний зохион байгуулалтыг бариулж байгаа Гүрээ гэх хүнээс асуугаад хийж дуусгасан ямар нэгэн зураг харж хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 11-13 дугаар тал/
*Гэрч Т.Тийн өгсөн:
“...Би 2022 онд “Б” барилгын материалын дэлгүүрийн барилгыг анх барихад нь ажиллаад дуусгаж байсан. 2023 оны 04 дүгээр сарын 14, 15-ны үед А.Ж, А.Мэ, Б.Л, М бид нар баргиад байгуулаад Б дэлгүүрийн 4 давхарын өргөтгөлийн ажлыг А.Ж, бид хоёр Гүрээ гэх хүний эхнэр Бтай уулзаад 1 мкв газрын өрлөг хийхэд 15 мянган төгрөг, замаск татахад 2500 төгрөг, дээвэр хийх ажлыг 35 мянган төгрөгөөр хийхээр тохирсон бусад ажлыг тохироогүй байгаа, энэ ажлын урьдчилгаа гэж А.Ж 2 сая төгрөгийг дансаараа, 500 мянган төгрөгийг бэлэн авсан дараа нь 2.5 сая төгрөгийг дансаараа авсан юм. Ямар нэгэн гэрээ хийсэн зүйл байхгүй. Барилгын ажил 2023 оны 04 дүгээр сарын дундуур эхэлсэн. Гадна өрлөгийн ажил хийж дуусаад дээврийн ажил хийгдэж байгаа. Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 06-ны өглөө А.Ж, М, А.Мэ, Б.Л бид нар 09 цаг өнгөрч ирээд дээврийн хучилт дулаалгын үнс асгах ажил үлдсэн байсан учраас тухайн ажлаа эхэлсэн юм. Дээвэр дээр А.Мэ, Б.Л хоёр харин доор үнс ууталж краны дэгээнд өлгөх ажлыг М, А.Ж бид гурав хийж эхэлсэн юм. Өдөр 15 цагийн үед А.Ж хоол авч ирэх гээд явсан М барилгын ажил хийлгэж байгаа газрын ажилтан Ч.С бид гурав үнс шуудайлж краны дэгээнд хийгээд дээш явуулж байсан. Тухайн үед шуудайтай үнс дэгээнд хийгээд дээш явуулсан тухайн үнс барилгын 4 давхарт гарчихсан байсан намайг үнс ачиж буулгахад ашиглаж байсан портер машины хажууд зогсож байтал гэнэт юм унаад тас няс гээд чимээ гарсан тэгсэн чинь М хүн уначихлаа гэж хэлсэн намайг харсан чинь кран болон шуудаатай үнс, газар унасан байсан. Хажууд нь А.Мэ орилоод хэвтэж байсан би 7033103 дугаарт дуудлага өгсөн удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан. А.Ж, Гүрээ нар бид нарыг краныг замаас гаргаад орхичих гэж хэлээд явсан бид нар портер дээр ачсан. Компани гэх зүйл байхгүй Гүрээ гэх хувь хүний захиалгаар 5 хүний бүрэлдэхүүнтэй баргиад болж тухайн ажлыг хийж байгаа. Цалин хөлсийг А.Жоос авдаг. Эхлээд цалингийн урьдчилгаа гэж 500 мянган төгрөг бэлэн авсан дараа нь миний лизинг төлөх хугацаа болчихлоо гэж хэлээд 300 мянган төгрөг өөрийнхөө 5156039115 тоот дансаар авсан дараа нь 500 мянган төгрөг мөн өөрийнхөө дансаар цалин гэж авсан юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйлгүй. Ямар нэгэн гарын үсэг зурсан зүйл байхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангах журамтай танилцсан зүйл байхгүй, хариуцсан ажилтан ч байхгүй, ажлын цаг 09 цаг 30 минутаас орой 18 цаг гээд дуусдаг. Зарим үед 18 цагаас оройтож тарах үе байдаг. Мөн цаг агаарын байдлаас шалтгаалдаг. Хүн бүрт хариуцсан ажлын чиглэл байхгүй бүгдээрээ хийх ажлаа хамтраад хийчихдэг юм. Анх ажил хийж эхэлснээс хойш яг ийм зарчмаар явагдаж одоог хүрсэн. Зохион байгуулсан гэж хэлэхэд бид нар бүгд л ярилцсан учир нь тухайн барилгын 3 давхарын дээвэр дээр байсан үнсийг 4 давхарт гаргаж тарааж асгасан тэгээд үнс дутаад хажуугийн уурын зуухнаас үнс ачиж буулгасан юм. Ямар нэгэн хөдөлмөр хамгаалах хувцас хэрэглэл байхгүй. Ажлын цагаан бээлий л өмсөж ажиллаж байгаа. Краныг бид 5 суурилуулсан. Суурин дээр 3 ширхэг турбо төмөр тавиад М, А.Ж бид гурав буусан, сүүлд харсан чинь А.Мэ, Б.Л 2 өрлөгийн 5 ширхэг блок, 50 кг жинтэй 1 шуудай цемент краны суурь дээр хүндрүүлж тавьсан байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 16-18 дугаар тал/
*Гэрч Ч.Сгийн өгсөн:
“...Би “Б” дэлгүүрийн гражид машинаа засаж байгаад 14 цагийн үед гарч ирээд портер машинтайгаа уурын зуухнаас үнс ачаад Б дэлгүүрийн хойд талд буулгасан, тухайн үнсийг Т.Т, М, А.Ж нар шуудайлаад 4 давхар луу кранаар зөөж байсан тухайн үед А.Ж хоол авч ирнэ гэж хэлээд явсан. 4 давхар дээр Б.Л, А.Мэ хоёр үнс буулгаж байсан би үнсээ машинаас буулгаж дуусаад тэвшээ цэвэрлээд зогсож байтал миний урд талд дээш гаргаж байсан шуудайтай үнс унахаар нь би дээш харсан чинь кран унаж байсан би сандраад машиныхаа тэвшний буланд очоод суусан кран газар хүчтэй унасан машинаас буугаад харсан чинь А.Мэ газар уначихсан орилж байсан тэгээд эмнэлэг дуудаад эмнэлгийн машин ирээд аваад явсан. А.Мэ, А.Ж, Б.Л, Т.Т, М нар 4 давхарын өргөтгөлийн ажил хийж байгаа юм. Хамгаалах малгай хувцас хэрэглэл өмсөөгүй байсан. А.Ж хариуцаад байгаа юм шиг харагддаг. Бүгд эрүүл байсан. А.Мээс өөр ямар нэгэн хүн гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Хэвийн ажиллаж байсан. Сайн бэхлээгүй, хүндрүүлэх зүйл бага байсан өргөж байгаа ачаа буюу үнс нь хүнд байснаас болж унасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 21-22 дугаар тал/
*Гэрч А.Жийн өгсөн:
“...Т.Т бид хоёр 2023 оны 04 дүгээр сард Б дэлгүүрийн эзэн М.Д болон түүний охин Б түүний нөхөр Гүрээ гуравтай уулзаад “Б” барилгын материалын дэлгүүрийн өргөтгөл 4 давхарыг барьж гүйцэтгэхээр болоод өрлөг 1 мкв 15 мянга, замаск 2500-3000 төгрөг, дээврийн ажил 35 мянган төгрөгөөр хийхээр тохирч 2023 оны 04 дүгээр сарын 13, 14 -ний үе шиг санаж байна барилгын ажил эхэлсэн юм. Ингэхдээ дээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй амаар ярилцаж тохирсон. Ингээд бригадын ажилд Б.Л, А.Мэ, М нарыг ажиллуулахаар аваад Т.Т бид 5 баргиад болоод ажилласан. Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 4 давхарын дээвэр дээр үнс асгаж дулаалах ажлын үргэлжлэл эхэлсэн. Дээвэр дээр А.Мэ, Б.Л хоёр кранаас өргөж гарч ирсэн ууттай үнсийг авч асгах, миний бие болон М, Т.Т бид гурав газраас үнс шуудайлаад краны дэгээнд өлгөж өгөх ажил үүрэгтэй байсан өдөр 15 цагийн үед би ажилчдын хоол хийж авч ирэхээр явсан намайг хоолоо хийж байтал Т.Т утсаар залгаад А.Мэ барилга дээрээс уначихлаа гэж хэлэхээр нь яваад ирсэн чинь үнс зөөж байсан газар орилоод хэвтэж байсан газар кран унасан байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан. Компани гэх зүйл байхгүй Гүрээ гэх хувь хүний захиалгаар 5 хүний бүрэлдэхүүнтэй баргиад болж тухайн ажлыг хийж байгаа. Би Б болон Гүрээ нараас ажлын хөлсөө аваад бусад 4 хүндээ цалин гэж мөнгийг нь өгдөг юм. Ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Бид нар компани биш учраас хөдөлмөр аюулгүй байдлын журам танилцуулах зүйл байдаггүй, хариуцсан ажилтан байхгүй, ажлын цаг өглөө 09 цагаас 19 цаг хүртэл гэхдээ цаг агаарын байдлаас шалтгаалан хэлбэлзэж болно. Тухайн осол гарах үед ажлын цаг байсан. Хүн бүрт хариуцсан ажлын чиглэл байхгүй бүгдээрээ хийх ажлаа хамтраад хийчихдэг. Анх ажил хийж эхэлснээс хойш яг ийм зарчмаар явагдаж одоог хүрсэн. Бид нар бүгд л ярилцсан тухайн барилгын 3 давхарын дээвэр дээр байсан үнсийг 4 давхарт гаргаж тарааж асгасан тэгээд үнс дутаад хажуугийн уурын зуухнаас үнс ачиж буулгасан. Ямар нэгэн хөдөлмөр хамгаалах хувцас хэрэглэл байхгүй. Краныг бид 5 суурилуулсан. Суурин дээр 3 ширхэг турбо төмөр тавиад М, Т.Т бид гурав буусан. Бид нар бүгд эрүүл байсан юм. Яг осол гарах үед би хоол авч ирэх гээд явчихсан байсан. А.Мээс өөр ямар нэгэн хүн гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Хэвийн ажиллаж байсан шинэ кран байгаа. Тухайн кран 1 тонн ачааг өргөх хүчин чадалтай гэж жанам дээр бичсэн байсан, 5 кг-ийн хүрзээр ойролцоогоор 30 удаа хийгээд дээш гаргаж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 25-27 дугаар тал/
*Гэрч З.Бийн өгсөн:
“...Би 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр А.Ж, А.Мэ, Б.Л, Т.Т бид нар бригад байгуулаад Б дэлгүүрийн 4 давхарын өргөтгөлийн ажлыг хийхээр болсон. Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 06-ны өглөө А.Ж, А.Мэ, Б.Л, Т.Т бид нар 09 цаг өнгөрч ирээд дээврийн хучилт дулаалгын үнс асгах ажил үлдсэн байсан учраас тухайн ажлаа эхэлсэн. Дээвэр дээр А.Мэ, Б.Л хоёр харин доор үнс ууталж краны дэгээнд өлгөх ажлыг А.Ж, Т.Т бид гурав хийж эхэлсэн юм. Өдөр 15 цагийн үед А.Ж хоол авч ирэх гээд явсан. Тухайн үед шуудайтай үнс дэгээнд хийгээд дээш явуулсан тухайн үнс барилгын 4 давхарт гарчихсан байсан намайг портер машины хажууд зогсож байтал гэнэт шуудайтай үнс дээрээс унаад ирэхээр нь гялс гүйгээд байшингийн ард руу орсон гүйж байхад кран унаж байгаа чимээ гарсан буцаад би яваад очсон чинь газар А.Мэ уначихсан орилж байсан Т.Т эмнэлэгт дуудлага өгөөд эмч нар ирээд аваад явсан. Компани гэх зүйл байхгүй, Цалин хөлсийг А.Жоос авдаг. Эхлээд цалингийн урьдчилгаа гэж 500 мянган төгрөг өөрийнхөө ......... тоот дансаар, дараа нь мөн дансаар 500 мянган төгрөг авсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Ямар нэгэн гарын үсэг зурсан зүйл байхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангах журамтай танилцсан зүйл байхгүй, хариуцсан ажилтан байхгүй, ажлын цаг 09 цаг 30 минутаас орой 18 цаг гээд дуусдаг юм. Зарим үед 18 цагаас оройтож тарах үе байдаг. Мөн цаг агаарын байдлаас эрт орой тарах нь шалтгаалдаг. Бид нар бүгд л ярилцсан ямар нэгэн хөдөлмөр хамгаалах хувцас хэрэглэл байхгүй. Краныг бид 5 суурилуулсан. Суурин дээр 3 ширхэг турбо төмөр тавиад Т.Т, А.Ж бид гурав буусан. А.Мээс өөр ямар нэгэн хүн гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Шалтгаан нь краныг барилгын дээвэр дээр бат бэх суурилуулж бэхлээгүйгээс болж унасан гэж бодож байна. Би зөвшөөрөл байгаа эсэх талаар мэдэхгүй байна. Харин 4 давхарын өрөөний зохион байгуулалтыг бариулж байгаа Гүрээ гэх хүнээс асуугаад хийж дуусгасан ямар нэгэн зураг харж хийсэн зүйл байхгүй. Би энэ талаар мэдэхгүй байна анх ярьж тохирсон А.Ж л мэдэж байгаа байх. Гайгүй тохирсон гэж л хэлсэн өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 30-32 дугаар тал/
*Гэрч Г.Оын өгсөн:
“...Би тухайн барилгын өргөтгөлийн ажил эхлэх үед нь очиж зөвшөөрөлтэй эсэхийг шалгахаар 2023 оны 04 дүгээр сарын дунд үед шиг санаж байна өрлөгийн ажил нь явагдаж байсан намайг очих үед барилга дээр ямар нэгэн хүн байгаагүй, барилгын материалын дэлгүүрийн худалдагч эмэгтэй байхаар нь зөвшөөрөлтэй эсэх талаар асуухад би энэ талаар мэдэхгүй байна. Эзэн нь байхгүй байна гэж хэлсэн тэгээд би М.Д гэх хүний охин гээд хүний дугаар өгсөн түүнтэй холбогдож ярьсан чинь М.Д Улаанбаатар хотод буяны ажилтай явж байгаа талаар хэлсэн би утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан. Үүнээс хойш очиж уулзсан зүйл байхгүй. Тухайн барилгыг ямар ХХК барьж байсан талаар нь мэдэхгүй байна. Ажлын шугамаар мэдэх боломжтой, гэхдээ би асууж тодруулсан зүйл байхгүй би байгууллагадаа барилгын чиглэлээр хяналт тавих ганц байцаагч нь байгаа болохоор хөдөө орон нутагт баригдаж байгаа барилгуудад хяналт тавиад барилга бүр дээр очиж хяналт тавих ажил муу байсан. Тухайн барилга зөвшөөрөлгүй бол миний зүгээс албан шаардлага хүргүүлээд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч тухайн барилгыг зогсоох арга хэмжээ авдаг. Тухайн барилга баригдаад дууссан байдалтай харагддаг гэхдээ өргөтгөл хэсгийг Улсын комисс хүлээж аваагүй ажлын хэсэг байгуулагдаагүй байгаа. Арга хэмжээ авсан зүйл байхгүй, албан мэдэгдэл хүргүүлээгүй байна. Тухайн барилгаас хүн унаж гэмтсэн талаар мэдэхгүй байна. Тухайн өргөтгөл хэсэг зөвшөөрөлгүй баригдсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 100-101 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаартай“...А.Мийн биед баруун богтос ясны дээд үзүүрийн ил хугарал, шарх, өсгий ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болох нэг цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” дүгнэлт /1-р хх-ийн 68-69 дүгээр тал/
*Шинжээч Ч.Мын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай:
“...Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т /Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна/ гэж заасан байдаг. Гэтэл барилгын эзэн иргэн М.Д барилгын ажил хариуцан гүйцэтгэж байсан иргэн А.Ж нар нь барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулаагүй бөгөөд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын асуудлыг хэн нь хариуцахаар харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй энэ талаар ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд тухайн барилга дээр ажиллаж байсан А.Мэ болон ажиллаж байсан ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын асуудлыг барилгын эзэн иргэн М.Д хариуцах нь зүйтэй гэж үзэж байна...” гэх дүгнэлт/хх-ийн 113-114 дүгээр тал/
*Шинжээч Ч.Мын өгсөн:
“...Тухайн үед Ж барилгын эзэн М.Д нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй байсан. Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн М.Д нь ХАБ-ын асуудлыг хариуцна гэж үзэж байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 43-44 дүгээр тал/
*Яллагдагч М.Дийн өгсөн:
“...Би Жтой цаасан гэрээ хийгээгүй бид хоёр амаар тохиролцсон амаар тохиролцохдоо А.Ж барилга барих, барилгын бригадад ажиллах хүмүүсийн тоо, аюулгүй ажиллагааг хариуцан гэж тохиролцсон Би болохоор бараа материалаар авч өгөх, цалин хөлс бодсоноос хойш ажлыг 5 хоногт багтааж өгнө хэтэрвэл алданги тооцно гэж тохирсон Өмнөх 3 давхрын ажлыг энэ маягаар хийж дуусгасан. Би Ж гэдэг хүнээр барилгын ажил хийж гүйцэтгүүлэхээр захиалга өгсөн хүн тэрнээс бол уг барилга дээр гүйцэтгэгч биш. Барилга бариулна гэж би захиалга өгсөн бусад бүх барилга барилгын ажил үүрэг гүйцэтгэх явцтай холбоотой асуудлыг А.Ж хариуцаж байсан. Би тухайн хэрэг явдал болсон үед би Ихтамир сумын Өлөнт гэх газар хөдөө мал дээрээ байсан. Миний захиалсан барилга дээрээс хүн унаад бэртлээ гэж дуулаад ирсэн чинь барилга ажилд өргөдөг кранд татагдаад Мэ унасан байсан. тэгсэн тухайн краныг 150.000 болох 4 ширхэг блок 1 уут цементээр дарж ажиллуулсан байсан. Тэгээд би яагаад ингэж байгаа гэж асуухад үгэнд ордог хүнгүй болсон гэж хэлж байсан. Өмнө 20 уут элсээр дарж байсан уг элс алга болсон байсан. Тэрнээс болж уг кран унаж А.Мэ татагдаж унаад бэртсэн байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 47 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон
шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар “Б” барилгын материалын дэлгүүрийн 4 давхарт өргөтгөлийн ажил хийж байх явцдаа А.Мэ нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Э сумын 4-р багийн нутаг дэвсгэрт тус барилгын 4 давхраас унасны улмаас түүний биед баруун богтос ясны дээд үзүүрийн ил хугарал, шарх, өсгий ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх боловч шүүгдэгч М.Д дээрх гэмт хэрэгт гэм буруутай гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Дт холбогдох хэргийг өмнө хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, хэрэгт нэмж ажиллагаа хийлгэх шаардлагатай, хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхэд эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаагүй, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлээр нэмж мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааснаас хойш шинжээч болон яллагдагчаас мэдүүлэг авсан, өөрөөр ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, дээрх хоёр мэдүүлгээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэлгүй хэргийг буцаан шүүхэд ирүүлжээ.
Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэж заасан. Шүүгдэгч тухайн барилгын ажлыг Ж гэх хүн хариуцаж ажиллаж байсан, хэнд хэдэн төгрөгийн цалин өгөх, хэнийг ажиллуулах ямар ажил хийх зэргийг Ж мэддэг байсан. Тухайн осол болсон шалтгаан нь стандартын дагуу ажиллаагүй ажилчдын буруутай үйл ажиллагааны холбоотой талаар мэдүүлдэг боловч энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гомдлыг үндэслэлтэй талаар дурдсан байгаа болно.
Мөн прокурорын 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 325 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт хохирогч А.Мийн нэрийг А.Мөнхбаатар гэж буруу бичигдсэн, мөн 2024 оны 12 сарын 06-ны өдрийн 255 дугаартай яллах дүгнэлтэд дээрх алдааг засаагүй, хохирогчийн нэрийг зөрүүтэй буруу бичиж ирүүлсэн байна.
Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч М.Дийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж хангалттай нотолж чадахгүй байх ба Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана гэж заасан тул эрүүгийн 2312001240329 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овогт Мын Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн 2312001240329 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц М.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд энэ тогтоолд, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР