Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/шш2017/00283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Ш, Г.Э нарт нарт холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэг 9.916.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 9.638.100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Очирваань, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төрмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Нэхэмжлэгч Д.Б нь Баянзүрх дүүргийн ..............., өөрийн өмчлөлийн хувийн сууцны /Ү-22/-ны хоёр давхрын 192 м2 талбай бүхий 9 өрөөг Г.Ш болон түүний эхнэр болох Г.Э-д зочид буудлын зориулалтаар 2012 оны 9 сарын 20-ны өдрөөс 2013 оны 9 сарын 20-ны хооронд түрээсэлсэн болно.

Нэг жилийн түрээсийн нийт төлбөр 26.400.000 төгрөг болсон бөгөөд үүнийг 12 сард хуваан 6 сар, 7 сар, 8 сар, 9 сарын түрээсийг 2.000.000 төгрөгөөр, харин 10 сар, 11 сар, 12 сар, 1 сар, 2 сар, Зсар, 4 сар, 5 сарын түрэээсийг тус тус 2.300.000 төгрөгөөр тооцон авахаар тохиролцож түрээслүүлсэн.

Гэтэл түрээслэгч Г.Ш болон түүний эхнэр Г.Э нар нь сүүлийн 4 сар хагасын түрээсийг төлөөгүй. Иймээс гэрээг цуцалж, 2013 оны 10 сарын 11-ний өдөр хариуцагч Г.Ш-тэй харилцан тохиролцон үлдэгдэл төлбөрийг 9.916.000 төгрөгөөр тогтоож, түүнийг төлж барагдуулах тухай баримтыг бичгээр үйлдүүлж авсан баримтыг Г.Ш өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг.

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж хариуцагчийн зүгээс үзээд байх шиг байна.

Гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзсан. Иргэний хуулийн 221.2-д заасан түрээсийн гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй нөхцөл байдал үүссэн учраас талууд гэрээгээ дүгнээд, түрээслэгч талын санаачилгаар гэрээнээс татгалзсан.

Гэрээний оролцогч талууд гэрээгээ дүгнэсэн. Г.Ш, Г.Э нар хэдэн төгрөг төлөх вэ гэдэг асуудал л ярьж байгаа. Түрээсэлсэн гэдгээ няцаахгүй байж гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гээд байгаа нь үндэслэлгүй. Болоод өнгөрсөн зүйлийг баталгаажуулахыг хуулиар хориогүй, яагаад сүүлд нь гэрээ байгуулж болохгүй гэж. Тэр улсын бүртгэлд бүртгүүлээгүй асуудал бол энэ үл хөдлөх хөрөнгө нь өөрөө 3 давхар, тухайн үед бүртгүүлэх гэсэн боловч хэсэгчлэн бүртгүүлэх боломжгүй байсан.

Хариуцагч 3 жилийн өмнө ямар байсан, ямар засвар хийсэн талаар нотолж чадаагүй, энэ баримтад байгаа зүйл засвар хийхэд орсон эсэх нь эргэлзээтэй байгаа, хэрэглээний зардал бол угаасаа өөрсдөө хариуцаад л гаргах ёстой. Гар, нүүрийн алчуур, саван гэх мэт зүйл.

Түрээслэгчийн талаас маш уян хатан хандсан, алданги тооцсон бол 15.000.000 гаруй төгрөг болох байсан, харин бид зөвхөн түрээсийн төлбөрийн үлдэгдлийг л нэхэмжилж байгаа.

Иймд хариуцагч Г.Ш, Г.Э нараас 9.916.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага болох 9.916.000 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.Б-тай 2012 оны 9 сарын 20-ны өдрөөс нэг жилийн хугацаатай Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 10 дугаар гудамжны 249 тоотод хаягт байрлах, Д.Б-ы өмчлөлийн хувийн сууцны хоёр давхрын 9 өрөөг зочид буудлын зориулалтаар эзэмшиж, ашиглахаар амаар хэлэлцэн тохирч, засварт 15.000.000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж засварласан.

Талууд тухайн үед хэлэлцэж тохиролцсон болохоос ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлд хавсаргасан гэрээг Д.Б нь Г.Ш-гийн эхнэртэй уулзаж банкны 0,8 хувийн хүүтэй байрны зээлд хамрагдахын тулд танайд түрээслэдэг гэрээ шаардлагатай болоод байна гэж банкинд өгөх зорилгоор дүр үзүүлсэн түрээсийн гэрээг хийсэн. Энэ гэрээгээ шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ хавсаргасан байна.

Уг дүр үзүүлэн хийсэн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцогдоно гэж заасан тул Д.Б-тай 2012 оны 12 сарын 29-ний өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлд түрээсийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Д.Б, Г.Э нарын хооронд амаар тохиролцсон гэрээ нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус байх тул Д.Б нь Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй байна. Харин хариуцагч уг байрыг ашигласны ус, цахилгааны төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй.

Мөн нэхэмжлэлд 6, 7, 8, 9 сарын түрээсийн гэрээг 2.000.000 төгрөг байхаар тохиролцсөн, дөрвөн сарын түрээсийн төлбөр 8.000.000 төгрөг болохоор байна гэх боловч 9.916.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 9.916.000 төгрөгийг Д.Б-ы байрны засварт зарцуулсан 15.000.000 төгрөгт тооцуулж бодуулмаар байна. Учир нь тухайн байрыг нийтийн байрны зориулалттай байсныг Д.Б-ы зөвшөөрлийг авсны үндсэн дээр зочид буудал болгож өөрчлөн засварын ажил хийж засварт 9.638.100 төгрөгийг зарцуулсан. Засварын материалын баримт болон холбогдох бусад нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар "талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлсүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасны дагуу зочид буудлын зориулалттай болгон өөрчилж зассан 9.638.100 төгрөгийг Д.Б-аас гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд 2012 оны 12 сарын 29-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Д.Б-ы өмчлөлийн хувийн сууцны хоёр давхрын 192 м.кв талбайг нийтийн байр байхад нь зочид буудлын зориулалттай болгоход зарцуулсан зардал болох 9.638.100 төгрөгийг Д.Б-аас гаргуулж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэл, зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Г.Ш, Г.Э нарт хоблогдуулан түрээсийн төлбөр 9.916.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 9.638.100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Д.Б нь 2012 оны 12 сарын 29-ний өдөр Г.Э-тай Түрээсийн гэрээ байгуулж, 2012 оны 8 сарын 20-ны өдрөөс 2014 оны 8 сарын 20-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 10 дугаар гудамж, 249 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 576 м.кв талбайтай, 2 давхар, мансардтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн 2 давхрын 9 өрөө буюу 192 м.кв талбайг зочид буудлын зориулалтаар түрээслэх, сарын төлбөр 2.800.000 төгрөг байхаар тохиролцсон болох нь зохигчийн хооронд байгуулсан Түрээсийн гэрээ, зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримтуудаар тогтоогдсон.

Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан түрээсийн гэрээний харилцаа байх бөгөөд Д.Б, Г.Э нар хүсэл зоригийн илэрхийллээ гарын үсгээ зурж баталгаажуулсан, гэрээ хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангасан байна.

Түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус, харин түүний нэг хэсэг болох 195м талбайтай 9 өрөө байгаа тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4.-т заасан зохицуулалт энэ гэрээний тухайд хамаарахгүй юм.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээсийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч Г.Э, Г.Ш нарын гэр бүл уг үл хөдлөх эд хөрөнгийг зочид буудлын зориулалтаар ашиглаж байсан, талууд энэ талаар маргаагүй, 2012 оны 9 сарын 20-ны өдрөөс 2013 оны 9 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн тооцоог хариуцагч Г.Ш 2013 оны 10 сарын 11-ний өдөр хийж, баримт үйлдэн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 9.916.000 төгрөг болохыг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь зохигчийн тайлбар, тооцоо нийлсэн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл 9.916.000 төгрөгийг хариуцагч Г.Э, Г.Ш нараас гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгох үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд түрээслүүлэгч, түрээслэгчийн аль аль нь эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэхээр тохиролцсон, Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3.-т заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгохоор тохиролцсоны дагуу гэрээг дуусгавар болгосон.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1.-д зааснаар Хөлслүүлэгч нь гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэг хүлээхээр заасан, хуулийн 288.1.2.хууль буюу гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх үүрэг тус тус хүлээнэ гэж заасан.

Гэрээнд түрээслэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасан эрх, үүрэг эдлэхээр тохирсон тул хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5.-д зааснаар хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй байна.

Гэрээнд заасны дагуу зочид буудлын зориулалтаар ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, хөлслөгч нь зочид буудлын зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахын тулд 4.022.000 төгрөгийн бараа материал худалдан авч эд хөрөнгөнд засвар үйлчилгээ хийсэн нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан 2012 оны 9 сарын 05, 10 сарын 02-ны өдрийн зарлагын баримтуудаар тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, нэхэмжлэгч Д.Б-аас 4.022.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Т.Э, Т.Ш нарт олгуулах, сөрөг нэхэмжлэлийн 5.616.100 төгрөгний зардал нь зочид буудлын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой зардал байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Д.Б нь банкны 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах зорилгоор дүр үзүүлэн гэрээ байгуулаад өгөөч гэж гуйсны дагуу түрээсийн гэрээг хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бусад тооцогдоно гэж тайлбарлаж байх боловч сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагаа хариуцагч баримтаар нотлоогүй, үр дагавар шаардаагүй, талууд Түрээсийн гэрээг 2013 оны 9 сарын 20-ны өдрөөс дуусгавар болгож, тооцоо нийлсэн байгаа тул дуусгавар болсон гэрээний тухайд хэлцэл хүчин төгөлдөр бус байдлыг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар Г.Ш, Г.Э нараас 9.916.000 төгрөг гаргуулж Д.Бд олгож,

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.2., 289 дүгээр зүйлийн 289.2.5.-д зааснаар Д.Баас 4.022.000 төгрөг гаргуулж Г.Э, Г.Ш нарт олгож, Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 5.616.100 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.Б, Г.Ш, Г.Э нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.000 төгрөг, 239.360 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Ш, Г.Э нараас 173.606 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д, нэхэмжлэгч Д.Б-аас 79.302 төгрөг гаргуулу хариуцагч Г.Ш, Г.Э нарт тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР