Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 233

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

           улсын яллагч Л.Батгэрэл,  

            шүүгдэгч О.Ганзориг, түүний өмгөөлөгч Р.Оюунбадам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Аюуш овогт Отгоны Ганзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2400 0174 дугаартай хэргийг хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч-мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 40-01-95 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Аюуш овогт Отгоны Ганзориг, РД:ЧД86061716,

 

Үйлдсэн хэргийн талаар: 

Шүүгдэгч О.Ганзориг нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-н товчооны замд 2017 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчим Тоёота Приус маркийн 19-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь хэсэг мөн дүрмийн нэгдүгээр хавсралтын 25Д : 7.1-7.3 заалтыг зөрчсөнөөс хохирогч Б.Ёндоншаравын жолоодон явсан Хьюндай Верна маркийн 19-92 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Б.Ёндоншаравын биед хүнд зэргийн гэмтэл, зорчигч Д.Буянтогтох, Э.Ууганбаяр нарын биед хөнгөн зэргийн гэмтэл, Хьюндай Верна маркийн 19-92 АРХ улсын дугаартай автомашинд 5.880.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлэн дүгнэхэд:    

Шүүгдэгч О.Ганзориг нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ын товчооны замд 2017 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчим Тоёота Приус маркийн 19-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь хэсэг, мөн дүрмийн нэгдүгээр хавсралтын 25 дахь хэсгийн заалтыг зөрчсөнөөс хохирогч Б.Ёндоншаравын жолоодон явсан Хьюндай Верна маркийн 19-92 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Б.Ёндоншаравын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь:         

          - зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-10/,      

           - хохирогч Б.Ёндоншаравын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд би өөрийнхөө эзэмшлийн Х.Верна маркийн 19-92 АРХ улсын дугаартай автомашиныг жолоодон найз Буянтогтохын хамтаар ах Ганзоригийн гэр болох хуучин 22-н товчооны орчим руу явах гээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээнд 50-60 орчим км цагийн хурдтай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Well mart дэлгүүрийн урд замаар явж байтал эсрэг урсгалаас машин ирж байгааг би харсан. Гэтэл тэр машин гэнэт миний урдуур дараад ороод ирсэн. Тэгээд би машиныхаа тормосыг гишгээд баруун гар тал руугаа дарсан боловч нөгөө машины баруун талыг унаж явсан машиныхаа зүүн урд хэсгээрээ мөргөсөн. Тэгсэн миний машин зам дээрээ буцаж эргээд зүүн зүг рүүгээ хараад зогсчихсон байсан. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан санаа самуурсан байсан удаагүй түргэн тусламж болон замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийгээд явсан. Харин би найзынхаа хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд гэр лүүгээ харьсан. Тэгээд маргааш нь Замын цагдаагийн газрын хэрэг бүртгэгч Гарьд шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол аваад эмнэлэг дээр явж очиж үзүүлсэн. Тэгтэл шинжээч эмч Ундармаа нь намайг Гэмтлийн эмнэлэг орж үзүүлчихээд ир гээд явуулсан. Түүний дагуу гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд томографикийн зураг авахуулахад миний 2 хавирга хугарч, уушиг унасан байна гээд намайг хэвтүүлсэн. Замын хөдөлгөөн сийрэг, цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй хэвийн байсан. Би эсрэг урсгалаас машин ирж байгааг бол харж байсан. Гэхдээ миний машины урдуур дараад ороод ирнэ гэж огт бодоогүй, гэнэт урдуур дараад ороод ирсэн. Би хир зайнд харсныг бол сайн мэдэхгүй байна. Би машиныхаа гэрлийг асаасан байсан. Ойрын гэрэл дээрээ тавиад явж байсан. Миний машин жил бүр үзлэг оношилгоонд ордог. Би эмчилгээндээ 122.000 төгрөг зарцуулсан. Бусад төлбөр нь эрүүл мэндийн даатгалаар шийдвэрлэгдсэн. Миний автомашинд нийт 5.880.000 төгрөгийн, шууд нь 4.879.000 төгрөгийн эвдрэл хохирол учирсан, журмын хашааны болон ачилт гээд 473.500 төгрөгийн хохирол учирсан...гэх мэдүүлэг /хх-40-42/,

          - иргэний нэхэмжлэгч Д.Буянтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Х.Верна маркийн 19-92 АРХ улсын дугаартай автомашиныг жолоодон найз Ёндоншарав жолоодон би жолоочийн хажуугийн урд суудал дээр суугаад бид 2 Ёндоншаравын ахынх руу явах гээд Сонгинохайрхан дүүргийн хуучин 22-н товчооны замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Well mart дэлгүүрийн урд замаар явж байсан..би тухайн үед гар утсаараа оролдоод явж байсан болохоор зам руу хараагүй..тэгсэн зүүн гар талаас хурц гэрэл орж ирэх шиг болсон...тэгээд би юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн түргэн тусламжийн машин ирчихсэн намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан байгаа...миний зүүн чихний хэнгэрэг цоорсон өөр гэмтэл бол байхгүй, мэдэхгүй байна. Хэнгэрэг битүүлэхэд 300.000 төгрөг болно гэсэн энэ мөнгийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-54-56/,

          - иргэний нэхэмжлэгч Э.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тухайн осол хэрэг болсны дараа миний цээж хэсгээр хөндүүр оргиж, зүүн талын дух хэсгээр шалбарч халцарсан өөр гэмтэл бол байхгүй. Тиймээс миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-62/,

          - гэрч Д.Даваажаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө би Зүүн хараа орох гээд шөнийн 00-01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг хуучин 22-н товчооны замаар Т.Приус-11 маркийн автомашинд суугаад явж байсан...миний машиныг цэнхэр өнгийн суудлын автомашин гүйцэж түрүүлээд ойролцоогоор 50 орчим метрийн зайтай урд талд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй явж байсан. Тэгсэн нөгөө цэнхэр өнгийн Х.Верна маркийн автомашин нь тоормослох шиг болсон. Тэгсэн баруунаас хойшоогоо чиглэлтэй эргэн орсон Тоёото Приус маркийн автомашин хүчтэй мөргөлдсөн 2 машинтай ойролцоо очоод машинаасаа буугаад Х.Верна маркийн автомашин дээр явж очоод жолоочийн биеийн байдлыг асууж жолоочийг цонхоор нь гаргаад өөрийнхөө гар утсаараа 102, 103 дугаар луу залгаж дуудлага өгөөд Т.Приус маркийн автомашин дээр очиход жолооч нь шоконд орчихсон байдалтай юу болов гээд..бид нараас асуугаад байсан. Мөн Т.Приус маркийн автомашин нь 10 гаран метр газар өнхөрч байснаа Well mart гэсэн самбарын баруун талын хашлагыг давж зогссон. Тэгээд Т.Приус маркийн автомашины жолоочийг гаргах гээд хөл нь гацчихсан гарч чадахгүй байсан. Тэгээд жолооч нь өөрөө хөлөө гаргаад машинаас гарсан...гэх мэдүүлэг /хх-65-67/,            

          - шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн №384 дугаартай:...Б.Ёндоншаравын биед тухайн хэрэг болсон гэх хугацаанд цээжний хэнхэрцгийн дарагдал, няцрал, зүүн талын 3,4-р хавирганы далд хугарал, цээжний зүүн хөндий дэх хий, цус хуралдалт, зүүн уушигны бүрэн бус авчийлт бүхий гэмтэл авто ослын улмаас үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-76-77/,

            - техникийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн №93 дугаартай:...19-36 УНУ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч О.Ганзориг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан:  Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг, мөн дүрмийн 1-р хавсралтын 25 дахь хэсэгт заасан: Замын тэмдэг, тэмдэглэгээ давахыг хориглох /7.3: дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 19-92 АРХ улсын дугаартай Х.Верна маркийн автомашины жолооч Б.Ёндоншарав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 19-92 АРХ улсын дугаартай Х.Верна маркийн автомашины тоормосны мөрөөр хурдыг тодорхойлоход ойролцоогоор 48.5 км/цагийн хурдтай явсан байх боломжтой...гэх дүгнэлт /хх-125-126/,

          - жолоочийн согтуурал шалгасан баримт /хх-174/,

            - шүүгдэгч О.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00-001 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн Т.Приус-20 маркийн 19-63 УНУ дугаартай автомашиныг жолоодон Өгий нуураас Улаанбаатар хот руу чиглэлтэй гэр лүүгээ харих гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг хуучин 22-н товчооны Well mart дэлгүүрийн урд замаар зорчих хэсгийн 3-р эгнээнд явж байгаад замаа товчилж нүхэн гарцаар гарах гээд Well mart дэлгүүрийн зүүн талаар явж гарах гээд замын голд зогсож байгаад эсрэг урсгалаас буюу зүүнээс баруун тийш чиглэлтэй ирж явсан 2 машиныг өнгөрөөгөөд зүүн зүг рүү харахад 100 гаран метрийн цаанаас 2 машины гэрэл харагдсан. Тэгээд би хойшоогоо чиглээд эргэхдээ замынхаа дунд ирэхэд юу юугүй нэг машины хурц гэрэл тусаад ороод ирэх шиг болсон. Тэгээд би машиныхаа хаазыг нэмэх үү, зогсох уу гээд бодож байсан. Тэгээд уг 2 үйлдлийн алийг нь хийснээ ч мэдэхгүй байна. Нэг мэдэхэд түргэн тусламжийн машинд ухаан орсон...гэх мэдүүлэг /хх-141-142/,...Замын цагдаагийн газраас уг ослыг 100 хувь миний буруу гэж техникийн шинжээчийн дүгнэлт гарсан...гэх мэдүүлэг /хх-149-151/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

             Иймд шүүгдэгч О.Ганзоригийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч Б.Ёндоншаравт шууд ба шууд бус хохиролд нийт 5.880.000 төгрөг /хх-42/, хохирогч Д.Буянтогтох 300.000 төгрөг /хх-56/ тус тус бүрэн барагдуулсан, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /хх-44-47, 57/ гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй /хх-171/, уг хэргийн улмаас өөрийн биед мөн хүнд гэмтэл авсан /хх-92/ байна.

Хохирогч Б.Ёндоншаравын биед анх “гэмтлийн зэрэг” учирсан эсэхэд дүгнэлт гаргасан шинжээч илтэд хууль ёсны бус, үндэслэлгүй буюу шалгуур үзүүлэлт, эх сурвалжгүйгээр таамаглан дүгнэсэн нь тогтоогдож байх тул уг асуудлыг жич шалган шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй. 

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй зэрэг нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрх хасах болон хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэв. 

          Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, О.Ганзоригийн В ангиллын 355227 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:     

 

            1. Шүүгдэгч О.Ганзоригийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганзоригийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганзоригийн эдлэх 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.Ганзориг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганзоригт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж,  хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

7. Шүүгдэгч О.Ганзоригийн тус хэрэгт хураагдсан В ангиллын 355227 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР