Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/44

 

*******ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Хохирогч Д.Болортуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрхбаяр,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолтой *******ад холбогдох 1934008920108 дугаартай 1 хавтас, 170 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс буриад, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Их мандал Хүрд” ХХК-д механик ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ж-18-406-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хөвдүүд овгийн Баярбаясгалангийн Барс, УШ91090990 регистрийн дугаартай,

   Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутгаас иргэн Д.Болортуяагийн өмчлөлийн эд хөрөнгө болох 89-34 УНБ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг түүний бэр дүү М.Эрдэнэсувдаас итгэмжлэн хариуцуулж өгснийг авч яван, улмаар “зам тээврийн осолд орсон” гэх нэрийдлээр 89-34 УНБ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан завшиж, бусдад 12 950 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Хөвдүүд Баярбаясгалангийн Барсыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, *******ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 12 750 000 /арван хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хот БЗДүүрэг 21 хороо Жамсран уулын өвөр 3-р гудамжны 2079 тоотод оршин суух Боржигон Дашдаржаагийн Болортуяа /РД:НО88083060/-д олгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... НЭГ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар,

1. Нотолбол зохих байдлыг нотолсон эсэх

ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно" гэж, 1.1-д "гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж заажээ.

Гэтэл 2020 оны 03-р сарын 13-ны өдрийн 129 дугаар прокурорын яллах дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэзээ, хаана, ямар гэм буруутай үйлдлээр үйлдсэн болохыг тогтоогоогүй байна.

Хохирогчийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: 2017 оны 10-р сарын 17-ны өдөр Барс гэх найз нь Улаанбаатар хот ороод ирье гээд авч яваад буцааж авчирч өгөөгүй, ямар шалтгааны улмаас авчирч өгөхгүй байгаа талаар асуухад 2017 оны 10-р сарын 19-ний өдөр тухайн тээврийн хэрэгслийг онхолдуулсан засвар авах боломжгүй болсон тул мөнгийг нь 2018 оны цагаан сараас өмнө өгье гэсэн, тэгээд 2018 оны 5-р сард Барсын ах Нандин гэх залуутай уулзахад 2018 оны 3-р сард 8 сая төгрөгөөр машиныг зарсан гэж надад хэлсэн, Барс машиныг зарсан гэхдээ би залилуулаад мөнгийг нь авч чадахгүй байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг.

М.Эрдэнэсувдын гэрчээр өгсөн мэдүүлэгт: "2017 оны 10-р сарын 17 өдөр Барс гэх найз маань Төв аймгийн Лүн сумын төвд намайг 2 хүүхдийн хамт үлдээгээд Улаанбаатар хот орчихоод ирье гээд миний ашиглаж байсан хадам эгчийн 89-34 УНБ улсын дугаартай машиныг авч яваад 2017 оны 10-р сарын 19-ны өдөр Барс залгаад онхолдлоо гэсэн тэгээд машины төлбөр мөнгөний асуудлаар ярилцаад өгнө гэж цаг хугацааг тохирсон" гэх мэдүүлэг.

Гэрч Д.Арвинбаярын гэрчээр өгсөн мэдүүлэгт: "өөрийн найз Барс гэх залууд 10 сард тухайн машины тухайн машины кардон голны чагтан голыг засуулахаар явуулсан юм" гэх мэдүүлэг.

Хавтаст хэргийн 17-р талд авагдсан шүүгдэгч *******ын ээж Энхзаяагийн төлбөр барагдуулах баталгаа гэх бичвэрт 10 сая төгрөгийг 2019 оны 8-р cap хүртэл хуваан төлж барагдуулна" гэсэн баталгаа,

Хавтаст хэргийн 105-106-р талд ******* нь Д.Арвинбаярт мессежээр машинтай онхолдоод машин ийм болчихлоо гэж явуулсан 6 ширхэг гэрэл зураг" авагджээ.

Дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаас үзэхэд шүүгдэгч *******ын 2017 оны 10-р сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 cap хүртэлх үйлдэлд Эрүүгийн хуулийн 2.1-д заасан гэмт хэргийн шинж тогтоохгүй байна.

Тодруулбал,

- Шүүгдэгч ******* нь 2017 оны 10-р сарын 17-ны өдөр найз Д.Арвинбаярын эгч хохирогч Д.Болортуяагийн машиныг кардон голны чагтан голыг засуулахаар Улаанбаатар хотруу авч явсан. 2017 оны 10-р сарын 19-ны өдөр Улаанбаатар хот Саппорогийн тойрог гэх газар дүү Б.Хурцын хамт яваад онхолдсон болох,

- 2017 оны 10-р сарын 19-ны өдөр ослын талаар найз Д.Арвинбаярт мэдэгдэж машины зургийг явуулж хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн болох,

- ******* нь машиныг 2018 оны 3-р сард Улаанбаатар хотод зарсан болох,

- 2018 оны 8-р сараас 2019 оны 8-р хүртэл хохирлыг cap бүр 1,000,000 төгрөг төлж боломжит богино хугацаанд барагдуулахаа илэрхийлсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Шүүгдэгч *******ын дээрх үйлдлүүдээс аль үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болохыг тогтоолгүй үйл, баримтыг ерөнхийлж нэгтгэн хэргийг шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар хэсэгт: "шүүгдэгч ******* нь Д.Болортуяагийн өмчлөлийн ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг түүний дүү Д.Арвинбаяр эзэмшиж байсныг түүний эхнэр М.Эрдэнэсувдаас машиныг чинь унаж яваад Улаанбаатар хот ороод 2 хоногийн дараа буцаагаад аваад ирье гэж хэлэн авч явж унаж яваад зам тээврийн осол гарган улмаар зарж мөнгийг нь өгөөгүй үйл баримт тогтоогджээ" гэжээ.

Гэтэл дээрх үйлдлүүд нь хоорондоо цаг хугацааны хувьд хол зөрүүтэй болсон болох нь хавтаст хэргээс тодорхой харагдана. Машиныг засварлахын тулд Улаанбаатар хотруу авч яваад 2017 оны 10-р сарын 19-ний өдөр онхолдож буцааж өгөх боломжгүй болж хохирлыг арилгахаа илэрхийлсэн үйлдэлд нь Эруугийн хуулийн 2.1-д заасан гэмт хэргийн шинж болон мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол" гэж заасан хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байна.

Харин гэрчийн мэдүүлгээр тогтоогдож буй шүүгдэгч *******ын 2018 оны 3 сард машиныг 3,000,000 төгрөгөөр зарж мөнгийг шилжүүлээгүй үйлдэл, мөн хэрэг үйлдсэн нь үнэн, хохирогчийг хохиролгүй болгож өгнө гэх гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинж, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан байж болзошгүй байна.

2. Мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн талаар

Анхан шатны шүүх ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан зайлшгүй нотолбол зохих гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг тогтоолгүй 2017 оны 10-р сарын 17-ны өдөр машиныг авч явсан даруйдаа гэмт хэрэг үйлдсэн мэт дүгнэжээ.

Улсын Дээд шүүхийн тайлбарт хөрөнгө завших гэж “Бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь буцаан өгөхгүй байх; өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон байдаг" гэж тайлбарлажээ. Шүүгдэгч ******* машиныг хууль ёсны дагуу эзэмших явцдаа онхолдсон. Нэгэнт эвдрэл, гэмтэлтэй машин авахгүй гээд уулзаад мөнгийг нь төлөхөөр тохиролцсон. Дээрх үйлдлийг нийгэмд аюултай, хууль бус, гэмт үйлдэл гэж үзэх нь хуульд нийцэхгүй юм.

Мөн ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 1-д "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэж, мөн зүйлийн 2-д "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж заажээ.

Хавтаст хэргийн 105-106 талд авагдсан шүүгдэгч *******ын гэрч Д.Арвинбаярт мессэнжээр машинтай онхолдоод машин ийм болчихлоо гэж явуулсан 6 ширхэг гэрэл зургийг хэрэгт хавсаргасан хэрнээ бусад төлбөр мөнгийг барагдуулах, гэмшсэн талаар бичэлцсэн хэсэг буюу цагаатгах талын баримтыг хэрэгт хавсаргалгүй нэг талыг барьж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ. Шүүгдэгч *******ын гэрч Д.Арвинбаяртай утас, мессэнжээр харилцсан ярианаас ******* нь бусдын хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн үү? эсхүл осолд орж машиныг эргүүлж өгөх боломжгүй болсон эсэх тодорхой харагдана.

Дээр дурдсан байдлаар Анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, аль үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хэзээ хангасан талаар огт дүгнэлт хийлгүй цаг хугацааны хувьд хол зөрүүтэй, эрүүгиин гэмт хэргиин шинжтэй эсэх нь эргэлзээтэй үйлдлүүдийг ерөнхийлөн нэгтгэн дүгнэж хэргийг шийдвэрлэжээ.

Нөгөөтээгүүр, дээрх нөхцөл байдлуудыг үнэн зөв эргэлзээгүй тогтоолгүйгээр шүүгдэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байгаа эсэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хугацаа тоолох, нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэх, шүүхийн харьяалал зэрэг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн бусад зүйл заалтыг бодитой, бүрэн гүйцэд хэрэглэх боломжгүй юм.

ХОЕР. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар

1. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д "Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ" гээд 1.1-д "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн", 3-д "Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно" гэж тус тус заажээ.

Хавтаст хэргийн 18 дахь талд шүүгдэгч ******* нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шалгах хуудас авагджээ. Мөн гэрч нарын мэдүүлгээр ******* нь 2017 оны 10-р сарын 19-ны өдөр Улаанбаатар хот Саппорогийн тойрог гэх газар дүү Б.Хурцын хамт яваад онхолдсон болох тогтоогддог. Шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн мэдүүлэгт "найз Ариунбаярын машиныг эхнэр Эрдэнэсувдаас Төв аймгийн Лүн сумаас тухайн машинд засвар хийх зорилгоор аваад тухайн өдрөө дүү Б.Хурцын хамт яваад онхолдсон" тээврийн хэрэгслийг үл таних хүнд 2800000 зараад тухайн үед найз Ариунбаярт мэдэгдсэн, мөнгийг дүү Б.Хурцын эмчилгээний зардалд зарцуулсан гэх мэдүүлэг.

Шүүгдэгчийн ээж С.Энхзаяагийн гэрчийн мэдүүлэгт "2017 оны 10-р сарын дундуур найз Ариунбаярын машиныг онхолдуулчихлаа гэж хэлж байсан тухайн үед машиныг миний хүү Б.Хурц барьж яваад осолдсон байсан. Осол болсноос хойш фэйсбүүк дээр зар тавиад тухайн тээврийн хэрэгслийг зарахаар нэг хүнтэй яриад 3,000,000 орчим төгрөгийг аваад үлдэгдэл мөнгө хэд гэдгийг би мэдэхгүй байна. Нөгөө хүн нь мөнгөө өгөхгүй Солонгос улс руу яваад одоог хүртэл сураггүй байгаа. Тээврийн хэрэгслийн мөнгийг өгөхийг хичээж байгаа боловч тухайн ослоос болоод хүү Хурц нурууны хагалгаанд ороод одоог хүртэл эмнэлгийн хяналтанд байдаг" гэх мэдүүлэг.

Б.Хурцын гэрчийн мэдүүлэгт "Бид хоёр Саппорогийн тойрог орох гэж байхад машин маань замын боржууранд гуядуулаад онхолдсон" гэх мэдүүлэг.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгээс шүүгдэгч ******* нь найзынхаа машинтай явж байгаад онхолдсон. Ослын улмаас дүү Б.Хурц нь нуруу, нугасны өвчтэй эмчийн хяналтанд орсон болох нь тогтоогддог.

Зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, өвчин зэрэг урьдаас таамаглах боломжгүй хэзээ ч, хэнд ч тулгарч болзошгүй нөхцөл байдлыг тохиолдлын шинжтэй гэж үзнэ. Үүнд бэлдэх, төлөвлөх зэрэг сэдэлт үл хамаарч тулгарна. Анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд шүүгдэгч ******* нь бусдын хөрөнгийг завшихын тулд дүүтэйгээ осолд орсон. Нэгэнт буцааж өгөх боломжгүй эвдрэл, гэмтэл учруулаад өмчлөгч нь авахаас татгалзвал зарж мөнгийг нь завших сэдэлттэй байсан мэт хэргийг шийдвэрлэжээ.

Дээрх дурдсан байдлаар анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн" нөхцөл байдлыг харгалзалгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно" гээд

1.1-д "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх" гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэж заажээ.

Шүүгдэгч ******* гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мөн шүүх хуралдааны үед "Хэрэг үйлдсэн нь үнэн. Хохирогчийг хохиролгүй болгож өгнө" гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хуульд заасны дагуу гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохиролгүй болгож өгөхөө илэрхийлсэн байтал хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй Улсын яллагчийн 10 cap хорих ял оногдуулах саналыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байтал үндэслэлгүйгээр хүндрүүлж 2 жил 6 сарын хорих ял шийтгэсэн байна.

3. Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино гэж Эрүүгийн хуулийн 5.1-д заасан зорилгыг тусгаж өгсөн ч шийдвэр нь тус зорилгоос хол зөрүүтэй болжээ.

Зүй нь,

- Шүүгдэгч ******* нь насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай. Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14 дэх хэсэгт "Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно" гэж заасан. *******ын төлбөр мөнгө барагдуулах үүргийг түүнээс өөр хэн ч хариуцахгүй. Гэтэл шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оногдуулснаар хохирогчийн хохирлыг нөхөн төлүүлэх хугацааг хойшлуулж хохирогч болон шүүгдэгчид хохиролтой шийдвэрлэсэн.

- Анхан шатны шүүх хохирогчийн зөрчигдсөн эрхийг боломжит хугацаанд хэрхэн сэргээх хуулийн зорилгыг тооцоололгүй хохирогчийн зөрчигдсөн эрхээ сэргээх буюу төлбөр мөнгөө авах хугацааг улам хойшлуулж хохирогчид ашиггүй шийдвэрлэсэн.

- Нөгөөтээгүүр, 2 жил 6 сарын хугацаанд шүүгдэгчийг харгалзаж, хувцас хунар, хоол ундаар тасалдуулахгүй үүргийг улсад хариуцуулж улсад хохиролтой шийдвэрлэсэн.

Дээрхээс анхан шатны шүүх хэргийн бүх оролцогч нарт ашиггүй гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилгыг буруу тайлбарлаж эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хуулийн зорилгод нийцүүлэн оновчтой тодорхойлон хэрэгжүүлээгүй байна.

ГУРАВ. Шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн талаар

ЭХХШТХ-ийн 33.2 дугаар зүйлийн 2-д заасны дагуу яллагдагчид шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ" гэж заасан. Хуульд заасан 3 хоногийн хугацаа нь хэргийн оролцогч нарын хуралд бэлдэх, эрх зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх хүний суурь эрхтэй салшгүй холбоотой. Гэтэл 2020 оны 4-р сарын 21-ний өдөр хурлын товыг мэдэгдэж цагдан хорьж байгаад маргааш нь буюу 4-р сарын 22-ны өдөр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэжээ. Цагдан хорионд байгаа хүн хэдхэн цагийн дотор үндсэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д "өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах үндсэн эрхийг иргэн баталгаатай эдэлнэ" гэж заасан. Гэтэл шүүгдэгч ******* нь баталгаатай эдлэх эрхээ хэрэгжүүлж чадалгүй 2020 оны 4-р сарын 21-ний өдөр хурлын товыг мэдээгүй цагдаа дээр очтол баривчлаад маргааш буюу 22-ны өдөр шүүх хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч ******* нь Үндсэн хууль болон Олон Улсын хүний эрхийн конвенциор олгогдсон баталгаатай эдлэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй ял авчээ.

ЭХХШТХ-ийн 35.8 дугаар зүйлд 1-д "Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана" гэж заажээ. Мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх хуралдаан даргалагч улсын яллагчийн яллах дүгнэлтийн агуулга, түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагын талаар ойлгосон эсэхийг тодруулж, шүүгдэгчийн хүсэлтээр тайлбарлахыг улсын яллагчид даалгаж болно" гэж заажээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь улсын яллагчийн танилцуулсан түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй. Гэтэл шүүгч шүүх хурлын үеэр ялыг хүндрүүлэх нөхцөл байдлын талаар хэлэлцүүлээгүй асуудлаар шийдвэр гаргаж шүүгдэгчид 2 жил 6 сарын хорих ял шийтгэсэн.

Улсын яллагчийн танилцуулсан түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч мэтгэлцээгүй бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг хүссэн. Гэтэл улсын яллагчийн түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлага буюу 10 cap хорих ялыг 2 жил 6 сарын хорих ял болгож хурлаар хэлэлцүүлэлгүй ялын хэмжээг ихэсгэж шүүгдэгчийн саналыг сонсохгүй шийдвэрлэсэн нь мэтгэлцэх боломжийг олгоогүй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хуулийн 6.7, 7.1-д заасны дагуу шүүгдэгчид оноосон ялыг хөнгөрүүлж, түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар Төв аймаг дахь сумын дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Болортуяа гаргасан тайлбартаа: Хохирлоо авмаар байна гэв.

Давж заалдах шатны Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрхбаяр гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл, 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх шүүгдэгч *******ыг М.Эрдэнэсувдаас итгэмжлэн хариуцуулж өгсөн 89-34 УНБ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг завшиж, бусдад 12950000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд ******* 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр М.Эрдэнэсувдаас уг тээврийн хэрэгсэлд засвар хийгээд 2 хоногийн дараа буцааж өгөхөөр тохирч Улаанбаатар авч явсан, тухайн өдрөө Зөрчлийн тухай  хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасан зөрчил гаргасан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Харин ******* машиныг хэнд, хэзээ, хэдэн төгрөгөөр зарсан болох, яагаад зарах шаардлагатай болсон, машиныг сэлбэгэнд өгч зарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн эсэх, зарж борлуулсан мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулах талаар мэдэгдсэн эсэх, уг тээврийн хэрэгслийг зарж мөнгийг завших санаа бодол, сэдэл хэдийд үүссэн болохыг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай байна.

Яллах дүгнэлтэнд тухайн гэмт хэрэг 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр үйлдэгдсэн мэт ойлгогдохоор тусгагджээ. Гэтэл ******* завших гэмт хэрэг үйлдэх зорилгоор машиныг анх авч явсан уу, эсвэл осолд орсны дараа машиныг зарж мөнгийг өөртөө завших санаа төрсөн үү гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна.

Тухайн гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг зөв тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарна.

Иймд *******ад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх  үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаартай  шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Эрүүгийн хэргийг прокурорт очих хүртэлх хугацаанд *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

               ШҮҮГЧИД                                              Т.ЭНХМАА

 

 

                                                                             Г.БОЛОРМА