| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/06 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/06
2025/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Ж.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ж Жд холбогдох эрүүгийн 2412........... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ......... төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймаг И сум Т баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Ж Ж /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагийн үед А аймгийн И сумын Э багийн ........ гэх газарт өөрийн эзэмшлийн Истана маркийн 61-65 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2412.......... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Гэрч О.Мн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагийн үед Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын цагдаа зохицуулагч С.Ц хамт М сумын Э багийн нутаг дэвсгэр Дэлийн үзүүр гэх газар төв магистрал замд тээврийн хэрэгсэл шалгаж, хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд Истана маркийн 61-65 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Ихтамир сумаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын чиглэлд явж байхад нь шалгахад жолооч Ж.Ж нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэхээр нь би Ж гэдэг хүнийг согтуурал шалгах багажаар үлээлгэж шалгахад 0.54 хувьтай гарсан. Тэгээд тээврийн хэрэгслийг саатуулж Ж.Ж гэдэг хүний ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Ж.Ж гэдэг хүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна түүний хадам ах гэх Д болон бас нэг хүний хамт гурвуулаа явж байсан. Ж.Жы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ шалгуул гэхэд биедээ авч яваагүй байна гэхээр нь Экс Ковер төхөөрөмжөөр регистрийн дугаараар нь шүүж үзэхэд 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2508 дугаартай шүүгчийн шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Та яагаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваа юм бэ гэж асуухад би өнөөдөр архи уугаагүй, урд шөнө хадам ахтайгаа хамт архи уусан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/,
Гэрч Б.Д “...Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө Улаанбаатар хотоос ирсэн. Манай хүргэн Ж.Ж манай аавын идшинд яваад ирсэн. Бид 2 тааралдаад би хотын ганзага гэж 1 шил архи хувааж уусан. Тэгээд шөнө 02 цагийн үед би аавынд унтсан. Хүргэн Ж эхнэртэйгээ гэр рүүгээ явсан. Тэгсэн өглөө нь манай хүргэн Ж намайг дуудаад ирээд хот руу явуулах идэшний мах ачаад өгөөч гэхээр би ачилцаж өгөөд аймгийн төв рүү явж байсан чинь Дэлийн үзүүр гэдэг газар цагдаа зогсоож шалгаад манай хүргэн Жаас архи үнэртэж байна шалгана гээд согтуурал шалгадаг багажаар үлээлгэж шалгасан чинь 0.54% гарсан гээд хүргэний машиныг журмын хашаанд хийсэн. Би шөнө нь хүргэн Жы хамт 1 шил архи хувааж уусан. Өглөө нь архи уугаагүй. Манай хүргэн өөрийнхөө Истана маркийн машинтай явж байсан би машиных нь улсын дугаарыг сайн мэдэхгүй байна. Аймаг явах гэж байхад зам дагуух гуанзнуудын хажуугаас 1 залуу аймаг явах гээд суусан би тэр хүнийг танихгүй юм байна лээ өөр хүн байгаагүй. Үнэмлэхтэй үгүйг нь би сайн мэдэхгүй байна. Би эрхээ хасуулсан байсан гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,
Ж.Жы “...би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/
Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн дэд ахлагч О.М 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 17 хуу/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...0.54% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 18 хуу/,
Жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 42 хуу/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/2059 дугаартай шийтгэврийг хуулбар /хх-ийн 22-23 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуу/,
Шүүгдэгч Ж.Жы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 25-37 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 61 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ж.Ж нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагийн үед А аймгийн И сумын Э багийн ...... гэх газарт өөрийн эзэмшлийн Истана маркийн 61-65 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь гэрч “...О.М “...Истана маркийн 61-65 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Ихтамир сумаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын чиглэлд явж байхад нь шалгахад жолооч Ж.Ж нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэхээр нь би Ж гэдэг хүнийг согтуурал шалгах багажаар үлээлгэж шалгахад 0.54 хувьтай гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/, гэрч Б.Д “...би хотын ганзага гэж 1 шил архи хувааж уусан. Тэгээд шөнө 02 цагийн үед би аавынд унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн дэд ахлагч О.М 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 17 хуу/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...0.54% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 18 хуу/, жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 42 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Жыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Ж нь шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан.
Шүүгдэгч Ж.Жы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Ж нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ж.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 10 /арав/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Жд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлав.
Шүүгдэгч Ж.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ж Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 /арав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ж.Жд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ж.Жд хяналт тавьж ажиллахыг ............ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Ж.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР