Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2020/02274

 

 

 

 

 

 

 

 

 

2020оны 09сарын 10дөр

 

181/ШШ2020/02274

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Ш /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  З.Ө ХХК /РД:/-д холбогдох

 

3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ш, хариуцагчийн төлөөлөгч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 03 сарын 06-ны өдөр З.Ө ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтнаар ажилд орсон. Тус компани нь Дорнод аймгийн Халх гол сум, Сүмбэрийн боомтоос нааш 7 километр зайтай газар Ширэн овоо нэртэй төмрийн хүдрийн ил уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг. Улирлын чанартай ажилладаг. Өвлийн улиралд кемпийн эд, аж ахуй, машин механизмуудыг харах зорилгоор 2 хүн байршуулан ажиллуулдаг. Би 2019 оны 12 сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 сарын 24-ний өдрийг хүртэл байрлаж ажилласан. Энэ үед цаг агаарын хувьд цас ихтэй, маш хүйтэн байсан. Цахилгаан гаргах зориулалтаар бага оврын моторууд ашиглаж байсан. Ашиглалтын явцад 3 мотор эвдэрсэн. 2020 оны 03 сарын 02-ны өдөр мотор эвдэлсэн, сум орон нутаг руу олон дахин явсан гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Дээрх моторууд нь эдэлгээний хугацаа дууссан, байнга л эвдэрч байдаг, хэн дуртай нь задлаад засдаг хуучин моторууд байсан. Ажлаас халсан тушаал гаргасан, тооцоогүй гэж тойрох хуудас бөглүүлсэн мөртлөө миний авах ёстой цалин хөлсийг олгохгүй байна. 2020 оны 02 сарын урьдчилгаа цалинг олгоод сүүлийн цалинг олгоогүй, халагдсан тохиолдолд амралтын мөнгө олгох ёстой боловч түүнийг олгоогүй, ажлаас гарсны дараа ажилгүйдлийн тэтгэмж авахаар нийгмийн даатгалын газар очиход З.Ө ХХК даатгалаа төлөөгүй гээд ажилгүйдлийн тэтгэмж олгогдоогүй. Иймд дутуу олгосон цалин хөлс 1,000,000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1,000,000 төгрөг, авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмж 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Д.Шын нэхэмжлэлтэй З.Ө ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн хавтаст материалтай танилцаж бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Д.Ш нь шүүхэд цалин, амралтын мөнгө, ажилгүйдлийн тэтгэмж хэмээн нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжпэгч Д.Ш нь манай компанитай 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 19/02 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г байгуулж, компанид 2019 оны 03 сарын 06-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтнаар томилогдон ажиллаж байсан бөгөөд өөрийн нь хүсэлтээр 2020 оны 03 сарын 02-ны өдрөөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон билээ. Д.Ш нь ажиллаж байх хугацаандаа компанийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний заалтыг ноцтой зөрчиж ажлын байран дээр архи уух, компанийн эд хогшил, албаны тэргийг хувийн хэрэгцээндээ ашиглах зэргээр олон удаа сануулах хуудас авсан болно. Д.Ш нь компанийн Дорнод аймагт байрлах уурхайн кемпийн манаачаар өөрийн хүсэлтээр явах санал тавьж, компаниас томилон явуулсан боловч кемпийн манаачаар ажиллаж байх хугацаандаа кемпийн хэрэгцээнд ашигладаг моторуудыг буруу ашигласны улмаас 5 ширхэг моторыг шатааж, кемпийн хэрэгцээнд ашигладаг Ланд79 маркын УБК автомашинд дугуй дугуйг авсан гэх боловч бодитоор дугуй аваагүй, 130,000 төгрөгийн баримтыг компанид ирүүлээгүй мөн кемпийн манаачаар ажиллаж байх хугацаандаа /нийт 63 хоногт/ кемпийн хэрэгцээнд ашигладаг автомашинаар 5,364 км зам туулсан байна. Компанийн уурхайн кемп болон Халх гол сумын хоорондын зай 80 км ба нэг удаа ирж очиход 160 км юм. Д.Ш нь компанийн хэрэгцээнд Халх гол сум руу энэ хугацаанд 10 удаа явсан ба энэ нь 1,600 км. Бид Д.Шыг үүнээс гадна хувийн хэрэгцээнд 3,764 км зам зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд 564.6 литр түлш буюу 1,513,120 төгрөгийг, моторны засварт 900,000 мянган төгрөгийг компаниас зарцуулсан ба дахин 2 моторт 3 сая төгрөгийн засвар хийлгэхээр байгаа юм. Д.Ш болон З.Ө ХХК хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 2.2.9-д зааснаар Бүртгэлээр хариуцуулсан үндсэн хөрөнгийн ашиглалтыг хариуцаж, өөрийн буруугаас эвдэж гэмтээсэн, алдаж үрэгдүүлсэн бол тогтоосон үнийн дүнгээр төлж, хохиролгүй болгоно. Хариуцсан эд хогшил, техник хэрэгсэл, бусад зүйлсийг албан бус зориулалтаар ашиглах, зөвшөөрөлгүйгээр бусдад хэрэглүүлэх, шилжүүлэх, ажлын байрнаас гадагш авч явахыг хориглоно хэмээн заасныг зөрчсөн тул энэ тухай ажилтанд мэдэгдэж гэрээ болон Хөдөлмерийн тухай хуульд зааснаар эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэн, түүнд олгох цалин хөлснөөс компанид учирсан хохирлыг суутган тооцсон. Мөн Д.Ш нь ажлаас гарах үедээ ажил хүлээлцэх акт үйлдээгүй, тойрох хуудсаа бөглөөгүй учир компаниас Д.Шын цалинг олгох боломжгүй болсон юм . Д.Ш нь манай компанид нийт 5,543,120 төгрөгийн хохирол учруулсан ба бид энэхүү хохирлыг төлүүлэхээр гомдол гаргаад байгаа юм. Иймд нэхэмжлэгч Д.Шын гаргасан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч З.Ө ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин хөлс 1,000,000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1,000,000 төгрөг, авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмж 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дутуу олгосон цалин хөлс 1,000,000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1,000,000 төгрөг, авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмж 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд цалин хөлсийг дутуу олгосон, ээлжийн амралтын тооцоо хийгээгүй байгаа, компани нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсны улмаас нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй гэх үйл баримтад болон нэхэмжлэгчийн гаргасан тооцоололд маргахгүй байх боловч нэхэмжлэгч ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа зөрчил гаргасан, компанид хохирол учруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Ш нь Зэс өндөр ХХК-тай 2019 оны 03 сарын 06-ны өдөр 19/02 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-23,24 тал/-г Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны ахлах ажилтны байранд байгуулан ажиллаж байгаад З.Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 сарын 02-ны өдрийн Б/10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-21 тал/-аар ажлаас чөлөөлөгдсөн байна.

З.Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 сарын 02-ны өдрийн Б/10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дахь заалтыг баримталсан байх бөгөөд тушаалд ажилтны хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтан Д.Шыг 2020 оны 03 сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар дурдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай зохицуулалт байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дахь заалтад Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэж заасан бөгөөд Д.Штай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай З.Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 сарын 02-ны өдрийн Б/10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд ажил хүлээлгэн өгөх хугацаа тогтоогоогүй, 2020 оны 03 сарын 02-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөхөөр заасан байх тул Д.Шыг 2020 оны 03 сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзнэ.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа ажил хүлээлгэн өгөх хугацаа тогтоогоогүй, ажилтныг 2020 оны 03 сарын 02-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөхөөр заасан тул нэхэмжлэгч ажил хүлээлгэн өгөөгүй, тойрох хуудас зуруулаагүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь ажилтныг ажлаас халах үед ажил хүлээлцэх эсэх асуудал нь ажил олгогчийн өөрийн хөдөлмөрийн зохион байгуулалтын асуудал бөгөөд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хүлээлцэх ажил байгаа эсэх, байгаа бол ажил хүлээлцэх хугацааг хэрхэн тогтоох талаар шийдвэрлээгүй байдал нь ажилтныг ажил хүлээлгэн өгөөгүй гэж буруутгах үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 02 сарын цалингаас дутуу олгогдсон цалин хөлс гэж 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг мөнгөн дүнгийн хэмжээнд маргахгүй гэсэн тайлбар гаргасан тул шүүх зохигч талууд дутуу олгосон цалин хөлсний хэмжээнд маргаангүй гэж үзнэ.

Хариуцагч З.Ө ХХК нь нэхэмжлэгч Д.Шын 2020 оны 02 сарын цалин хөлснөөс 1,000,000 төгрөгийг дутуу олгосон болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдсон тул хариуцагч З.Ө ХХК-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад заасан ажилтны хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтантай ээлжийн амралтын тооцоог заавал хийх бөгөөд ажилласан хугацаанд нь ногдох амралтын мөнгөн олговрын тооцоог Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ээлжийн амралт олгох заавар-ын 15 дахь заалтад заасны дагуу хийнэ.

Нэхэмжлэгч нь өөрийн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгөн олговрын хэмжээг 1,000,000 төгрөгөөр тооцон хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгч уг мөнгөн дүнгийн хэмжээ болон тооцоололд маргахгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулиар эдлэх ёстой ээлжийн амралтын хугацаа, түүнд ногдох мөнгөн олговрын хэмжээний талаар зохигч талууд маргаагүй гэж үзсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дахь заалтад ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгохоор заасан бөгөөд хариуцагч З.Ө ХХК нь нэхэмжлэгч Д.Штай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан атлаа ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоог хийгээгүй байх тул хариуцагч Зэс өндөр ХХК-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дахь заалтад заасан ажилтанд ээлжийн амралтын олговор олгох үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Д.Шын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх лавлагаа /хх-7/-гаар З.Ө ХХК нь Д.Шын 2020 оны 02 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь тогтоогдсон.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-ийн 4-т нийгмийн даатгалын шимтгэл гэдэгт нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг ойлгохоор тодорхойлжээ.

Мөн зүйлийн 1, 7-д зааснаар даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлдэг бол шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг хэлдэг байна.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д зааснаар нийгмийн даатгалын сан нь даатгуулагчийн болон ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, бусад эх үүсвэрээс бүрддэг байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байдаг бөгөөд З.Ө ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан Д.Ш нь мөн зүйлийн 2-ын 1-д зааснаар албан журмаар даатгуулах этгээдэд хамаарна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх бөгөөд төлбөрийг бэлэн бус тооцооны журмаар гүйцэтгэх зэрэг ажиллагаа нь ажил олгогчийн үүрэг байгаагаас гадна ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх, хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч гүйцэтгэх үүрэгтэй байна.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх, нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх нь ажил олгогчийн үүрэг байна.

Хариуцагч З.Ө ХХК нь Д.Шын 2020 оны 02 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй нь Д.Шыг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан ажилгүй болохоосоо өмнө сүүлийн 9 сард нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн байх шаардлагыг хангахгүй болоход хүргэсэн байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн л хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй бөгөөд ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй тул хариуцагч З.Ө ХХК нь нэхэмжлэгч Д.Шд учирсан хохирлыг хариуцаж төлөх үүрэгтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр буюу хариуцагч З.Ө ХХК нь нэхэмжлэгч Д.Шын 2020 оны 02 сарын цалин хөлсийг дутуу олгосон, хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч ээлжийн амралтын тооцоог хийгээгүй, Д.Шын нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөөгүйн улмаас Д.Ш нь ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болсон зэрэг нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбаруудаар тогтоогдсон, хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн дутуу авсан цалингийн хэмжээ, ээлжийн амралтын олговрын хэмжээ, авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ, түүний тооцоололд маргаагүй тул хариуцагч Зэс өндөр ХХК-аас дутуу олгосон цалин хөлс 1,000,000 төгрөг, ажилласан хугацаанд ногдох ээлийн амралтын олговор 1,000,000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйн улмаас учирсан хохирол 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Шд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Д.Ш нь тус компанийн Дорнод аймгийн Халх гол суманд байрлах уурхайн кемпийн манаачийн ажлыг 2019 оны 12 сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж байхдаа компанид хохирол учруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч З.Ө ХХК нь Д.Штай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны ахлах ажилтны байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, дээрх хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт ороогүй, тус компанийн Дорнод аймгийн Халх гол суманд байрлах уурхайн кемпийн манаачийн ажлыг Д.Шаар хавсран гүйцэтгүүлэх, эсхүл уг ажилд түр шилжүүлэх талаар ажил олгогчийн зүгээс ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй байх тул З.Ө ХХК нь 2019 оны 12 сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Д.Шаар хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил үүргийг гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан дээрх тайлбар нь ажилтны цалин хөлсийг дутуу олгох, ээлжийн амралтын олговрын тооцоог хийхгүй байх, ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөөгүйн улмаас ажилтанд учирсан хохирлыг хариуцан арилгахгүй байх үндэслэл болохгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн компанид учруулсан хохирлыг түүний цалин хөлснөөс суутган тооцсон гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан журмын дагуу цалин хөлснөөс суутгал хийсэн байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, ажилтнаар хохирол нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гаргаагүй байх тул хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчийн компанид учруулсан хохирлыг түүний цалин хөлснөөс суутган тооцсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх татгалзал үндэслэлгүй гэж шүүх үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 55 дугаар зүйлийн 55.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч З.Ө ХХК-аас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Шд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ө ХХК-аас 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Шд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.УУГАНБАЯР