| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/250 |
| Огноо | 2024-12-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/250
2024/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: А.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аын Ат холбогдох эрүүгийн 2312000000263 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1. Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Б суманд төрсөн, халх, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, ........... тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт Аын А /РД:АА........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь 2023 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Архангай аймгийн Ө сумын Т багийн нутаг дэвсгэрт хурим болсон Я.Нгийн монгол гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг, 2 ширхэг гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Я.Нд 4,860,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2312000000263 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Я.Нн өгсөн:
“...Миний төрсөн хүү болох Н.Цийн хурим 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр болсон. Тухайн өдрийн 17 цагийн үед гаднаас Ё.О нэг залуутай хамт орж ирээд хуриман дээр хоол цай идэж уугаад архи, айраг уусан, надад агт тууж явна гээд гүүр лүү хоёр адуу алдсан нэгийг Ё.От унуулаад нэгийг хөтлөөд явна гээд тэнд байгаад байсан. Тэгээд хурим найранд ирсэн хүмүүс буцаад нөгөө Ё.О, А.А нар манайхаас яваагүй үлдсэн байсан. Тэгээд шөнө хүмүүс амрах үеэр энэ хоёр хүн машины хаалга онгойлгож үзээд явахыг манай хүү харсан байсан. Тэгээд өглөө босоод манай гэрт байсан ай фоне 11 маркийн гар утас мөн самсунг 58 маркийн гар утас алга болсон байсан. Тэгээд уг 2 гар утсыг хайгаад явж байтал манай хурим хийсэн хүүгийн гэрт байсан миний 3 том мөнгөн аяга, 1 жижиг мөнгөн аяга, цагаан хөөрөг алдагдсан байсан. Тэгээд уг эд зүйлийг хайгаад олоогүй. Тэгтэл Ё.О болон хамт ирсэн танихгүй залуу хоёр манайд нэг нь унтаж байсан, нөгөө нь хойно байсан том машин дотор унтаж байсан. Тэгээд манай хүү Ч энэ хоёр хүний ирсэн хар өнгийн машин манай гэрийн зүүн талын хамрын цаана гэрээс харагдахааргүй газар байна гэсэн. Тэгээд манайх эд зүйл алдагдсан байсан болохоор уг хоёр залууг хардаад машины түлхүүрээ өг гэсэн чинь надад байхгүй гээд өгөхгүй байсан, хувцаснаас нь хайсан чинь гарч ирэхгүй байсан. Тэгээд манай хүү Н.Ч болон Н.Т нар уг машин руу нь авч яваад өөрийг нь ойртуулахад уг машин онгойсон. Тэгээд дотор талд эд зүйлээ үзэхэд уг машины арын суудлын дунд талын хайрцаг дотор 3 том, 1 жижиг мөнгөн аяга байсан. Урд суудлын шалавч доор жижиг цагаан хөөрөг байсан. Өөр эд зүйл гарч ирээгүй. Тэгээд манай хүү Н.Ч яагаад энэ эд зүйлийг авсан бэ гэхэд уучлаарай би авсан юм энүүгээрээ тохиръё гэж хэлсэн байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа ирээд уг хоёр залууг машинтай аваад би дагаад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/
*Хохирогч Я.Нн дахин өгсөн:
“...Тухайн хулгайд алдагдсан эд зүйлс бүгд миний эзэмшлийн эд зүйлс байгаа. Тухайн хулгайд алдсан эд зүйлс дотор хүний эд зүйл байгаагүй. Хохирол төлбөрөө хэрхэн авсан бэ гэхээр нөгөө хоёр залуугийн машин дотроос авсан. Ер нь бол бүх эд зүйлээ хүлээн авсан. Харин хоёр гар утсаа огт аваагүй хаана нуусан болох нь тодорхойгүй нөгөө хоёр залуу нь Гын машин дотор хийсэн гэж худлаа яриад байгаа. Гын машин дотор хайгаад олдохгүй байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 122-123 дугаар тал/
*Гэрч Н.Тын өгсөн:
“...2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай ах Н.Цийн хурим болсон. Уг хурим дээр хар өнгийн машинтай танихгүй хоёр хүн ирээд бэрийн талаас явж байна гээд манай найранд оролцсон. Тэгээд сүүлд зам ангийн том машин барьдаг жолоочтой нийлээд архи уугаад гэрийн гадуур яваад байсан. Тэгээд харанхуй болсон чинь машины аккумлятор суучихлаа гээд аккумлятор асуугаад явсан. Тэгээд өглөө босоод 2 ширхэг гар утас алга болоод хайгаад олоогүй. Тэгээд хурим хийсэн ахын гэрийн эд зүйлийг бүртгэхэд 3 том, 1 жижиг мөнгөн аяга, жижиг хөөрөг алга болсон байсан. Тэгсэн урд шөнө аккумлятор нь суусан асахгүй байгаа гэсэн хар өнгийн машин манай хотны зайдуу хамар даваад тавьсан байсан. Тэгээд уг машины жолоочийг гэрт унтаж байхаар нь сэрээгээд машин дотор нь очиж үзэхэд манай ахын гэрээс алдагдсан 3 том мөнгөн аяга, 1 жижиг аяга, жижиг хөөрөг арын суудал дээр байсан. Жижиг хөөргийг урд шалавчин доор хийсэн, аяганууд хойд суудлын дунд хэсэгт байдаг хайрцаг дотор байсан. Жолооч машины түлхүүрээ хувцасны дотор талдаа нарийн уяа бүслээд тэрнээсээ уяад өмд дотроо хийсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-13 дугаар тал/
*Гэрч Н.Цийн өгсөн:
“...2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр миний хурим болоод хүмүүс их ирсэн байсан. Тэгсэн хурим дээр танихгүй хоёр хүн ирээд бэрийн талаас явж байна гээд архи, дарс уугаад яваад байсан. Тэгээд бэрийн талаас ирсэн хүмүүс явсан уг хоёр хүн үлдсэн. Мөн зам ангийн том машины жолоочтой нийлсэн архи уугаад яваад байсан. Тэгээд харанхуй болсон хойно машины хаалга татаж үзээд, гэрийн хаалга онгойлгож татаад явсан. Тэгээд өглөө босоод манай дүү нар болох Н.Ч, С нар утас байхгүй байна гээд хайгаад тэгсэн манай гэрт байсан аавын 3 том аяга, жижиг аяга алга болсон байсан. Тэгээд аяга, утсаа хайгаад гэрүүдээр явахад нэг танихгүй хүн манай баруун талын гэрт унтаж байсан. Уг хүнийг таних хамаатан садангийн хүмүүс байгаагүй. Тэгээд уг хүний унаж явсан машин манай гэрийн зүүн талд хамар даваад цаана нь байсан. Тэгээд уг хүнийг өөрийг нь аваад машинд нь ойртуулсан чинь машин онгойсон. Машин дотор нь үзэхэд урд суудлын шалавч доор жижиг хөөрөг, хойд суудлын голын хайрцаг дотор 3 том мөнгөн аяга, 1 жижиг мөнгө аяга гарч ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-19 дүгээр тал/
*Гэрч Ч.Гын өгсөн:
“...2023 оны 9 сарын 24-ний өдөр би амарч байгаад Ө сумын иргэн болох Я.Н гэдэг айлын хуриманд очоод архи уусан, тэдний гэрт очоод байж байтал хоёр залуу ирсэн тухайн залуу надтай танилцаад бид хоёр адуу хайж яваа гэж хэлээд бид нар хуриманд ороод архи ууж байгаад дээлтэй залуу нь миний гарт байсан бөгжийг авах гэж оролдсон тэгэхээр нь би гарынхаа араар цохиж авсан. Тэгээд хурим хийсэн айлд хараад суугаад өгөх юм байдаггүй гэж хэлэхээр нь би өөрийн түрийвчнээс 20.000 төгрөг аваад өгсөн. Тэгээд би машиндаа ороод унтаад өглөө сэрсэн. Тэгсэн Я.Н ахын мөнгөн аяга, утас алдагдсан гэж сонсоод юу болов оо гээд байж байтал надтай танилцаж анх архи уусан хоёр залуугийн машин дотроос мөнгөн аяга нь гарч ирсэн гэж мэдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/
*Гэрч Б.Мгийн өгсөн:
“...Архангай аймгийн Ө сумын Тамирын улаан хошуу гэх газар Я.Н гэх айлаас эд зүйл алдагдсан байна гэж дуудлага ирсэн. Тэгээд би уг газар очиход Ё.О, А.А гэх хоёр залууг энэ хоёр манайхаас мөнгөн аяга, гар утас, хөөрөг хулгайлсан байна гэж хэлсэн. Тэгээд би уг яриаг шалгаж үзэхэд А.А гэх залуугийн унаж хэрэглэж явсан хар өнгийн М... УЕК улсын дугаартай кровн маркийн автомашин дотроос алга болсон эд зүйл гарч ирсэн байсан би уг эд зүйл болон А.А, Ё.О машинтай аваад Ө сумын төвд аваачиж машиныг саатуулсан. Ө сум явах замд А.А нь би уг эд зүйлийг хулгайлж авсан үнэн гар утсыг бол аваагүй гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/
*Гэрч Н.Чын өгсөн:
“...2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манай ах Н.Цийн хурим болоод ойр дотны хамаатан садан хүмүүс ирсэн. Тэгээд бэр найрлаад байх зуур хоёр танихгүй хүн ирээд хамт найрлаад байсан. Тэгээд орой болоод бэрийн талаас ирсэн хүмүүс буцсан, мөн хамаатан, садан ойр орчмын хүмүүс буцаад үлдсэн хүмүүс нь амраад өглөө босоход манай аав Я.Нн гэрээс 2 ширхэг гар утас, алга болсон байсан. Тэгээд бид хоёр утсаа ойр орчмоор хайгаад олоогүй ахын гэрт байсан аавын 3 том мөнгөн аяга, 1 жижиг мөнгөн аяга, цагаан хөөрөг алга болсон байсан. Тэгээд ирээд хүмүүстэй ярилцахад энэ 2 хүн шөнө онгорхой гэр болон машины хаалга татаад яваад байсан гэж сонссон манай дүү миний машиныг онгойлгоод зогсож байхыг харсан байсан. Тэгээд нөгөө машины жолооч залууг түлхүүрээ өг машин дотор үзье гэхэд түлхүүр байхгүй гээд байсан. Тэгэхээр нь өөрийг нь машин руу нь аваад очиход машин нь онгойсон дотор нь эд зүйлээ үзэхэд арын суудлын дунд хайрцаг дотор 3 том, 1 жижиг аяга байсан урд шалавч доор жижиг цагаан хөөрөг байсан. Тэгээд уг машины жолооч А.А гэх залуу би авсан юм эндээ тохиръё гээд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/
*Яллагдагч А.Аын өгсөн:
“...Сүхбаатар аймгийн .......... сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..... хайлуулагч 1 жил гаран хийж байгаа. Харин тухайн ажлыг 21 хоног явж хийгээд 7 хоног амардаг юм. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хийсэн. Тэгээд дуудсан цагт ирж чадаагүй юм. Чөлөө өгдөггүй газар байгаа. Би 2023 оны 09 дүгээр сарын 24-ний орой 17 цагийн орчим Архангай аймгийн Ө сумын Т багийн нутаг дэвсгэрт байх Н гэх айлд Б буюу Ё.Оын хамт очсон. Бид хоёрыг очих үед тэднийд найр хурим болж байсан. Найр хурминд очоод архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн Тэрнээс хойш юу болсон талаар юу ч санахгүй байгаа. Тэгсэн маргааш өглөө нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 25-ний өглөө намайг гэрт унтаж байхад нэг сэрсэн чинь цагдаа сэргийлэх болсон байсан. Тэр үед миний архи огт гараагүй байсан бөгөөд намайг нөгөө цагдаа аваад Ө сум руу авч явсан. Ер бол миний мэдэх зүйл энэ. Би хулгай хийсэн талаар огт мэдэхгүй санахгүй байгаа. Учир нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Би хурим хийсэн айлын гэрт ганцаараа унтаж байсан. Гэхдээ тухай гэрийн эзэд нь байсан. Түүнээс надтай хамт хэн тухайн айлд орж унтсан талаар мэдэхгүй. Намайг хүн гэр лүү оруулсан юм уу эсхүл би өөрөө ганцаараа орж унтсан үгүйг мэдэхгүй байгаа. Би тухайн үед өөрийн эзэмшлийн М... УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ё.Оын хамт очсон. Яагаад хохирогч Я.Нн хулгайд эд зүйлс миний тээврийн хэрэгсэл дотор байсныг мэдэхгүй байна. Архангай аймгийн Б суманд байж байгаад Ө сумын Т багийн нутаг дэвсгэр лүү айлаас хонь авах гэж явж байгаад Я.Нн гэрт очсон. Очсон шалтгаан нь хурим болж байсан болохоор яваад очсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 64-66 дугаар тал/
* Иргэн Я.Нгээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/
* 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөн аяга, хөөргөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-34 дүгээр тал/,
* 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Архангай аймгийн Ө сумын хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мгийн илтгэх хуудас/хх-ийн 24 дүгээр тал/,
* Шинжээч А.Б...н 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 141 дугаартай:
“...Хуучны хийцийн гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн хийцийн их гарын мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн хийцийн жижиг мөнгөн аяга 1 ширхэг, жижиг цагаан хөөрөг 1 ширхэг, ай фоне маркийн гар утас 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэгийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 09 сарын 25-ны байдлаар 4.866.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 43 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Архангай аймгийн Ө сумын Т багийн нутаг дэвсгэрт хохирогч Я.Нгийн монгол гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг, 2 ширхэг гар утас зэрэг эд хөрөнгө хулгайд алдагдаж, хохирогч Я.Нд 4,860,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.А үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Я.Нн”...Миний төрсөн хүү болох Н.Цийн хурим 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр болсон. Тухайн өдрийн 17 цагийн үед гаднаас Ё.О нэг залуутай хамт орж ирээд хуриман дээр хоол цай идэж уугаад архи, айраг уусан, надад агт тууж явна гээд гүүр лүү хоёр адуу алдсан нэгийг Ё.От унуулаад нэгийг хөтлөөд явна гээд тэнд байгаад байсан. Тэгээд хурим найранд ирсэн хүмүүс буцаад нөгөө Ё.О, А.А нар манайхаас яваагүй үлдсэн байсан. Тэгээд шөнө хүмүүс амрах үеэр энэ хоёр хүн машины хаалга онгойлгож үзээд явахыг манай хүү харсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Тын”...2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай ах Н.Цийн хурим болсон. Уг хурим дээр хар өнгийн машинтай танихгүй хоёр хүн ирээд бэрийн талаас явж байна гээд манай найранд оролцсон. Тэгээд сүүлд зам ангийн том машин барьдаг жолоочтой нийлээд архи уугаад гэрийн гадуур яваад байсан. Тэгээд харанхуй болсон чинь машины аккумлятор суучихлаа гээд аккумлятор асуугаад явсан. Тэгээд өглөө босоод 2 ширхэг гар утас алга болоод хайгаад олоогүй. Тэгээд хурим хийсэн ахын гэрийн эд зүйлийг бүртгэхэд 3 том, 1 жижиг мөнгөн аяга, жижиг хөөрөг алга болсон байсан. Тэгсэн урд шөнө аккумлятор нь суусан асахгүй байгаа гэсэн хар өнгийн машин манай хотны зайдуу хамар даваад тавьсан байсан. Тэгээд уг машины жолоочийг гэрт унтаж байхаар нь сэрээгээд машин дотор нь очиж үзэхэд манай ахын гэрээс алдагдсан 3 том мөнгөн аяга, 1 жижиг аяга, жижиг хөөрөг арын суудал дээр байсан. Жижиг хөөргийг урд шалавчин доор хийсэн, аяганууд хойд суудлын дунд хэсэгт байдаг хайрцаг дотор байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Цийн”...2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр миний хурим болоод хүмүүс их ирсэн байсан. Тэгээд бэрийн талаас ирсэн хүмүүс явсан уг хоёр хүн үлдсэн. Мөн зам ангийн том машины жолоочтой нийлсэн архи уугаад яваад байсан. Тэгээд харанхуй болсон хойно машины хаалга татаж үзээд, гэрийн хаалга онгойлгож татаад явсан. Тэгээд өглөө босоод манай дүү нар болох Н.Ч, С нар утас байхгүй байна гээд хайгаад тэгсэн манай гэрт байсан аавын 3 том аяга, жижиг аяга алга болсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Гын”..2023 оны 9 сарын 24-ний өдөр би амарч байгаад Ө сумын иргэн болох Я.Н гэдэг айлын хуриманд очоод архи уусан, тэдний гэрт очоод байж байтал хоёр залуу ирсэн тухайн залуу надтай танилцаад бид хоёр адуу хайж яваа гэж хэлээд бид нар хуриманд ороод архи ууж байгаад дээлтэй залуу нь миний гарт байсан бөгжийг авах гэж оролдсон тэгэхээр нь би гарынхаа араар цохиж авсан. Тэгсэн Я.Н ахын мөнгөн аяга, утас алдагдсан гэж сонсоод юу болов оо гээд байж байтал надтай танилцаж анх архи уусан хоёр залуугийн машин дотроос мөнгөн аяга нь гарч ирсэн гэж мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мн”...Архангай аймгийн Ө сумын Тамирын улаан хошуу гэх газар Я.Н гэх айлаас эд зүйл алдагдсан байна гэж дуудлага ирсэн. Тэгээд би уг газар очиход Ё.О, А.А гэх хоёр залууг энэ хоёр манайхаас мөнгөн аяга, гар утас, хөөрөг хулгайлсан байна гэж хэлсэн. Тэгээд би уг яриаг шалгаж үзэхэд А.А гэх залуугийн унаж хэрэглэж явсан хар өнгийн М... УЕК улсын дугаартай кровн маркийн автомашин дотроос алга болсон эд зүйл гарч ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/, гэрч Н.Чын”...2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манай ах Н.Цийн хурим болоод ойр дотны хамаатан садан хүмүүс ирсэн. манай аав Я.Нн гэрээс 2 ширхэг гар утас, алга болсон байсан. Тэгээд ирээд хүмүүстэй ярилцахад энэ 2 хүн шөнө онгорхой гэр болон машины хаалга татаад яваад байсан гэж сонссон манай дүү миний машиныг онгойлгоод зогсож байхыг харсан байсан. Тэгээд нөгөө машины жолооч залууг түлхүүрээ өг машин дотор үзье гэхэд түлхүүр байхгүй гээд байсан. Тэгэхээр нь өөрийг нь машин руу нь аваад очиход машин нь онгойсон дотор нь эд зүйлээ үзэхэд арын суудлын дунд хайрцаг дотор 3 том, 1 жижиг аяга байсан урд шалавч доор жижиг цагаан хөөрөг байсан. Тэгээд уг машины жолооч А.А гэх залуу би авсан юм эндээ тохиръё гээд байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч А.Аын мэдүүлэг, Шинжээч А.Б..ын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 141 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч А.Аын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч А.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч А.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Я.Нд 4,860,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба хулгайлсан эд зүйлийг шүүгдэгч нь буцаан өгсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч А.А нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож оногдуулахаар заасан ба шүүгдэгч А.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.Аын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14/арван дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцож, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Аын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч А.Аын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14/арван дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүний эдлэх ялыг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР