| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/00580/И |
| Дугаар | 155/ШШ2021/00696 |
| Огноо | 2021-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2021/00696
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.ТӨХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Тд холбогдох
Усны алдагдал төлбөр 812.399/ найман зуун арван хоёр мянга гурван зуун ерэн ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2021/0580/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П, хариуцагч С.Т нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х ТӨХК нь М сумын 13-р баг 30-р байрыг барьж ашиглалтанд оруулсан иргэн С.Тын дулааны шугманд хяналт тавьж Монгол Улсын Эрчим Хүчний тухай хууль, Монгол Улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, дулааны эрчим хүч хэрэглэх дүрэмд заасны дагуу дулааны эрчим хүчээр хангах үйлчилгээтэй холбогдон гарсан хангагч, хэрэглэгчдийн хоорондох гэрээний дагуу манай станц нь дулаанаар найдвартай, тасралтгүй хангаж ирсэн юм.2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нийт хэрэглэгчиддээ халаалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан хаалтаа шалгахыг сануулсан.Гэтэл С.Тын байранд ус алдсан гэсэн дуудлага 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шугам сүлжээний инженер, насосны машинистууд газар дээр нь очиж усыг шавхаж ажилласан.Тус байранд ус алдахад хариуцлага хүлээх байгууллага байхгүйгээс шалтгаалж манай байгууллагын усны төлбөрийг өнөөдөр хүртэл барагдуулаагүй байна.Иймд С.Таас ус алдагдсан төлбөр болох 812.399.1 төгрөгийг гаргуулж өгч Х ТӨХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу халаалт эхлэх өдөр ус алдсан. Ус тавихад манай байранд мэдэгдээгүй.Ус тавихад хаалтыг онгорхой тавьсан учраас ус алдаж грашийн хаалгаар ус гарч шөнийг 12 цагийн үед намайг дуудаж очиход өвдөгнөөс дээгүүр ус дүүрсэн тул Дулааны станцын дарга нар ажилчидтайгаа цугларсан. Онцгой байдлын ус сордог 2 машин УСНАА-ны усны цистер шөнөжингөө усыг соруулсан. Манай байранд тэр үед айл ороогүй, би хариуцаж байсан учраас надад дээр тоолуурын заалт бичигдсэн тул би өргөдөл өгч чөлөөлсөн байсан нь шалгалтаар илэрч шүүхээр шийдвэрлүүлэх болсон байна.Нэхэмжлэл дээр тус компани тухайн үеийн нөхцөл байдал манай байгууллагаас шалтгаалсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Иймд би хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсөн төлөөлөгч Н.П шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Х ТӨХК нь 2016 онд С.Ттай М сумын 13-р баг 30-р байрыг дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан.2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нийт хэрэглэгчиддээ халаалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан хаалтаа шалгахыг сануулсан.Гэтэл С.Тын байранд 812.399.1 төгрөгний ус алдсан.Тухайн үеийн байгууллагын эрх бүхий албан хаагчид дээрх өр төлбөрийг 2018 онд хаасан юм шиг байгаа юм. Гэвч 2021 онд төрөөс иргэн аж ахуй нэгжийн дулаан эрчим хүчний төлбөрийг төлөх болоод урдах өр авлагыг нэгтгэж шалгахад дээрх өр төлбөр илэрсэн.Бид өр төлбөрийг хаах эрх хэмжээ байхгүй.Иймд шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан.
Халаалт эхлэх гэж байгаатай холбогдуулан С.Тт байгууллагаас мэдэгдсэн талаарх баримт архиваас гарч ирээгүй. Гэхдээ бид халаалтын улирал эхлэхэд олон нийтийн сүлжээгээр нийтэд мэдэгддэг юм. Энэ журмаараа мэдэгдсэн гэж үзэж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч С.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь дээрх өр төлбөр миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй.Тус байр нь 2016 онд ашиглалтанд орсон ба дулааны шугам шүлжээний асуудлыг Х төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэсэн бөгөөд халаатыг бүрэн хаагаагүй, орхигдуулсан байснаас ус алдсан юм. Би уг асуудлаас болж хохирсон. Учир нь гражид барилгын матераил хураасан байсан нь усанд автаж хэрэглэх боломжгүй болсон. Гэвч би тэр хохиролоо нэхэмжлээгүй. Тухайн үед над руу дээрх байгууллагаас холбогдоход би энэ өр төлбөрийг төлөхгүй гэдгээ хэлсэн ба 2018 оны орчим дээр өр төлбөрийг хаалаа гэж байсан. Гэтэл 2021 онд дээрх байгууллагаас над руу холбогдож бид хаах эрх хэмжээ байхгүй байсан байна. 812.399 төгрөгний өр төлбөрийн асуудал шалгалтаар илэрч шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон гэж мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х Төрийн өмчит хувьцаат компани нь хариуцагч С.Тд холбогдуулан усны алдагдал төлбөр 812.399/ найман зуун арван хоёр мянга гурван зуун ерэн ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ...2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нийт хэрэглэгчиддээ халаалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан хаалтаа шалгахыг сануулсан.Гэтэл С.Тын байранд ус алдаж 812.399.1 төгрөгний хохирол учирсан тул гаргуулж өгнө үү...гэж,
Хариуцагч С.Т нь...ус тавихад манай байранд мэдэгдээгүй. Тус компани тухайн үеийн нөхцөл байдал манай байгууллагаас шалтгаалсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байгаа.Мөн 2016 оны энэ төлбөр өөрийнх нь байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бол учирсан тул хаалаа гэж мэдэгдсэн мөртлөө 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг төлөх үндэслэлгүй... хэмээн тайлбарлан маргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ нотлох зорилгоор хэрэгт Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ахуйн хэрэгцээнд дулааны эрчим хүч ашиглалтын гэрээ, Х төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2020 оны 02 дүгээр сарын 06-ны өдрийн 04, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаартай тогтоолууд, компаний дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг өгсөн.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлахад:
Х төрийн өмчит хувьцаат компани нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, дулааны шугам сүлжээ, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 0000085907 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх ба нэхэмжлэлийг шүүхэд тус компаний гүйцэтгэх захирал Д.Цанлигрэнчин гаргасан.
Тус компаний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4-д гүйцэтгэх захирал нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компаний нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж зааснаас үзвэл Х төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирал Д.Цанлигрэнчин нь байгууллагыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн байна. /хх-ийн 28 хуудас/
Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч С.Ттай М сумын 13-р баг 30-р байрыг дулааны эрчим хүчээр хангаж, хариуцагч нь тогтоосон үнэ тарифийн дагуу сар бүр дулааны төлбөрийг төлөхөөр тохиролцож гэрээг байгуулсан болох нь тогтоогдлоо.
Үүнээс үзвэл зохигчдийн хооронд Тооцоо нийлэх гэрээ буюу Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан гэрээ байгууллагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Гэвч 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 812.399.1 төгрөгний ус алдагдсан байх ба талууд гэрээ, тогтоосон үнэ тариф, 812.399.1 төгрөгний ус алдагдсан талаар хэн аль нь маргаагүй.
Харин хариуцагч нь ус алдагдсанд би буруугүй, дулаан тавих гэж байгааг Х төрийн өмчит хувьцаат компани надад мэдэгдээгүй, тухайн үед өөрсдийнх нь буруу байсан гэдгээ зөвшөөрч над дээр гарсан усны төлбөрийг хаалаа гэж мэдэгдсэн мөртлөө одоо 2021 онд усны алдагдал төлбөр гаргуулахаар нэхэмжилж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргалаа.
Нэхэмжлэгч талаас...2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нийт хэрэглэгчиддээ халаалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан хаалтаа шалгахыг сануулсан.Гэтэл С.Тын байранд 812.399.1 төгрөгний ус алдаж, төлбөр үүссэн....гэх тайлбарыг өгч байх боловч энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар дээрх байдал тогтоогдоогүй.
Шүүх хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргах ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж заасан.
Хуулийн дээрх заалтаас дүгнэвэл Х төрийн өмчит хувьцаат компани нь 2016 оны авлага үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тооллогдож эхлэх ба уг хугацаанаас тоолход 2019 онд дууссан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр С.Тт холбогдох усны алдагдал төлбөр 812.399/ найман зуун арван хоёр мянга гурван зуун ерэн ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х төрийн өмчит хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2, 466.6-д зааснаар нэхэмжлэгч Х төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Тт холбогдох усны алдагдал төлбөр 812.399/ найман зуун арван хоёр мянга гурван зуун ерэн ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.050/ хорин дөрвөн мянга тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ