| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2034002320186 |
| Дугаар | 2020/ДШМ/45 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2020/ДШМ/45
Д.Баттүвшинд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Т.Төмөртулга,
Хохирогч А.Одхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх,
Шүүгдэгч Д.Баттүвшин,
Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолтой Д.Баттүвшинд холбогдох 2034002320186 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ядам овгийн Дашдэмбэрэлийн Баттүвшин, Төв аймгийн Батсүмбэр суманд 1975 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Төв аймаг, Зуунмод сум, 3 дугаар баг, 08-20 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоогоор Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Баянхошууны давдаг хөтөл дээр хамгийн урд талын задгайд түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар:НЭ75031275.
Шүүгдэгч Д.Баттүвшин нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт хохирогч А.Одхүүг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Баттүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Ядам овгийн Дашдэмбэрэлийн Баттүвшиныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Ядам овгийн Дашдэмбэрэлийн Баттүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ядам овгийн Дашдэмбэрэлийн Баттүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ядам овгийн Дашдэмбэрэлийн Баттүвшинд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн 2034002320186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Баттүвшин нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ядам овгийн Дашдэмбэрэлийн Баттүвшингээс 3.193.032 /гурван сая нэг зуун ерөн гурван мянга гучин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч РЭ92092457 дугаарын регистртэй, Боржигон овгийн Амаржаргалын Одхүүд олгож,
Хохирогч РЭ92092457 дугаарын регистртэй, Боржигон овгийн Амаржаргалын Одхүүгийн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
харин цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Ядам овгийн Дашдэмбэрэлийн Баттүвшингээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Д.Баттүвшинд холбогдох хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянпн шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэж, Д.Баттүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Баттүвшинд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тогтоолдоо тусгаагүй байгаагаас дүгнэхэд шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэхээр байна.
Иймд анхан шатнй шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төмөртулга гаргасан дүгнэлтэндээ: Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэдэн цаг, ямар ажлыг хаана хийлгэхийг тогтоолд заагаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх гаргасан саналдаа: Д.Баттүвшингийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийг зүйлчлэл, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тохирсон байна. Хохирол гаргуулахдаа Эрүүгийн хуулийн биш Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг барьж өөрчлөлт оруулах үндэстэй байна. Мөн хохирлын хувьд нотлох баримтад анализ хийхгүй, хохирогчийн амаар буюу бүрдүүлсэн баримтаар нэхэмжилсэн мөнгийг тэр чигээр нь гаргасан байна. Хохирогчийн гаргаж өгсөн баримтаас 966.400 төгрөгийн эрүүл мэндийн гэм хорыг гаргуулах боломжтой байна. Бодитой хохирлоо л төлөх нь зүйтэй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч А.Одхүү гаргасан тайлбартаа: Баримтын хувьд ганц хоёр баримт холилдсон байж магадгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Баттүвшинд холбогдох эрүүгийн 2034002320186 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Д.Баттүвшин нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт хохирогч А.Одхүүг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч А.Одхүү /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
гэрч Ш.Батзаяа /хх-ийн 8 дугаар хуудас/, Б.Жав /хх-ийн 9 дүгээр хуудас/, Г.Энхтөр /хх-ийн 10 дугаар хуудас/, шинжээч Э.Эрхэмбаяр /хх-ийн 57-58 дугаар хуудас/, яллагдагч Д.Баттүвшин /хх-ийн 21-23 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 118 дугаартай ...А.Одхүүгийн биед эрүү ясны хугарал, зүүн хацар, чамархай, шанаа хүзүү хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/ болон хохирогч А.Одхүүгийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар хуудас/, хохирогч А.Одхүүгийн хохирлын баримтууд /хх-ийн 32-56 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Баттүвшингийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 24-27, 30-31 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Д.Баттүвшинд холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Баттүвшинг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар хэрхэн солих талаар зохицуулсан зохицуулалт бөгөөд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтаас “биелүүлэхийг” гэснийг хасах нь зүйтэй байна гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоохоор хуульчилсан байх тул дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Анхан шатны шүүх хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулахдаа хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, мөн Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй нь буруу байна. Эмчилгээний зардал болон бусад зардал нотлох баримтаар 3.193.032 төгрөг болж байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч хавтаст хэргийн 35-55 дугаарт авагдсан хохирогч А.Одхүүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг тооцож үзэхэд хохирогч А.Одхүү өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардлын нийт 2.163.304 төгрөгний нотлох баримтыг гаргаж өгсөн байна. Үүнээс 1.239.304 төгрөг нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээ болон түүнтэй холбоотой баримтууд, 924.000 төгрөгний баримт нь эрүүл мэндийн хохиролд тооцохгүй баримтууд байна. 1.239.304 төгрөгний баримтуудаас 1.122.470 төгрөг нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлын, 116.830 төгрөг нь шатахууны зардлын баримтууд байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттүвшингээс 1.239.304 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн хохиролд тооцогдохгүй 924.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийтгэх тогтоолд нэмэлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “биелүүлэхийг” гэснийг хасч,
- тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ядам овгийн Дашдэмбэрэлийн Баттүвшинд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж,
- тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг “6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ядам овгийн Дашдэмбэрэлийн Баттүвшингээс 1.239.304 /нэг сая хоёр зуун гучин есөн мянга гурван зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч РЭ92092457 дугаарын регистртэй, Боржигон овгийн Амаржаргалын Одхүүд олгосугай.” гэж,
- тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг “7. Хохирогч РЭ92092457 дугаарын регистртэй, Боржигон овгийн Амаржаргалын Одхүүгийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд хамаарахгүй 924.000 /есөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөг болон сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Ядам овгийн Дашдэмбэрэлийн Баттүвшингээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Ядам овгийн Дашдэмбэрэлийн Баттүвшинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ