Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр
Улсын яллагч Ц.Сайнхүү
Хохирогч Э.Баялагмаа
Шүүгдэгч Г.Алтанзулын өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Номгон овогт Гансүхийн Алтанзулд холбогдох 201607000163 дугаарын эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутайн хороо 5-9 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхээс 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас чөлөөлөгдсөн, мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ДЭ86102512 регистрийн дугаартай, Номгон овогт Гансүхийн Алтанзул гэв.

Шүүгдэгч Г.Алтанзул нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Баянхайрхан багийн 7-12 тоотод оршин суух хохирогч Э.Баялагмаагийн гэрт 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж хуучин цагийн дунд гарын хийцтэй, шүрэн толгойтой халтар манан хөөрөг 1, хуучин цагийн хийцтэй их гарын мөнгөн аяга 2, эрэгтэй хүний монетон бөгж 1, гүзээтэй цагаан тос, гүзээтэй аарц, бүтэн тавгийн ааруул, мөнгөн бугуйвч, гар утас хулгайлж бусдад 5.463.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүгдэгч Г.Алтанзул нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би өмнөх шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгсөн. Үнэнийг хэлэхэд энэ хэргийг үнэн бодитоор тогтоохгүй над дээр золиос гаргаж байгаад гайхаж байна. Хяналт тавьж байгаа прокурор шалгасан зүйл байгаа юм уу? надад ингэж хандаж байгаад би хувь тавилантайгаа эвлэрнэ. Би өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн Энх-Амгалантай холбоотой зүйл байгаа. Хурууны хээтэй дүгнэлт 11 дүгээр сард бүхэл бүтэн 2 хоногийн дараа гарсан одоо энэ байдлыг би ойлгохгүй байна гэв. 
Хохирогч Э.Баялагмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Шүүгдэгчийг би өмнө нь харж байгаагүй, хурууны хээ нь манай гэрт үлдэх шалтгаан нөхцөл байхгүй. 2016 оны 10 сарын 24-27-ны өдрүүдийн хооронд хулгай орсон байсан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэртээ орох үед зүгээр байсан. Тэгээд хөдөө яваад 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ирээд нохойндоо хоол өгсөн. Тэгэхдээ гэрээ гаднах байдлаар нь харахад зүгээр байсан. Тэр өдрөө аавындаа очиж хоноод 27-ны үдээс хойш гэртээ ирээд авдраа нээх гэтэл түлхүүр нь эргэж өгөхгүй байсан. Гэтэл юмаар гөнжөөд хулгай орсон байсан.  Эд зүйлсээ бүртгэхэд хөөрөг, мөнгөн аяга, монетон бөгж зэрэг эд зүйлс, намар хийсэн цагаан идээ алга болсон байсан. Цагдаа дуудах үед Амартүвшин байцаагч Хулан гэсэн шинжээч ирж эд зүйлс байсан хайрцаг, тогооны таг, рааман дээрээс  гарын хээ авсан. Маргааш нь ээж бид 2 очиж гарын хээгээ өгсөн. Хурууны хээ авах үедээ авдарт байсан цаасан хайрцаг, аяга, тогооны таг, раам зэргээс авсан. Тооноор орсон, раамны өнцгийг хагалсан байсан. Шүүгдэгч болон түүний ар гэрийхний зүгээс ямар нэгэн байдлаар хохирол барагдуулах талаар яриагүй. Хурууны хээг авах үед хөндлөнгийн гэрчээр Амартүвшин, манай ээж Лашид нар байсан гэв. 
Улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Э.Баялагмаагийн мэдүүлэг /хх22-23/, гэрч Ж.Батнасангийн мэдүүлэг /хх24/, гэрч С.Мядагийн мэдүүлэг /хх25/, гэрч Ц.Гансүхийн мэдүүлэг /хх26-27/, гэрч О.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх28/, шинжээч У.Төгөлдөрийн мэдүүлэг /хх29/, гэрч Ц.Бүрэнтогтохын мэдүүлэг /хх105/, шинжээч Т.Назарбекийн мэдүүлэг /хх201/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх3-7/, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх14-17/, драгер үлээлгэсэн тэмдэглэл /хх18/, ял шалгах хуудас /хх72/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх76-86/, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай аймгийн прокурорын тогтоол /хх110-111/, цагдаагийн газарт гаргасан гомдлыг шалгаад хяналтын прокурор Б.Батнасан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын тогтоол /хх151-152/, нэмэлтээр гарсан шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар дүгнэлт /хх183-185/, криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Хулангийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн илтгэх хуудас /хх202/, 
шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Гэрч О.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх28/, гэрч Ц.Бүрэнтогтохын мэдүүлэг /хх105/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх3-7/, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх14-17/,  драгер үлээлгэсэн тэмдэглэл /хх18/, эрүүлжүүлэн саатуулсан тухай тэмдэглэл /хх65-66/, шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаар дүгнэлт /хх39/,  нэмэлтээр гарсан шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар дүгнэлт /хх183-185/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж үзлэг хийв.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Алтанзул нь  шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж хуучин цагийн дунд гарын хийцтэй, шүрэн толгойтой халтар манан хөөрөг 1, хуучин цагийн хийцтэй их гарын мөнгөн аяга 2, эрэгтэй хүний монетон бөгж 1, гүзээтэй цагаан тос, гүзээтэй аарц, бүтэн тавгийн ааруул, мөнгөн бугуйвч, гар утас хулгайлж бусдад 5.463.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дараах байдлаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. Үүнд:
Хэрэг учралын газар үзлэг хийсэн “...Криминалистикийн шинжээч хэргийн газарт ажиллан дараах объектуудаас хар нунтаг ашиглан гарын мөр бэхжүүлэн авав. Үүнд: Эд зүйл байсан гэх авдрын дотор байсан цагаан өнгийн цаасан хайрцагны гадаргуугаас 6 хэсэг гарын мөр авч цаасан дээр бэхжүүлсэн мөрүүдийг 1-6 цифрээр тэмдэглэв. /уг хайрцаганд хөөрөг байсан гэх/, авдранд байсан шаазан аяганы ёроолоос 1 хэсэг гарын мөр авч 7 цифрээр тэмдэглэв. Ширээн дээр байсан тогооны тагнаас 2 хэсэг гарын мөр, гэрийн үүдний гадна хэсгээс 1 гутлын мөр, тагнаас авсан 2 хэсэг гарын мөрийг 8, 9 цифрээр тэмдэглэв. Гарын мөр 9 хэсэг, гутлын улны мөр 1 хэсгийг бэхжүүлэв. ” гэх тэмдэглэл /хх3-4/, 
криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Хулангийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “...хэргийн газраас бэхжүүлж авсан цаасан дээр наахдаа 5 гэж гараар дугаарласан, папилон санд кодолж оруулахдаа 2016-012-ГОА /4/ гэж дугаарлан оруулсан гарын мөр нь папилон санд МN004710000108, МN004710000730 дугааруудаар бүртгэгдсэн Гансүх овогтой Алтансүх, Гансүх овогтой Алтанзул гэх нэрээр бүртгүүлсэн хүний баруун гарын дунд хурууны дардастай өндөр үзүүлэлтээр тохирч байсан...” гэх илтгэх хуудас /хх202/,
2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаартай “... 2. Шинжилгээнд тэнцсэн “2016-12-ГОА” дугаараар кодлон оруулсан /4/ дугаартай гарын мөр нь МN004710000108 дугаараар бүртгэгдсэн Гансүх овогтой Алтансүхийн баруун гарын дунд хурууны дардастай, МN004710000730, МN004710000338 дугаараар бүртгэгдсэн Гансүх овогтой Алтанзулын баруун гарын дунд хурууны дардастай тохирч байна. 
Гансүх овогтой Алтанзулын гарын дардас нь дараах нэрээр АДИС папилон санд бүртгэгдсэн байна. 
•    2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Гансүх овогтой Алтансүх МN004710000108
•    2009 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Гансүх овогтой Алтанзул МN004710000730
•    2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Гансүх овогтой Алтанзул МN004710000338
Уг дардсуудын нэр зөрсөн боловч дардсыг дардастай харьцуулж үзэхэд 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Гансүх овогтой Алтансүх МN004710000108 гэж бүртгэгдсэн гарын дардас нь Гансүх овогтой Алтанзулын гарын дардас мөн байна...” гэх дүгнэлт /хх183-185/, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...шүүгдэгчийг би өмнө нь харж  байгаагүй, хурууны хээ нь манай гэрт үлдэх шалтгаан нөхцөл байхгүй. 2016 оны 10 сарын 24-27-ны өдрүүдийн хооронд хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Зургийг нь би харлаа, ёстой үзэж харж байгаагүй хүн байна... Манайхаар энэ хүн орж гарах ямар ч үндэс байхгүй. Өмнө нь орж гарч байгаагүй. Манай гэрт энэ хүний хурууны хээ үлдэх ямар ч боломж байхгүй...” гэх мэдүүлэг /хх26/ 
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Алтанзулыг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар түүний эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Алтанзул нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 7 сар 11 хоногийн/221хоног/ ялыг биеэр эдэлсэн байх тул Монгол улсын эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсгүүдэд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 19 хоногийн хорих ял дээр шүүхээс ногдуулах хорих ялын зарим хэсгийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Алтанзулд ял ногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх31/, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх35/-ээр тус тус тогтоогдсон гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол 5.463.000 төгрөгийг шүүгдэгч Г.Алтанзулаас гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Баялагмаад олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтан Г.Алтанзулаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Номгон овогт Гансүхийн Алтанзулыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтанзулын  хувьд ногдох эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 5 сарын   хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3  дахь хэсгүүдэд зааснаар ялтан Г.Алтанзулд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор ногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 19 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор ногдуулсан 2 жил 5 сарын хорих ялын зарим хэсгийг буюу 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 19 хоногоор тогтоосугай. 
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Алтанзулд оногдуулсан 3 жил 19 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй насан хүрэгчдийн эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Алтанзулаас 5.463.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Баялагмаад олгосугай.
 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтан Г.Алтанзулаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Ялтан Г.Алтанзулыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  ялтан хохирогч тэдгээрийн өмгөөлөгч,  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МӨНХТУЛГА