| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0162/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/827 |
| Огноо | 2021-11-08 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.2., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/827
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Хишигжаргал,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч С.М-,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.М-, Д.О- нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102000000*** дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.М-, Д.О нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Х” дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх “М”-ийн байран дотор "Н" ХХК-ийн хүнсний дэлгүүрт хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж, борлуулсан зөрчлийг шалгаж байсан М-ын улсын байцаагч Э.Ба-ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан "Н" ХХК-ийн захирал П-ийн хуульд заасан хэмжээнээс бага хэмжээгээр торгуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор бэлэн 1.500.000 төгрөгийг хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.М- шүүхийн хэлэлцүүлэгт “…Бид хоёрыг мөнгөө бэлнээр эсвэл дансаар өгчих гэсэн. Бэлэн мөнгө байвал өгчих гэсэн болохоор нь бид хоёр мөнгөө бэлнээр өгсөн. Харин торгуулийн хуудсаа хэд хоногоос аваарай гэж хэлсэн. Мөнгө аваачиж өгөх ажил нь бид хоёрын хийх ёстой ажил биш байсан. Тухайн үед торгуулийг аваачиж өгөх хүн байхгүй байсан тул бид хоёрыг явуулсан...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Надад хоёр сая төгрөг өгсөн. Мөнгө өгөхдөө торгуулиа багасгаж өгөөрэй гэж хэлсэн. Би захирлыгаа бодоод байцаагчаас гуйж 1.500.000 төгрөг төлөхөөр болсон. Үлдсэн 500.000 төгрөгийг нь шууд захиралдаа буцааж өгсөн. Захирал маань тухайн үед торгуулийг чинь цалин дээрээс чинь суутгана шүү гэж хэлж байсан. Урьд нь ч суутгаж л байсан. Тийм болохоор дараа нь цалингаасаа суутгуулах юм чинь багаар торгуулъя гэж бодоод байцаагчаас гуйсан юм. Захирал намайг мөнгө аваад явахад торгуулиа буулгаарай гэж бас хэлж байсан. Тэр өдөр байцаагч нь би одоо 100 айл нүүлгэх ажилтай байна. Дансаар хийж болно бэлэн төлж болно гэж хэлсэн. Тухайн үед их ажилтай юм шиг яаруу харагдаж байсан. Тэгэхээр нь бэлэн мөнгөтэй явж байсан болохоор түүнд өгсөн...” гэсэн мэдүүлэг /3хх-137-138/,
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн үед би жирэмсэн байсан. Эмнэлгийн магадлалтай гэртээ байсан. Тухайн өдөр манай захирал над руу залгаад М-ынхан ирээд явсан. Би захирлаас айж байсан. Захирал алдаагаа өөрсдөө хариуцаарай, сая М-ынхан ирээд явсан гэж хэлсэн. Дараа нь бас залгаад “Х” дүүрэг дээр торгуулийн мөнгө аваачаад өг гэсэн. Чи С.М- эгчтэйгээ ороод торгуулийг хамт төл гэхдээ аль болох багаар төл гэсэн. Тэгээд тэр мөнгийг нь бид хоёр аваад дүүрэг дээр очиход 2 давхарт нэг залуу гарч ирээд нэг шилэн өрөөнд орж уулзсан. Тэр залуу учиргүй өөдөөс уурлаад намайг хүндэлсэнгүй гэж бид хоёрыг загнасан. Тэгээд бид хоёр гарах гэтэл та хоёр буруутай байж түр хүлээж бай гээд гаргаагүй. Гэтэл удалгүй нөгөө залуу гарч яваад байж байгаад буцаж орж ирсэн. Тэгэхээр нь ямар учиртай явж байгаагаа хэлсэн. Тэгээд торгуулийг багасгаж болох уу гэхэд за яах вэ 1.500.000 төгрөг болгож өгье гэсэн. Тэгээд цайны цаг болж байсан. Тэр хүн мөнгөө бэлнээр өгч болно гэхээр нь бид хоёр торгуулийн мөнгийг бэлнээр өгсөн. Тэгээд дараа нь торгуулийн хуудсаа ав гэж хэлж байсан. Бид хоёр өөр янз бүрийн мөнгө гэж бодоогүй...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би захирлыг мөнгө аваачаад өг, харин жоохон багасгаад өгөөрэй гэж С.М-ээр мөнгө өгч явуулахад нь М-ын байцаагчид өгсөн. Энэ мөнгийг хахууль гэж өгөөгүй. Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Захирлын хэлсний дагуу мөнгө аваачиж өгч, буруу зүйл хийгээгүй байж гэмтэн болж хэрэгт татагдаж байгаадаа харамсалтай байна. С.М- эгч бид хоёрын өгсөн мөнгө нь торгуулийн мөнгө гэж өгсөн мөнгө байсан. Мөнгө авсан хүн нь биднээс авсан мөнгийг юунд зарцуулсныг мэдэхгүй шүү дээ. Тухайн хүний нэхсэн мөнгийг нь өгөөд л гарсан шүү дээ. М-ын байцаагч нь 1.500.000 төгрөгөөр торгоно гэхээр нь тухайн мөнгийг нь өгөөд явсан. Тухайн хүн авсан мөнгөө юунд зарцуулах байсныг ёстой мэдээгүй. Тэр байцаагч чинь одоо цайны цаг болчихлоо та хоёр торгуулиа дансанд тушааж болно л доо, гэхдээ бэлэн явж байгаа бол наашаа өгчхөж болно шүү гэхээр нь өгчихсөн шүү дээ...” гэсэн мэдүүлэг /3хх-149-150/,
Гэрч О.О-ийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр М-ын газрын дуудлага хүлээн авах утсанд анх мэдээлсэн юм. ...Би Ба- байцаагч руу утсаар залгаад ... "та шалгахдаа супер маркетийн хажууд гал тогоо байгаа, тэр өрөөнд хугацаа засдаг эд зүйлүүд нь бүгд байгаа, хөлдөөгчин дотор хугацаа нь дууссан бууз баншнууд байгаа" гэж хэлсэн боловч "би ажлаа мэдэж байна" гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд манай ажил дээр ирж үзчихээд олигтой шалгасан юм байхгүй яваад өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-89-90/,
Гэрч Ц.П-ийн “...”Н” ХХК-ийг БНСУ-ын ирэн эхнэр, нөхөр 2 хүн ажиллуулдаг бөгөөд БНСУ-аас далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж, худалддаг компани байсан. Миний хувьд Н ХХ-аас хүнсний бүтээгдэхүүн авч, хотод үйл ажиллагаа явуулдаг бүхий л Солонгос ресторануудад хүргэж өгдөг ажил хийдэг байсан. Тухайн компанид олон жил ажиллаж байгаа Д.О- гэдэг хүн нь Н ХХК-ийн БНСУ-аас оруулж ирсэн далайн гаралтай бүтээгдэхүүн, хоол амтлагч зэргийг хэрэглэх, худалдаалах хугацаа дууссан байхад хугацааг хэрхэн засдаг талаар мэдэхгүй, хугацаа засаж байхыг нь хараагүй. Эхнэр маань ч гэсэн хараагүй гэж хэлдэг. Гэхдээ манай бүх ажилчид л энэ талаар ярьдаг байсан. ...Д.О- хамгийн анх “Х” дүүргийн М-ын хэлтэст гомдол гаргасан, дараа нь Нийслэлийн М-ын газар, дараа нь Улсын М-ын газарт тус тус гомдол гаргаж хэлсэн гэсэн. Тэрээр надад эгч нь бүхий л шатанд гомдлоо гаргалаа хүлээж авдаггүй юм байна гэж хэлж байсан. Намайг ажил дээр байхгүй, хүргэлт хийгээд явж байхад “Х” дүүргийн “М”-ээс хүмүүс ирээд Н ХХК-ийн баруун 4 замын Голомт хотхоны байранд байрлах дэлгүүр дээр шалгалт хийсэн гэсэн. Шалгалт хийхдээ олигтой үзэж, шалгасан юм байхгүй, тэгж ингэс гээд гараад явсан гэдгийг сонссон. Гэтэл тэр өдрөөс хойш буюу 2018 оны 10 дугаар сарын дундуур Н ХХК-ийн эмэгтэй захирал нь намайг С.М- эгчтэй хамт дэлгүүрээс гаргасан. С.М- эгч дэлгүүрээс гарахдаа нягтлан бодогч Б-гээс мөнгө авсан. Би хэдэн төгрөг авсныг нь сайн санахгүй байна. Би С.М- эгчийг ажлын Старекс маркийн автомашиндаа суулгаад “Х” дүүргийн “М”-ийн байр буюу “Х” дүүргийн ЗДТГ-ын шинэ байрны гадаа очсон. Тэр үед тухайн өдөр 7 хоногийн 1 өдрийн амралтаа авсан байсан Д.О- эгчийг “за болохоо байлаа” гэж хэлж гэрээс нь “Х” дүүргийн “М”-ийн гадаа дуудсан байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-96-98/,
Гэрч Д.Б-гийн “...Манай компанийн худалдагч О- нь Н компани хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зардаг гэсэн утгатай гомдлыг М-ын хэлтэст гаргасан гэдгийг дараа нь сонссон. ...Ба- гэдэг хүн нь оффист орж ирээд бид нар дүүргийн “М”-ээс явж байна Баасан гэдэг гээд бичиг баримтаа үзүүлсэн. Тэгээд танайд шалгалт хийхэд хугацаа дууссан бүтээгдэхүүн байна, нэгэнт ийм зөрчил илэрсэн учраас танай асуудлууд дарга удирдлагууддаа танилцуулна, танай компанийг торгож таарна шүү, хугацаа дууссан бүтээгдэхүүний бичиг баримтуудыг үзэх шаардлага байна. Та хойноос ирж уулзаарай гэж хэлж ярьж, барааны шинжилгээний бичиг баримтуудаа үзүүл гээд шаардаад байхгүй байсан шиг санаж байна. Түүнтэй хамт явсан эмэгтэй нь бол бид хоёр хамт явж байгаа юмаа гэж хэлсэн. Ба-ыг надтай уулзаж байхад дэлгүүрт шалгалт хийгээд байх шиг байсан юм. Ба- байцаагчийн хойноос орж ирээд хамтдаа гараад явсан. ...маргааш нь “Х” дүүргийн М-ын хэлтэс дээр очиж, Ба- байцаагчийн өрөөнд орж түүнтэй уулзсан. Та ер нь компанийг төлөөлөх эрхтэй хүн мөн үү гэж асууж байсан. Би түүнд зөвхөн данс тооцоо л хариуцдаг, мөнгө төгрөгийн асуудлыг мэдэхгүй, шийдвэр гаргах түвшний хүн нь биш биш, захирлууддаа танилцуулъя гэхэд за за тэгвэл та шийдвэр гаргах эрхтэй хүнээ явуулаарай гэж хэлсэн. ...Н ХХК-ийн орлого, зарлага мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг захирлууд өөрсдөө бие дааж шийддэг. Тэднээс өөр мөнгөтэй харьцах хүн байхгүй. Эрэгтэй, эмэгтэй 2 захирлын аль нэг л мөнгө өгсөн байх учиртай. Би яг хэн нь өгснийг хараагүй учраас мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2хх-112-113/,
Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, /1-р хх-127, 128/, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №0177160 дугаартай шийтгэлийн хуудас /1-р хх-129/, “Н” ХХК-д холбогдох гомдлыг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал /2-р хх-4-27/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-111, 3хх-208-209/, оршин суугаа газрын тодорхойлолт /4хх-6, 18/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-191-193/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /3хх-231-250, 4хх-1-4, 7-17, 19-24/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /4хх-118-121/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.М-, Д.О нар нь бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Х” дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх “М”-ийн байран дотор "Н" ХХК-ийн хүнсний дэлгүүрт хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж, борлуулсан зөрчлийг шалгаж байсан “Х” дүүрэг дэх М-ын улсын байцаагч Э.Ба-ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан "Н" ХХК-ийн захирал БНСУлсын иргэн П-ийн хуульд заасан хэмжээнээс бага хэмжээгээр торгуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор бэлэн 1.500.000 төгрөгийг өгсөн болох нь гэрч Б.О-, Ц.П-, Д.Б- нарын мэдүүлэг болон шүүгдэгч С.М-, Д.О нарын сэжигтэн, яллагдагч шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч С.М-, Д.О нарын дээрх шүүгдэгч Э.Ба-ад 1.500.000 төгрөгийг хахуульд өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.М-, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч С.М-, Д.О нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал болон тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч С.М-, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас тус тус чөлөөлж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.М-, Д.О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.500.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэргийг хамтран бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч С.М-, Д.О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3.Шүүгдэгч С.М-, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР