| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2020/01174/и |
| Дугаар | 151/ШШ2020/01392 |
| Огноо | 2020-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 151/ШШ2020/01392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ............. хаягт байрлах ........... газрын нэхэмжлэлтэй,
хариуцагч: ........... гэх газар байрлах ...........ХХК-д холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 169.572.172 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбат, Б.Цогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...........ХХК нь ...........газартай байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 36 дугаар гэрээ болон 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаар гэрээний дагуу Алтайсий 325, 100, 530 Дархан 144 сортын үрийн улаан буудайг нэг тонныг 830.000 төгрөгөөр тооцож, нийт 300.961.320 төгрөгийн 262.6 тоонныг урьдчилгаа төлбөр 120.384.528 төгрөг төлж, үнийн дүнгийн үлдэгдэл 60 хувийг 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж гэрээг дүгнэхээр тохиролцон Төв аймгийн Жаргалант сум дахь Улсын нөөцийн эрдэм шинжилгээний үндэсний төвөөс хүлээн авсан. ........... газраас ...........ХХК-ийн захирал Г.Базаррагчааг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, уулзаж төлбөр барагдуулах хугацааг тохирч байсан боловч одоог хүртэл биелүүлээгүй байна. Гэрээгээр олгосон үрийн улаан буудайн үлдэгдэл төлбөр 114.575.792 төгрөг, алданги 54.996.380 төгрөг, нийт 169.572.172 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх, зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ........... газраас ...........ХХК-д холбогдуулан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 169.572.172 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. /хх 1-3/
........... газраас ...........ХХК-д холбогдох иргэний хэрэгт ...........газрын Агуулах аж ахуй, чанар технологи, хяналтын хэлтсийн дарга хурандаа Ч.Мөнхбат, мөн хэлтсийн мэргэжилтэн хурандаа Б.Цогт нарыг нэхэмжлэгчийг төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрх үүргийг эдэлж оролцох эрхийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/1520 дугаар албан бичгээр олгосон байна. /хх 4/,
Шүүх хариуцагч ...........ХХК-ний захирал Г.Базаррагчаад нэхэмжлэгч ...........-ын нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гардуулж, хариуцагчаар оролцвол зохих этгээдийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, хэргийн материал танилцуулсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1.-д зааснаар тус иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад зарласан.
Нэхэмжлэгч ..........., хариуцагч ...........ХХК-нд холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх 2020 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 10 цаг 00 минутын шүүх хуралдаанд хариуцагч ...........ХХК-ний захирал Г.Базаррагчаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдаанд оролцох эрх-ээр хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
Мөн ...........ХХК-ний захирал Г.Базаррагчаад 2020 оны 10 дугаар сарын 9-ны өдөр дахин хэргийн материал танилцуулсан ба тэрээр тус шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
Хариуцагч ...........ХХК-ний захирал Г.Базаррагчаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ирүүлэх ёстой байсан боловч уг үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй, мөн шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн тайлбар буюу нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг албадан эдлүүлэх боломжгүй юм.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ...........ХХК нь ........... газраас 2017 оны хаврын тариалалтад зориулан МNS0246:2010 стандартын шаардлага хангасан улаан буудайн үрийг нэг тонныг 830.000 төгрөгөөр тооцож, нийт 164.348.300 төгрөгийн 198.010 тонн үрийн буудайг 40 хувийн урьдчилгаанд 65.739.320 төгрөгийг авч үлдэгдэл 98.608.980 төгрөгийн төлбөрийг 2017 оны ургацаас улаан буудай хэлбэрээр эсвэл мөнгөн хэлбэрээр 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл төлөхөөр, мөн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 36 дугаар Улсын нөөцөөс бараа материал зээлээр олгох гэрээгээр ...........ХХК нь ........... газраас 2017 оны хаврын тариалалтад зориулан MNS 024652010 стандартын шаардлага хангасан улаан буудайн үрийг нэг тонныг 830.000 төгрөгөөр тооцож, нийт 136.613.020 төгрөгийн 164.594 тонн үрийн буудайг 40 хувийн урьдчилгаанд 54.645.208 төгрөгийг авч, үлдэгдэл 81.967.812 төгрөгийг 2017 оны ургацаас улаан буудайгаар эсвэл мөнгөн хэлбэрээр 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохирч гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулж, улаанбуудайн үр хүлээлцсэн байна. /хх 5-8, 9, 57-60, 61/
Мөн хариуцагч ...........ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 16 дугаар албан бичиг Манай компани нь 2005 оноос хойш газар тариалангийн үйл ажиллагааг тасралтгүй амжилттай явуулж ирсэн ба 2017 оны тариалалтад 1300 га талбайн уринштай. Иймд энэ хаврын тариалалтанд шаардагдах 180 тн үрийн улаан буудайг Төв аймгийн Цээл сум дахь Улсын нөөцийн цэгээс зохих журмын дагуу олгож өгч бидний ажилд тусална уу /хх 62/,
2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар албан бичиг Манай компани нь 2005 оноос хойш газар тариалангийн үйл ажиллагааг тасралтгүй амжилттай явуулж ирсэн ба 2017 оны тариалалтад 1300 га талбайн уринштай. Иймд энэ хаврын тариалалтанд шаардагдах 230 тн үрийн улаан буудайг Төв аймгийн Цээл сум дахь Улсын нөөцийн цэгээс зохих журмын дагуу олгож өгч бидний ажилд тусална уу /хх-10/ зэрэг хүсэлтийг Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газарт гаргаж, урьдчилгаа төлбөрт 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 5.739.320 төгрөг, 15.063.688 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 60.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 9.581.520 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 10.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг /хх 14, 68, 70-71/ төлж, улаан буудайн үр авсан болох нь улсын нөөцөөс бараа материал гаргах 2017/60, 2017/64, 2017/09 дугаар зөвшөөрөл /хх 13, 69/, зарлагын баримтууд /хх 16-20, 72-75/, мөн хариуцагчийн өмчлөлийн Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших Төв аймгийн Цээл сумын 18506369465546 дугаартай нэгж талбарын 105га газар гэрчилгээ, 18509348733367 дугаартай нэгж талбарын 127га газар гэрчилгээ, Төв аймаг, Цээл сум 1 дүгээр саг, 6-99 8х12 м 2, Төв аймаг, Цээл сум, 1 баг, Хөшигтын 2-46 тоот Ү-1422001930, Г-1422000042 эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ, Төв аймаг Цээл сум, 3 баг, Майхны 2-135, Муурын байшин 3-74 тоот Ү-1422001925, Г-1422000073 орон сууц, гэр бүлийн хэрэгцээний газар тус тус барьцаалсан болох нь тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах-худалдан авах үүргийн харилцаа үүсч, улмаар хариуцагч нь гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүнийг хугацаандаа төлж барагдуулаагүй бол хугацаа хэтрүүлсний алдангийг буцаан төлөх үүргийг нэхэмжлэгч байгууллагын өмнө хүлээсэн байна.
Зохигч хэн аль нь дээрх үйл баримтыг талаар маргаагүй бөгөөд шүүх нэхэмжлэгч ........... газрыг хариуцагч ...........ХХК-ний захирал Г.Базаррагчаагаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д Энэхүү гэрээний хүчинтэй хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй бол үлдэгдэл үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.05 хувиар алданги тооцох талууд тохиролцсон байна.
2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 36 дугаар гэрээний үлдэгдэл 81.967.812 төгрөгөөс 53.666.000 төгрөгийн төлөлт хийгдсэн бөгөөд үлдэгдэл нь 28.301.812 төгрөг гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 960 хоног /1 хоног 0.05 хувийн алданги 14.150 төгрөг/ 13.584.869 төгрөг,
2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаар гэрээний үлдэгдэл 98.608.980 төгрөгөөс 12.355.000 төгрөгийг төлөлт хийгдсэн бөгөөд үлдэгдэл нь 86.273.980 төгрөг гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 960 хоног /1 хоног 0.05 хувийн алданги 43.136 төгрөг/ 41.411.510 төгрөг буюу алданги нийт 27.826.640 төгрөг болж байна.
2017.05.05-ны өдрийн 36 гэрээний үлдэгдэл 28.301.812 төгрөг, үүний алданги 13.584.869 төгрөг,
2017.05.15-ны өдрийн 86.273.980 төгрөг, үүний алданги 41.411.510 төгрөг нийт үндсэн төлбөр 114.575.792 төгрөг, алданги 54.996.379 төгрөг нийт 169.572.171 төгрөгийг хариуцагч ...........ХХК-наас гаргуулж, нэхэмжлэгч ...........т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн барьцааны гэрээний ... 6 дугаар зүйлд Барьцаагаар хангагдах шаардлага, хэмжээ түүнийг тодорхойлох гэх заалтад: Энэ нь зээлийн гэрээгээр тодорхойлогдох бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, алданги, барьцааны зүйлийг худалдан борлуулахад гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж, нөхөн төлүүлэх шүүхийн зардал, барьцааны зүйлийг арчлан хамгаалахад гарсан зардал гэх мэт уг эд хөрөнгөтэй холбоотойгоор төлсөн татвар хураамж төлбөрийн нийлбэрээр тодорхойлогдоно... гэж мөн гэрээний 7 дугаар зүйлд барьцаалагчийн эрх нь барьцаалбараар гэрчлэгдэхгүй бөгөөд бөгөөд барьцааны шаардлагыг шүүхийн журмаар гаргуулна гэж заасан байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан ...........ХХК-с 169.572.172 /нэг зуун жаран есөн сая таван зуун далан хоёр мянга нэг зуун далан хоёр/ төгрөг гаргуулан ...........т олгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч ........... нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ...........ХХК-аас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 169.572.172 /нэг зуун жаран есөн сая таван зуун далан хоёр мянга нэг зуун далан хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...........т олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ...........ХХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг нийт 169.572.172 төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ........... нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ...........ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 1.141.172 төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ