Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2021/00232

 

 

 

 

 

 

 

 

2021 01 26 181/ШШ2021/00232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: А нам-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 23,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК нь А намтай түүний хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үеэр А намын сурталчилгааг SРS HD телевизээр нэвтрүүлэх, гэрээний төлбөрт 40,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан.

Э ХХК нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл гэрээ, түүний графикт заасны дагуу ажлаа хугацаанд нь бүрэн, доголдолгүй хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.

Бид гэрээний 3.1, 3.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч нь урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа шилжүүлээгүй.

Талууд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн бөгөөд ажлын үр дүнд болон үлдэгдэл төлбөрт маргаангүйгээр тухайн актыг үйлдсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэгдэл төлбөрөө гэрээнд заасны дагуу төлөхийг удаа дараа амаар болон бичгээр сануулж, мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл төлөөгүйн зэрэгцээ ямар нэгэн хариу өгөөгүй өнөөдрийг хүрлээ.

Иймд Иргэний хуулийн 343, 232 дугаар зүйл, талуудын хооронд байгуулсан Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ-ний 3.1, 3.2, 5.3-т тус тус заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 20,000,000 төгрөгийг, алданги 3,900,000 /2020.06.19-2020.08.25-ны өдрийн хооронд 65 хоногийг хоногийн 60,000 төгрөгөөр тооцвол нийт 3,900,000/ төгрөгийн хамт, нийт 23,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А намд холбогдуулан 23,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талуудын хооронд байгуулсан Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ-ээр Э ХХК нь захиалагчаас нийлүүлсэн нэвтрүүлэг, шторк, шуурхай мэдээллийг хуваарийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд чанартай нэвтрүүлэх, захиалагч буюу А нам нь гүйцэтгэгчийн нэвтрүүлсэн мэдээ мэдээлэл, реклам, нэвтрүүлгийн төлбөр 40,000,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Талууд байгуулсан гэрээгээ Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ гэж нэрлэж, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээдэг ба гэрээний зүйл нь огт байхгүй зүйлийн шинээр бүтээн бий болгох буюу ажлын үр дүн байдаг.

Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулахгүй бөгөөд гэрээний гол зүйл нь ажлын үр дүн гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд ажиллагч буюу нэхэмжлэгч Э ХХК нь Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үеэр А намын сурталчилгааг Э телевизээр нэвтрүүлэх үйлчилгээг, ажиллуулагч буюу хариуцагч А нам нь гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэв.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч Э ХХК нь гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэсэн байх тул захиалагч буюу хариуцагч А нам нь гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь гэрээний 3.2-т зааснаар 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дотор 20,000,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээж, мөн гэрээний 5.3-т төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна.

Талууд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж, А нам нь 20,000,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Иймд хариуцагч Ардчилсан нь гэрээний 3.2-т заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болох тул алдангийг гэрээнд заасан төлбөр төлж барагдуулах 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 67 хоногийг 20,000,000 төгрөгийн 0,3 хувиар тооцоход /20,000,000х0.3%=60,000х67/ 4,020,000 төгрөг болох боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 3,900,000 төгрөгийн алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Хариуцагч А намд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гардуулж өгсөн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хойшлуулж, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунболд гарын үсэг зурсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцагч А намаас гэрээний үүргийн биелэлт 20,000,000 төгрөг, алданги 3.900,000 төгрөг, нийт 23,900,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч А намаас 23,900,000 /хорин гурван сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Г.ЭНХЦЭЦЭГ