Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/46

 

 

*******, Самуэл Жамес Боулэс /Bowles Samuel James/ нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Төмөртулга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү,

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Монгол,

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хянан шийдвэрлэсэн, 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/461 дугаар шүүгчийн захирамжтай *******, Самуэл Жамес Боулэс /Bowles Samuel James/ нарт холбогдох 1834009370184 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Улаанбаатараас Өмнөговь явах чиглэлийн асфальтан замын 201/71 дүгээр шонгийн ойролцоо М.Фусо маркийн 75-37 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр хөвөөгүй бол зорчих хэсгийн зах хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4 дэх хэсэгт заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. 18.4. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ийн “в” 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ. 24.1. Ачааны жин болон тэнхлэгт тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна... гэсэн дүрмийн заалтыг тус тус зөрчиж тээврийн хэрэгслээ зам дээр байрлуулсны улмаас “Тоёота ланд круйзер-200” маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас нь мөргөн зам тээврийн осол гаргаж, “Тоёота ланд круйзер-200” маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч А.Жаргалангийн амь нас хохирсон гэмт хэрэгт,

Яллагдагч Самуэл жамес боулэс /Bowles Samuel James/ нь 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутагт Улаанбаатараас Өмнөговь явах чиглэлийн асфальтан замын 201/71 дүгээр шонгийн ойролцоо “Тоёота ланд круйзер-200” маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12. өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 18.3. хэрэв жолоочийн нүд гялбах зорчих баримжаа алдвал дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасаж буюу зогсоно.“ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М.Фусо маркийн 75-37 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч А.Жаргалангийн амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч *******, Самуэл Жамес Боулэс нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/461 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Самуэл Жамес Боулес, Жаран овгийн Лхамжавын Даваахүү нарт холбогдох эрүүгийн 1834009370184 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Самуэл Жамес Боулес, Жаран овгийн Лхамжавын Даваахүү нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Т.Төмөртулга давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь үндэслэлээр прокурорт буцаасан байна.

Яллагдагч *******, Самуэл Жамес Боулэс нарт нарт холбогдох эрүүгийн хэрэгт гарсан шинжээчийн дүгнэлтүүдэд ойлгомжгүй, харилцан зөрүүтэй эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй,

Мөн /хх-ийн 26-30-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн зам тээврийн ослын үед яллагдагч ******* ослын тэмдэгт тавьсан эсэхийг шалгаж ослын тэмдэг тавигдаагүй ослын тэмдэг байсан ул мөр байхгүй гэж тэмдэглэлд тусгагдсан, байхад нөхөн хэргийн газрын үзлэг хийх шаардлагатай гэж үзсэн нь хэрэгт ач холбогдолгүй байна. Дээрх гэмт хэрэг хэний буруутай үйл ажиллагаанаас гарсан болох нь маш тодорхой тогтоогдсон байхад хэргийн газрын нөхөн үзлэгийг хийлгэх нь үндэслэлгүй байна.

2. Хавтаст хэргийн Зам тээврийн осол дээр гаргасан 2019 оны 02 дугаар сарын 02 ны өдрийн 89 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3188 дугаартай, Зам тээврийн осол дээр гаргасан 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо ямар нэгэн зөрөөгүй бөгөөд ослын акт болон гэрч хохирогчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж гаргасан ба дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар буцаасан нь,

Мөн удаа дараагийн шинжээч томилсон тогтоолуудыг яллагдагч болон түүний өмгөөлөгчид танилцуулсан байхад буцаасан нь тус тус үндэслэлгүй байна.

Иймд Яллагдагч *******,*******нарт нарт холбогдох Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/461 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төмөртулга гаргасан дүгнэлтэндээ: Хэргийн газрын үзлэг хийгдсэн. Шинжээчийн тодорхой дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт нь эргэлзээгүй учраас дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм. Хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү гаргасан тайлбартаа: Техникийн тусгай мэдлэгтэй бүрэлдэхүүнээр дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг прокурор хүлээн авсан боловч хуучин шинжээчээр томилогдож байсан байгууллагаар дүгнэлт гаргуулсан байсан. Миний хүсэлтийг хүлээн авсан боловч хангаж шийдвэрлэхгүй байгаа нь хэт нэг талыг барьж байна гэж үзэж байна. Автомашины хурд, ослын тэмдэг байсан эсэх, байсан бол ямар зайд байрлуулсан гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Монгол гаргасан саналдаа: Шүүхийн шатанд хийгдэх боломжгүй ажиллагаа байгаа. Ослын тэмдэг анх тавигдсан эсэх, тавигдсан бол дүрмийн дагуу тавигдсан эсэхийг тогтоогоогүй. Хэргийн газрын үзлэгээр ослын тэмдэг байсан эсэх нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа гаргасан саналдаа: Миний хувьд автомашины хурдыг тогтоох боломжтой гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч *******, Самуэл Жамес Боулэс нарт холбогдох эрүүгийн 1834009370184 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

2018 оны 11 сарын 21-ний өдөр зам тээврийн осол болсон хэргийн газар үзлэг хийж тэмдэглэл үйлджээ. Уг тэмдэглэлээс үзэхэд 75-37 ӨМӨ улсын дугаартай “Fuso” маркийн тээврийн хэрэгслийн ард ослын гурвалжин тэмдгийг зам тээврийн осол хэрэг гарсны дараа тавьсан эсхүл хэргийн газарт үзлэг хийх үед тавьсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт нь ойлгомжгүй, харилцан зөрүүтэй байгаа нь аливаа нотлох баримт нь эргэлзээ төрүүлэхээр ойлгомжгүй хоёр янз байж болохгүй тул Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект хэний буруугаас халдлагад өртсөн болохыг тогтоож дүгнэхэд учир дутагдалтай байна. Мөн ослын тэмдэг анхнаасаа тавигдсан эсэх, тавигдсан бол тэмдэг тавигдсан зайг нарийн тогтоож, яг хэдэн метрт тавигдсан, зорчих хэсгийн гадна ирмэгт тулгаж байрлуулсан гэх овоолсон чулуу, ослын зогсолтын тэмдэг зэрэг нь Замын хөдөлгөөний дүрмийн стандарт шаардлагыг хангах эсэхийг, хэргийн газрын үзлэгийн ослын зогсолтын тэмдэг, байрлуулсан хэмжээс, тавьсан цэг, мөн хэргийн газарт үлдсэн дугуйны шарвалтын мөр үү, эсхүл тоормозны мөр үү гэдэг нь мэдэгдэхгүй мөрийг чухам юуны мөр гэдгийг тус тус тогтоох шаардлагатай тул хэргийн газрын үзлэгийг нөхөн хийлгэх” гэж заасан нь үндэслэлтэй байна.

Мөн ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хамтарсан шинжээчдийн багаар дахин шинжилгээ гаргуулах нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид энэ талаар дахин дүгнэлт гаргуулахаар заасныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/461 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч *******, Самуэл Жамес Боулэс /Bowles Samuel James/ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.БОЛОРМАА

 

ШҮҮГЧИД                                               Т.ЭНХМАА

 

                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ