Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2017/00811

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2017/00811

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Намянжүгийн гудамж 49 тоотод байрлах Хүннү медиа ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 1 дүгээр хэсэгт байрлах Хөвсгөл Монтрэйвэл ХХК-д холбогдох,

Усан онгоцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэндорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч Хүннү медиа ХХК-ний захирал Э.Мөнхшүр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэг талаас Худалдагч болох Ёндон Жамьяновия Гармаев захиралтай Оросын холбооны улсын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын байгаль ашиглалтын Байгалын хүрээлэн /ШУ-ны төсвийн байгууллага/, нөгөө талаас Хүннү медиа ХХК-ийг төлөөлж М.Хүрэлсүх нар Төмөр /хар/ лоом /Дыбовский/ усан онгоц худалдах худалдан авах гэрээ хийж холбогдох баримт бичиг, хөлөг онгоцны гэрчилгээ /№ВС-4-63/, болон бусад баримт материалын хамт худалдах худалдан авах гэрээ байгуулан Хүннү Медиа ХХК нь өөрийн өмчлөлд шилжүүлж авсан билээ.

Улмаар 2016 оны 8 дугаар сард Хөвсгөл Монтрэйвэл ХХК-ийг уг хөлөг онгоцыг ашиглаж байгаа гэх мэдээлэл авч Хөвсгөл Монтрэйвэл ХХК -ийн захирал П.Эрдэнэ-Уултай 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр уулзахад манай өмч бөгөөд Монгол улсын Шинжлэх ухааны академийн зөвшөөрлөөр манай өмч болсон гэх мэдэгдэл өгсөн.

Дээрхи усан онгоц нь Монгол улсын Шинжлэх ухааны академийн өмч биш бөгөөд Оросын холбооны улсын Шинжлэх ухааны академи болон Монгол улсын Шинжлэх ухааны академийн хамтран хэрэгжүүлсэн ашигт малтмалын судалгааны ажилд ашиглах зорилгоор Оросын холбооны улсын Шинжлэх ухааны академиас түр хугацаагаар Монгол улсад оруулж ирэн ашиглаж байсан.

Ингээд ашиглалт, хамтран ажиллах гэрээ дуусгавар болж дээрхи хөлөг онгоц Хөвсгөл далайд үлдсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Оросын холбооны улсын Шинжлэх ухааны академиас Хүннү Медиа ХХК-д худалдаж авах санал тавьсны үндсэн дээр уг усан онгоцыг худалдаж авсан. Гэтэл хариуцагч Хөвсгөл Монтрейвэл ХХК-ний захирал П.Эрдэнэ-Уул нь ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүннү Медиа ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 06 - ны өдөр Оросын ШУ-ны академийн захирал Ёондон Гармоев гэдэг хүнтэй худалдах худалдан авах гэрээ байгуулж хүлээлцэх акт хийж, усан онгоцны өөрийн гэрчилгээ, үйлдвэрийн гэрчилгээ зэрэг бичиг баримтын хамт Дыбовский усан онгоцыг Монгол улс Хөвсгөл аймаг Ханх тосгон гэсэн хаягаар усан онгоцыг гэрээ хийж хүлээж авсан байдаг. Тухайн үед эдийн засгийн хүндрэлтэй үе байсан учраас нааш нь Хатгал суманд зөөж авч чадахгүй тэнд нь нутгийн удирдлагад нь захиж үлдээгээд явсан байдаг. Гэтэл Хөвсгөл Монтрейвэл ХХК-ы захирал П.Эрдэнэ-Уул нь манай компанийн худалдаж авсан усан онгоцыг Хатгал сумаас зөөж аваад өөрийн өмч мэтээр ашиглаад байгаа нь манай компанид хохиролтой байна. Нэхэмжлэл гаргахаасаа өмнө хариуцагчтай уулзсан. Тухайн уулзалт дээр хариуцагч нь эзэнгүй байсан усан онгоцыг авч ашигласан, танай компани надаас худалдаж авбал ав үгүй бол би өөрөө ашиглах болно гэсэн хариу өгсөн. Иймд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгчөөр нь тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл Монтрэйвел ХХК-ийн захирал П.Эрдэнэ-Уул нь өмнөх шүүх хуралдаануудад гаргасан тайлбартаа:...Дыбовский гэх усан онгоцыг 2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны акамдеми нь Оросын холбооны улсын Шинжлэх ухааны акамдемитай гэрээ байгуулж Хөвсгөл нуур дээр шинжилгээ судалгааны ажилд ашиглахаар Монгол улсад анх оруулж ирж хоёр тал судалгаа шинжилгээ хийж байгаад тухайн усан онгоц эзэнгүй болоод нэг буриад хүн эзэмшинэ гээд нуурын захад тавьснаас болж усан онгоцны ёроол цоорч ус ороод живэлтийн байдалтай болсон байхад нь мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль орчны яамнаас хүмүүс очоод усан онгоцны эзэмшигчийг олох гээд олоогүй байдаг.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас усан онгоцыг нуур бохирдуулсан талаар дүгнэлт гараад тодорхой хэмжээний мөнгөн торгууль тавьсан байсныг Оросын холбооны улсаас тухайн усан онгоцыг манайх хариуцахгүй, тоногдсон учраас танай Хөвсгөлийн өмч гээд хариу ирүүлсэн байдаг.

Манай компани 2010 оноос эхлэн усан онгоцыг эзэмшээд хараа хяналт тавиад манаач, жижүүр гаргаад ерөнхий рамыг нь хамгаалж ирсэн. Хэрвээ ингэж хамгаалаагүй байсан бол уг усан онгоцыг төмрийн хогонд аваад явахад бэлэн байсан.

Мөн нутгийн захиргаа болон Монгол улсын Шинжлэх ухааны акамдемид санал тавьж хамтран ажиллах гэрээний үндсэн дээр 2015 оноос эхлэн сэргээн засварлан ашиглаж одоо усан онгоц явах хэмжээнд сэргээн завсарлагдсан.

Хэрэв нэхэмжлэгч тал 2016 онд Оросын холбооны улсын Шинжлэх ухааны акамдемиас худалдах худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан юм бол яагаад нутгийн захиргааны байгууллага болон Монгол улсын Шинжлэх ухааны акамдемид мэдэгдээгүй юм. Мөн нөгөө талаар надад мэдэгдэх байсан.

Мөн миний бие тухайн онгоцыг Хүннү медиа ХХК-д шилжүүлэн өгөх эрх байхгүй. Онгоцыг нааш нь авч ирэх болон бусад зардалд 80 орчим сая төгрөг орсон. 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл миний бие уг онгоцыг эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр нь өмнөх шүүх хуралдаануудад гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна: Учир нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус шударга эзэмшигчээр тогтоолгож, хууль бус эзэмшигчээс чөлөөлүүлэх тухай гэсэн нэхэмжлэл гаргасны дараа хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, хууль бус эзэмшигчээс чөлөөлж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлага нь хоёр өөр ойлголттой юм. Мөн усан онгоцны нэрний хувьд Дыбовский, Дубовский гэж хоёр өөрөөр бичигдсэн байдаг. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээнээс харахад хар төмөр лоом гэж бичсэн байдаг нь усан онгоц худалдах худалдах авах гэрээ хийгээд байгаа нь ойлгомжгүй юм.

Мөн дээрх гэрээнээс харахад нэхэмжлэгч нь хар төмөр лоом Дубовский гэх усан онгоцыг худалдан авч холбогдох бичиг баримт, гэрчилгээний хамт өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан талаар гэрээнд бичигдсэн байдаг. Үүнээс харахад тухайн хөлөг онгоцыг шилжүүлээд авчихсан, өмчлөх эрх үүсчихсэн байхад нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага байхгүй.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар Эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ байгуулахаар талууд тохиролцсон бол тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байдаг.

Худалдах худалдан авах гэрээнд тухайн хар төмөр лоомыг худалдан авсан талаар төлбөр төлсөн баримт байдаггүй. Мөн онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдэхэд хариуцагч тал байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хүннү медиа хязгаарлагдмал хариуцлагтай компани нь хариуцагч Хөвсгөл Монтрэйвэл хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан Дыбовский усан онгоцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Хүннү медиа хязгаарлагдмал хариуцлагтай компани нь Дыбовский усан онгоцыг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1.000 / нэг мянга/ доллароор ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль ашиглалтын Байгалын хүрээлэнгээс худалдан авсан тул уг усан онгоцны өмчлөгчөөр тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэж,

Хариуцагч нь тухайн усан онгоцыг 2010 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр МУ-ын Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах гэрээ байгуулж уг гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль ашиглалтын Байгалын хүрээлэн нь өөрийн өмчлөлийн 1989 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн Дыбовский нэртэй усан онгоцыг Хөвсгөл нуур дээр явагдах шинжлэх ухааны хамтарсан ажилд ашиглах зориулалтаар хамтран ажиллах гэрээг 2000 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Геологи ашигт малтмалын хүрээлэнтэй байгуулжээ.

Ингэснээр уг усан онгоцыг Монгол улсад оруулж ирэн гэрээний дагуу ашигласан бөгөөд уг усан онгоцны Монгол улсын нутаг дэвсгэр дээр байх бүх үеийн зардлыг Монголын тал хариуцахаар тохиржээ.

Гэрээнээс үзхэд Монгол Улсын Геологи ашигт малтмалын хүрээлэн нь уг усан онгоцыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шинжлэх ухааны хамтарсан ажилд ашиглахаар, усан онгоцтой холбоотой Монгол Улс дахь зардлыг хариуцахаар тус тус тохирсон байх бөгөөд харин онгоцыг захиран зарцуулах эрх нь Монгол Улсын Геологи ашигт малтмалын хүрээлэнд олгогдоогүй байна.

ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар Байгаль ашиглалтын Байгалын хүрээлэн нь Монгол улсын Хүннү медиа хязгаарлагдмал хариуцлагтай компанитай 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Дыбовский нэртэй усан онгоц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр өмчлөгч нь өөрийн өмчлөлийн Монгол улсад 2000 онд орж ирсэн, өнөөг хүртэл Монгол улсад байгаа Дыбовский нэртэй /тоногдсон/ усан онгоцыг Монгол улсын Хүннү медиа хязгаарлагдмал хариуцлагтай компанид 1.000 /нэг мянга/ доллараар худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдажээ.

Гэрээний дагуу төлбөр хийгдсэнтэй холбоотойгоор талууд маргаагүй.

Мөн гэрээ байгуулсны дараагаар буюу 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тоногдсон усан онгоцыг хүлээлгэн өгөх, хүлээн авах акт үйлдэн хүлээлгэн өгсөн бөгөөд худалдан авагч буюу Хүннү медиа хязгаарлагдмал хариуцлагатай компани нь усан онгоцны төлбөрийг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль ашиглалтын Байгалын хүрээлэнд шилжүүлсэн болох нь хүлээн авсан акт, төлбөрийн даалгаврын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч тал нь нутгийн захиргаа болон Монгол улсын Шинжлэх ухааны академид санал тавьж хамтран ажиллах гэрээний үндсэн дээр 2015 оноос эхлэн сэргээн засварлан ашигласан гэх боловч нутгийн захиргаа болон Монгол улсын Шинжлэх ухааны академи нь ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль ашиглалтын Байгалын хүрээлэнгийн өмчлөл дэх Дыбовский нэртэй усан онгоцыг ашиглах цаашлаад бусдад ашиглуулах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд хариуцагч үүнтэй холбоотой баримтуудаа ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь татгалзлаа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд бичиг хэргийн алдаа гарч Дубовский гэж усан онгоцны нэрийг нэхэмжлэлд буруу бичсэн байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан нэхэмжлэл дээр Дыбовский гэж засаж нэхэмжлэл гаргасан бөгөөд тоногдсон усан онгоцыг ОХУ-д төмөр /хар/ лоом гэж нэрлэдэг гэх тайлбарыг гаргасан.

Дээр дурьдсан баримтуудаас дүгнэж үзэхэд Дыбовский нэртэй /тоногдсон/ усан онгоцыг эзэмших, өмчлөх эрхтэй этгээд нь Монгол улсын Хүннү медиа хязгаарлагдмал хариуцлагатай компани мөн болох нь тогтоогдлоо.

Дыбовский нэртэй усан онгоц нь нэхэмжлэгчийн өмч гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн эд зүйлээ ашиглаж эзэмшихэд саад болж байгаа үйлдлийг эрх зөрчигчөөс буюу хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд Дыбовский нэртэй усан онгоцны өмчлөгч нь Хүннү медиа хязгаарлагдмал хариуцлагатай компани болохыг тогтоож, хариуцагч Хөвсгөл Монтрэйвэл хязгаарлагдмал хариуцлагатай компаний хууль бус эзэмшилээс Дыбовский нэртэй /тоногдсон/ усан онгоцыг чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэгчид 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр, хариуцагчид 2017 оны 5 дүгээр сарын 16-ны өдөр, хариуцагчийн өмгөөлөгчид 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус тус зохигчийн эрх үүргийн тайлбарлан нэхэмжлэлийн хувийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гардуулж, шүүх хуралдааныг нийт 8 удаа хойшлуулсан зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Хариуцагч талд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг тїїний эзгїйд хянан шийдвэрлїїлэхээр хїсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгїйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зїйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5.200 /таван мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Хөвсгөл Монтрэйвэл хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг баримтлан Дыбовский нэртэй усан онгоцны өмчлөгч нь нэхэмжлэгч Хүннү медиа хязгаарлагдмал хариуцлагатай компани болохыг тогтоон хариуцагч Хөвсгөл Монтрэйвэл хязгаарлагдмал хариуцлагатай компаний хууль бус эзэмшилээс Дыбовский усан онгоцыг чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5.200 /таван мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Монтрэйвэл хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 70.200/ далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хүннү медиа хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ