Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/47

 

 

*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж хянан шийдвэрлэсэн, 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоолтой *******т холбогдох 2034000000092 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Ганхуягийн Лхагважав, 1995 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт хэрэгт холбогдохын өмнө Төв аймаг Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 08-10 тоотод оршин суух хаягтай, хэрэг учрал гарах үед хамтран амьдрагч болон түүний хүүхэд, бага насны амь хохирогч нарын хамт амьдарч байсан, урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 4 сарын 2-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 3 сар 18 хоногийн хорих ялаас хугацаанаас суллагдаж мөн хугацаагаар хяналт тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: НЭ95092218,

Шүүгдэгч ******* нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж хяналт тогтоосон хугацаандаа гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Г.Гэрэлцэцэгийн хүү болох бага насны буюу 3 настай Г.Гансүхийн эсрэг байнга буюу 2019 оны 1 сарын 15, 2019 оны 12 дугаар сарын 13, 2020 оны 01 дүгээр сарын 29, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг, 39-3910 тоотод байх гэртээ Г.Гансүхийг “томоотой суу, хоолоо идсэнгүй, тоглолоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан нуруун тус газарт нь гар утасны цэнэглэгчээр ороолгож, гар болон хөлөөрөө түүний гар, хөл, бие рүү нь цохиж, өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн тэнсэн хянан харгалзсан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 39-3910 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Г.Гэрэлцэцэгийн хүү болох 3 нас 11 сар 21 хоногтой Г.Гансүхийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж толгойн тус газарт нь гараараа цохиж зодож алсан гэх гэмт хэрэг холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овгийн Ганхуягийн Лхагважавыг гэр бүлийн хамаарал бүхий хүүхдийг байнга зодож, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг,

 Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 , 2.8 дахь хэсэгт зааснаар *******ыг бүх насаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан бүх насаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял,

Мөн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 18 хоногийн хорих ялыг тус тус нэгтгэн биечлэн эдлэх ялыг бүх насаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******ыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, бүх насаар хорих ялыг эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан *******ын 2020 оны 2 сарын 11-ний өдрөөс 2020 оны 5 сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, *******ын ял эдлэх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Г.Гэрэлцэцэгийн хүү 3 настай хүү Г.Гансүхийг удаа дараа зодож хүчирхийлэл үйлдсэн. Түүнийг толгойн тус газарт гараараа зодож савж алсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүхээс *******т бүх насаар нь хорих ял шийтгэсэн юм. ******* үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Үлдсэн насаа талийгаачийн буян хийхэд зориулахаа илэрхийлж байна. Иймд түүнд оногдуулсан бүх насаар хорих ялыг өөрчилж 20 жил ял оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаж гарсан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан. Ял шийтгэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шударга ёсны зарчимд нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан саналдаа: Өөрийн үйлчлүүлэгчийн гэм бурууд маргахгүй. ******* нь бичиг үсэг мэдэхгүй учир өмгөөлөгчөөрөө дамжуулан оролцож байгаа юм. Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2034000000092 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч ******* нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж хяналт тогтоосон хугацаандаа гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Г.Гэрэлцэцэгийн хүү болох бага насны буюу 3 настай Г.Гансүхийн эсрэг байнга буюу 2019 оны 1 сарын 15, 2019 оны 12 дугаар сарын 13, 2020 оны 01 дүгээр сарын 29, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг, 39-3910 тоотод байх гэртээ Г.Гансүхийг “томоотой суу, хоолоо идсэнгүй, тоглолоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан нуруун тус газарт нь гар утасны цэнэглэгчээр ороолгож, гар болон хөлөөрөө түүний гар, хөл, бие рүү нь цохиж, өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж хяналт тогтоосон хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 39-3910 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Г.Гэрэлцэцэгийн хүү болох 3 нас 11 сар 21 хоногтой Г.Гансүхийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж толгойн тус газарт нь гараараа цохиж зодож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Э.Мягмарсүрэн /хх-88 тал/, Ж.Ганхуяг /хх-27 тал/, З.Түвшинсайхан /хх-32 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюунчимэг /хх-85 тал/, гэрч Н.Отгончимэг /хх-86тал/ нарын мэдүүлгүүд,

Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-108-109 тал/,

Шинжээч И.Ганболорын: “...Талийгаач Г.Гансүхийн бие дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байсан. Талийгаачийн бие дээрх шинэ гэмтлүүд нь нас барахаас өмнө 7-14 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, харин хуучин гэмтлүүд нь 14-өөс дээш хоногт үүссэн байх боломжтой, цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Тархины аалзан хальсан доорх цус харвалт үүссэнээр цусан бүлэн үүсч тархины үйл ажиллагааг саатуулснаар амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барж байгаа юм. Гэмтэл авснаас хойш тархины цус харвалт болон бүлэн үүсэх хугацааг нарийн тогтоох боломжгүй тийм учраас гэмтэл авснаас хойш 20-40 минутын орчимд нас барсан байх боломжтой. Гадны хатуу мохоо зүйл, хүчтэй доргилтын улмаас үүссэн байх боломжтой. Хүүхэд тоглож байгаад өөрөө дээрх гэмтлүүдийг авах боломжгүй. Тархины гэмтлийг авснаас хойш толгой эргэх, дотор муухайрах, нүд бүрэлзэх гэсэн шинж тэмдгүүд илрэх боломжтой. Дээрх гэмтэл нь түргэн хугацаанд толгойн компьютер томографф болон мэс заслын эмчилгээний үр дүнд эдгэх боломжтой. Талийгаачийн хувьд бол шууд үхэлд хүргэх гэмтэл юм. Духанд үүссэн хөхрөлт нь шинэ, нас барахаас өмнө үүссэн, тархины гэмтэлтэй хамааралтай гэмтэл байгаа юм” гэх мэдүүлэг /хх-123 тал/,

Үзлэгийн явцад бэхжүүлэгдсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-115-118 тал/,

 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-09 тал/,

 нас тоолсон тухай тэмдэглэл /хх-10 тал/, 410100007 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-12 тал/, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар/хх-14-20 тал/,

*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 4 сарын 2-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 3 сар 18 хоногийн хорих ялаас хугацаанаас суллагдаж мөн хугацаагаар хяналт тогтоогдсон.” гэжээ /хх-49 тал/, Г.Гансүхийн эмчийн үзлэгийн хуудас/хх-67 тал/, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын хуудас/хх-70 тал/, №0000234118 дугаартай нас барсны гэрчилгээ /хх-75 тал/  зэргээр нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

*******т холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий хүүхдийг байнга зодож, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 , 2.8 дахь хэсэгт зааснаар *******ыг бүх насаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан бүх насаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 18 хоногийн хорих ялыг тус тус нэгтгэн биечлэн эдлэх ялыг бүх насаар хорих ялаар тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******ыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж,  бүх насаар хорих ялыг эдлүүлэхээр шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “бүх насаар хорих ялыг өөрчилж 20 жил ял оногдуулж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 , 2.8 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялууд нь хорих ял, мөн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 18 хоногийн хорих ял бүгд ижил төрлийн буюу хорих ял байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялуудыг нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоосон нь хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсаны дараа хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул  мөн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг нэмж *******т Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэхээр өөрчлөлт оруулав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/182 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосныг дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2020 оны 05 сарын 19-ний өдрөөс 2020 оны 08 сарын 12-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 85 /наян тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

 

 

                                ШҮҮГЧИД                                     Т.ЭНХМАА

 

 

                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ