Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2021/00744

 

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2021/00744

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: Т.Д-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Б.У-д холбогдох,

хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 155/2021/00332/и дугаар индекстэй иргэний хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Т.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2012 оны 10 дугаар сард танилцсан. 2014 оноос үерхээд 2017 оны 3 дугаар сард жирэмсэн болж 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр У.Э охин төрсөн. Б.У нь охиноо төрөх үед хажууд байсан. Төрсний дараа С аймаг руу яваад буцаж ирээгүй. Залгахаар утсаа авдаггүй байсан. Нэг удаа залгахад эхнэр нь байна. Манай нөхөр усанд орж байна. Би удахгүй төрнө, та хоёр хүүхдийнхээ асуудлыг өөрсдөө шийд бид эндээ амьдрахаар шийдсэн дахин битгий залгаарай гэсэн чат ирж байсан. Хүүхэд төрүүлээд удаагүй байхад аав нас барж ээжтэйгээ хамт нэг хэсэг байж байя гээд би С аймаг руу яваагүй. Б.У нь С аймагт ажилладаг байсан. Би хүүхэд өвдөөд байна мөнгөөр туслаач гээд ярихаар тусалж дэмждэггүй. Шүүхээр яваад тэтгэлгээ тогтоолго би төлнө. Бусад асуудал дээр тусалж чадахгүй гэж хэлсэн. Охин маань эцгээрээ овоглодог. Бид гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй.

Иймд 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин У.Эд эцэг Б.Уаас тэтгэлэг гаргуулж өгнө үү....Охин маань эрүүл саруул бойжиж байгааХөвсгөл аймгийн Улаан-Уул суман Бүжинхэн хүүхдийн цэцэрлэгт явдаг...гэв.

Хариуцагч Б.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Баярсайхан овогтой Уламбаяр нь нэхэмжлэгч Т.Дгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ажлын улмаас анхан шатны шүүхэд очиж чадахгүй улмаас шүүхийг миний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Д нь Б.Ут холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Б.У нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Нэхэмжлэгч Т.Д, хариуцагч Б.У нарын дундаас 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр охин У.Э төрсөн болох нь №000000 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Хариуцагч Б.У нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин У.Э нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Уаас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин У.Эг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Дгийн төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин У.Э нь 3 нас 6 сартай байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ 213,800 төгрөгийн тал хувь 106,900 төгрөгийг хүүхдэд сар бүр хариуцагч эцэг Б.У нь төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Уын сар бүр төлөх тэтгэлэг 106,900 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,282,800 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,337 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Т.Дд олгохоор тогтлоо.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Т.Дд, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Ут тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Уаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Т.Дд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Ут тус тус мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоотөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Уаас улсын тэмдэгтийн хураамж 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоотөгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Дд олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ