| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2025/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/11 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/11
2025 01 17 2025/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Г.Гантогтох,
улсын яллагч Б.Баттуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2404000000125 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ........... оны ........... дугаар сарын ...........-ний өдөр ........ аймгийн .........суманд төрсөн, ........., ........... настай, ..........,............., ........., ........., ам бүл ........., ............. хамт ......... аймгийн ........ сумын......... дугаар багийн ........ хэсэгт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* (РД:*******),
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу хохирогч ******* эзэмшлийн Багануур дүүргийн ....... дүгээр хороонд байрлах ".........." хотны ............ тоотод байх хувийн хауст 2024 оны 06 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө цонхыг хагалах үйлдлийн аргаар нууцаар, хууль бусаар нэвтэрч архи 1 литр 24 ширхэг, адууны арьсан гутал 1 ширхэг, цааны арьсан гутал 1 ширхэг, ажлын гутал 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, хохирогчид нийт 2,657,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сумын Тэнүүн гэх газраас мод цагаалахаар 3 найзтайгаа хамт явсан бөгөөд замдаа Багануур дүүргийн “гэр” гуанзанд хоол идсэн. Архи ууж байхдаа найзтайгаа маргалдаад хөдөө явалгүйгээр тэндээ үлдээд алхаад Тогос уул хэсэгт байдаг найзындаа очсон чинь гэрт нь хүнгүй байхаар нь буцаж аваад дэлгүүрээс 500 граммын архи аваад ганцаараа уусан. Тэгээд задгай руу алхаж явахдаа замд байсан дутуу баригдсан байшингуудын хамгийн захад нь саарал өнгийн байшин байхаар нь жижиг цонхыг нь хагалж байшин дотор орсон. Тэгээд жижиг өрөөнд ортол хайрцаг дүүрэн архи байхаар нь нэг шилийг задалж байшин дотор нь уучихаад цаана байсан 6 ширхэгтэй байдаг бор хайрцагтай архинаас 3 хайрцагийг авч улаан хүрэн өнгийн даавуун цүнх байхаар нь хийгээд тэнд байсан 3 хос гутлыг бас хийгээд том цонхыг нь дотроос нь онгойлгоод гарсан. Тэгээд Хэрлэн худалдааны төв ороод таксины жолоочид 1 шил архийг 10,000 төгрөгөөр үнэлээд 12 шил архийг 120,000 төгрөгөөр зарсан. Тэгээд үлдсэн 1 хайрцаг архиа тухайн хулгайн хийсэн байшингийн хажууд байсан байшингийн суурь руу хийгээд орхисон. Тэгж байхдаа 1 шил архийг нь хагалсан. Нөгөө 3 гутлыг нь цааш явж байхдаа улаан контейнер доогуур хийсэн. Задгай 3 шилтэй архи байсныг бас авсан бөгөөд энэ 3 шил архиа өөрөө уусан ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 71-72, 81-82, хуралдааны тэмдэглэлээс),
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Титэм хотхоны 5-513 тоот буюу шинээр барьсан байшиндаа эд зүйлээ болон архи дарс оруулж тавьсан. 2024 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 10 цаг 35 минутын үед манай байшинг барьсан Төгсөө ах над руу залгаад “танай цонх хагарчихсан байна, хурдан байшин дээрээ хүрээд ир” гэхээр нь эхнэрийнхээ хамт байшин дээрээ очтол том өрөө болон жижиг өрөөний цонх хагарсан байдалтай, гал тогооны өрөөний цонх онгорхой гадаа үүдэнд 2 шил архи хагарсан байхаар нь байшиндаа оролгүйгээр цагдаад дуудлага өгсөн. Хулгай хийсэн хүнээ олчихбол архиа биш юм аа гэхэд цонх хагарсан төлбөрөө төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46-47),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нөхөр хүүхдүүдийнхээ хамт хүүхдүүдээ тоглуулангаа байшин дээрээ очоод 20-30 минут болчихоод явсан. Тэгээд өнөөдөр өглөө манай байшинг барьсан Төгсөө ах утсаар залгаад “цонх чинь онгорхой байна, хулгай орсон юм шиг байна” гэхээр нь нөхөртэйгээ хамт очсон чинь цонхнууд нь хагарсан, нэг цонх нь онгорхой байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50-51),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 28-ны өглөө ажлаа хийж байтал баруун хойд талын суурин дотор хайрцагтай юм байхаар нь хартал “Эдэн” нэртэй архи 6 ширхэг байхаар нь аваад машины хойноо хийчихсэн. Хүн сураглаад ирвэл өгнө дөө гэж бодож байтал цагдаа нар ирсэн ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 54-55),
“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 270-2 дугаартай “Хулгайд алдагдсан гэх “Эдэн нэртэй” архи 1 литр, 24 ширхэг 1,080,000 төгрөг, вакум цонх том 0,5 м.кв 100,000 төгрөг, вакум цонх жижиг 0,23 м.кв 47,000 төгрөг, адууны арьсан гутал 1 ширхэг 360,000, цааны арьсан гутал 1 ширхэг 920,000 төгрөг, ажлын гутал 1 ширхэг 150,000 төгрөг нийт 2,657,000 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээ (хх-ийн 66),
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “...маршрутыг шалгахад, Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Титэм” хорооллын ертөнцийн зүгээр баруун талд байрлах баригдаж буй барилгын суурь хэсэг байх ба дээрх хундаамны суурь нь 3 тасалгаа бүхий суурьтай байв. Уг суурины ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах 3 дахь тасалгаа суурь дотор “Eden” гэх бичиглэл бүхий архины шил байхыг “А” үсгээр тэмдэглэн үзлэгийн тэмдэглэлд тусгаж, гэрэл зургаар бэхжүүлж хураан авав. Тухайн газраас ертөнцийн зүгээр зүүн тийш 3 метр зайд Багануур дүүргийн 1 дүгээр хороо хөл бөмбөгийн талбайн ертөнцийн зүгээр урд хэсэгт хөдөө хээр хэсэгт байрлах ”TEX” гэсэн бичиглэлтэй улаан өнгийн төмөр контейнер байх ба түүний хойд хэсэгт байрлах модон амбаарыг хашаатай зэрэгцүүлэн тавсан байх ба хашаа амбаар хоёрын завсарт ягаан эрээн судал бүхий даавуун цүнх байх ба алдагдсан гэх хохирогчийн цүнх мөн байх тул “1” гэсэн дугаараар тэмдэглэж дээр дээрх цүнхэнд үзлэгийг явуулахад, уг цүнхэнд шаргал өнгийн эмэгтэй хүний үслэг гутал 1 хос, цагаан шаргал өнгийн үслэг гутал 1 хос, хар өнгийн эрэгтэй хүний түрийтэй гутал 1 хос байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгаж хохирогч таниулахад мөн гэсэн тул хураан авав. Өөр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй” гэжээ (хх-ийн 5-16),
Эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 20-21, 23),
Хохирол төлсөн баримт (хх-ийн 172),
Согтуурал шалгасан тухай тэмдэглэлээр “******* нь 2,16 хувьтай” гэжээ (хх-ийн 15),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 37-42, 102-106),
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 84, 89-96, 98-101) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу хохирогч ******* эзэмшлийн Багануур дүүргийн ......дүгээр хороонд байрлах "......." хотны .............. тоотод байх хувийн хауст 2024 оны 06 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө цонхыг хагалах үйлдлийн аргаар нууцаар, хууль бусаар нэвтэрч, архи 1 литр 24 ширхэг, адууны арьсан гутал 1 ширхэг, цааны арьсан гутал 1 ширхэг, ажлын гутал 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, хохирогчид нийт 2,657,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн өгсөн “Дутуу баригдсан байшингуудын хамгийн захад нь саарал өнгийн байшин байхаар нь жижиг цонхыг нь хагалж байшин дотор орсон. Тэгээд жижиг өрөөнд ортол хайрцаг дүүрэн архи байхаар нь нэг шилийг задалж байшин дотор нь уучихаад цаана байсан 6 ширхэгтэй байдаг бор хайрцагтай архинаас 3 хайрцагийг авч улаан хүрэн өнгийн даавуун цүнх байхаар нь архи цүнхэнд хийгээд тэнд байсан 3 хос гутлыг бас хийгээд том цонхыг нь дотроос нь онгойлгоод гарсан. Тэгээд Хэрлэн худалдааны төв ороод таксины жолоочид 1 шил архийг 10,000 төгрөгөөр үнэлээд 12 шил архийг 120,000 төгрөгөөр зарсан. Тэгээд үлдсэн 1 хайрцаг архиа тухайн хулгайн хийсэн байшингийн хажууд байсан байшингийн суурь руу хийгээд орхисон. Тэгж байхдаа 1 шил архийг нь хагалсан. Нөгөө 3 гутлыг нь цааш явж байхдаа улаан контейнер доогуур хийсэн. Задгай 3 шилтэй архи байсныг бас авсан бөгөөд энэ 3 шил архиа өөрөө уусан” гэсэн мэдүүлэг, хохирогч ******* “2024 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 10 цаг 35 минутын үед манай байшинг барьсан Төгсөө ах над руу залгаад “танай цонх хагарчихсан байна, хурдан байшин дээрээ хүрээд ир” гэхээр нь эхнэрийнхээ хамт байшин дээрээ очтол том өрөө болон жижиг өрөөний цонх хагарсан байдалтай, гал тогооны өрөөний цонх онгорхой гадаа үүдэнд 2 шил архи хагарсан байхаар нь байшиндаа оролгүйгээр цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч “Төгсөө ах утсаар залгаад “цонх чинь онгорхой байна, хулгай орсон юм шиг байна” гэхээр нь нөхөртэйгээ хамт очсон чинь цонхнууд нь хагарсан, нэг цонх нь онгорхой байсан” гэсэн мэдүүлэг, гэрч өгсөн “2024 оны 6 дугаар сарын 28-ны өглөө ажлаа хийж байтал баруун хойд талын суурин дотор хайрцагтай юм байхаар нь хартал “Эдэн” нэртэй архи 6 ширхэг байхаар нь аваад машины хойно хийчихсэн. Хүн сураглаад ирвэл өгнө дөө гэж бодож байтал цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурлын зэргийн шалгасан гэрэл зургийн үзүүлэлт, “Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний газрын шинжээчийн дүгнэлт, эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар хууль бусаар авч, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэдэг бөгөөд уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульд заасан ба, хохирлын хэмжээ шаарддаггүй.
“Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалгыг эвдэх, цонхыг хагалах, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг ойлгоно.
Шүүгдэгч ******* нь хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу хохирогч ******* эзэмшлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "........." хотны ............ тоотод байх хувийн хаусын цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, архи 1 литр 24 ширхэг, адууны арьсан гутал 1 ширхэг, цааны арьсан гутал 1 ширхэг, ажлын гутал 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, хохирогчид нийт 2,657,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эд хөрөнгөд 2,657,000 төгрөгийн хохирол учирснаас “адууны арьсан гутал 1 ширхэг, цааны арьсан гутал 1 ширхэг, ажлын гутал 1 ширхэг, 6 ширхэг архи” зэрэг эд зүйлсийг мөрдөн шалгах ажиллагааны явцад биет байдлаар буцаан өгсөн, үлдэх 957,000 төгрөгийн хохиролд 1,227,500 төгрөгийг төлсөн болох нь хохирол төлсөн талаарх баримт болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хамгийн бага хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон улсын яллагч, өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 56 хоног цагдан хоригдсон, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шйидвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 02 (хоёр) жил, 01 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 02 (хоёр) жил, 01 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 56 (тавин зургаа) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн мөрийн баримтаар хурааагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ