| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/03530/И |
| Дугаар | 181/ШШ2021/00136 |
| Огноо | 2021-01-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2021/00136
2021 01 19 181/ШШ2021/00136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Б-д холбогдох,
Гэрээний үүрэгт 22,320,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Х.Б миний бие 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ц.Б харилцан тохиролцож Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Д.О-ийн 1836 тоот бүртгэлийн дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 0124УБТ улсын дугаартай Мерседес Бенз Жи 500 маркын тээврийн хэрэгслийг худалдах зорилгоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Тус гэрээний гурав дахь заалт болох гол нөхцөлд иргэн Ц.Б нийт 40,000,000 /дөчин сая/ төгрөг төлөхөөр тохиролцож, 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Худалдаа хөгжпийн банкны 495051195 тоот Х.Б миний өөрийн нэрийн дансруу 20,000,000 /хорин сая/ төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эхний 10,000,000 /арван сая төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр эцсийн 10,000,000 /арван сая/ төгөргийг буюу нийт үлдэгдэл 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хэсэгчилэн төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож гэрээ байгуулан уг тээврийн хэрэгслийг иргэн Б миний өмчөөс иргэн Ц.Б-ын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлсэн.
Гэвч иргэн Ц.Б үлдэгдэл 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гэрээнд заасан дээрх хугацаанд хэсэгчилэн төлөөгүй бөгөөд гэрээний 3.6-д заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлнө гэсэн заалт биелүүлээгүй, удаа дараа утасдаж нэхсэн боловч одоог хүртэл төлбөр төлөгдөхгүй намайг хохироосоор байна.
Иймд бидний хооронд байгуулсан 1836 тоот Зээлээр худалдах худалдах авах гэрээ-ний дагуу хэсэгчилэн төлбөл зохих үлдэгдэл 20,000,000 /хорин сая/ төгрөг мөн уг мөнгөн дүн төлөгдөөгүй хугацаанд дүйцэх гэрээнд зааснаар хоног тутмын алданги болох 2,320,000 /хоёр сая гурван зуун хорин мянга/ нийт 22,320,000 /хорин хоёр сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг иргэн Ц.Б-аас гаргуулж Х.Б надад олгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Ц.Б-ад холбогдуулан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, алданги 2,320,000 төгрөг, нийт 22,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №1836 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу нэхэмжлэгч Х.Б 01-24 УБТ улсын дугаартай, Бенз Жи 500 маркын автомашиныг Ц.Б-ын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч Ц.Б нь автомашины үнэ 40,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 10,000,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 10,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Талууд өөрсдийн байгуулсан гэрээг Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч энэ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй.
Учир нь зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар худалдаж авсан эд хөрөнгийн бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам зэргийг гэрээндээ тусгасан байхыг шаардана. Гэтэл талууд гэрээндээ энэ талаар тусгаагүй байна.
Иймд талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлий 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Х.Б нь Хариуцагч Ц.Б автомашины урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлснөөр гэрээний зүйл болсон автомашиныг түүний өмчлөлд шилжүүлэн өгсөн, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өнөөдөр хүртэл төлөөгүй гэж тайлбарлах бөгөөд хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж ирүүлээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Хариуцагч нь гэрээний 3.2-т зааснаар 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10,000,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээж, мөн гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна.
Иймд хариуцагч Ц.Б нь гэрээний 3.2-т заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болох тул алдангийг гэрээнд заасан төлбөр төлж барагдуулах 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 47 хоногийг 10,000,000 төгрөгийн 0,2 хувиар тооцоход /10,000,000х0.2%=20,000х47=940,000/, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 37 хоногийг 20,000,000 төгрөгийн 0,2 хувиар тооцоход /20,000,000х0.2%=40,000х37=1,480,000/, нийт 2,420,000 /940,000+1,480,000/ төгрөг болох боловч шүүх нэхэмжлэлийн хүрээнд 2,320,000 төгрөгийн алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Хариуцагч Ц.Б-д шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гардуулж өгсөн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2020 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчид 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар, болон хариуцагч Ц.Б-ын 99111402 дугаарын утсанд тус тус мэдэгдсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч Ц.Б-аас 22,320,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Бд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Ц.Б-аас 22,320,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 269,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ